Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/02092

 

 

 

 

 

 

 

 

    2023        12           01                                        210/МА2023/02092

 

 

Х.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/02725 дугаар шийдвэртэй

Х.А-ын нэхэмжлэлтэй, “Төрийн банк” ХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/2213 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00625 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2020/00755 дугаар тогтоолоор дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хугацаанд хамаарах ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон хэдий ч өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилоогүй, шүүхийн шийдвэрийг эс биелүүлж байна.

1.3. Шүүхийн шийдвэрт заасан хугацаанаас хойш цалин хөлс олгоогүй тул холбогдох олговрыг гаргуулахаар тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/01983 дугаар шийдвэрээр мөн өдрийг хүртэлх хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Би өөр ажил, албан тушаал гүйцэтгээгүй өөр хуулийн этгээдээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлээгүй.

1.4. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Х.А-ыг урьд эрхэлж байсан Хан-Уул дүүрэг дэх салбарын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилсон.

1.5. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 31,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны нэг сарын дундаж цалин хөлс болох 3,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрийн дагуу 9,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрийн дагуу 72,975,974 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийн дагуу 39,697,670 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х.А-т олгосон.

2.2. “Төрийн банк” ХК-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/834 тоот тушаалаар Х.А-ыг урьд эрхлэж байсан ажил, албан тушаал болох Хан-Уул дүүрэг салбарын захирлаар эгүүлэн томилсон.

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасан бөгөөд Х.А-ын нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт хамаарах маргаан буюу шүүхэд шууд хандаж шийдвэрлэх хөдөлмөрийн харилцааны маргаанд хамаарахгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т хамаарах маргаан тул нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Төрийн банк” ХК-аас 34,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.А-ад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 34,000,000 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Х.А-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч “Төрийн банк” ХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.А-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,900 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Х.А-ад олгож, хариуцагч “Төрийн банк” ХК-аас 327,950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хөдөлмөрийн тухай хууль 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хадәлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандана гэж заасан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2022/01983 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч 2021 оны 05 дугар сарын 18-ны өдрөөс 2022 оны 06 24-ний өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 39,697,670 төгрөгийг “Төрийн банк” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Х.А-т олгохоор шийдвэрлэсэн.  Хадөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.1-т тус тус заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Хэрэгт нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаарх баримт авагдаагүй, хуульд заасан хугацааны дотор маргаан таслах комисст гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.А нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158.1.5-д заасныг зөрчихгүй гэж үзлээ гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлдмөрийн маргааныг зааглаж, ялгамжтай байдлаар зохицуулсан бөгөөд урьдчилсан шийдвэр ажиллагаа хийгдсэн тохиолдолд дараагийн шат буюу шүүхэд хандах эрхтэй байхаар хуульчилсан.

Мөн хуулийн 154.11-т урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг аль нэг тал хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхтэй байхаар хуулиар зохицуулсан.  Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасан хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд тус хуулийн агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.11-т заасан тохиолдол бий болсон тохиолдолд шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх агуулга бүхий зохицуулалт болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасан бөгөөд Х.А-ын нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт хамаарах маргаан буюу шүүхэд шууд хандаж шийдвэрлэх хөдөлмөрийн харилцааны маргаанд хамаарахгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

2019 оны 04 дүгээр сард Х.А-ыг буцааж томилохоор шүүхийн шийдвэр гарсан байхад “Төрийн банк” ХК нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр томилсон. Өөрөөр хэлбэл, 2019 оны 04 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Дээрх хугацаанд нэхэмжлэгч нь ажил хөдөлмөр эрхлээгүй бөгөөд “Төрийн банк” ХК нь ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй. Олговрыг тухайн үед буюу шүүхийн шийдвэр заасан хугацаанд олгож байсан. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажилд эгүүлэн томилохдоо олговрыг дутуу олгосон.

Хариуцагч талаас ажилдаа томилогдох хүртэл хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Х.А-ыг ажиллаж байх хугацаанд “Төрийн банк” ХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байгаагүй. Ажилд эгүүлэн томилохтой холбоотой асуудлаар “Төрийн банк” ХК-ийн гүйцэтгэх захирал болон шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад удаа дараа хандаж байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Талууд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр томилогдсон үйл баримтад маргаагүй боловч тухайн өдөр хүртэлх хугацааны цалинг гаргуулах асуудлаар маргадаг. Иймд хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч “Төрийн банк” ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 34,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/00625 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.А-ыг “Төрийн банк” ХХК-ийн Хан-уул дүүрэг салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,000,000 төгрөгийг хариуцагч “Төрийн банк” ХХК-аас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1096 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2020/00755 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 103-115/

 

3.б. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй учир  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2021/01076 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн  2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 74,657,396 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1137 дугаар магадлалаар  72,975,974 төгрөг гаргуулахаар  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 19-27/

 

3.в. Үүний дараа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/01983 дугаар шийдвэрээр 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цалин хөлстэй тэнцэх олговорт 39,697,670 төгрөгийг “Төрийн банк” ХХК-аас гаргуулж Х.А-ад олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төрийн банк ХХК-д үүрэг болгон шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 11-16/

 

3.г. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй болно.

 

3.д. Хариуцагч “Төрийн банк” ХК-ийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5/834 тоот тушаалаар Х.А-ыг урьд эрхэлж байсан Хан-Уул дүүрэг салбарын захирлын ажилд 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлжээ. Дээрх үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 84 дүгээр тал/

 

3.е. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч байгууллага 2023 оны 06 дугаар 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн энэ өдөр хүртэл эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан тул шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийг ажилд томилсон гэх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

3.ё. Анхан шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1137 дугаар магадлалаар тогтоосон 1 сарын дундаж цалин хөлсийг 3,000,000 төгрөгөөр тооцон, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны олговор 36,000,000 төгрөг гэж, үүнээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 34,000,000 төгрөгийг гаргуулж, олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн  127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэлгүй, хөдөлмөрийн маргаан таслах комисст хандалгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн хууль зөрчсөн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

4.а. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт  “ажилтан” энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргаан шийдвэрлүүлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэлгүйгээр шүүхэд хандсан нь хууль зөрчөөгүй.

 

4.б. Түүнчлэн, эрхийн зөрчил үргэлжилсан буюу нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй байсан тул түүнийг хуульд заасан 90 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй  байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/02725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

               

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХБАЯР

 

                                      ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ