| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0026/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Жавхланбаяр;
улсын яллагч: Ц.Амгаланбаатар;
шүүгдэгч: Э.Г, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ холбогдох эрүүгийн 1809037430996 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 64 дүгээр гудамжны 870 тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ..............регистерийн дугаартай, Харьд овогт .............
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Э.Г нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутагт Дамбадаржаагийн 1-24 тоотод байрлах байшингийн цонхыг хагалан, орон байранд нэвтэрч “Тошиба” маркийн 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Туулд 290.940 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: Нэмж ярих зүйлгүй. Өмнө бүгдийг хэрэгт үнэнээр мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-16/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримтууд /хх-ийн 17-18/, хохирогч Г.Туулхүү /хх-ийн 21-23/, гэрч Н.Отгонбаяр /хх-ийн 28-29/, О.Оюунгэрэл /хх-ийн 30-31/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/451 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-44/, “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35/, Э.Гийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 51-53/, Э.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 54-65/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Э.Г нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 1-24 тоотод байрлах байшингийн цонхыг хагалан, орон байранд нэвтэрч “Тошиба” маркийн 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.Туулд 290.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.Туулхүүгийн /хх-ийн 21-23/: “... Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 07 цаг гээд ажилдаа явсан. 16 цагийн үед миний дүү надруу залгаад “манай гэрт хулгай орсон байна” гэсэн. Намайг гэртээ ирэхэд манай гэрт хулгай ороод зурагт аваад явсан байсан. ... Манай зурагт “Тошиба” брэндийн хар өнгийн, нимгэн, гурвалжин суурьтай 32 инчийн зурагт байсан. ...Зурагтыг би өөрөө ажил хийж байгаад “БСБ” дэлгүүрээс 1.300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ эд хөрөнгийг Э.Г захиран зарцуулах ямар ч эрх байхгүй. Бид хоёр салаад 3 жил болж байна. Э.Гт манай гэрт орох эрх байхгүй..” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Отгонбаярын /хх-ийн 28-29/: “... Манай барьцаалан зээлдүүлэх газарт Э.Г гэх хүн өөрийн бичиг баримтаар “Тошиба” маркийн 32 инчийн телевизорыг 100.000 төгрөгөөр тавиад буцаагаад хугацаандаа зурагтаа аваад явсан...” гэх мэдүүлгээр,
Э.Гийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 26-27, 51-53/: “... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаа 1-24 тоот айлын вакум цонхыг нь түлхэж ороод зурагтыг нь аваад ломбарданд 100.000 төгрөгрөөр тавьсан. Мөнгөөрөө хувцас, хоол, хүнс авсан. Би салсан эхнэр болох Туулхүүгийн зурагтны хохирлыг барагдуулж барьцаалан зээлдүүлэх газраасаа зурагтыг нь авч өгсөн...” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03/451 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /хх-ийн 41-44/: “... 2018 оны 08 дугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаагийн 1-24 тоотоос эд зүйлс алдсан гэх хэргийн газрын үзлэгээр шинжээч, цагдаагийн дэслэгч Т.Болдын илрүүлж, бэхжүүлсэн №3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр болон хохирогч Г.Туулхүүгийн гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн №3 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь Папилон санд 2705495 гэсэн дугаараар бүртгэгдсэн Эрдэнэбатын Ганхуягийн баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна...” гэснээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-16/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримтууд /хх-ийн 17-18/, “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг нууцаар, зөвшөөрөлгүйгээр авч явсныг, хулгайлсан эд зүйлээ ломбардад барьцаанд тавьсныг, шүүгдэгч хулгайлсан эд зүйлээ хохирогчид буцаан өгснийг, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Э.Г нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 1-24 тоотод байрлах байшингийн цонхыг хагалан орж “Тошиба” маркийн 32 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэж шүүх дүгнэв.
Э.Г нь хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, шунахайн сэдэлт зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг нууцаар авч буй гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Э.Гийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч Г.Туулхүү хулгайд алдсан зурагтаа биет байдлаар буцаан авч, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болсон нь хэргийн 17, 18 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Э.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Гт хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн (хулгайлсан эд зүйлээ буцаан өгсөн) нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харьд овогт Эрдэнэбатын Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Г урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ