| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0175/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Б.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга: О.Алтанзул;
улсын яллагч: Б.Мөнгөншагай (томилолтоор);
иргэдийн төлөөлөгч: Т.Оюунболд;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Т, түүний өмгөөлөгч С.Батжаргал, М.Энхжаргал;
шүүгдэгч: Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Б.Наранцэцэг;
гэрч: Ц.Цоггэрэл, Ш.Отгонбаяр, Ш.Ундармаа, Ц.Ариунаа, Г.Туяа, Ш.Энхтайван;
шинжээч: Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Эрдэмболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Гт холбогдох эрүүгийн 1809032750710 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник хангамжийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаагар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны 8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ........... регистерийн дугаартай, Оюундарь овогт Ш.Г.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:
Яллагдагч Ш.Г нь 2018 оны 07 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зуслангийн задгайд байрлах, зуслангийн байшиндаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Т.Ундрааг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би ах Энхтайваны хамт “Хүннү молл”-д ажил хийж байсан. Эхнэр над руу өдөржин утсаар залгаад байсан. Согтуу байсан. “Хүрч ирээч ээ, лагер руугаа явъя” гэсэн. Манай ах надад “эхнэр чинь согтуу, хүний ажил хийлгэхгүй, ямар ядаргаатай юм бэ” гэж хэлж байсан. Би ажлаа 4 өнгөрөөж дуусаад орой 6 өнгөрөөд шууд ажлаасаа зуслангийн байр руу очсон. Эхнэр надаас 10 минутын өмнө очсон байсан. Тухайн үед эхнэр 0,75 граммын архи аваад задлаад уусан сууж байсан. Би түүнээс “өмнө чи хэр зэрэг архи уусан байсан юм бэ” гэж асуусан. Надад “урлангийн байранд 1 шил архи уусан. Ээжээс зугтаагаад хүрээд ирлээ, ээж ажлаасаа ирээд загнаад унах байх” гэж хэлсэн. Миний араас захирлынх нь жолооч гээд нэг залуу ирсэн. Надаас хойш 10-15 минутын дараа ирсэн. Би түүнтэй цуг дэлгүүр, усанд хамт яваад ирэхэд эхнэр нөгөө архинаасаа ууж л байсан. Би гэртээ ирээд тэр ажлынх нь залуу гэгээ тасарч байхад явсан. Түүнээс хойш эхнэр над руу “хоёулаа хэзээ тусдаа гарах гэж байна” гээд асуусан. Би “за удахгүй ээ, түр хүлээж бай, надад бодсон бодол байгаа” гэж хэлэхэд “ээж чамайг нэг нүдээрээ ч үзэхгүй гэж байна лээ” гэж хэлсэн. Тухайн үед би эхнэртээ хүйтэн цай стаканд хийж өгсөн. Тэгтэл түрүүний үгээ хэлээд цайгаа миний нүүр рүү цацсан. Тэгэхээр нь би “эр нөхөр рүүгээ ингэж цай цацаж болохгүй” гээд буцаагаад хүйтэн цай стаканд хийгээд “ингэж цацвал ямар байна” гээд эхнэр рүү цацсан. Тэгтэл стакан гарнаас мултраад зүүн талын хөмсөг дээр нь оночихсон. Тэгээд тэндээ 0,5 см-ийн язрал үүссэн. Би тухайн үедээ түүнийг нь мэдээгүй. Тэгтэл эхнэр “за за хоёулаа больё” гээд “би 2 охинтойгоо явж унтлаа” гээд явсан. Цаг 10-11 орчим болж байсан. Дээр хоёр охин унтаж байсан. Эхнэр дээшээ гарч би доор аяга, тавгаа угаах гээд үлдсэн. Би дээшээ харахад эхнэрийн хөмсөг хэсгээс цус гарч байсан. Тэгэхээр нь би “чиний эндээс цус гарч байна, хөнжил, гудас муухай болгоно, явж угаа” гэж хэлээд крант руу явахад эхнэр дээрээс шатнаас доошоо өнхрөөд ойчсон. Тухайн үед харахад хөхөрч няцарсан юм байхгүй байсан. Тэгээд эхнэрийн цусыг нь цэвэрлээд хоёулаа 1 давхартаа амарсан. Маргааш нь харахад зүүн талын хөмсөгний орчим 0,5 см-ийн язралт үүсээд зүүн дал болон доошоо хоёр өгзөг, зүүн гуянд шатнаас унаснаас үүссэн зулгаралтууд үүссэн байсан. Энэ зулгаралт 2018 оны 07 дугаар сарын 18-ны оройн 11 цагийн үед үүссэн. Маргааш нь тэр нь хөхөрч няцраад харагдсан. Маргааш нь зүүн хөмсөгний язралтаас болоод зүүн нүдний дээд, доод зовхи хөхөрч, ногоороод хавдсан байсан. Нүүрээ угаасны дараа хавдар нь буусан. Тэрнээс хойш юу ч болоогүй байж байгаад нас бардаг өдөр 25-ны 12 цагт “хүүхдийн ор хүн худалдаж авна” гэхээр нь бид зуслангаасаа явж хотод байрлан урлангийн байранд 1 цагийн орчим ирсэн. Тэнд би хүүхдийн хувцас угааж гэртээ үлдээд эхнэр том охин Цэцэнгоог аваад банк руу “хүүхдийн мөнгө орсон эсэхийг шалгана” гээд явсан. Эхнэр 2 өнгөрөөд ирсэн. Тэр үед 10 минутын дараа нөгөө “хүүхдийн ор авна” гэсэн хүн ирсэн. Хүүхдийн ор авсан эгч ор авчихаад гэрт 30-40-өөд минут болсон. Хүүхдийн ор авсан хүн явсны дараа би “СУИС”-ийн оролцоо ажил хийхээр болоод хүнтэй утсаар яриад том охиноо аваад явсан. Том хүү дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Би дэлгүүрээс ундаа аваад “ээждээ оруулж өгөөрэй” гэж өгөөд ажил хийх газарруугаа явсан. Тэр ажлыг очиж үзэхэд 3 хагас гэж гэрээс гараад 4 хагас гэж гэртээ орж ирсэн. Эхнэр “за болчлоо” гэхээр нь би үүдэн дээрээсээ бага охиноо тэврээд хогоо авч гараад хогийн бункерны хажууд эхнэрийг хүлээж байтал эхнэр дээд айлын Цэндхүүтэй хамт гарч ирсэн. Бид бөөнөөрөө хажуу талын дэлгүүрээс мах худалдаж аваад зуслангийн байр руу явсан. Зуслангийн байрны урд автобусны буудал дээр байдаг ТҮЦ-ээс 1 шил архи аваад өөр юм авах гэтэл жижиг дэлгүүр байсан учраас олигтой авах юм байхгүй байсан. Тэгээд гэртээ авсан 0,75 литрийн архиа хоёулаа хувааж уугаад, махаа янзалж хөргөгчиндөө хийж, би хоол хийсэн. Эхнэр хоол идээгүй. Хүүхдүүд бага хэмжээгээр идсэн. Тэгээд архи ч дууссан. Эхнэр “маргааш идэх хоол хүнс муу байна, хүүхдүүдэд чихэр, жимс авъя, архи авъя, аптек орж витамин авъя, том дэлгүүр орьё” гэхээр нь такси бариад дэлгүүр орж 2 шил архи, ойр зуурын юм аваад гэртээ ирэхэд яг гэгээ тасарч байсан. Би 1 шил архийг нь задлаад дээрээс нь 100-150 граммыг нь уусан. Тэгээд доор 1 давхарт газар ор засаад унтах гээд зурагт хараад хэвтсэн. Эхнэр “унтлаа” гээд гэрэл унтраагаад 2 охинтойгоо дээшээ гараад унтсан. Шөнө 3 цагийн үед би сэрээд хүүхдийн коршонк байхаар нь аваад, ногоон хөнжил аваад дээшээ гарахад эхнэр 2 охинтойгоо дээшээ хараад унтаж байсан. Би хөнжлөөрөө хучаад, коршонкоо 2 давхарын үүдэнд тавиад доошоо буугаад унтсан. Өглөө 12 цагийн үед хоёр хүүхдийн хөлийн чимээ гараад пижигнээд эхэлсэн. Тэгэхээр нь би “за одоо босч байгаа юм байна” гээд ээжтэйгээ буугаад ирэх байх гээд 1 давхарт хүлээгээд байсан. Тэгээд би “орой коршонк оруулж тавьсан одоо шээж, баагаад баларч байгаа байх, ээж нь согтуу унтаад байгаа юм байх” гэж бодоод дээшээ гарахад том охин шууд коршонктой шээсээ бариад өөдөөс хүрээд ирсэн. Эхнэр рүү харахад цаашаа доошоо хараад унтаж байсан. Би коршонктой шээс бариад 2 охины хамт доошоо буусан. Архи руу харахад 100-120 орчим грамм архи үлдсэн байсан. Түүнийг эхнэр уусан болж таарах гээд байна. Ингээд 2 охинтойгоо доор зурагт үзэж байгаад цаг харахад 12 өнгөрч байсан. Тэгэхээр нь эхнэрийг сэрээе, согтуу унтлаа гэхэд арай их унтаж байна гэж бодоод дээр очоод эхнэрээ сэрээхэд өнгөрсөн байсан. Би баруун гарнаас нь татаад дээшээ харуулахад зураг дээрх шиг хөшсөн байсан. Тэгээд би ээж рүү яриад “өнгөрсөн байна” гэж хэлсэн. Ингээд цагдаа ирээд би өнөөдрийг хүртэл хоригдож байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т мэдүүлэхдээ: Өнөөдөр миний охин босоод болсон явдлын талаар хэлэх ямар ч боломжгүй нөхцөл бий болсон байгаа. Ийм байхад болсон, болоогүй, хийсэн, хийгээгүй ямар ч баримтгүй янз бүрийн юм яригдана. Яригдаж ч байсан. Миний хувьд хэн нэгнийг хальтирсан дээр нь цааш нь түлэхье гэж болохгүй байна. Ер нь бол яг яаж амьдарч байсан талаар үнэн бодит зүйлийг л яръя. Би охиноо өнөөдөр магтахгүй яг байгаа байдлыг л яръя. Охин маань сургууль соёл боловсрол хөөж явж байсан хүүхэд. Сургуулиа улаан дипломтой онц төгссөн. Тэргүүний оюутан гэх өргөмжлөлтэй. Санкт петербургийн олон улсын өндөр мэргэжлийн сургуулийг төгссөн. Сэтгэл зүйч мэргэжилтэй, магистр хамгаалсан. Цаашдаа асперантурт суралцах урилгатай хүн байсан. Тухайн үед миний охин надад “ээж ээ, миний нас явж байна, би 2 жил ажил хийгээд, тэгээд сургууль соёлоо бодьё” гэхээр нь би “өөрөө мэд ээ, миний хүү” гэж байсан. Тэгээд миний охин хүнтэй танилцаж, хүүхэдтэй болсон. Миний охин тэр хүтэйгээ “зан аашны хувд таарахгүй байна. Холдмоор байна” гэхээр нь би “өөрөө мэд дээ” гэсэн. Би бол анхны нөхөр Анхаагаас салгая гэж бодож байгаагүй. Одоо ч гэр бүлийн баталгаа нь салаагүй байгаа. Миний охин том охин Цэцэнгоогоо төрсний дараа Анхаагаас гэр бүлийн баталгаагаа салгая, Ганзоотойгоо албан ёсоор гэр бүл больё” гээд өөрөө хүсэлтээ гаргаж байсан. Гэвч одоо болтол шүүхээр гэр бүлийн асуудал нь салаагүй байгаа. .... Ганзориг хүүхдүүдээ ямар зан араншинтай болж төлөвшиж байгааг мэдэхгүй байна. Цэцэнгоо өдөр ч ганцаараа байж чадахгүй болсон. Шөнө унтахдаа хүртэл эмээ хаалгаа түгжсэн үү? цонхоо хаасан уу, гэдэг болсон. Одоо дөнгөж 4 нас хүрсэн хүүхэд ийм айдастай болсон байна. Миний охиныг зодож байгаагүй гээд байна. Хамгийн сүүлийн жишээгээр гэмтлийн эмнэлгийн нийгмийн ажилтан хүлээж аваад үзсэн байсан. Эмч нар хүний үгээр хөлийг гипсдэнэ гэж байхгүй. Зөөлөн эдийн гэмтэл гэж дүгнэлт гарсан учраас хөлийг нь гипсдсэн. Цэцэнгоогийн мэдүүлэгтэй холбогдуулан ярихад тэр хүүхэд харсан үзсэн зүйлээ л ярьсан. Би тэр хүүхдийн ярьсан зүйлийг ярьсан. Би та нарын хажууд байгаагүй. Угаасаа гэр бүлийн хүчирхийлэл гэрчгүй үйлдэгддэг. Би яг одоо нүүр нүүрээ харалцаж байгаа дээр Ганзоригоос асууя. Саяхан чиний өмнө халуун хоол хийгээд тавьж байсан, саяхан чамайг “хайраа, ханиа” гээд дуудаад чиний халуун хөнжилд байсан, саяхан чиний үр хүүхдүүдийг энхрийлээд байж байсан эхнэр чинь энэ хорвоо дээр байхгүй болчоод байхад чамд харамсаж байгаа зүйл байна уу? Чи бол миний охинд хайргүй байсан. Халамжгүй байсан. Чи ядахдаа байгалиас заяасан эр хүн гэдэг утгаараа миний охиныг хамгаалах ёстой байсан. Би чамд ганц ч шүдний цоорхойгүй, өндөр боловсролтой, соёлтой ганц охиноо чамд хэдий дургүй ч гэсэн “май” гээд амь, амьдралыг нь чамд даатгасан. Өнөөдөр миний охин хаана байна вэ? би үнэхээр гомдолтой байна. ... Би үнэндээ охиноо хамгаалж чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна. Би маш их гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөрэй гэж хүсмээр байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Ариунаа мэдүүлэхдээ: Талийгаач найз минь манайд хэд хэдэн удаа ирж байсан. Ингэхдээ хэрүүл маргаанаас болоод хүүхдүүдээ дагуулаад ирдэг байсан. Би бас тэднийд хонож, ар гэрийнх нь байдлыг анзаарч байсан. Тэгэхэд бие дээрх гэмтлээ харуулж байсан. Бэлэг эрхтнийхээ хажууд авсан гэмтлийг хүртэл надад харуулж байсан. Түүнээс гадна зоддог талаар надад утсаар гомдоллож ярьдаг байсан. Үүгээр ч зогсохгүй нөхрийнх нь талын эгч, ах нар нь гар хүрэхэд нөхөр гэх хүн нь огт өмөөрдөггүй байсан талаар ярьдаг байсан. Эгчийнх нь нөхөр гэх хүн гэртээ байгаа буугаа хүртэл гаргаж ирж тулгаж байсан тохиолдол гарч байсан талаар хэлдэг. Намайг байнга утсаар дууддаг байсан. “Намайг ямар байдалтай байгаа талаар хараач” гээд. Би өөрийнх нь гэр биш учраас очьё гэж бодоогүй. Талийгаач манайд 2-3 удаа ирж байсан. Дунд охиныгоо нярай байхад хүртэл ирж байсан. Тухайн үед хэрүүл маргаанаас болоод ирдэг байсан. Би 2-3 удаа зуслангийн байшинд нь очиж байсан. Хотын гэрт нь бол очиж байгаагүй. Талийгаач бид хоёр гадуур уулздаг байсан. Тэгэхэд биедээ учирсан гэмтлээ надад харуулж байсан. Нөхрийгөө зодсон гэж ярьдаг байсан. Би найзын хувьд бол хэлдэг байсан. “Чамтай хань болохгүй хүн байна” гэхэд “найз нь гурван хүүхдээ яаж өнчрүүлэх вэ дээ” гэж ярьдаг байсан. Талийгаачийн архи уух шалтгаан бол энэ нөхөр болох хүнээс болдог байсан. 2-5 хоногоор хонуудаар эхнэр хүүхдээ орхиод архи уугаад явчдаг байсан. Үүнээс болоод талийгаач их шаналж архи бага хэмжээгээр уух болсон байх гэж боддог гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Туяа мэдүүлэхдээ: Талийгаач бид нар тусдаа амьдардаг. Байнга уулздаггүй. Эгч маань надруу байнга утсаар ярьдаг болсон. Ярихдаа “Ганзориг, Ундраагийн хөлийг хугалчихлаа, нүүр амруу нь цохьсон байна. Хөх няц болсон байна” гэх зэргээр гомдоллодог байсан. Эхэндээ бол бид нар “эвлэрүүлэхийг бод. Хоёр нялх хүүхэдтэй хүмүүүс салж болохгүй” гэдэг байсан. Сүүлдээ би бол “ингэж удаа дараа зодоод байгаа бол хүчирхийллийн төвд ханд, цагдаагийн байгууллагад мэдэгд, хүнд ингэж дарамтлуулаад байж болохгүй” гэж хэлдэг байсан. Талийгаачид ч гэсэн энэ талаар хэлэхэд “би айж байна. Цагдаад мэдэгдвэл улам догшин болно, би хоёр хүүхдээ эцэгтэй нь хамт өсгөмөөр байна” гэж надад хэлж байсан. Өөрөө маш их өрөвч сэтгэлтэй. Өмнө цагдаад өгсөн өргөдлөө өөрөө татсан байсан. Ганзоригийн хувьд бол 40 гарсан эр хүн байж улсад ямар ч ажил эрхэлж үзээгүй. Гэртээ архи уугаад хэвтэж байдаг. Манай эгчээр бүх зүйлээ бэлдүүлдэг байсан. Мөн Ундраагийн зодуулсан зургийг харахад нийгэмд маш аюултай хүн гэж дүгнэж байна. 2018 оны 7 дугаар сарын 26-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гадаа байж байхад тухайн үед оролцож байсан өмгөөлөгч нар нь талийгаачийн зурагнуудыг утас дээрээс явуулсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Цоггэрэл мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 24-ний орой Ганзоригийн зуслангийн байранд 23 цагийн үед очсон. Би тэнд ачаа буулгахаар очоод 1 цаг орчим болсон. 23 цагийн үед очиход гэрийнх нь гэрэл унтраастай байсан. 23 цаг 30 минут гэхэд гэрэл ассан. Би сэрчлээ гэж бодоод очоод цонхоор харсан. Тэгтэл талийгаач согтуу хөл дээрээ тогтож ядан явж байсан. Би буцаж очоод ах нартаа согтуу байгаа талаар хэлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Энхтайван мэдүүлэхдээ: Би Ганзориг дүүтэй хамт хувиараа барилгын засал чимэглэл хийдэг байсан. 2018 оны 07 дугаар сарын 18-нд ажил хийж байхад энхэр нь утсаар байн байн залгаад байсан. Би “хэн бэ” гэж асуухад Ганзориг “манай эхнэр согтуу байна” гэж хэлсэн. Шатнаас уначихлаа гэдгээ дахиж залгаад хэлж байсан. Хамгийн гол нь Ганзоригийг дуудаад байсан. Ундрааг шатнаас унасан талаар Ганзориг надад хэлсэн. “Манай эхнэр шатнаас унасан гэж утсаар надад хэллээ” гэсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Отгонбаяр мэдүүлэхдээ: Би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт очсон. 07 дугаар сарын 26-ны өдөр Цэцэнгоо лагер дээр байсан. Цэцэнгоогоос 07 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг аваагүй. Цэцэнгоогоо хэзээ мэдүүлэг авсныг нь мэдэхгүй байна. Цэцэнгоог мэдүүлэг өгөхөд би хамт байгаагүй. Цэцэнгоо мэдүүлэг өгтлөө манайд байсан. Би Цэцэнгоог зуслангийн байшиндаа аваачиж өгсөн. Манай гэрийг мэдэхгүй. Манай дүү хэрэг гарах хүртэл халтуурын ажил хийдэг байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Ундармаа мэдүүлэхдээ: Ш.Г бол манай хамгийн бага дүү юм. Талийгаач энэ хоёр танилцаад 4 жил болж байна. Энэ хугацаанд 2 хүүхдийн эцэг, эх болсон байна. Манай дүү бол сэргэлэн,цовоо, дээд боловсролтой хүүхэд байгаа юм. Эхнэр нь эелдэг зан араншинтай хэдий ч архи хэт их хэтрүүлж уудаг. Нэг уухаараа 7-8 хоног уудаг. Би “эмэгтэй хүн байж ямар их архи уудаг юм” гэж хэлдэг байсан. Ажил дээр хүртэл согтуу баарны хамгаалагчтай ирж архины мөнгө нэхэж байсан. Бааранд сууж байхдаа “Ундраа эгчээ хүрээд ир, таньтай ярих зүйл байна” гээд намайг утсаар дууддаг байсан. Гэрч Ариунаагийн ярьсан бэлэг эрхтний гэмтлийг би учруулсан юм. Энэ хоёр манайд амьдарч байгаагүй. Архи уух болохоор ирдэг байсан. Би ээж, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Архи уухаараа ээж бид нарыг их элэг барьдаг байсан. Тэгээд би нэг удаа гэррүү очтол 2 хүүхэд нь шалдан нүцгэн, гэр нь хөглөрсөн, өөрөө шал согтуу байхаар нь миний уур хүрээд би өшиглөсөн юм. Манай дүү Ганзориг найз нөхөдтэйгөө 2-3 хоног архи уудаг байсан. Сүүлийн үед эхнэртэйгээ хамт архи уудаг болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: Талийгаачийн цогцос задлан шинжилгээ хийлгэхээр 1 хувь тогтоолтой, хууль сануулсан баримт хамт ирдэг. Энэ нь манай архивт хадгалагддаг. Иймд би хууль сануулсан баримттай танилцсан гэж ойлгож болно. Талийгаачид үүссэн гавал тархины гэмтэл 1 удаагийн хүч үйлчилснээс үүснэ. Баруун чамархай хэсэгт хүч үйлчилснээр үүснэ. Энэ гэмтлийг авсан хүн 7 хоног явах боломжгүй. Цогцосны гадна үзлэгийг би өөрөө хийсэн. Баруун мөрний зулгаралтыг дүгнэлтэд бичээгүй байна. Энэ нь бичилтийн алдаа бөгөөд үхэлд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Талийгаачийн биед буй цус хуралт гэмтлүүд унаж ойчих үед үүсэх боломжгүй юм. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд шинэ гэмтлүүд. 7 хоногийн өмнө үүсэх боломжгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ: Дүгнэлт гаргахад хохирогчоос өгсөн фото зурагт түшиглэн дүгнэлтээ гаргасан. Дээрх зурагнуудаас үзэхэд цус хуралт, зулгаралтууд бол дандаа мохоо зүйлийн үйлчлэлээс үүснэ. Зарим гэмтлүүд нь өндрөөс унахад үүсэх боломжтой гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-16/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-21/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 32-34/, хохирогчийн хууль ёсны төлөөлгч Г.Т /1хх-ийн 41-43, 141-151/, гэрч Б.Цэгмид /1хх-ийн 44-45/, Д.Оюунзаяа /1хх-ийн 46-47/, Ц.Цоггэрэл /1хх-ийн 48-49/, Ш.Отгонбаяр /1хх-ийн 50-51, 172-173/, Ш.Энхболд /1хх-ийн 52-53/, арван зургаан насанд хүрээгүй гэрч Г.Цэцэнгоо /1хх-ийн 54-56, 177/, Ц.Энхтуяа /1хх-ийн 152-153/, Ш.Энхтайван /1хх-ийн 154-156/, Г.Мөнхтэгш /1хх-ийн 157-158/, И.Жаргалсайхан /1хх-ийн 159-160/, арван зургаан насанд хүрээгүй гэрч А.Тулга /1хх-ийн 161-163/, П.Энхбаатар /1хх-ийн 164-165/, Ш.Ундармаа /1хх-ийн 166-167/, Э.Доржрагчаа /1хх-ийн 168-169/, Д.Баасанбаатар /1хх-ийн 170-171/, Х.Саранчимэг /1хх-ийн 174-176/, Н.Цэндсүрэн /1хх-ийн 178-179/, Л.Аззаяа /1хх-ийн 180-181/, И.Ариунаа /1хх-ийн 183-184/, Д.Ариунбаатар /1хх-ийн 185-186/, Г.Оюунтуяа /1хх-ийн 187-188/, Г.Туяа /1хх-ийн 189-191/, Ц.Ариунаа /1хх-ийн 192-193/ нарын мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 65-70/, Ш.Гийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 71-75/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 76-79/, Ш.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 83-85, 2хх-ийн 13-19/, хохирогч Т.Ундраагийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 90-113, 248-250, 2хх-ийн 1-3, 175-180/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 129-133/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 134-135/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1654, 1044, 5442 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 195-200, 243-244, 2хх-ийн 6-9/, шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /1хх-ийн 201-209/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 753, 766, 762 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 224-225, 230-232, 235--238/, шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /1хх-ийн 245-247/, Ш.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 36-41, 142-156/, Сүхбаатар дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн илтгэх хуудас /2хх-ийн 52-75/, Ш.Гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 82/, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийн хуулбар /2хх-ийн 108/, хохирлын баримтууд /2хх-ийн 131-139/, шинээр өгсөн хохирол төлсөн баримт 1 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Ш.Г нь 2018 оны 07 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зуслангийн задгайд байрлах зуслангийн байшиндаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Т.Ундрааг зодож алсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
арван зургаан насанд хүрээгүй гэрч Г.Цэцэнгоогийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгчийн хамтаар өгсөн /1хх-ийн 54-56/ “...Би унтаад босоод ирсэн чинь ээжийн нүүр баба /муухай/ болсон байсан. Манай ээж Ундрааг шээнэ гээд байхад нь аав Ганза шээлгэхгүй зодоод, дараад байсан. Манай гэрт аав, ээж, дүү нараас өөр хүн байгаагүй. Аав, ээж хоёр архи уугаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд ээж Ундраа дээшээ гарахад аав Ганза нь ээжийн араас очоод “доошоо буу” гэж хэлэхэд ээж “доошоо буу, такси бариад явлаа” гэхэд аав, ээж, дүү бид нар такси бариад дэлгүүр лүү явсан. Дэлгүүрээс аав, ээж хоёр өндгөн шоколад, банана, архи зэргийг аваад таксинд суугаад гэртээ харьсан. Гэрт очоод аав Ганза нь ганцаараа архи уугаад байсан. Манай аав нэг шил архи уусан. Намайг дүүтэйгээ зурагт үзэж байхад аав Ганза ээж Ундрааг хоёр гараа атгаж байгаад ээжийн толгой хэсэгт цохисон. (гэрчийн мэдүүлэг өгч байгаа хүүхэд баруун гараа атгаж байгаад цохисон гэж биетээр харуулав). Тэгээд аав Ганза нь цонх онгойлгож байгаад тамхи ганцаараа татсан. Ээжийн нүүр муухай болоод дээшээ гараад унтсан. Би очоод ээжийгээ дуудаад байсан чинь сэрэхгүй байсан, тэгэхээр нь би дүү Анугийн хамт ээжтэйгээ унтсан. Өглөө дүү Ану түрүүлээд сэрсэн, би дараа нь сэрэхэд ээж бас л унтаж байсан... Манай ээж Ундраа шатнаас унасан. Аав Ганза нь ээжийн араас түлхээд шатнаас унагаасан. Тэгээд ээж газар унаад “ёо ёо” гээд уйлахад аав Ганза нь ээжийн толгой руу нэг удаа гараараа цохисон. (хүүхэд биетээр үзүүлэхэд гараа атгаж байгаад цохиж байсан гэж үзүүлсэн). Аав Ганза дүү бид хоёрыг зоддоггүй, ээжийг зодоод байдаг...” гэх мэдүүлгээр,
“...Г.Цэцэнгоо нь хэргийн талаар өөрийн нас, оюун ухааны түвшинд тусган ойлгож болсон хэргийн талаар өөрийн нас, оюун ухааны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай...” гэсэн 762 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр /1хх-ийн 235-238/,
арван зургаан насанд хүрээгүй гэрч А.Тулгын хууль ёсны төлөөлөгчийн хамтаар өгсөн /1хх-ийн 161-162/ “...Талийгаач ээж 7 дугаар сарын 24-ний өдөр урлангийн гэрт ирэхдээ надад “Ганзо намайг шатнаас түлхэж унагаад би бүтэн биеэрээ өнхөрч унаад толгой өвдөөд байгаа, чих дүнгэнээд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ээж та эмнэлэгт очиж үзүүлээч” гэхэд ээж “гайгүй ээ, ингэж байгаад гайгүй болчихдог юм” гэж хэлсэн. Тэр өдөр ээж Ану, Цэцээ хоёрын багадаа ашиглаж байсан орыг зарсан юм. Тэгээд ээжийг ярьж байхад аав гаднаас орж ирээд ээж шууд сандраад ярихаа больсон. 5 дахь өдөр болгон аав гадагшаа найз нартайгаа яваад өгдөг, хагас бүтэн сайнд ээж уурлаад аав руу залгахаар аав утсаа авахгүй, ээж уурлаад 1 дэх өдөр эмээг ажилдаа явсан араар аав 1 дэх өдөр архитай орж ирээд ээжийг тайвшруулах гээд ээжид архи өгдөг байсан. Аав согтуу байхаараа ээжийг хөл гараараа өшиглөж зоддог. Бүүр дээр аав согтуу урлангийн гэрт унтаж байсан чинь эмээгийн ажлаасаа ирэх цаг болж байхад ээж аавыг “сэрээрэй” гээд мөрнөөс нь тагахад аав “битгий солиороод бай” гээд хөлөөрөө гуя хавьцаа нь өшиглөөд ээж хойшоо шкаф мөргөөд унаж байсан. Аав архи уухаараа ээжийг дандаа хараалаар дууддаг, ерөнхийдөө согтуудаа зодож өшиглөдөг...Ээж тэр өдөр ирэхдээ миний утсан дээр өөрийнхөө хөх няц болчихсон зургийг аваад үлдээсэн. Би орой нь эмээг ажлаас ирэхэд нь ээжийн тэр зургуудыг үзүүлсэн юм...” гэх мэдүүлгээр,
“...А.Тулга нь хэргийн талаар өөрийн насны түвшинд зөв тусган ойлгож болсон хэргийн талаар өөрийн насны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай...” гэсэн 766 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр /1хх-ийн 230-232/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тийн /1хх-ийн 141-151/: “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүргэн Ганзориг залгаад манай охиныг “үхсэн” гэж хэлсэн...Охиныг маань насилк дээр гаргаж ирэхэд нь гуйж байгаад охиныхоо царайг харсан. Тэгээд харахад доод уруулаа дээд шүдээрээ хазсан, хөмсгөө аймаар зангидсан, баруун, зүүн гар нь цээж хэсэгтээ ирчихсэн байсан. Баруун талынхаа өвдгийг дээш нь татчихсан байсан. Нүүр, царай нь энэ тэндээ хөх няц болчихсон байсан. Би охиныгоо зөндөө тамлуулсан байна гэж бодсон. Охин маань их шаналж зовсон царайтай байсан. Зүгээр унтсан хүн юу гэж ийм байхав дээ. Би тэнд байхдаа том зээ охин Цэцэнгоогоос “миний охин юу болсон юм бэ, яасан юм бэ, аав нь архи уусан уу?” гэхэд зээ охин “аав архи уусан, ээжийг зодсон, ээжийг түлхсэн, ээж унасан, ээж ёоёо болсон, тэгээд ээж босохгүй байсан, аавд хэлээд байхад “зүгээр” гээд байсан, аав бид нарыг түгжчихээд шээсээ асгаж чадахгүй байсан” гэж хэлж байсан...Ганзориг нь Ундрааг зодсон талаар 2-3 удаа цагдаад тэмдэглүүлж байсан. Цагдаад тэмдэглүүлээгүй нь 2-3 удаа байгаа байх. Байнгын айдас түгшүүртэй биш боловч охиныг маань үе, үе зодчихоод байдаг байсан. 2013 оноос эхэлж зодож эхлэсэн. Ундраа надаас нуугаад хэлдэггүй байсан. Миний мэдэхээр цагдаад хэлсэн болон хэлээгүй 2-3 удаа зодож байсан...Тухайн үед манай компани дээр Оросууд ирчихсэн орчуулгын ажил байсан болохоор би “чи маргааш орчуулга хийгээд өгөөч ээ” гэхэд “ээж би одоогоор орчуулга хийх боломж байхгүй, яагаад гэвэл миний нүүр ам хөх няц болчихсон, би нүүрэн дээрээ сорвитой болчихсон, би хүүгийн утсан дээр зураг аваад нуугаад үлдээчихсэн байгаа, та ажлаасаа ирээд зурагнуудыг үзээрэй, тэгээд та “Ганзо дээр арга хэмжээ авахуулна” гээд яриад байдаг байсан, одоо тэр арга хэмжээгээ ав даа, битгий санаа зов доо орой утсаар яръя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яагаад сорвитой хөх няц болчихов оо, юу болсон юм бэ, чи надад болон хүүхдүүддээ эрүүл саруул хэрэгтэй шүү” гэж хэлэхэд Ундраа “Ганзо намайг зодсон” гэхээр нь би “шалтгаан нь юу юм бэ, юунаас болов оо?” гэхэд Ундраа “байрнаас болсон, намар боллоо зуслангаас буугаад хаана амьдрах юм бэ?” гэж асуусан чинь “байр ямар хамаатай юм бэ?” гээд тэрнээс болоод бид хоёр хэрэлдээд зодуулсан” гэж хэлсэн...Би хоол унд гэж байгаад хүүгээсээ “ээж чинь зураг гээд байсан утсаа надад үзүүлээдэх, ээжийн чинь нүүр царай нь ямар байсан бэ?” гэхэд Тулга “хөх няц болчихсон байсан, тэгээд ээж миний толгой өвдөөд байна, чих шуугиад байна” гэхээр нь би “ээж та эмнэлэгт очиж үзүүлээдхээч ээ” гэхэд “ингэж байгаад зүгээр болчихно доо” гэж ээж хэлсэн гэж хэлсэн. Тэгээд надад утсан дээрх Ундраагийн зурагнуудыг үзүүлсэн. Ундраа маань өөрийнхөө хөх няц болсон биеийн хэсгүүдийн зургийг авчихсан байсан, тэгээд Ганзогоос нуугаад үлдээсэн байсан. Би энэ зургийг үзээд шууд орой 21 цаг өнгөрч байхад Ундраагийн 99816161 дугаар луу залгасан. Ундраа утсаа авахаар нь би “Ундраа яаж зодуулахаараа ийм болчихдог юм бэ? юу болоод байгаа юм бэ?, би чамайг зөвхөн нүүрэн талдаа гэж бодсон чинь бие хаа чинь авах юм алга, явж үзүүлээч ээ!” гэхэд Ундраа “гайгүй дээ ээж ээ, харин Ганзо над руу уурлаад байна” гэхээр нь би “яагаад” гэхэд Ундраа “”ээж чинь чамд орчуулгын ажил олж өгөөд байхад явж орчуулгыг нь хий, ганц өдрийн мөнгө ч болов ав, мөнгө хэрэгтэй байна ш дээ, наад нүүр амаа кремээр тосдоод ч хамаагүй яв” гээд намайг загнаад байна” гэхээр нь би “ийм хөх няц байж намайг төлөөлөөд орчуулга хийнэ гээд очвол миний нэр хүндийг унагана, надад ийм орчуулагч хэрэггүй, чи наад Ганзодоо хэл” гэж хэлсэн...Ундраа нэгдүгээрт Ганзогоос айж байна, орон шоронд яваад ирвэл улам харгис болно шдэ, тэгээд ч бид хоёр дундаасаа хүүхэдтэй юм чинь гайгүй байлгүй гэж байсан...өөрийнхөө утсан дээр зургаа авсан чинь Ганзо устгачихсан...гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Цэгмидийн /1хх-ийн 45/: “... Тодгэрэлтэй хамт явж байсан чинь хүргэн нь залгаад “танай охин нас барсан юм шиг байна” гэтэл Тодгэрэл “чи миний хүүхдийг алсан, чи л байнга зодож, нүддэг биз дээ” гээд утсаа салгасан. ...Тодгэрэл “миний охин өглөө болгон 07 цагт босч хоол унд бэлдэж хүүхдүүдээ хооллодог. Амьдралынхаа
хэвшил болгосон байтал яагаад 12 хүртэл сэрээгээгүй юм бэ, ...чи байнга зоддог
биз дээ...” гээд байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ц.Ариунаагийн /1хх-ийн 192-193/: "...Талийгаач 3 хүүхдээ дагуулаад “Ганзоригт зодууллаа, муудалцлаа” гэж 2-3 удаа манайд оройн цагаар ирж байсан. Хонож байгаагүй юм шиг санагдаад байна. Оройдоо юм уу, шөнөдөө Ганзориг нь ирээд аваад явж байсан юм. Энэ 2-3 ирсэн тохиолдлыг он, сар, өдрөөр нь хэлж мэдэхгүй байна. Би хааяа талийгаачийн гэрээр очдог байсан. Талийгаач “Ганзориг намайг зодсон” гээд хөх няц болсон гар, хөл, эмзэг эрхтнээ хүртэл үзүүлж байсан. Эмзэг эрхтнийх нь дээд талд хэвлийгээс жаахан доор газар хөхөрчихсөн байсан. Талийгаач зодсон, өшиглөсөн гэж хэлдэг байсан. Талийгаач “Ганзориг уугаад байна аа, бас намайг уулгаад байна” гэж хэлдэг байсан. Талийгаач над руу бас утсаар ярьж зодуулсан талаараа хэлдэг байсан. Би одоо тэр болгоныг санахгүй байна. Би бас орос хэлтэй, талийгаач Орос гаралтай болохоор утсаар нууц ярих юм аа Орос, Монголоор ярьдаг байсан. Талийгаач хажууд нь ярьж чадахгүй хэцүү байсан юм болов уу даа гэж боддог...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Туяагийн /1хх-ийн 189-191/: “...Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, эгч маань над руу утсаар яриад “Ганзориг Ундраагийн хөлийг хугалсан байна, одоо бид нар Ганзоригийн ахтай хамт гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байна” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод гипс хийлгэсэн гэж байсан. Өмнө нь бас Ганзориг Ундраагийн нүүр ам руу цохиод хөх няц болгосон гэж сонсогдож байсан. Яг хэзээ ямар байдлаар зодож цохисон талаар мэдэхгүй. Энэ хүнтэй хамтарч амьдарснаас хойш энэ хүн нь архи уудаг болж таараад сүүлдээ бүр зоддог болсон байсан...Зун болохоор зуслан дээрээ гараад цагдаж хорих хүн байхгүй дураараа уудаг байсан юм шиг байна лээ. Зуслан дээр байхад нь бас зоддог байсан юм шиг байгаа юм, зодлоо нүдлээ, хөх няц боллоо гэж сонсогдож байсан. ....Би “хүчирхийллийн эсрэг төвд хандаач ээ, цагдаад хэлээч ээ! хүнийг ингээд давраагаад байж болохгүй,эсхүл наад хүнээсээ салаач” гэж зөвлөгөө өгч байсан...Хоорондоо зодолдсон, хоёр талаас зодолдсон биш, дандаа Ганзориг зодсон яриа гардаг байсан...” гэх мэдүүлгээр,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн эдийн няцрал, тархины эд дэх голомтлог цэгчилсэн цус харвалт, баруун чамархай хэсэг ба баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн шуу, зүүн өвдөг, хэвлий, зүүн бугалга, зүүн, баруун шилбэ, баруун гуя, зүүн тавхайны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 3.8% промилли спиртийн агууламж илэрсэн. Талийгаач В III бүлгийн цустай байна. Талийгаач нь 2018.07.25-ны өдөр 05 цаг 40-с 09 цаг 40 мин хооронд нас барсан байх боломжтой байна. Талийгаач нь жирэмсэн биш байна. Талийгаачийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй..." гэх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №654 тоот дүгнэлтээр /1хх-ийн 195-197/,
Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч Ц.Оюун-Эрдэнийн /1хх-ийн 201-209/: "...Талийгаачийн биед учирсан гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байгаа юм. Гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн эдийн няцрал, тархины эд дэх голомтлог цэгчилсэн цус харвалт, баруун чамархай хэсэг ба баруун чамархайн булчингийн цус хуралт гэмтлүүд нь толгойн баруун хажуу, чамархай, зулай орчимд мохоо зүйлийн нэг удаагийн хүч үйлчилснээс үүсэх боломжтой...Гавал тархины гэмтлүүд унах, цохихын аль алинд нь үүсгэгдэх боломжтой...Талийгаачийн баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа нь эд эсийн шинжилгээгээр MSB тусгай будгийн аргаар будахад улбар шар улаан ягаан өнгөөр будагдсан буюу 6-12, 12-18, 18-24 цагийн зураглалтай гэсэн нь судаснаас цус алдаж байгаа хугацаа нь хамгийн багадаа нас барахаас 6 цагийн, хамгийн дээд талдаа 24 цагийн зураглалтай байсан...Талийгаачийн цогцост тогтоогдсон зүүн нүдний дээд язарсан шарх гэмтэл нь 24-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн нь тухайн хүний биеийн онцлог, эмчилгээ зэргээс хамаарч харилцан адилгүй байж болно. Эрдэмболор эмч 3-5 хоног гэж дүгнэлт гаргасан бол би 24-72 цаг гэж 3 хоногтой нь ойролцоо цаг хугацаа хэлсэн байна...” гэсэн мэдүүлгээр,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Т.Ундраагийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, зүүн мөр , гар, цээжний зүүн ар хэсэг, бүсэлхийн зүүн хэсэг, баруун зүүн ташаа, өгзөг, хоёр хөлийн гуянд цус хуралт, зүүн нүдний гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2013 оны 04 сард тархи доргилт; хамрын таславчийн мурийлт, 2013 оны 06 сард хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, зүүн мөр, гар, өгзөг, хоёр хөлиин гуянд цус хуралт гэмтэл учирсан байна. Фото зургаас үзэхэд 2018 оны 07 сард зүүн нүдний зовхи, цээжний зүүн ар хэсэг, бүсэлхийн зүүн хэсэг, баруун, зүүн ташаанд цус хуралт, зүүн нүдний гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс зүүн нүдний гадна дээд хэсгийн зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл нь тус бүрдээ 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг гүр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Фото зурагт тусгагдсан зүүн нүдний зовхи, цээжний зүүн ар хэсэг, бүсэлхийн зүүн хэсэг, баруун, зүүн ташааны цус хуралт, зүүн нүдний гадна дээд хэсгийн зулгаралт нь зураг авагдсан өдрөөс 3-5 хоногийн өмнө үүссэн байхаар гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх №1044 тоот дүгнэлтээр /1хх-ийн 244/ болон хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-16, 17-21/зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Ийнхүү өөрийн хамтран амьдарч, гэр бүлийн харилцаатай байсан хүнийг зодож, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн амь насыг нь хохироосон Ш.Гийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч Ш.Г өөрийгөө, түүний өмгөөлөгч нар “Г.Ганзориг нь Т.Ундрааг зодож алсан” хэрэгт хамааралгүй гэх боловч шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын дүгнэлт, мэдүүлэгт няцаалт өгсөн болно.
Ш.Г шүүх хуралдаанд “амь хохирогч согтуугаар шатнаас унаж гэмтсэн байх” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хэргийн шууд гэрч Г.Цэцэнгоогийн “аав ээжийг толгой руу нь цохиж зодсон” тухай өөрийн нас, оюун ухааны түвшинд болсон үйл явдлыг мэдүүлсэн байх бөгөөд амь хохирогч өөрөө шатнаас унахыг хараагүй, өөрөөр хэлбэл тийм зүйл болоогүй байна. Энэ байдлууд нь амь хохирогч Т.Ундраа гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан тухай шинжээчийн дүгнэлтийг болон Ш.Гийн зодуурын улмаас дээрх шархыг олж нас барсныг үгүйсгэж чадахгүйг нотолж байна.
Үүнээс гадна Шүүхийн шинжилгээний дүгнэлтээс үзэхэд хохирогчийг үхэлд хүргэсэн гавал тархинд учирсан гэмтэл тухайлбал тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн эдийн няцрал, тархины эд дэх голомтлог цэгчилсэн цус харвалт, баруун чамархай хэсэг ба баруун чамархайн булчингийн цус хуралт зэрэг нь судаснаас цус алдаж байгаа хугацаа нь хамгийн багадаа 6, хамгийн дээд талдаа 24 цагийн зураглалтай шинэ гэмтэл, мөн амь хохирогчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн фото зурагт тусгагдсан гэмтлүүд буюу зүүн нүдний зовхи, цээжний зүүн ар хэсэг, бүсэлхийн зүүн хэсэг, баруун зүүн ташааны цус хуралт, зүүн нүдний гадна дээд хэсгийн зулгаралт нь зураг авагдсан өдрөөс 24-72 цагийн өмнө үүссэн гэмтэл болохыг шинжээч нар эргэлзээгүйгээр ялгаж зааглан дүгнэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “дахин бүрэлдэхүүн шинжээч томилуулж шинэ, хуучин гэмтлүүдийг ялгуулах” гэсэн санал хууль зүйн үндэслэлгүй болно.
Арван найман насанд хүрээгүй гэрч Г.Цэцэнгоо, А.Тулга нар өөрийн нас, оюун ухааны түвшинд болсон үйл явдлыг мэдүүлэх чадвартайг шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосон бөгөөд тэднээс мэдүүлэг авахад Г.Тийг оролцуулсан нь арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдсөн, мэдүүлэгт нь шууд ба шууд бусаар нөлөөлсөн, нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэдийгээр амь хохирсон Т.Ундраагийн цусанд 3,8% промилли алкохол илэрсэн нь спиртийн өндөр агууламжийг илэрхийлэх боловч хохирогчийн бие физиологийн онцлогоос хамаарч согтолтын хэмжээ өөр өөр байх тул тухайн үед бие даан идэвхтэй үйл хөдлөл хийж чадахгүй, биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх, улмаар үүнийг нь Ш.Г мэдсээр байж далимдуулан алсан гэж дүгнэх боломжгүйгээс гадна прокурор энэ байдлаар Ш.Гийг буруутгаж яллаагүй болохыг дурьдаж байна.
Ш.Гт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгэсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөнч нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан санал, хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Иймээс нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон үйл баримтад үндэслэн Ш.Гийг хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэм буруутайд тооцож, тохирох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролд нийт 5.397.120 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ш.Г шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст 5.397.120 төгрөгийг нөхөн төлсөн болно. Иймд шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой (А.Тулгын сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой асуудал ч үүнд хамаарна) нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч, амь хохирогч нарын бага насны хүүхдүүд болох А.Тулга, Г.Цэцэнгоо, Г.Ануцэцэн нарын асран хамгаалагчийг тогтоох асуудлыг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэх учиртайг дурьдаж байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх Ш.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан төрөл, хэмжээний дотор хорих ял шийтгэв.
Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ш.Гт оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хуурагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Оюундарь овогт Ш.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Ш.Гийг 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гийн урьд цагдан хоригдсон 169 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ш.Г нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэлдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.ОЮУНЧИМЭГ
Д.РЕНЧЕНХОРОЛ