Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0149/З |
Дугаар | 153 |
Огноо | 2017-03-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 153
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулан иргэн Д.Б ийн нэхэмжлэлтэй, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчид холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Д ын Б
Хариуцагч: Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагч
Нэхэмжлэлийн шаардлага: Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамжийн биелэлтийг хангуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Б нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн билээ. Ажиллаж байх хугацаандаа миний бие шилдэг ажилтнаар тодорхойлогдож шагнал урамшууллыг авж байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сард БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг зарлагдаж Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгааг удирдлага болгон Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн тодорхойлолтоор тус тэтгэлэгт материалаа өгч, 2016 оны 07 дугаар сард БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 тоот захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
Энэхүү захирамжаар намайг үүрэгт ажлаас минь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23.3.2, 23.5, Засгийн газрын 2004 оны 112 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байдаг. Миний бие 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөр ажлаа тасалбар болгон 27-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотын Их сургуульд сурахаар явсан билээ. Тухайн үед төрийн сан хаасан, нийт төрийн албан хаагчдын цалин хөлсийг олгохгүй байсан тул миний бие үндсэн цалингаа болон буцалтгүй тусламжаа авж амжилгүйгээр эрдэм сурахаар харийн нутгийг зорьсон юм.
2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад ирээд дансаа шалгатал буцалтгүй тусламж огт ороогүй байсан тул 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр асуудлыг тодруулах зорилгоор Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд өргөдөл гаргасан. Тус өргөдлийн хариуд намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож дахин захирамж гаргасан болохыг мэдсэн болно.
Энэхүү захирамжаар намайг анх ажлаас чөлөөлсөн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг Төрийн албаны тухай хуулийн 24.1.3-ыг баримтлан чөлөөлж, буцалтгүй тусламжийг олгохооргүйгээр шийдвэрлэж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхгүй байхаар үүрэг болгосон байна. Энэхүү захирамжид миний бие туйлын гомдолтой байгаа бөгөөд захирагчийн шинээр гаргасан “Захирамжийг хүчингүй болгох тухай” энэхүү захирамж нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Энэхүү асуудлаа шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч харьяалал хамаарахгүй байна гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа юм.
Иймд танай шүүхээс Захирагчийн гаргасан Б/46 тоот захирамжийг хүчингүй болгуулж, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 тоот захирамжийн биелэлтийг хангуулж өгөхийг хүсэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Замын-Үүдийн чөлөөт бүсийн Захирагчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Дамдинжамц овогтой Б ийнг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь заалт, Засгийн газрын 2004 оны 112 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.16 дахь хэсгийг тус бүр үндэслэн 3 сараас дээш хугацаанд сургалтад бэлтгэгдэх болсон тул 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөн 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлж байхаар гарсан захирамж нь хууль бус гэж үзэж Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх захирамжийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.
Захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар захирамж нь Д.Б ийн гаргасан гадаад улсад суралцахаар албанаас чөлөөлөгдөх тухай өөрийн хүсэлтийг шийдвэрлэхэд хууль зүйн хувьд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгтэй нийцэж байна гэж үзэж байна. Энэхүү заалтыг Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 10 дахь хэсэгт “өөрийн санаачилгаар...хүсэлт гаргасан” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14-д зааснаар ойлгоно. Гэсэн байх ба энэхүү тогтоолд “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж тайлбарласан байна.
Иймд Д.Б нь байгууллагын хэрэгцээ шаардлага, захиалгаар сургалтад бэлтгэгдээгүй, өөрийн санаачилгаар хүсэлт гаргасны дагуу албанаас чөлөөлсөн учир Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь хэсэгт заасан гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, 23.5 дахь хэсэгт заасан “Энэ зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэсэн заалтуудад хамаарахгүй гэж үзэж байна.
Засгийн газрын 2004 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журмын 2 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 23.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тухайн албан хаагчийн албан тушаалын 3 сарын
цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байсан байгууллага нь олгоно” гэсэн заалт, Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.16 дахь хэсэгт “Ажлын албаны захиалгаар сургалтад хамрагдсан албан хаагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, байгууллага төлнө” гэсэн заалтууд нь Д.Б ийн ажлаас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй бөгөөд энэ нь Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2 дугаар хавсралтын а-д заасан “Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч тухайн аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллеж болон мэргэжил дээшлүүлэх ба олгох курст суралцаж байгаа бол суралцах хугацааны жилд ногдох шимтгэлийг Засгийн газраас тогтоон мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож захиалгаар суралцуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь жил бүрийн 1 дүгээр сард багтаан даатгалын зохих санд төлнө” гэсэн заалтаар тогтоогдож байна.
Захирагчийн ажлын албаны зүгээс Д.Б ийнг сургалтад бэлтгэхээр ямар нэгэн захиалга, хүсэлт тодорхойлолт гаргаагүй, мөн сургалтын гэрээ хийгээгүй болно.
Мөн түүнчлэн Захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг гарсан даруйд нь мэргэжилтэн Б.Д******* Д.Б ийн хувийн [email protected] цахим хаяг руу илгээж мэдэгдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан байхад буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн заалтыг зөрчсөн болох нь нотлогдож байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад БНХАУ-д докторантурт суралцах болсон шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, үүний дагуу Захирагчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Замын-Үүдийн чөлөөт бүсийн Захирагчийн 2016 оны Б/35 дугаар тушаалаар Д.Б ийнг ажлаас нь чөлөөлж, түүнд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлж байхыг холбогдох албан тушаалтанд даалгасан байна.
Чөлөөт бүсийн Захирагч энэхүү тушаалын тодорхой хэсэг нь хууль зөрчсөн хэмээн үзээд Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Чөлөөт бүсийн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд уг захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Ингэхдээ Д.Б ийнг өөрийн санаачилгаар гадаад улсад суралцахаар явсан ба энэ нь байгууллагын захиалга, шаардлагад хамаарахгүй тул буцалтгүй тусламж олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Засгийн газрын 2004 оны 112 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журмын 2-т “Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тухайн албан хаагчийн албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байсан байгууллага нь олгоно” гэж заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлүүдийг дурджээ. Нэхэмжлэгч Д.Б нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр чөлөөт бүсийн Захирагчид хандан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байх бөгөөд түүнийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.16-д “Ажлын албаны захиалгаар сургалтад хамрагдсан албан хаагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, байгууллага төлнө” гэж заасан бөгөөд Замын-Үүдийн чөлөөт бүсийн сургалтын төлөвлөгөөнд байгууллагын шаардлагаар гадаад улсад мэргэжил дээшлүүлэх, сургалтад хамруулах тухай тусгагдаагүйгээс гадна байгууллагын төсөвт үүнтэй холбоотой зардал төсөвлөгдөөгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журмын 2 дахь заалт болон Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.16 дахь хэсэг үйлчлэхгүй юм.
Иймд Замын-Үүдийн чөлөөт бүсийн Захирагчийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамж нь хууль бус байх бөгөөд Чөлөөт бүсийн Захирагч хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээ, үүргийнхээ дагуу өмнөх удирдлагынхаа гаргасан эрх зүйн зөрчилтэй захиргааны үйлдлийг зөвтгөж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, шинээр захирамж гаргасан нь Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Нэхэмжлэгч Д.Б нь байгууллагын шаардлага болон захиалгаар суралцаагүй, өөрийн санаачилгаар докторантурт суралцаж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т “гурван сараас дээш хугацааны сургалтаар /шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан/ бэлтгэгдэх болсон” гэх зүйлд хамаарахгүй тул захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэлгүй учраас түүний тухайн байгууллагад ажиллаагүй хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Харин хариуцагч ажилтандаа хууль тогтоомжид нийцүүлэн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд ингэхдээ шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвтөө тусгаж зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “маргаан бүхий захиргааны актыг Д.Б ийн хувийн [email protected] цахим хаяг руу илгээж мэдэгдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан байхад буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарын тухайд, нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “[email protected] гэх цахим хаягийг ашигладаггүй” гэснийг үгүйсгэх боломжгүй тул нэхэмжлэгч хичээлийн өвлийн амралтаараа ирж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б ийн “Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/35 дугаар захирамжийн биелэлтийг хангуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН