Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Жавхланбаяр;

улсын яллагч: П.Бямбасүрэн;

шүүгдэгч-хохирогч: Т.Ж (өөрийгөө өмгөөлж);

шүүгдэгч-хохирогч: Д.О, (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Түмэн-Өлзийн ............. нарт холбогдох эрүүгийн 1809010191185 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

  1. Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикийн засварчин мэргэжилтэй, “Шунхлай” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 260-б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ............. регистерийн дугаартай, Чухал овогт ..........

 

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Ханангийн Гэгээ” ХХК-д сангийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 15 тоотод оршин суух,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаартай тогтоолоор албадан ажлаа хийж дуусгасан, ............. регистерийн дугаартай, Цорс өөлд овогт ................

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Т.Ж нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны оройн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжинд Д.Отай маргалдан, улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Д.О нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны оройн 17 цагийн
үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжинд
Т.Жтай маргалдан, улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь
хуйханд шарх, баруун шуу, баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол
учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Т.Ж мэдүүлэхдээ: Тухайн өдөр Д.О бид хоёр машин засварын газар таараад ойрд таараагүй гээд 2 шил архи хувааж уугаад харих замдаа нэгнийхээ хэлсэн үгэнд согтуурхаж үл ойлголцсоноос болж хоорондоо маргалдаж зодолдсон. Одоо хоорондоо эвлэрсэн, гомдол санал байхгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Д.О мэдүүлэхдээ: Тухайн өдөр Т.Жтай таараад архи хувааж уусан. Гэртээ харих замдаа хоорондоо тоглож маазарч байгаад тэр нь сүүлдээ маргалдах шалтгаан болсон. Одоо гомдол санал байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Жы хохирогчоор болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-6, 32-33/, Д.Октябрийн хохирогчоор болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-15, 36-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2950, 2929 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 40, 43/, Д.Октябрийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-52, 58-61/, Т.Жы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 53-54, 63-65/, Д.Октябрийн хүсэлтүүд /хх-ийн 73-74/, Т.Жы хүсэлтүүд /хх-ийн 75-76/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжинд Т.Ж, Д.О нар архидан согтуурч, өөр хоорондоо маргалдаж, Т.Ж нь Д.Октябрийн нүүрэнд нь цохиж, Д.Октябр нь Т.Жы тодгойд нь цохиж, харилцан бие биенээ хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

  хохирогч Т.Жы /хх-ийн 32-33/: “... 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны ойролцоо байдаг авто засварын газар очиход найз Октябрь, Тулгаа, Нэргүй гурав 0,5 граммын “Хараа” архи ууж байсан. Би суугаад архинаас нь хамт уугаад өөрт байсан мөнгөөрөө 0,33 граммын архи нэмж авч уусан. Бид харих болоод ... Октябрь манай хажуугийн гудамжинд байдаг болохоор бид хоёр хамт явсан. 23 дугаар гудамжны орчим явж байхад гэнэт миний цээжний аймхай хэсэг рүү гараараа цохиод би амьсгаа авч чадахгүй газар унасан. Миний зүүн хавирга хэсэг рүү өшиглөсөн ба би босоод ирсэн чинь миний баруун шанаа руу цохихлоор нь би зөрүүлээд Октябрийн зүүн шанаа руу нь цохьсон. Тэгтэл газраас Октябрь чулуу аваад миний дагзанд цохисон. Би гэмтлийн эмнэлэг ороод толгойдоо оёдол тавиулаад гэртээ харьсан...” гэх мэдүүлгээр,

 

   хохирогч Д.Октябрын /хх-ийн 37-38/: “... Жаргалсайханы гэр руу нь алхаад явж байтал Жаргалсайхан “чи надаа нам даралтын зуух хийж өгөөч” гэж хэлсэн. Би “найз нь хийгээд өгнө” гэхэд Жаргалсайхан “чи яг хийж өгөх юм уу, үгүй юм уу” гээд шууд миний араас бөөр руу цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад “яаж байна” гэхэд шууд миний хамар руу гараараа цохисон. Дахиад цохих гэхээр нь би тэвэрч аваад газар бид хоёр унасан. Жаргалсайхан миний дээр гарч суугаад миний хамар, нүд, уруул руу гараараа цохисон. Надад учирсан гэмтлийг Жаргалсайхан гараараа цохиж учруулсан. Жаргалсайхан биед хоёр маргалдсан. Тэнд бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

Т.Жы биед “хуйханд шарх, баруун шуу, баруун мөрөнд цус хуралт” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №2950 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 40/,

 

Д.Октябрийн биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №2929 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 43/, Т.Жы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-5/, Д.Октябрийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-15/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан, нөхцөл, шүүгдэгч (хохирогч) нарын буруутай (харилцан бие биенээ зодсон) үйлдлийн улмаас хэн альных нь эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 23 дугаар гудамжинд шүүгдэгч Т.Ж, Д.О нар өөр хоорондоо маргалдаж, Т.Ж нь Д.Октябрын нүүрэнд цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Октябр нь Т.Жы  толгойд  нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэж шүүх дүгнэв.

             

              Дээрх шалтаг, шалтгааны улмаас харилцан бие биенээ зодсон үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу бие биенээ хөнгөн гэмтээсэн Т.Ж, Д.Октябр нарын гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг тус бүрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Т.Ж, Д.Октябр нарын тус бүрийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч-хохирогч Т.Ж, Д.О нар нь “харилцан эвлэрч, бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт санал хавтаст хэргийн 73-76 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Т.Ж, Д.Октябр нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Т.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

 шүүгдэгч Д.Октябрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж, Д.Октябр нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

                                                                         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Чухал овогт Түмэн-Өлзийгийн Жаргалсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Цорс өөлд овогт Дамцагсүрэнгийн Октябрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн  зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Октябрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж, Д.Октябр нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Т.Ж, Д.О нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ж, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ