Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 4635

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2016/04635

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел плаза, өөрийн байранд байрлах, “Скайтел” ХХК /РД: 2576376/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байр, 21 тоотод оршин суух, Минж-Хотгойд овогт Өлзийбаярын Энхбаяр /РД: УХ89040415/-т холбогдох,

 

607 584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Энхбаяр нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2012 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, дараа төлбөрт ВС 30К үйлчилгээний 9190-0404 дугаарын эзэмшигч болсон. Гэвч Ө.Энхбаяр нь үүргээ үл биелүүлэн 2015 оны 9 дүгээр сарын байдлаар 652 584 төгрөгийн төлбөртэй байсан бөгөөд үүнээс барьцаа 50 000 төгрөгийг хасч 602 584 төгрөг үлдсэн. Иймд хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл 602 584 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 607 584 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Энхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн төлбөр болох 607 584 төгрөгийг хүлээн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь 607 584 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбарыг зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Ө.Энхбаярт холбогдуулан 9190-0404 дугаарын ярианы төлбөр 602 584 төгрөг, нотариатын зардал 5 000 төгрөг, нийт 607 584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Энхбаяр нь 607 584 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. 

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө.Энхбаярт холбогдох, 607 584 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.Энхбаяр нэхэмжлэлийн шаардлага 607 584 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 878 төгрөгийн тал хувь болох 9 439  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9 439 төгрөг, хариуцагч Ө.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 9 439 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.БАЯСГАЛАН