Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

­

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Алтанзул,       

улсын яллагч: Д.Мөнхтогоо,

шүүгдэгч: Н.Ш (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэн ирүүлсэн ............ холбогдох эрүүгийн 1809028430992 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Батлан хамгаалах их сургуулийн ахлагчийн сургуулийн сонсогч, ам бүл 5, эмээ, эгч, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хорооллын 1 дүгээр байрны 53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ............0 регистерийн дугаартай, Боржигон овогт .............  

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:

Яллагдагч Н.Ш нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Сүхбаатарын талбайн орчим хохирогч Б.Мөнгөнтүлхүүрийн “ЭлЖи класс” загварын гар утсыг “ганц ярьчихаад өгье” хэмээн хуурч залилан авч, насанд хүрээгүй хохирогч Б.Мөнгөнтүлхүүрт 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мөнгөнтүлхүүрийн мэдүүлэг /хх-ийн 12/, Н.Шгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16, 26-28/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/, Н.Шгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н.Ш нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах Сүхбаатарын талбайн орчим Б.Мөнгөнтүлхүүрээс “утсаар нь ярьчихаад өгье” хэмээн хуурч, төөрөгдөлд оруулан “Эл Жи Класс” загварын гар утсыг нь залилан авсан болох нь:

 

арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Мөнгөнтүлхүүрийн /хх-ийн 12/: “... 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбай дээр номын үзэсгэлэн худалдаагаар явж байгаад өмнө үерхээд салсан Н.Ш гэх хүүхэдтэй таарсан. Миний “Эл Жи Класс” загварын гар утсыг маань “утсаар нь ганц ярьчихаад өгье” гэж хэлж аваад зугтчихсан. Би араас нь багшийн дээд хүртэл гүйсэн боловч багшийн дээд дээр ирээд алдчихсан...” гэх мэдүүлгээр,

 

Н.Шгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 16, 26-28/: “... 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр урьд үерхэж байсан найз охин Мөнгөнтүлхүүртэй таарсан юм. Би Мөнгөнтүлхүүрийн утсаар “ганц ярьчихаад өгье” гэж хэлж аваад найз Бөмбүүлэй рүү ярихад надаас “мөнгө байна уу” гэж асуухаар нь би “байхгүй” гэхэд “мөнгө олчихооч” гэж хэлсэн. Би утсаар ярьж дуусаад утсыг нь Мөнгөнтүлхүүрт буцааж өгөх гэж байгаад болиод “ерөөсөө утсыг нь ломбарданд тавиад мөнгө олъё” гэж бодоод гар утсыг нь аваад тэр чигтээ явсан. ... Би гар утсыг нь Саппорогийн тэр хавьд ломбарданд 70.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд /хх-ийн 20-21/: “... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 150.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэснээр болон эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Н.Шгийн “утсаар нь ярьчихаад өгье” гэсэн гэсэн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчийн гар утсыг худал хэлж авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Н.Ш нь “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хохирогчийг хуурч, төөрөгдүүлэн, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна.

 

 Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Н.Шгийн хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгч Н.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Б.Мөнгөнтүлхүүрийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт санал хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.Шг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

          Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Наранбаярын Шийрэвцэрэнг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шг нийт 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ