| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0108/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Номинзул;
улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ;
өсвөр насны шүүгдэгч: Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ган......, тэдний өмгөөлөгч Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809000000366 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 350 тоотод оршин суух, “Ертөнц” бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, У........ регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ....................
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Өсвөр насны яллагдагч Б.Б нь яллагдагч А.Бат-Эрдэнэ, Ж.Одхүү нартай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны хашаанд өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, өсвөр насны хохирогч Б.Чинбатын зүүн хөмсөгийг зүсэж, хөнгөн гэмтэл учруулсан, өсвөр насны хохирогч О.Билгүүний хүзүүн тус газар зүсэж, түүнээс 75.000 төгрөгийн үнэ бүхий “Жордан” маркийн пүүз, 12.500 төгрөг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Баясгалан мэдүүлэхдээ: Өмнө нь мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэнэ үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаагаар бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-27/, хохирогч Б.Чинбат /1хх-ийн 28-33/, О.Билгүүн /1хх-ийн 35-39/, гэрч Г.Уранбаяр /1хх-ийн 40-41/, Б.Отгонхүү /1хх-ийн 42-44/, Б.Жавхлан /1хх-ийн 45/, Д.Лхагвасүрэн /1хх-ийн 46/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11991 дугаартай дүгнэлт /1хх-ийн 50/, Б.Баясгалангийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 62-64/, Б.Баясгалангийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 65-73/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 75-76/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11дүгээр сарын 21-ний өдрийн 409 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 188-196/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 126 дугаар магадлалын хуулбар /1хх-ийн 214-220/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5/7687 тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд /2хх-ийн 71-76/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/3561 тоот албан бичиг /2хх-ийн 77-78/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Б.Баясгалан бусадтай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 44 дүгээр байрны хашаанд Б.Чинбат, О.Билгүүн нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон О.Билгүүний 12.500 төгрөг, 75.000 төгрөгийн үнэтэй “Жордан” маркийн пүүзийг дээрэмдэн авсан, дээрх байдлаар амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлохдоо шүүгдэгч М.Баясгалан нь Б.Чинбатын зүүн хөмсгийг шилээр зүсч түүний биед хөнгөн гэмтэл учруулсан, О.Билгүүний хүзүүг шилээр зүссэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Б.Чинбатын /1хх-ийн 28-33/: “… 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр найзуудтайгаа сургуулийн хажуу талын сүм рүү явсан. Бид нар тавуулаа орой 20-21 цагийн үед 100-н айл руу “Гүүд Лайк" гэдэг Пи Си тоглоомын газарт очоод тоглоцгоосон. Орой 22-23 цагийн үед гараад харих гээд байран дундуур алхаж байхад блокон хашаан дотроос гурван ах “Наашаа хүрээд ир” гээд дуудаад байсан. Бид “очихгүй” гэж ярилцаад явах гэж байтал тэд нарын нэг болох малгайтай саарал цамцтай өндөр ах гарч ирээд тэд хоорондоо ярьж байгаад “мөнгө байна уу” гэсэн. Тэд нарын нэг нь болох хар цамцтай ах “манай найз жаахан даараад байна, гутлаа өгчих” гээд Билгүүний гутлыг нь тайлуулж аваад цэнхэр фудволктой ахад өмсүүлсэн. Отгонхүүг саарал цамцтай ах зодож байсан. Тэгээд хар цамцтай ах нь намайг зодоод эхэлсэн. Отгонхүү, Мөнхтулга бид гурвыг зодохдоо хар цамцтай ах нь намайг зодоод нөгөө хоёр нь манай хоёр найзыг зодоод байсан. Хар цамцтай ах нь дахиад шил хагалаад миний хөмсгийг зүсэх гээд байж байсан чинь манай найз Отгонхүү намайг өмөөрөөд үг хэлтэл Отгонхүү рүү очоод хагархай шил тулгаад зоох гээд байсан...” гэх мэдүүлгээр,
насанд хүрээгүй хохирогч О.Билгүүний /1хх-ийн 35-39/: “… Хар цамцтай ах нь намайг “кармаанд байгаа мөнгөө гаргаад ир” гэсэн. Би “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн хар цамцтай ах нь намайг “мөнгө байвал ална шүү” гэж хэлээд миний кармааг нэгжсэн. Тэгээд миний өмдний зүүн талын халаасанд байсан 12.500 төгрөгийн гаргаж ирсэн. Энэ мөнгөний 8000 төгрөг нь Уранбаярынх байсан. Үлдсэн 4500 төгрөг нь миний мөнгө байсан. Тэгээд миний нүүр рүү хар цамцтай ах 2 удаа цохисон. Хажууд байсан саарал цамцтай ах нь 2 удаа элэгдсэн. Хар цамцтай ах пивоны шил хагалаад бид нарыг босгож зогсоож байгаад бид нарын хүзүүнд шилээ тулгаад “архи уу за юу” гэсэн. Тэгээд Чинбатад архи өгөөд “уу” гэхэд Чинбат “уухгүй” гэхэд хар цамцтай ах нь Чинбатын нүдний дээд талд хөмсгийг нь шилээрээ зүссэн. Дараа нь миний хүзүүн дээр тулгаад жаахан зүссэн. Саарал цамцтай ах ирээд Мөнхтулга бид хоёрыг цохисон. Мөн саарал цамцтай ах Баясаа гэх хүүхэд 2 биднийг нэг нэгээр нь дуудаж булан эргээд “мөнгө байна уу” гэж асуусан. Би “байхгүй” гэж хэлэд саарал цамцтай ах миний гэдэс рүү 2 удаа элэгдсэн..” гэх мэдүүлгээр,
насанд хүрээгүй гэрч Г.Уранбаярын /1хх-ийн 40-41/: “...Би 2016 оны 08 дугаар сарын 27-ны орой найзуудтайгаа 21 цаг болж байхад 100-н айлд байдаг “Гүүд Лайк” гэдэг Пи Си тоглоомын газарт очиж тоглосон. Тэгээд харих гээд байрны голоор алхаж байтал танихгүй 3 хүүхэд нэг хашаан дотроос дуудаад бид нарыг очихгүй болохоор өөрсдөө гарч ирээд “та нар яагаад байгаа юм, хэн бэ, хаанахынх юм бэ” гээд орилоод хүрээд ирсэн. Тэгээд бид нарыг “хашаа руу ор” гээд оруулсан. Хашаанд ороод бид нарыг “номхон зогс, өндөр намаараа зогс” гээд зогсоосон. Чинбатын халааснаас мөнгийг нь авчихсан. Чинбат “болохгүй мөнгө, өгөхгүй” гэж хэлтэл “наад мөнгөөр чинь архи авна, манайх руу оръё, хоол хийж идье” гээд байсан. Намайг “онгорхой дэлгүүр байна уу, хараад ир” гээд цааш явуулсан. Би цаад талын дэлгүүрт очтол хаалттай байсан. Би буцаж ирээд “дэлгүүр хаалттай байна” гэж хэлтэл тэр Баясаа гэх хүүхэд нь “чи хэдэн настай юм бэ, эд нарт яг хэдэн төгрөг байна, тэр мөнгөнөөс чинь илүү мөнгө гарч ирвэл, энд чинь шил зооно шүү” гээд миний хүзүүрүү хуруугаа тулгаад байсан. Тэд нарын нэг болох Бат-Эрдэнэ нь “чи цаад талын дэлгүүр нээлттэй байна уу, харчихаад ир, ирэхгүй бол найзуудыг чинь ална шүү” гээд намайг явуулсан...” гэх мэдүүлгээр,
насанд хүрээгүй гэрч Б.Отгонхүүгийн /1хх-ийн 42-44/: “… Баясгалан биднийг бүгдийг нь цохиж зодсон. Мөн Чинбатын хөмсгийг нь зүсэж, Билгүүний хүзүүг зүссэн. Мөнхтулгыг хана мөргүүлээд зодсон. Бас “мөнгө байна уу” гээд нэхээд байсан. Саарал цамцтай хүүхэд нь миний нүүр рүү ундааны саваар цохиж, миний гар руу өвдөглөөд, гараа алгадаад байсан. Нөгөө шорттой хүүхэд бид нарыг нэг нэгээр нь дуудаж булан тойрч уулзаад байсан. Тэр 3 ах бүгдээрээ л биднийг зодоод байсан...” гэх мэдүүлгээр,
насанд хүрээгүй гэрч Э.Мөнхтулгын /1хх-ийн 90/: “...100 айлын “Гүүд Лайк” Пи Си тоглоомын газарт очиж тоглосон. Тоглож дуусаад гэррүүгээ явах гээд алхаж явтал нэг байрны хашаан дотроос танихгүй 3 ах дуудсан. Бид нар тоохгүй явах гэтэл араас гүйгээд гараад ирсэн. Бид нарыг “хашаа руу ороод ир” гээд дагуулаад оруулсан. Тэдний нэг болох өтгөн хөмсөгтэй хүүхэд нь Билгүүнийг “гутлаа тайлаад өг дөө, манай найзад өмсүүлчих” гээд цэнхэр фудволктой хүүхдэд өгсөн. Дараа нь Отгонхүүг “цамцаа тайлаад өгчих” гээд тайлуулаад тэр цэнхэр фудволктой хүүхдэд өгсөн. Өтгөн хөмсөгтэй хүүхэд пивоны шил хагалаад Чинбатын хөмсгийг зүссэн. …Надад архи өгөхөд би айсандаа жоохон амсаад бусдыг нь асгаад өгөхөд өтгөн хөмсөгтэй хүүхэд намайг зодсон...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Жавхлангийн /1хх-ийн 45/: “…Бэлх 10-аас “манай найзыг хүмүүс зодоод байна” гэх дуудлагыг хүлээн авч дуудлага өгсөн хүний утсаар нь холбогдоход “3 дугаар сургуулийн автобусны буудал дээр байна” гэсэн. Дуудлагын дагуу очиход хөмсөгөө сэтлүүлсэн хүүхэд байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Лхагвасүрэнгийн /1хх-ийн 46/: “... Бэлх 10-аас “манай найзыг зодоод, дээрэмдээд байна” гэх дуудлагыг хүлээн авч, 3 дугаар саргууль дээр очиход “би зугтаачихлаа, манай найзыг байрны гадаа зодоод, дээрэмдээд байна” гээд нэг хүүхэд ирсэн. Түүнийг машиндаа суулгаад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 44 дүгээр байрны гадаа хашааг даваад ороход хэдэн хүүхдүүд бөөгнөрсөн байсан. Тэгтэл 2 хүүхэд булан эргээд зугтаад явсан. 2 хүүхэд үлдэхэд нь бариад авахад нэг нь зодсож байсан гэх хүүхэд байсан. Зодуулсан гэх 1 хүүхдийн хөмсөг нь сэтэрсэн цус гарсан байдалтай, 1 хүүхдийн хүзүү урагдсан байдалтай байж байсан...” гэх мэдүүлгээр,
Б.Баясгалангийн буруутай үйлдлийн улмаас Б.Чинбатын биед “зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11991 тоот дүгнэлтээр /1хх-ийн 50/,
Б.Бгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 62-64/: “...Одхүү гэнэт хашааны гадаа байсан хүүхдүүдийг “хөөе” гээд чанга орилоод дуудсан. Одхүү тэр хүүхдийг элэг рүү нь цохиод дотроо жаахан ундаатай саваар толгой руу нь цохиод байсан. ...Тэгээд Бат-Эрдэнэ тэр хүүхдүүдийн хамгийн өндөр хүүхдэд нь байсан 13.000 төгрөгийг нь аваад хашаанаас зүүн тийш гараад гүйсэн. Тэгэхээр нь Одхүү бид хоёр араас нь гүйсэн. Тэгээд байж байтал Бат-Эрдэнэ “хувцсыг нь авахаа мартчихаж” гээд буцаад 44 дүгээр байрны хашаа руу орсон. …Тэгээд Бат-Эрдэнэ “уучлаарай хоёулаа гутлаа түр солъё” гээд тэр хүүхдийн хар өнгөтэй пүүзийг нь солиод өмсчихсөн. Тэдний өөр нэг хүүхэд рүү нь очоод “ахынх нь төрсөн өдөр, цамцаа өгчих” гээд цамцыг нь өөрөөр нь тайлуулаад авч өмссөн. Тэр нь бараан өнгийн цамц байсан. ... Билгүүнийг би цамцнаас нь татаад хумсаараа урчихсан... Чинбатын биед би санаандгүй гэмтэл учруулсан. Тэдний нэг хүүхдээс нь 13.000 төгрөгийг Бат-Эрдэнэ “хэдүүлээ гоё ууя, манайд хоноё, би дэлгүүр явчихаад ирье” гэж хэлээд авсан ... Бат-Эрдэнэ үлдэж эрүүлжүүлэх байранд хоносон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нар хэрхэн зодуулж, дээрэмдүүлсэн болон хохирогч нарыг шүүгдэгч нарын хэн нь хэрхэн зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн талаар мэдүүлцгээсэн, хохирогч Б.Чинбатын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, О.Билгүүний дээрэмдүүлсэн эд зүйлийн үнийг үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Б.Баясгалан нь бусадтай бүлэглэн ”мөнгө байна уу?, мөнгө гарч ирвэл ална шүү!, та нарт мөнгө байгаа” хэмээн хохирогч нарыг нэгжих, зодох, архи уухыг албадсан, Б.Баясгалан нь үйлдэлдээ сүр хүчийг оруулж хохирогч нарын хүзүү, хөмсгийг шилээр зүсэх зэргээр айлган сүрдүүлж, сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэн эд хөрөнгийг нь авахаар довтолсон санаатай үйлдэл нь “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийгг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Баясгалангийн бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан (Бусдын эд хөрөнгийг бүлэглэж дээрэмдэх) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага буюу хорих ялын дээд, доод хэмжээ 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан (Дээрэмдэх) гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд багасч буюу хөнгөрч орсон байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийцүүлэн зүйлчилж, прокурор яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн прокурор шүүгдэгчийн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог зааглан ялгаж, Б.Баясгалан нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд голчлон манлайлж, идэвхийлэн оролцож хохирогч О.Билгүүний пүүзийг тайлуулж А.Бат-Эрдэнэд өгөх, хохирогч нарыг шилээр зүсэх зэргээр уг гэмт хэргийг үйлдэхэд удирдсан хэмээн зохион байгуулагч гэж үзэж 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих хэсгийг тус тус журамласан нь хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү шүүгдэгч Б.Баясгалангийн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Үүнээс гадна өсвөр насны шүүгдэгч Б.Бгийн “Бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 409 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 126 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон болохыг дурьдаж байна.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч О.Билгүүн, түүний хууль ёсны төлөөлөгчөөс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, хохирогч Б.Чинбат, түүний хууль ёсны төлөөлөгчөөс “эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэсэн байх боловч энэ талаарх баримт байхгүй тул энэ тогтоолын хүрээнд өсвөр насны шүүгдэгчийг тэдэнд төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.Чинбат, түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалтай холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Б.Баясгалан нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг нь харгалзан хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон байх нь зүйтэй гэж үзэж шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгахаар тогтов.
Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт .............. бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Баясгаланд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь урьд 160 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Б.Баясгалан нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, хохирогч нар, тэдий хууль ёсны төлөөлөгчид, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Баясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ