| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0136/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Жавхланбаяр;
улсын яллагч: С.Мөнхгэрэл;
гэрч: У.Улсболд;
шүүгдэгч: Ц.Т, Э.Э, тэдний өмгөөлөгч Э.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхбаатарын Энхборгил, Цогтбаярын Төвшинтөр нарт холбогдох эрүүгийн 1809014010581 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дотоодын цэргийн 805 дугаар ангид харуулчин дэд ахлагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монос 1-14А тоотод оршин суух (Дорнод аймгийн Хэрлэн сум 10 дугаар баг 49Б-2 тоотод оршин суух бүртгэлтэй), хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ...........регистерийн дугаартай, Буурал овогт ...........
2. Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн барилгын инженерийн 5 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 4 дүгээр хэсэг гудамж, 49-1696 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, .............. регистерийн дугаартай, Боржигон овогт ..............
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Э.Э, Ц.Т нар нь бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Идэр” дээд сургуулийн хажуу талын караокений гадна З.Төмөрхүүг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Би З.Төмөрхүүг цохисон, Э.Э цохиж зодоогүй юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: Намайг З.Төмөрхүүг зодсон хэрэгт буруутгаж байгаад гомдолтой байна. Би З.Төмөрхүүгийн биед халдаагүй юм. Анх З.Төмөрхүү намайг “цагдаа байж ямар арчаагүй уудаг юм” гэх зэргээр хэл үгээр доромжилсноос болж бидний хооронд маргаан үүссэн. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч У.Улсболд мэдүүлэхдээ: Намайг харахад Э.Э нь Ц.Тийг салгаж байсан. Намайг очиж байхад Г.Ган-Ууган найз охиноо дагуулаад зөрөөд явж байсан гэв
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Төмөрхүү, гэрч А.3улгэрэл /хх-ийн 8, 83-84/, А.Амартүвшин /хх-ийн 6, 30, 81-82/, Г.Ган-Ууган /хх-ийн 7/, У.Улсболд /хх-ийн 29/ нарын мэпүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3890 тоот дүгнэлт /хх-ийн13/, шинжээч А.Амгаланболдын мэдүүлэг /хх-ийн 107-108/, Ц.Тийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10, 31, 46-47, 89-91/, Э.Эын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9, 51-52, 86-88/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 59/, Ц.Тийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 15, 17, 33-36/, Э.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 18-19, 25, 58/, хохирлын баримтууд /хх-ийн 37-42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э, Ц.Т нар нь 2018 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Идэр” дээд сургуулийн орчим (караокений гадна) З.Төмөрхүүг хэрүүл маргааны улмаас бүлэглэн зодож хөнгөн гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч З.Төмөрхүүгийн /хх-ийн 4-5, 104-106/: ”...2018 оны 03 дугаар сарын 18-ны 24 цагийн үед “Идэр” дээд сургуулийн хажуугийн караокед найз Ган-Ууган түүний найз Зулаа, Амартүвшин, Энхтөр, Мөнхтулга, Жаагий нарын хамт орсон. Караокед байхад Ган-Ууган нэг өндөр залууг оруулж ирээд “манай онжав” гэж танилцуулсан. Тэр залуу өөр өрөөнд сууж байсан ба цаг нь дуусаад өрөөнөөсөө гарахдаа намайг дуудсан. Гараад очсон чинь “чи намайг цагдаа гэсэн, намайг гоожуур гэх шаардлага байхгүй” гэсэн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна...Энхборгил гэж танилцуулсан тэр залуутай маргалдаж байсан...Тухайн үед Амартүвшин, Зулаа хоёр харж байсан...Энхборгилтой өөд өөдөөсөө хараад зогсож байхад түүний найз Төвшинтөр нь эхлээд миний хойноос толгой руу цохиж унагасан, энэ үед надтай маргалдаж байсан Энхборгил толгой руу өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,
гэрч А.3улгэрэлийн /хх-ийн 8, 83-84/: “...Нүдний шилтэй залуу нь эхэлж шанаа руу нь гараараа нэг удаа цохисон, тэгээд газар унангуут нь Боргио нүүр лүү нь өшиглөсөн...,..Энхборгил нүүр рүү нь өшиглөснийг би сайн харсан...Миний харснаар нүдний шилтэй залуу Төмөрхүүг цохьсоны дараа шууд газар унасан...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Амартүвшингийн /хх-ийн 6, 30, 81-82/: “..Нүдний шилтэй залуу нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон, Энхборгил гараараа цохисон...,...нүдний шилтэй залуу нь Төмөрхүүг баруун гараараа байх нүүрэнд нь цохьсон, дараа нь Энхборгил бас Төмөрхүүг гараараа нүүрэнд цохьсон...” гэх мэдүүлгээр,
гэрч У.Улсболдын /хх-ийн 29/: “... Тэр банди Төвшинтөр, Энхборгил хоёртой хэрэлдээд муудалцаад байхаар нь Бат-Эрдэнэ бид хоёр алсаас хараад зогсож байсан. Тэгсэн чинь зодолдоод байх шиг болохоор нь бид 2 гүйгээд очсон чинь Энхборгил Төвшинтөрийг тэврээд цаашаа явж байсан...” гэх мэдүүлгээр,
З.Төмөрхүүгийн биед “тархи доргилт, дагзанд шарх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстын цус харвалт, дух, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зүүн нүдний гадна булан, 2 хацар, зүүн мөр, хоёр шуунд зулгаралт, зүүн хавирганы нум орчим зулгаралт цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсныг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3890 тоот дүгнэлтээр /хх-ийн13/, дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч А.Амгаланболдын мэдүүлэг /хх-ийн 107-108/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийг 2 хүн зодож байхыг гэрч нар харж, зааж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийг бүлэглэн зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн Э.Э, Ц.Т нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.Э өөрийгөө, мөн шүүгдэгч Ц.Т, тэдний өмгөөлөгчөөс “Э.Э нь З.Төмөрхүүд хөнгөн гэмтэл учруулан зодсон” хэрэгт оролцсон болохыг үгүйсгэж буй боловч шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нарын дүгнэлт, мэдүүлэгт няцаалт өгсөн болно.
А.Зулгэрэл, А.Амартүвшин нар нь тухайн гэмт хэрэг гарах үед хэргийн газар байсан хэргийн шууд гэрч нар бөгөөд эдгээр гэрч нар Э.Э, Ц.Т нар нийлж З.Төмөрхүүг зодсон үйл баримтыг хөдөлбөргүй нотолж мэдүүлсэн болно.
Дээрх нэр бүхий гэрч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авсан, тэд Э.Эыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал нотлогдохгүй байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх үзэв.
Мөн шүүгдэгч, хохирогч нарын хооронд болсон маргаан, хүч хэрэглэсэн үйлдлийг А.Зулгэрэл, А.Амартүвшин нараас өөр орон зай (алсаас), цаг хугацаанд харж “...Э.Э зодоонд оролцоогүй байх гэж бодож байна...” гэсэн У.Улсболдын мэдүүлгээр Э.Э энэ хэрэгт оролцоогүй гэж дүгнэх боломжгүй.
Иймээс шүүгдэгч, өмгөөлөгч нарын З.Төмөрхүү хөнгөн гэмтсэн асуудалд Э.Э гэм буруугүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэлэлцэгдсэн “прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг” прокурор зөвтгөн залруулж яллах дүгнэлтийг шүүгдэгч нарт гардуулж өгснийг дурьдаж байна.
Ийнхүү шүүгдэгч Э.Э, Ц.Т нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч З.Төмөрхүү “ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байр суурийг харилцаа холбооны хэрэгсэл ашиглан шүүхэд мэдэгдсэн (энэ талаар тэмдэглэл үйлдсэн) тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Ц.Т нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ..................... нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Ц.Т нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ