Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02002

 

 

 

 

 

 

    2023         11           17                                        210/МА2023/02002

 

 

  Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02619 дугаар шийдвэртэй

Н.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/16 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

                                                                                                                                               

1.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2015/08904 дугаартай шийдвэрээр Н.Б-аас  92,880,000 төгрөг гаргуулж “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 732 дугаартай магадлалаар 127,880,000 төгрөг гаргуулахаар,  Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 00816 дугаартай тогтоолоор 144,680,000 төгрөгийг  гаргуулахаар тус тус шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

1.2. Улмаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Н.Б-ын  төрсөн ах болох Н.М-ын бусдад худалдсан үл хөдлөх эд хөрөнгө болох авто зогсоолыг дуудлага худалдаанд оруулах ажиллагаа зохион байгуулж явуулсан.

Эхний дуудлага худалдааг зохион байгуулах тогтоол гаргаж ажиллагаа явуулахаас өмнө миний бие хууль зөрчсөн тухай гомдлоо гаргасан боловч хариу ирээгүй. Түүнчлэн, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны процесс ажиллагааг хянуулах боломж олгохгүйгээр 2 дахь дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг 2020 оны 03 сарын 31-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргаж, уг тогтоолоор дуудлага худалдаа явуулах товыг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байхаар тогтоосон.

Дуудлага худалдаа болох товыг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр буюу 4 хоногийн өмнө надад мэдэгдэж гарын үсэг зуруулж авсан. Энэ тухай би “4 хоногийн өмнө мэдэгдэж, хууль зөрчиж байна. Энэ үйлдлийг гомдлоо гаргаж хянуулна” гэхэд тэрээр “таны гомдол гаргах асуудлыг бид хязгаарлахгүй” гэсэн атлаа гомдлыг шийдвэрлэж хариу өгөх хооронд дуудлага худалдаанд оруулсан.

1.3. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “2 дахь дуудлага худалдаа явуулах тогтоол алдаатай байсан тул дуудлага худалдаа хүчингүй гэж ойлгоорой” гэж хэлсэн. Би 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл төлбөрөө өөрийн чадлаар төлж байтал гэнэт шийдвэр гүйцэтгэгч ирээд дуудлага худалдааны ялагч төлбөрөө төлсөн учраас үл хөдлөх хөрөнгө болох Ү-22060190**, Ү-22060190**, Y-22060190** дугаартай авто зогсоолуудыг 2022 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр шилжүүлнэ гэж хэлсэн. Би Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиж уулзаад “2 дахь дуудлага худалдааны дараа тогтоол хүчингүй гэж хэлсэн биздээ яагаад гэнэт хүчинтэй болсон гэж байгаа юм бэ” гэхэд тухайн үеийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь байхгүй,  сайн мэдэхгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаарай гэж хэлсэн.

Энэ тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдол гаргасан боловч өөр ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг хүлээн авахгүй гэдэг хариу өгсөн. Мөн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдол гаргасан боловч хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 816 дугаар тогтоолоор Н.Б-аас 145,561,350 төгрөгийг гаргуулж “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Н.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060190**, Y-22060190**, Ү-22060190** дугаарт бүртгэлтэй, Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг хд-** дүгээр байрны зоорийн давхарт байрлах авто зогсоолуудыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/16 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т буцаан олгож шийдвэрлэжээ. 

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

 

2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4/16 тоот хоёр дахь албалан дуудлага худалдаа явуулахдаа 4 хоногийн өмнө мэдэгдэж дуудлага худалдаан оруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу 14 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэснийг зөрчсөн байтал шүүх хянаж үзээгүй, мөн бие даан борлуулах боломж олгоогүй.

Тухайн эд хөрөнгийг үнэгүйдүүлэн худалдан борлуулсан бөгөөд бие даан худалдан борлуулах хугацаа өгсөн бол өр төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байсан. Хавтаст хэргийн 20 дугаар талд дуудлага худалдаагаар Н.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060190**, Ү-22060190**, Ү-2206099**, Y-22060199** дугаартай, нийт 7 авто зогсоолын нэг бүрийн үнийг 8,488,100 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаа эхлэх үнээр тогтоосон нь тухайн эд хөрөнгийг үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

 

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 4/11445 дугаар мэдэгдлийг 14 хоногийн өмнө шийдвэр гүйцэтгэгчид танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Бие даан худалдан борлуулах хугацааг 2 дахь дуудлага худалдаа болох үед олгодоггүй, анхны дуудлага худалдаа болохоос өмнө олгодог гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

            2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/16 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1/

 

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2015/08904 дугаартай шийдвэрээр хариуцагч Н.Б-аас 92,880,000 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ”-д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 732 дугаартай магадлалаар хариуцагч Н.Б-аас 127,880,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ”-д олгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Улмаар Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2016/00816 дугаар тогтоолоор хариуцагч Н.Б-аас 144,680,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “М ББСБ”-д олгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /хх-ийн 12-15/

 

3.а. Төлбөр төлөгч Н.Б нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 265 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх-ийн 69, 79/

 

3.б. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эрхийн бүртгэлийн Ү-22060190**, Ү-22060190**, Ү-22060190**, Ү-22060190**, Ү-22060190**, Ү-22060190**, Ү-22060190** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, хд-** дүгээр байрны зоорийн давхрын **, **, 2**, **, 2**, 2*, 2* тоот хаягт байрлах, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 226/1928 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 226/1929 дугаар тогтоолоор тухайн үл хөдлөх хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Нэхэмжлэгч энэ ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно. /хх-ийн 80-85/

 

3.в. Үүний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Н.Б-т мэдэгдэхэд тэрээр 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үнийн санал ирүүлсэн. Уг саналыг  төлбөр авагч “М ББСБ” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин төлбөр авагч “М ББСБ” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, эрх, үүргийн тайлбарлажээ. /хх-ийн 86-89/

 

3.г. Шинжээч “Х” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, хд-** дүгээр байрны зоорийн давхрын 18, 19, 20, 21, 22, 23, 24 тоот хаягт байрлах, тус бүр 16.2 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нэг бүрийн үнийг 16,976,200 төгрөг буюу нийт 118,833,100 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн байна. Энэ ажиллагааны талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хх-ийн 91-102, 105/

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3/21 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч Н.Б-т 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4/7534 тоот мэдэгдлийг тус  өдөр гардуулсан, мөн тогтоосон хугацаанд анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч санал ирээгүй тул худалдан борлогдоогүй байна. /хх-112/

 

4.1. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/16 дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч Н.Б-т 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/11445 тоот мэдэгдлийг тус өдөр гардуулж, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж баримтжуулсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах зарыг хариуцагч байгууллагын сайтад байршуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт нийцсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 122/

 

5. Албадан дуудлага худалдааны товыг 14 хоногийн өмнө төлбөр төлөгчид мэдэгдсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах боломж олгоогүй, авто зогсоолын нэг бүрийн үнийг 8,488,100 төгрөгөөр тогтоосон” гэх тайлбар дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Учир нь төлбөр төлөгч Н.Б 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 7 авто зогсоолыг өөрөө худалдан борлуулах нэг сарын хугацаа хүсч хүсэлт гаргасан. Тус газар Н.Б-т дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020  оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд бие даан худалдан борлуулах хугацаа өгсөн талаар 2020 оны 02 дугаар саррын 05-ны өдрийн 4/3996 тоот мэдэгдлээр мэдэгдэж байжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

                                             ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ