Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02008

 

 

 

       2023          11           17                                        210/МА2023/02008

 

 

Э.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/02582 дугаар шийдвэртэй,

Э.Э-ийн нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн,

түрээсийн гэрээний төлбөрт 109,500,000 төгрөг, алданги 54,750,000 төгрөг, нийт 164,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 28 дугаар байр, * давхарт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай 356 м.кв талбайтай, 93 м.кв террасыг түрээслэхээр “Х” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулсан.

1.2. Гэрээний дагуу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглахаар тохиролцсон бөгөөд тохижилтын хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд байхаар гэрээнд тусгасан.

 1.3. Гэрээнд нэг сарын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг ба гурван сарын түрээсийн төлбөрт 45,000,000 төгрөг, барьцаа 15,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

1.4. Гэрээний дагуу би тохижилтын ажлаа эхлүүлэх гэсэн боловч Э.Ж гэх хүн түрээсэлж байсан бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дуусах болоогүй, 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд “Х” ХХК-тай гэрээ байгуулсан гэж хэлсэн. Улмаар түрээслэгч Э.Ж нь “Х” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж болно, гэхдээ түрээсийн талбайд байгаа эд хөрөнгүүдээ зөөх газар байхгүй, энд нь байлгаж байгаад зарна гэсэн тул түүнийг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Дээрх асуудлаар “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Н-т хандаж өмнөх түрээслэгч талбайг чөлөөлж өгөөгүй, манай үйл ажиллагаа эхлээгүй тул гэрээний заалтад өөрчлөлт оруулах хүсэлтийг утсаар болон бичгээр гаргасан боловч тодорхой хариу өгөхгүй байсаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1/29 тоотоор гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. Би  гэрээний дагуу нэг ч хоног үйл ажиллагаа явуулаагүй, явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түрээсийн гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан авах хүсэлтээ илэрхийлсэн боловч элдэв шалтаг тоочин өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг “Х” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.   

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Э.Э нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, Галакси таур барилгын * давхрын 356 м.кв террас 93 м.кв түрээслэхээр тохиролцсон. Гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал байхаар тохирч ингэхдээ анх 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засвар, тохижилтын хугацаанд түрээсийн төлбөр авахгүй нөхцөлтэй гэж сунгуулах хүсэлт гаргасны дагуу бид дахин уг хугацааг 15 хоногоор сунгаж, нийт сарын хугацаанд засвар, тохижилт хийх боломжийг олгосон. Гэтэл түрээслэгч нь өөрөөс шалтгаалах засвар, тохижилтыг хийгээгүй тул бид түрээсийн хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн.

2.2. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн талбайг өмнөх түрээслэгч чөлөөлж өгөөгүй учраас талбайг эзэмшиж ашиглаж чадаагүй гэх боловч бидний зүгээс түрээсийн талбайг гэрээний хугацаанд бүрэн шилжүүлж өгсөн. Харин биднээс шалтгаалахгүйгээр нэхэмжлэгч өөрөө талбайг засч, тохижуулж зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй нь манай компанийн буруутай үйл ажиллагаа мэтээр илт үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан.

2.3. Бидний хувьд түрээслэгчийг үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж, засч тохижуулах хугацааг сунгаж, энэ хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлээгүй боловч өнөөдөр нэхэмжлэгч нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч талтай хэлэлцэх, зөвшилцөх байр сууринаас хандаж, боломж олгож ирсэн боловч үр дүнд нь гүтгэн доромжлогдсон тул энэ илт үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. Түрээслэгч талд түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглах, тохижуулах боломжит хугацааг олгосон ч түрээслэгч нь өөрөөс шалтгаалах засвар тохижилтыг хийгээгүй тул цаашид гэрээг цуцлах нөхцөл байдал үүсээд буй тухай аман сануулга өгсөн. Уг аман сануулгаар гэрээг албан ёсоор цуцлах талаар мэдэгдэл, шаардлага талуудын хооронд үйлдэгдээгүй, гэрээ хүчин төгөлдөр болно. Өнөөдрийг хүртэл хугацаанд түрээслэгчийг засвар, тохижилтийн ажлаа хийж гүйцэтгэн, ашиглах нөхцөл боломжийг түрээслүүлэгчийн зүгээс бүрэн олгосон ч түрээслэгч нь засвар, тохижилтийн ажлаа ч хийхгүй, түрээсийн талбайг чөлөөлж өгөхгүйгээр манай компанийг хохироосон. Түрээслэгчийн барьцаа болгон урьдчилан шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт суутган тооцсон. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс түрээсийн талбайг чөлөөлсөн өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй.

3.2. Гэрээний 3.1-д гэрээний 1.2-т хамаарах эд хөрөнгийн түрээсийн төлбөр сард 15,000,000 байхаар, 3.5-д түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөөгүй түрээсийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр тохирсон. Гэрээний дээрх заалтын дагуу нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 109,500,000 төгрөг, хугацаа хэтэрсэн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлбэл 54,750,000 төгрөг, нийт 164,250,000 төгрөгийг нэхэмжилж байна.

3.3. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгөө хулгайд алдсан, захиалгын тоног төхөөрөмж нь хил гаалиар саатсан шалтгаанаас ашиглаагүй гэдэг боловч эдгээр зүйл нь хариуцагчаас үл шалтгаалах тул Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т зааснаар түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Түрээслэгчийн зүгээс объектыг зориулалтын дагуу ашиглах боломж, нөхцөлөөр хангасан төдийгүй түрээсийн талбайг тохирсон хугацаанд шилжүүлсэн тул түрээслүүлэгчийн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289.1.2, 232.4, гэрээний 3.1, 3.5-т заасны дагуу Э.Э-оос 164,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагч “Халиун төгө”л ХХК нь нэхэмжлэгч Э.Э-той 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, Галакси таур * дугаар давхарт байрлах, оффис, үйлчилгээний зориулалттай обьектыг иргэн Э.Жд өмнө түрээслэсэн, тухайн түрээсийн гэрээ нь 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаатай байсан. Энэ тухайгаа гэрээний нэг тал түрээслэгч Э.Э надад мэдэгдэлгүйгээр хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж түрээсийн гэрээгээр харилцан тохиролцсон шөл болон бусад хоол үйлдвэрлэлийн дундаас дээш стандарт, зэрэглэл ангилалд хамаарах рестораны чиглэлээр ашиглах үйл ажиллагаа эрхлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ тухай мэдэгдсэн даруйд түрээслүүлэгчид мэдэгдэж гэрээг цуцалж, миний зүгээс түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн төлбөрийг буцаан төлөхийг шаардсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-аас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-т олгож, хариуцагч “Х” ХХК-ийн нэхэмжлэгч Э.Э-т холбогдуулан гаргасан 164,250,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 979,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

Түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгчид засвар, тохижилтын ажлаа хийж гүйцэтгэн, ашиглах нөхцөл боломжийг олгосон ч түрээслэгч нь засвар, тохижилтын ажлаа хийхгүй, түрээсийн талбайг хугацаандаа чөлөөлж өгөөгүйгээс манай компани хохирсон. Улмаар Э.Э нь түрээсийн талбайг хожим буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр чөлөөлсөн байх ба түрээслэгчийн барьцаа болгон шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт суутган тооцож, 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс талбайг чөлөөлсөн өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг түрээслэгч Э.Э төлөөгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй түрээсийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр тохирсон. Гэрээний заалтын дагуу Э.Э-оос 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 109,500,000 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлбэл 54,750,000 төгрөг, нийт 164,250,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх “Х” ХХК нь Э.Э-т гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Галакси таур ажлын байр, үйлчилгээний барилгын 3 давхрын 356 м.кв, террас 93 м.кв талбайтай ажлын байрыг хүлээлгэн өгсөн болон 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажлын байрыг хүлээн авсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй гэсэн үндэслэлээр “Х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Тухайн объектын 300 гаруй м.кв талбай бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй байдаг. Уг улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 390 м.кв талбайгаас 90 м.кв талбайг нь салгаж түрээсэлсэн асуудал биш. Улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой байсан тул бүхэлд нь хэсэгчлэн түрээсэлсэн асуудал байхгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч Э.Э-ийн хувьд уг талбайг чөлөөлж өгөөгүй байсан тул нэг ч өдөр үйл ажиллагаа явуулж байгаагүй. Хариуцагчийн зүгээс Э.Э-ийн үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор хангаагүй. Мөн хариуцагчийн зүгээс Э.Э-ийг талбайг чөлөөлж өгөөгүй гэх тайлбарыг давж заалдах гомдолд дурдсан байна. Тухайн талбайг чөлөөлж өгөөгүй гэдэг нь хүлээж аваагүй талбайг хэрхэн чөлөөлж өгөх вэ гэх асуудал яригдана. Түрээсийн гэрээгээр тухайн талбайг хүлээлцсэн актыг хүлээн авч, үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Өмнөх түрээслэгчээс гэрчийн мэдүүлэг авахад түрээсийн гэрээний хугацаа нь дуусаагүй байсан гэж тайлбарладаг. Уг түрээсийн гэрээг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан бөгөөд гэрээ биелэгдээгүй учраас гэрээг цуцлахаас өөр аргагүй болсон. Энэ талаарх мэдэгдлийг Э.Э-ийн зүгээс “Х” ХХК-аас удаа дараа явуулсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 60,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн гэрээний төлбөрт 109,500,000 төгрөг, алданги 54,750,000 төгрөг, нийт 164,250,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гарган маргажээ.

 

3. Зохигчийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, “Х” ХХК-ийн өмчлөлийн Галакси тауэр ажлын байр, үйлчилгээний барилгын 3 давхрын 356 м.кв террас,  93 м.кв талбайг нэхэмжлэгч Э.Э-т рестораны зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар нэг жилийн хугацаагаар түрээслүүлж, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт сарын 15,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагад төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 14-17/ 

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон боловч дээрх гэрээг хүчин төгөлдөр бус, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

3.а. Учир нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр түрээсийн гэрээний зүйл нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 28 дугаар байр, * дугаар давхарт байршилтай, 736.17 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай, “Х” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө байх ба уг үл хөдлөх эд хөрөнгийн 3 давхрын 356 м.кв террас, 93 м.кв талбайг Э.Э-т түрээсэлсэн байна.

 

Тус үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээслүүлсэн тул түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийн зохицуулалт хамаарахгүй. Иймд хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэх анхан шатны шүүхийн дүгнэлт бурууг зөвтгөн дүгнэв.  /хх-ийн 12/

 

4. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.а. Нэхэмжлэгч Э.Э нь “ХААН” банк дахь өөрийн ********** тоот данснаас “ХААН” банк дахь ************* тоот данс руу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 60,000,000 төгрөг шилжүүлсэн нь хэргийн 11 дүгээр тал дахь шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба энэ талаар хариуцагч маргахгүй байна. /хх-ийн 11/

 

4.б. Үүний дараа нэхэмжлэгч Э.Э- нь 2022 оны 03 дугаар сарын 18, 2022 оны 03 дугаар сарын 25, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд хариуцагч “Х” ХХК-д хандан “гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө буцаан авах” хүсэлтийг тус тус гаргаж байжээ. /хх-ийн 5-6, 8-9, 22/

 

4.в. Харин хариуцагч “Х” ХХК-аас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хариу бичигт “... танай компаниас тавьсан хүсэлтийг үндэслэн тохижилтын  хугацааг 1 сар хүртэл сунгасан боловч тохижилтын ажил хийгдэхгүй удсан тул гэрээг цуцлах аман сануулга өгсөн. “... гэрээ хүчин төгөлдөр тул төлбөрийг буцаан олгох боломжгүй...” гэх агуулгыг тусгажээ. /хх-ийн 19/

 

Иймд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Э.Э нь гэрээнээс татгалзах саналаа хариуцагч “Х” ХХК-д мэдэгдсэн гэж үзнэ.

 

4.г. Түүнчлэн, гэрч Э.Жамбачойндон шүүхэд “... Би Х ХХК-тай 2020 оноос хойш 3 жилийн хугацаа, рестораны үйлчилгээ явуулахаар түрээсийн гэрээ байгуулсан. “... надад гэрээ цуцлах мэдэгдэл ирж байгаагүй. “... би түрээсийн талбайг 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр суллаж өгсөн. “... Э.Э-той түрээсийн гэрээ байгуулсан талаар би мэдээгүй...” гэж мэдүүлсэн байна. /хх-ийн 109-111/

 

4.д. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн обьектийг хүлээлгэн өгч, энэ талаар акт үйлдээгүй, нэхэмжлэгч ажлын байрыг эзэмшиж, ашиглаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч Э.Э нь гэрээнээс татгалзсан тул хариуцагч “Х” ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

4.е. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

5. Хариуцагч “Х” ХХК нь нэхэмжлэгч Э.Э-т холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 109,500,000 төгрөг, алданги 54,750,000 төгрөг, нийт 164,250,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

5.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “... талбайг зориулалтын дагуу ашиглаагүйд түрээслүүлэгч буруугүй, талбайг чөлөөлсөн өдрөөс хойш хугацааны түрээсийн төлбөр, алданги шаардах эрхтэй ...” гэжээ.

 

5.2. Дээр дурдсанчлан хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн обьектийг хүлээлгэн өгч, энэ талаар акт үйлдээгүй байх тул хариуцагч нь түрээсийн төлбөр, алдангийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна.

 

5.3. Нөгөөтэйгүүр хариуцагч нь “түрээслүүлэгч буруугүй, талбайг чөлөөлсөн” гэх сөрөг нэхэмжлэлийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2023/02582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-аас 60,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-т олгож, нэхэмжлэгч Э.Э-оос түрээсийн гэрээний төлбөрт 109,500,000 төгрөг, алданги 54,750,000 төгрөг, нийт 164,250,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,279,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.ЭНХБАЯР

 

                                      ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ