Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02058

 

 

 

 

 

   2023         11          24                                        210/МА2023/02058

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02688 дугаар шийдвэртэй,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ж” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 100,162,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бямбадорж, нэхэмжлэгчийн өмөөлөгч Б.Баярчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани нь “Ж” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж үйлчилгээтэй орон сууцны барилгын А блокийн 6-12 давхрын айлуудын цонх, техникийн давхрын вакум цонхыг үйлдвэрлэж, угсарч, суурилуулах ажил гүйцэтгэхээр тохирсон.

1.2. Гэрээт ажлын нийт хэмжээ 496 м.кв цонх, хаалга үйлдвэрлэж, угсарч, суурилуулах ажил байсан. Уг орон сууцны барилгын цонх, хаалганы ажлыг өмнө нь өөр компани эхлүүлээд мөнгөө өгөөгүйгээс орхисон байсныг манай компани үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхээр болсон. Гэрээт ажлын хөлсийг тохиролцохдоо нийт санхүүжилтийн 70 хувийг бартераар, үлдсэн 30 хувийн санхүүжилт болох 29,016,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9,016,000 төрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг олгохоор тохиролцсон.

1.3. Хариуцагчаас ажлын урьдчилгаанд 7,000,000 төгрөг өгч ажил эхлүүлсэн боловч уг санхүүжилт ажил хийхэд хүрэлцэхгүй байсан учраас манай компани хамтран ажилладаг “М” ХХК-аас цонхны гол орц болох РVС хуванцар материалыг зээлээр авч ажилласан. Улмаар ажил 60-70 хувьтай явж байхад манай компаниас “байраа авъя, зээлээр авч байгаа материалынхаа өрөө дарах гэсэн юм” гэж хэлэхэд “Ж” ХХК-ийн нягтлан захирал байр байхгүй гээд маргаан үүсэж, манай компани санхүүжилт дээр хүнд байдалд орсон учраас ажил удааширсан.

1.4. “Ж” ХХК манай компанид хандан “танайх барилгаа битүүлээд өгчих, танай байрыг өгье” гэж хэлсэн тул манайх 2018 оны 2 дугаар сарын эхэн гэхэд орон сууцыг бүрэн битүүлж өгсөн. Орон сууцны цонхыг угсарч суурилуулахдаа шилэн багц нь 3 давхар хийгдэх байсныг яаралтай битүүлэх шаардлагатай болсон тул нэг давхар шилийг дараа нь нэмж суурилуулах боломжтой учраас 30 орчим хувийг нь 2 давхар шилээр шиллэж хийж өгсөн. Мөн бариул болон цоож гэх мэт жижиг хэрэгслүүд халаалтад нөлөөлөхгүй учир дутуу тохиргоотой байсан, хагас цонх нь хийгээгүй ажлыг 85-90 хувьтай болгон барилга дулаанаа авахад бэлэн болгосон. Гэтэл “Ж” ХХК гэрээнд заасан мөнгөө дутуу өгч, бартерын байраа одоо болтол шилжүүлж өгөөгүй.

1.5. Манай компани дээрх ажлыг хийж гүйцэтгэхдзэ 85,775,000 төгрөгийн шууд зардал гаргасан. “Ж” ХХК-аас манай компанид 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөг төлсөн. Шинжээчийн хийсэн хэмжилтийн дагуу нэг метр квадратыг 170,000 төгрөгөөр тооцож 85,661,900 төгрөг болж байна.

Иймд хариуцагч “Ж” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөрт 66,775,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 33,387,500 төгрөг, нийт 100,162,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “Б” ХХК-тай манай компани 2017 оны 11 дүгээр сард Ж үйлчилгээтэй орон сууцны барилгад вакум цонх, хаалга үйлдвэрлэх гэрээ байгуулан ажилласан. Энэхүү цонх 3 давхар шилтэй, энгийн онгойлттой цонх байхаар гэрээнд тусгасан. “Б” ХХК уг ажлын чанарын өндөр түвшинд гүйцэтгэл сайтайгаар 5 жилийн баталгаа өгч ажиллахаар тохирсон. Гэрээний дагуу урьдчилгаа санхүүжилтийг манайхаас авсаны дараа ажилдаа хариуцлагагүй, удаан, чанарын шаардлага хангахгүй материал нийлүүлэх хэлбэрээр зөрчиж эхэлсэн. Уг барилгыг гэрээгээр 2018 оны 3 дугаар улиралд ашиглалтанд бүрэн оруулахаар захиалгын гэрээг захиалагч нартай байгуулсан байсан учир бүх боломжоороо “Б” ХХК руу мөнгөн шилжүүлэг хийсэн боловч манай компанийн шилжүүлсэн мөнгөөр өөр барилгын цонхны материал авах, за маргааш танай барилга дээр очиж цонхны рамаа суулгана, цонхны материалаа ачаад одоо гарч байна” гэх зэргээр худал хэлсэн. Үйлдвэр дээр очиход үндсэн ажилтан байхгүй, ажиллуулж байсан ажилтан нь хүртэл өөр цонхны үйлдвэрийн ажилчид байсан. Бид сүүлдээ аргаа барж өвөл боллоо яаралтай хийгээчээ, цонхны материал авдаг компани руу чинь мөнгө шилжүүлье гэж мессеж гар утас руу нь бичиж байж холбогдоод, цонхны материал авдаг компани руу нь мөнгө шилжүүлсэн.

2.2. Гэрээнд 3 давхар шилтэй, энгийн онгойлттой байхаар тусгагдсан боловч хуурамчаар 3 давхар шилтэй мэт харагдуулан давхар гуурс суулгасан 2 давхар шилтэй цонх суулгасан, порчикны бүх цонхны резиныг хятад муу резин хийсэн, үүнээс үүдэн бороо ороход цонхоор борооны ус гоождог, цонхны рамны наалт нь задарчихсан, салхи сийгдэг, өвөлд маш хүйтэн, тортог орж ирдэг, бүх нугаснуудаа буруу харуулж суулгасанаас түгжээ болон нугас, нугасны гол нь эвдрэлтэй, хажуу замын дуу чимээ орж ирдэг, өвөлдөө байнгын цантдаг, үзэгдэх орчин байхгүй, цоожны бариулууд эвдрэлтэй, түгжээ дутуу, хаалт байхгүй, порчик жижигдсэн, хааж хүрэхгүй, нэвт шуурч салхилдаг гэх мэтээр маш муу бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж манай компанийг залилсан. Тагтны хаалтуудын бэхэлгээ хийгээгүйгээс гадна тагтны хаалт хөдөлгөөнтэй хийгдсэн. Өөрөөр хэлбэл, тагтны хаалтанд нийт 8 тогтоогч хийхээс 2 тогтоогч хийсэн, үүнээс үүдэн хөдөлгөөнтэй, хаалга хааж нээхэд савлах, шил хагарах зэрэг асуудал үүссэн. Оршин суугчид цонхны талаар маш их гомдол гаргаж эхэлсэн бөгөөд ус орон сууцны СӨХ, оршин суугчид нийлэн манай компанийг Мэргэжлийн хяналтын газар, Барилга хөгжлийн төв, Хэрэглэгчийн төлөө газар зэрэгт гомдол гаргаж, барилга барих тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэл гаргасан. Бид “Э” ХХК-тай цонх засварлах гэрээг хийж дахин засвар оруулсан. “Б” ХХК-ийн хийсэн ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүйгээс гадна гүйцэтгэсэн ажил чанаргүй, доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Манай компаниас нийт 36,142,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Ж” ХХК-иас 57,634,018 төгрөг гаргуулж “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,528,482 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658,800 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 446,120 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. “Б” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэрээний дагуу бүх цонх 3 давхар шилтэй байх ёстой байсан боловч нийт цонхны 26,6 хувь нь 3 давхар шилтэй, 73,4 хувь нь 2 давхар шилтэй, мөн 19,3 хувь нь порчик болон вакум хаалганы нугасны таггүй, бүх жийргэвч резинүүд агшсан байгааг шинжээч дүгнэлтдээ тусгасан байна. Дээрх ажлыг гэрээнд заасан материалаар хийгээгүй, 3 давхар шилтэй хийхээр тохирсон боловч 2 давхар шилтэй хийж ажлыг чанаргүй муу гүйцэтгэсэн учир “Ж” ХХК-аас талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй ... тохиолдолд хийсэн ажлыг хөлсийг олгохгүй, 4.2-т гүйцэтгэгчийн гүйцэтгэж байгаа ажилд доголдол илэрвэл гүйцэтгэгчийн зардлаар дахин засаж гүйцэтгэнэ, доголдол дутагдлыг арилгах хүртэл гүйцэтгэгчид санхүүжилтыг олгохгүй байх эрхтэй гэж тус тус тохиролцсоны дагуу нэхэмжлэгчид ажлын хөлсийг олгох ёстой байсан цаг хугацаандаа олгоогүй.

4.2. Шүүх талуудын хоорондох гэрээний 7.3-т захиалагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санхүүжилтийн хугацааг хоцроовол хугацаа хэтэрсэн 5 дахь хоногоос эхлэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр заасан нь Иргэний хууллйм 232 дугаар зүйлийн 232.3-т заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж хариуцагч “Ж” ХХК-аас алданги 13,300,158 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл “Б” ХХК гэрээний дагуу ажлаа чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлж талуудын хооронд маргаан үүсээгүй бол “Ж” ХХК тохирсон ажлын хөлсөө цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлэх боломжтой байсан боловч нэхэмжлэгч талын хариуцлагагүй үйлдэлээс үүдэн талуудын хооронд маргаан үүссэн. “Ж” ХХК-ийн зүгээс “Б” ХХК-д ажлын гүйцэтгэлийн доголдол дутагдлыг арилгах тухай удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй болно.

Иймд “Б” ХХК өөрсдийн буруутай үйлдлээс үүдэлтэй олгогдоогүй ажлын хөлснөөс алданги тооцон хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах 2 үндэслэлээр алданги төлөхгүй гэж маргасан. Учир нь зарим шилийг 2 давхар, зарим шилийг 3 давхар хийсэн нь ажлын гүйцэтгэлийн доголдол гэж гомдолдоо бичсэн байна. Барилга ашиглалтад орох дөхсөн Улсын комисс хүлээж авахад захиалагч тал, гүйцэтгэгч тал санхүүгийн боломж байхгүй байсны улмаас харилцан тохиролцож, зарим цонхыг 2 давхар шилтэй, зармыг нь 3 давхар шилтэй хийсэн. Гэхдээ 2 давхар шилтэй хийсэн цонхыг 3 таславчтай буюу дараа нь дахин 1 давхар шил хийх боломжтойгоор “Б” ХХК хийж гүйцэтгэсэн. “Ж” ХХК-аас гэрээний төлбөрийг нэмж төлсөн тохиолдолд тухайн шилнүүдийг 3 давхар хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа энэ нь ажил гүйцэтгэгчийн доголдол гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн хариуцагч тал гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор шинжээчийн дүгнэлтийг иш татаж бичсэн боловч Барилга 2018 оны 12 дугаар сард ашиглалтад орж, шинжээчийн дүгнэлт 2020 оны 12 дугаар сард гарсан. Шинжээчийн дүгнэлтэд нугасны таг, жийргэвч резин байхгүй гэж дүгнэсэн нь ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлын үр дүнтэй холбоотойгоор доголдол гэж шууд дүгнэсэн дүгнэлт байхгүй. Барилгыг 2018 оны 12 дугаар сард Улсын комисс хүлээж авахад Улсын комиссоос гүйцэтгэж байсан ажилтай холбоотой ямар нэгэн санал дүгнэлт бичээгүй. Энэ нь тухайн үед ажил гүйцэтгэгчийн ажил ямар нэгэн доголдолгүй байсан гэдгийг нотолж байна. Нөгөө талаас хариуцагч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.6-д зааснаар 3 жилийн дотор ажил гүйцэтгэхтэй холбоотой гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа доголдолтой байна гээд алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд алдангиас чөлөөлөх ямар нэгэн заалт байхгүй. Харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 33,387,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн боловч шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 13,300,158 төгрөг болгож бууруулсан.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд алдангийн хэмжээг тусгайлан зааж өгсөн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 66,775,000 төгрөг, алданги 33,387,500 төгрөг, нийт 100,162,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.1. Талууд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр “Б” ХХК нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ж үйлчилгээтэй орон сууцны барилгын А блокийн 6-12 давхрын айлуудын цонх, техникийн давхрын вакум цонхыг үйлдвэрлэж, угсарч суурилуулах ажлыг 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, “Ж” ХХК нь нийт санхүүжилтийн 70 хувийг бартераар, үлдэх 30 хувь болох 29,016,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 17-25/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3.2. Хариуцагч “Ж” ХХК нь татгалзлаа “гүйцэтгэгч ажлаа хүлээлгэж өгөөгүй, хийсэн ажил доголдолтой болох нь тогтоогдсон, доголдлыг өөр компаниар засварлуулж гүйцэтгүүлсэн тул хөлс төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

 

3.3. Захиалагч “Жинс цамхаг” ХХК нь ажлын хөлсөнд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 7,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000, 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 700,000 төгрөг, нийт 20,900,000 төгрөгийг гүйцэтгэгч “Б” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан дансын хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, бэлэн мөнгөний зарлагын баримтаар тус тус тогтоогдож байна. / 1-р хх-ийн 6, 140-142/

 

3.4. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, уг доголдлыг өөрөө арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй.

 

3.5. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018/773 тоот актаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 12 давхар, 14 автомашины дулаан зогсоол, үйлчилгээтэй, 81 айлын 1 блок  орон сууцыг ашиглалтад оруулсан байна. /1-р хх-ийн 235-250/

 

3.6. Талуудын байгуулсан гэрээний 3.1-д “LG брэндийн 72 мм өргөнтэй, дулаан тусгаарлах 6 таславчтай хуванцар материалаар 3 давхар шилтэй, Турк улсын VHS өөрөөрөө тослогтой резин жийргэвч, MNS-5830 2007 “Барилгын хуванцар цонх, хаалга техникийн ерөнхий шаардлагыг хангасан хуванцар цонх, хаалгыг угсрах, MNS 6266-2011 “Барилгын хана, цонхны уулзварын угсралтын заадал, техникийн шаардлагын дагуу суулгахаар тохиролцсон байна. /1-р хх-ийн 17-25/

 

3.7. Харин Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хэмжилт хийхэд 33 цонх буюу 26.6 хувь нь 3 давхар шилтэй, 91 цонх буюу 73.4 хувь нь 2 давхар шилтэй хийгдсэн нь Монгол улсад мөрдөгдөж буй холбогдох стандарт шаардлагад нийцээгүй гэж дүгнэжээ. /2-р хх-ийн 52-62/

 

3.8. Хариуцагч “Ж” ХХК-аас ажлын үр дүнг хүлээж авахдаа ажлын доголдлыг шалгаж авах үүргээ биелүүлээгүй байхаас гадна нэхэмжлэгч нь 2 давхар шилтэй цонхны ажлыг гүйцэтгэсэн үйл баримтыг хариуцагч мэдэж байсан болох нь “Б” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01/18 тоот албан бичгээр тогтоогдож байх тул хариуцагч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх-ийн 134/

 

3.9. Түүнчлэн, хариуцагч нь “Э” ХХК-тай  2020 оны 02 дугаар сарын 01-ны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 64 А байр, 3-13 давхрын айлуудын цонхны засвар үйлчилгээ, хуучин цонх хуулах, шинэ цонх суулгахаар тохиролцсон хэдий ч ажлын тайланд цонх хуулж авах, солих ажлыг гүйцэтгэсэн талаар тусгагдаагүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг засварлахад зардал гаргасан гэж үзэхгүй гэж шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх  хэсэгт зааснаар ажлын үр дүнг хариуцагч тал хүлээж авсан гэж үзэх тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчид гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэлд 44,333,860 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Б” ХХК-ийн буруутай үйлдлээс шалтгаалан олгогдоогүй ажлын хөлснөөс алданги тооцож байгаа нь үндэслэлгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.1. Учир нь талуудын байгуулсан гэрээний 3.8-д захиалагч нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9,016,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид ажлын хөлсөнд төлөх, мөн гэрээний 7.3-д захиалагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санхүүжилтийн хугацааг хоцроовол хугацаа хэтэрсэн 5 дахь хоногоос эхлэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

 

4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг төлөхөөс 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид ажлын хөлсөнд төлсөн бөгөөд үлдэх 10,000,000 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, дээрх төлбөр төлөх хугацааг хариуцагч хэтрүүлснээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгч “Б” ХХК-аас хариуцагч “Ж” ХХК-д хандан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/25 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/01 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар  тус тус тогтоогдож байна. /1-р хх-ийн 135, 139/

 

4.3. Анхан шатны шүүх үүргийн зөрчил үүссэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 730 хоногийн алданги тооцож, үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцүүлэн алдангийн хэмжээг 22,166,930 төгрөгөөр тогтоосон байна. Улмаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг хэрэглэн  хэргийн нөхцөл байдлыг харгалзан андангийн хэмжээг 60 хувь хүртэл багасган хариуцагчаас 13,300,158 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд “нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалан ажлын хөлсийг хугацаанд нь олгоогүй учир алданги тооцох үндэслэлгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/02688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 224,451 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                        ШҮҮГЧИД                                   Э.ЭНЭБИШ

 

                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ