| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0029/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Жавхланбаяр;
улсын яллагч: С.Оюунжаргал;
хохирогч: М.Оюундэлгэр;
шүүгдэгч: Б.М (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. холбогдох эрүүгийн 1803000010438 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй. эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 2 дугаар хэсэг 12-607 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит 27 дугаар гудамжны 397 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ........... регистерийн дугаартай, Зурхайч овогт ......................
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ийн “Сансар” супер маркетын баруун уулзварт “Есөн шижир инвест” ББСБ-ын эзэмшлийн “Тоуоtа Аllion” маркийн 49-35 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч И.Оюундэлгэрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Оюундэлгэр мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө тэмцээнд оролцох гээд сургууль руугаа явж байхдаа 32-ийн автобусны буудлын арын гарцаар зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлж гэмтсэн. Мөргүүлсний улмаас баруун хөлний тахилзуур яс хугарсан, зүүн шанаа, дух, 2 гар халцарсан, духан дээрээ оёо тавиулсан. Эмчилгээний явцад 368.000 төгрөг, бэлнээр 1.500.000 төгрөг авсан. Одоо биеийн байдал зүгээр байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /8-12/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 13/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 14/, хохирогч И.Оюундэлгэр /хх-ийн 23, 42-43/, иргэний хариуцагч Х.Майрагүль /хх-ийн 46-47/, гэрч Х.Болотбек /хх-ийн 54-55/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13339 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/, техникийн шинжээчийн 91 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62/, Б.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 18-22, 74, 76-82/, Б.Мэндбаатарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-69/, хохирлын баримтууд /хх-ийн 898-92/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутагт 32-ийн “Сансар” супер маркетын баруун уулзварт “Есөн шижир инвест” ББСБ-ын эзэмшлийн “Тоуоtа Аllion” маркийн 49-35 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч И.Оюундэлгэрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
хохирогч И.Оюундэлгэрийн /хх-ийн 23, 42-43/: “... 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө би гэрээсээ тэмцээнд орохоор явж байгаад зам хөндлөн гарцаар гарч байтал намайг машин ирж мөргөсөн. Анх намайг гэмтэлд очиход миний мэдсэн зүйл бол өвчин намдаах тариа хийлээ шүү гэж хэлсэн. Тэгээд дараа нь зүүн хөмсөгний дээд талд оёдол тавьсан байсныг дараа нь би мэдсэн. Мөн зүүн гар, баруун гар талын шалбархайн дээр митлин түрхэхэд өвдөж байсныг би мэдсэн. Дахиад нэг мэдсэн чинь дусал хийлгэж байсан. Баруун, зүүн хоёр хөл өвдөж байна. Бусдаар бол гайгүй. Оёдол авахуулсан газар өвдөж байгаа. ...Миний биеийн баруун хажуу хэсэг рүү тухайн машин нь мөргөсөн. Ослын дараа жолоочийн зүгээс 300.000 гаран төгрөгийг рентген зураг болон эмэнд зарцуулсан. Миний зүгээс одоо 1.500.000 төгрөгийг бүрэн барагдуулсан тохиолдолд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
иргэний хариуцагч Х.Майрагүлийн /хх-ийн 46-47/: “... Миний эзэмшлийн машин нь баруун гар талдаа жолооны хүрдтэй. Тухайн үед миний бие жолоочийн хажуу талын суудалд, харин төрсөн дүү Х.Болатбек нь арын суудалд тус тус сууж явсан юм. Би машиндаа эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй. Би Мэндбаатарт машин барих зөвшөөрөл өгсөн. Миний зүгээс бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлгээр,
гэрч Х.Болатбекийн /хх-ийн 54-55/: “... Явган зорчигч нь ганцаараа явган хүний гарцаар зам хөндлөн гүйж гарч ирсэн. Машинд мөргүүлсэн гэх эмэгтэй эрүүл байсан. Мэндбаатар нь машинаа барьж явахдаа эрүүл байсан. Ослын улмаас машины зүүн гар талын толь сууриараа хугарсан, урд салхины шил хагарсан өөр эвдрэл гэмтэл учраагүй...” гэх мэдүүлгээр,
И.Оюундэлгэрийн биед “баруун тахилзуур ясны зөрөөгүй далд хугарал, дух, зүүн хацар, баруун зүүн сарвуунд зулгаралт” бүхий мохоо зүйлийн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13339 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 29/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 823 дугаартай дүнэлтэд /хх-ийн 61-62/: “... Тоёота Алион маркийн 49-35 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Батмөнх овогтой Мэндбаатар нь МУ-ын ЗХД-ийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэснээр,
Б.Мын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 67-69/: “ … 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагийн орчимд би “Тоёота Алион” маркийн 49-35 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа эхнэр Х.Майрагүл, түүний төрсөн дүү X.Болотбек нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг “Сансар” супер маркетын баруун замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40-50 орчим км/ц-ийн хурдтай явж байтал явган хүний гарцаар зүүнээсээ баруун чиглэлтэй нэг эмэгтэй хүн гүйж гарч ирээд хоёрдугаар эгнээнд зог тусаж нэг зогссоноо буцаад зүүнээсээ баруун чиглэлтэй гүйсэн. Энэ үед би тухайн хүнийг ойролцоогоор 10 орчим метрийн зайнд харсан даруйдаа тоормозоо гишгэж баруун гар тал руугаа дарсан боловч машины баруун урд дугуй нь хашлага мөргөнгүүтээ зүүн гар тал руугаа явах шиг болоод машины зүүн гар талын толь хэсэгт мөргөгдөх шиг болсон. Би машинаас буухад тэр эмэгтэй нь машины зүүн гар талын урд хэсэгт замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байсан. Би өөрийн 94843839 гэсэн дугаараас 102, 103-т дуудлага өгсөн. Ослын улмаас миний барьж явсан машинд зүүн гар талын толь нь сууриараа хугарсан, мөн урд салхины шил хугарсан, өөр эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй…” гэх мэдүүлгээр болон 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Жавхлантөгсийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хохирогч, гэрч нар болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Мын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хохирогч И.Оюундэлгэр нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч, иргэний хариуцагч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт хураагдан ирсэн Б.Мын жолоочийн ¹5351113 дугаартай үнэмлэхийг өөрт нь буцаан олгохоор тогтов.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Зурхайч овогт ........... автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.М, иргэний хариуцагч Х.Майрагүль нар нь хохирогч И.Оюундэлгэрт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн Б.Мын жолоочийн ¹5351113 дугаартай үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ