Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 49

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: С.Мөнхгэрэл (томилолтоор);

нарийн бичгийн дарга: О.Алтанзул;

            шүүгдэгч:Ж.А, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. холбогдох эрүүгийн 1809035560931 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, зрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Увс аймаг, Улаангом 9 дүгээр баг, 6 дугаар гудамжны 22 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 4-656 тоотод түр оршин суух,

1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 237 дугаартай шийтгэх топоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн  24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар нийт 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 22 хоногийн хорих ял эдлэхээс чөлөөлсөн, ................. регистерийн дугаартай, Тайжууд овогт .............

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Яллагдагч Ж.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 22 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн хашаан дотор иргэн Д.Цэцэгмаагийн эд зүйлийг дээрэмдэх зорилгоор биед нь хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, түүний гар цүнхтэй эд зүйлийг илээр, хууль бусаар авсаны улмаас 285.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын эхээр 32-ын тойргоос мөнгөгүй алхаж яваад 6 буудал орчмоос хохирогч Цэцэгмааг дээрэмдсэн. Намайг “цүнхээ өг” гэхэд өгөхгүй байхаар нь ноцолдож байгаад цүнхийг нь аваад зугтаасан гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Цэцэгмаагийн мэдүүлэг /хх-ийн 11-17/, Ж.Аын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-46/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №9997 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/, мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-49/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 110-111/, Д.Цэцэгмаагийн хүсэлт /хх-ийн 119/, Ж.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-ийн 57-67, 69-88/, Ж.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 89-95,106/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 22:40 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Ерөнхий боловсролын 35 дугаар сургуулийн хашаанд иргэн Д.Цэцэгмаагийн эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж авсан, мөн дээрх байдлаар хүч хэрэглэхдээ Д.Цэцэгмааг хөнгөн гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Д.Цэцэгмаагийн /хх-ийн 11-17/: “...2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 35 дугаар сургуулийн үүд яг өнгөрөөд явж байтал араас нэг үл таних хүн ам дараад унагасан.Тэгэхээр нь би орилсон чинь нөгөө залуу “орилоод үзээрэй” гээд намайг чирээд зодсон. Тэгээд би дахиад нэг орилох гэсэн чинь “дуугай байгаарай” гээд чихэн дээр олон удаа шивнээд чирээд байхаар нь намайг алж магадгүй юм байна гэж айгаад “миний цүнхийг ав, наад дотор чинь зөндөө мөнгө байгаа” гэж хэлсэн чинь цүнх шүүрч аваад л зугтаад яваад өгсөн...Бор царайтай намхан нуруутай, шөвгөр царайтай байсан. Нүүрэн дээрээ сорвитой байх шиг байсан. Малгайтай байсан байж магадгүй, цэнхэр өнгийн биеийн тамирын цамцтай байх шиг харагдсан. Намайг доошоо үсдэж дараад царайгаа харуулахгүй байсан...Тухайн үед чирээд цохиод яваад байсан...Газар чирүүлсэндээ миний хөл гар шалбарсан байна... ХААН-ы виза карт, автобусны билет, LG маркийн мэдрэгчтэй хар гар утас, гоо сайханы зүйл, бор өнгийн хэтэвч, бэлнээр 5000 төгрөг л байсан. Цүнх нь жижигхэн хар цүнх, урт оосортой...” гэх мэдүүлгээр,

 

Ж.Аын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 41-46/: “... 2018 оны 08 дугаар сарын эхээр “32”-ын тойргийн орчимд ямар ч мөнгөгүй явж байгаад “хүн дээрэмдэж мөнгөтэй болъё” гэж бодоод 6 буудал хүртэл алхсан. Гэтэл 6 буудлын орчимд замынхаа зүүн талд нь сарал өнгийн хувцастай 160 см орчим өндөртэй, 40-50 орчим насны эмэгтэй хүн гартаа хар өнгийн цүнх барьчихсан ганцаараа алхаж яваад сургуулийн тийшээ харанхуй руу эргэхээр нь тэр эмэгтэйгийн ар талаас нь баруун гараараа баруун мөрийг нь давуулж хойш нь татаж унагаад цүнхийг  нь  авах  гэтэл  тэр  эмэгтэй   цүнхээ  өгөхгүй  булаацалдаад  бид 2 ойролцоогоор 3 орчим минут болсон. Би “цүнхээ өгөөдөх” гэж хэлсээр байгаад 3 минутын дараа гарнаас нь хүчээр салгаж аваад замын эсрэг тал руу гүйж зугтаад балгас шиг байшингийн гадна очоод цүнхийг нь уудалж үзтэл дотор нь эмэгтэй хүний гоо сайхны хэрэгсэл, ХААН банкны виза карт, мөн задгай дэвсгэртээ 5.000 орчим төгрөг, хар өнгийн “ЛЖ” гэсэн загварын гар утас, түрийвч зэрэг эд зүйлс байхаар нь 5.000 төгрөг болон гар утсыг нь халаасандаа хийгээд цүнхийг нь газарт хаяж үлдээгээд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрхан 4-65Б тоот гэртээ очиж хоносон.. Би хар өнгийн биеийн тамирын хос өмд цамцтай, саарал өнгийн кепкен малгайтай, цэнхэр өнгийн кеттэй явж байсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Цэцэгмаагийн  биед “зүүн, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №9997 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/, мэдүүлэг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-49/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 110-111/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг айлгаж, зодож байгаад эд зүйлийг нь авсныг хохирогч мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчийн мэдүүлгийг баталж болсон үйл явдлыг хохирогчтой адил мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчид хүч хэрэглэсний улмаас  тэрээр гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр Д.Цэцэгмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор бие махбодийн хүчирхийлэл, заналхийлэл (зодох, айлган сүрдүүлэх) үзүүлэн довтолж буюу  шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн эд зүлийг нь авч, ингэхдээ хохирогчийг хөнгөн гэмтээж буй Ж.Аын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх”,  мөн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

 Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 285.200 төгрөгийг шүүгдэгч Ж.Ааас гаргуулж хохирогч Д.Цэцэгмаад  олгох нь зүйтэй. 

 

Харин хохирогч Д.Цэцэгмаа нь “эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтуудыг хаяж үрэгдүүлсэн” гэсэн нь хэргийн 119 дүгээр талд авагдсан тул энэ талаархи нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Ингэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хэд хэдэн төрлийн ялын хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Мөн дээр дурьдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгч нь өмнө гэмт хэрэг үйлдэж үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг харгалзан түүнийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Ж.А нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж  буй ч энэ хэргийг дээрх гэмт хэрэгтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд хэрэв шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу өөр шүүх хуралдаанаар тогтоогдсон тохиолдолд шүүгдэгчид хэд хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн тул энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                               

1. Шүүгдэгч Тайжууд овогт Жамбалын Анхбаярыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, мөн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлон дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч Ж.Ат оногдуулсан хөнгөн ял болох 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 30 хоногийн хорих ялыг Ж.Ат оногдуулсан хүнд ял болох 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Ж.Аын биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А урьд 76 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ааас 285.200 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цэцэгмаад олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ