Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Жавхланбаяр;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа:

шүүгдэгч: Я.Б, Ч.Э, тэдгээрийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. нарт холбогдох эрүүгийн 1809045260971 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 2 хүүхэд, хүргэний хамт Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Задгай тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, ............. регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт .............,

 

2. Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2/Б хэсгийн 1584 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, ........регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт ..............

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ч.Э, Я.Б нар нь бүлэглэн гүйцэтгэж машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И Эн Си Си” ХХК-ийн эзэмшлийн дулааны худгийн 4 ширхэг тагийг 99-21 УБК улсын дугаартай “Хонда Одиссей” маркийн автомашинаар зөөвөрлөн хулгайлж, хохирогч Г.Энхболдод 480.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Б мэдүүлэхдээ: Би Ч.Эын ногоон талбайд ажилладаг байсан. 2018 оны 10 дугаар сарын 09-нд Ч.Э дуудаад “гэр буулгаад, хашаа янзлаад өгөөч” гэсэн. Ингээд Ч.Э дээр очоод ажил хийгээд байж байтал орой манай охин “Хангай хотхоноос ирээд аваач, унаагүй болчихлоо” гэсэн. Ч.Эын хамт охиноо авахаар Хангай хотхонд очсон. Ч.Э замын хажууд байсан траншейны тагийг өргөлцөөд өгөөч гэж гуйхаар нь хамт өргөлцөөд машинд нь аваачиж хийгээд байж байтал цагдаад баригдсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гардаг өдөр Я.Б ахыг дуудаж гэрээс нь аваад манай ногоон талбай дээр очиж хашаа янзалсан юм. Я.Б ахын охин нь Хангай хотхонд байсан бөгөөд ирээд аваач гэж гуйсан. Тэгээд Хангай хотхоны 813 дугаар байрны орчим машинаа тавьсан байсан. Траншейны таг байхаар нь Я.Б ахыг өргөлцөөд машинд хүргээд өгөөч гэж гуйгаад хамт өргөлцөөд машиндаа аваачиж тавьсан. Гэтэл 2 цагдаа ирээд машин шалгаад цагдаагийн хэлтэс дээр аваачсан. Тарншейны тагийг авч төмөрт тушааж мөнгө болгох санаатай байсан юм гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхболд /хх-ийн 22-23, 24-26/, гэрч Г.Зол-Эрдэнэ /хх-ийн 30/, Б.Эрдэнэбат /хх-ийн 31/, М.Хосбаяр /хх-ийн 32/, Я.Амарзаяа /хх-ийн 33-34/, Б.Бямбажаргал /хх-ийн 35-36/, Д.Дуламжав /хх-ийн 37-38/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнүүд /хх-ийн 41-42, 45-46/, Ч.Эын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 52-55/, Я.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 58-61/, Я.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 62-67/, Ч.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 68-73/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-18/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/, цагдаагийн алба хаагч нарын илтгэх хуудас /хх-ийн 11/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 15-16/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78-79/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Я.Б, Я.Энхбаяр нар нь бүлэглэн 9921 УБК дугаартай “Хонда Одиссей” маркийн автомашин хэрэглэн 2018 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хангай хотхоны орчмоос “И Эн Си Си” ХХК-ийн эзэмшлийн 4 ширхэг ширмэн люк тагийг (дулааны худгийн) нууцаар авсан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхболдын /хх-ийн 22-23, 24-26/: “...Манай “И Эн Си Си” ХХК-ийн өмчлөлд байдаг ус дулаан дамжуулах төвийн гадна талын дулааны 4 ширхэг худгийн таг 2018 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө хулгайд алдагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагч нар илрүүлэн хулгайд алдагдсан 4 ширхэг тагийг хулгай хийсэн хүмүүсийн автомашинаас хураан авч надад хүлээлгэн өгсөн байгаа. Манай байгууллагад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Зол-Эрдэнийн /хх-ийн 30/: “…2018 оны 10 дугаар сарын 09-ний 22 цагаас 10 дугаар сарын 10-ны өглөө 06 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “эмзэг цэг” нэгдсэн арга хэмжээний өдөр дэслэгч Б.Нэргүйн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 507 дугаар байрны орчим зогсож байсан 9921 УБК улсын дугаартай “Хонда Одиссей” маркийн автомашин сэжиг бүхий байсан бөгөөд сул зогсоол байхад зогсоол дээр зогсохгүй байсан болохоор ажиглаж байгаад явсан. Тэгээд Хангай хотхоны зүүн хойд талын 813 дугаар байрны хажууд зогсож байхаар нь очиж шалгахад Я.Б, Ч.Э гэх хоёр үл таних этгээд машины дотор талд дулааны худгийн 4 ширхэг тагийг хийсэн байсан. Ямар учиртай талаар асуухад хулгай хийж авсан талаараа хэлсэн бөгөөд бид 2 “Бэлх-10”-т хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Эын гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 27-28/: ”…2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай ногооны талбай дээр ажилладаг Бямбаа ахыг дуудаад “машины цапны шарик дуугарчихлаа, та өнөөдөр надтай цуг яваад траншейны таг авч төмөрт тушаах гэсэн юм, надтай цуг яваад өгөөч” гэж гуйхад Бямбаа ах зөвшөөрсөн. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад Бямбаа ахыг аваад Улиастайгаас гараад 100 айл орчимоор явж байгаад Хангай хотхоны тэр хавиас 4 газраас 4 ширхэг траншейны таг аваад явж байгаад шөнө 02 цагийн үед машиндаа байх үед цагдаа ирээд цонх тогшоод машиныг шалгаад бид нарыг дагуулаад Цагдаагийн хэлтэс дээр ирсэн...Би машинаа барьж хамт хулгайлсан тагаа зөөсөн...” гэх мэдүүлгээр болон эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-18/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/, цагдаагийн алба хаагч нарын илтгэх хуудас /хх-ийн 11/, “Дулааны худгийн 4 ширхэг тагийг” зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар нийт 480.000 төгрөгөөр үнэлсэн “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-46/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар  автомашин хэрэглэн бусдын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авч, автомашиндаа ачсан байсныг гэрч гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан 4 ширхэг ширмэн люк тагны үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Я.Б, Я.Энхбаяр нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор  машин механизм ашиглан 2018 оны 10 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хангай хотхоны орчмоос “И Эн Си Си” ХХК-ийн эзэмшлийн 4 ширхэг ширмэн люк тагийг (дулааны худгийн) хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

 

Үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан машин механизм бэлтгэж, ашиглан, шунахай сэдэлтээр өөрсдийн эзэмшил болгож, бусдад 480.000 төгрөгийн хохирол учруулж буй Я.Б, Ч.Э нарын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...Я.Б, Ч.Э нар хулгайлах үйлдлээ хийж төгссөний дараа 4 ширхэг ширмэн люк тагийг автомашинд зөөвөрлөж, хэргийн газраас зайлуулсан нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэхгүй тул тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” талаар санал гаргасан боловч шүүх дараах байдлаар няцаалт өгсөн болно.

 

Я.Б, Ч.Э нар “...Хангай хотхоноос Ч.Бямбаагийн охиныг авахаар очихдоо, тохиолдлоор эзэнгүй байсан бусдын эд хөрөнгийг харснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар хулгайлсан эд зүйлээ автомашиндаа зөөвөрлөж авчирсан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгч байх боловч аль байрны хэдэн тоотоос охиныг очиж авах тодорхойгүй, өөрсдөө ч энэ талаар мэдэхгүй байгаа нь тэдний дээрх мэдүүлэг бодитой бус гэж шүүх үзэв.

 

Я.Б, Ч.Э нарын хулгайлсан эд зүйлсийн жин (50 кг хх-ийн 21), биет байдал, тоо ширхэг зэргээс үзвэл Ч.Эын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, түүний мэдүүлгийг гэрч Г.Золжаргал баталсан, тухайн тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд  өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй юм.                

 

Ийнхүү шүүгдэгч Я.Б, Ч.Э нарын “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар хулгайлсан эд зүйлсээ биет байдлаар хохирогчид буцаан өгсөн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь (Д.Дуламжав уг тээврийн хэрэгслийг Ч.Эт зарсан гэх боловч) тээврийн хэрэгслийн лавлагаагаар Д.Дуламжавын эзэмшилд байх тул хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнийг шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө орлогоос хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Ч.Эаас 400.000 төгрөг, Я.Бгаас 400.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тогтов.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд  Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч  Ч.Э, Я.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан тэдний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн  RA21207062 арлын дугаартай 9921 УБК дугаартай “Хонда Одиссей” маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь олгохоор тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

         

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ягаанбандийн Бямбаа, Боржигин овогт Чадраабалын Энхбаяр нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Я.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б, Ч.Э нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бгаас 400.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Эаас 400.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Я.Б, Ч.Э нар урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн  RA21207062 арлын дугаартай 9921 УБК дугаартай “Хонда Одиссей” маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Я.Б, Ч.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Б, Ч.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ