Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 116

 

Ч.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/00892/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 555 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Ч.У-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Т.Х-д холбогдох

          “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулах тухай”  иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Намсрай нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Намсрай, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

         Нэхэмжлэгч  Ч.У түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний бие Т.Х-тэй 2008.11.04-ний өдөр гэрлэлтээ батлуулан хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд бидний дундаас 2009.01.13-нд охин Х.Ч-, 2013.09.16-нд охин Х.У- нар төрсөн. Би 2009 онд Улаанбаатар хотод ШУТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийг соёл судлаач мэргэжлээр төгссөн хэдий ч хоёр охиноо төрүүлж өсгөх, эр нөхрөө хайрлан халамжлах, орон гэрээ тав тухтай байлгахын тулд ажил хөдөлмөр эрхлэлгүй, хайртай гэр бүлдээ өөрийгөө зориулан амьдарч ирсэн. Анх нөхөртэйгээ танилцан үерхэж хамтын амьдралаа эхлүүлэн, үр хүүхдээ төрүүлэх хүртэл түүнийг үг дуу цөөтэй, маш томоотой, архи тамхи хэрэглэдэггүй, их сайн залуу юм байна гэж итгэж, насан туршийн ханиараа сонгосон. Гэтэл нөхөр Т.Х нь үр хүүхдүүдээ төрсөн цагаас эхлэн надтай хүйтэн хөндий, дээрэнгүй байдалтай харьцах болж, энэ нь даамжирсаар сүүлийн 2 жилийн хугацаанд бидний хайр  сэтгэлийн   халуун дотно харьцаа ул мөргүй болж, ам нээвэл л үл ойлголцол, хэрүүл маргаантай байх болсонд дүгнэлт хийвэл би энэ гэрт хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч мэт байр сууринд очсоноо ойлгож мэдлээ. Т.Х- Сэлэнгэ  аймагт  ажиллаж байгаа  байдлаа  далимдуулан, эхнэр хүүхдүүддээ тавих анхаарал хайр халамж, халуун дулаан харьцаагаа хүйтэн хөндий загнаж дээрэлхсэн хандлагаар сольж, амралт чөлөөт цагаа бидэнд бус найз нөхөддөө зориулах нь ихэссээр, улмаар өөр эмэгтэйтэй дотно харьцаанд орж, энэ байдлаа эр хүний хувьд байх ёстой зүйл хэмээн надад тулгаж, миний түүнд зориулсан бие сэтгэл, залуу насны минь амьдралыг үл хүндэтгэн, намайг гомдоон доромжилсон төдийгүй, гэрлэлтээ цуцлуулахыг шаардсаны дагуу энэхүү өргөдлийг гаргаж байна. Би одоо 26 настай анх Т.Х-д хайр сэтгэл, залуу нас, амьдралаа зориулан, үр хүүхдийг нь төрүүлэн өсгөхдөө үргэлжийн хайр халамж, халуун дулаан сайхан гэр бүл болохын төлөө л итгэж амьдарсан. Гэтэл энэ хүнээс ямар ч хайр халамж, халуун дотно харьцаа, урмын ганц ч үг сонсохгүй, түүний өмнө байнга буруутан мэт загнуулж, дээрэлхүүлж, доромжлуулж байсаар тэвчээр минь барагдлаа. Ингээд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэрээр өөрийн гэм бурууг ойлгон, хүлээн зөвшөөрч, уучлал гуйхын оронд харин ч өөрийн бурууг бусдад, тухайлбал миний эцэг эхэд нялзаан, өөрийгөө өөрчлөхийг огтхон ч хүсээгүй тул би Т.Х-ээс гэрлэлтээ цуцлуулж, хоёр охиноо өөрийн асрамжинд үлдээн, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр энэхүү өргөдлийг гаргаж байна. Гэр бүлийн дундын хөрөнгө болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, 57-р байрны 11 тоотод байрлах 2 өрөө орон сууцнаас бид 3-т ногдох хэсэг гаргуулж өгнө үү. Тоёота кроун маркийн 76-68 дугаартай суудлын авто машинаас ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Т.Х, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Ч.У-тэй 2008 онд танилцаж гэр бүл болсон. Би МУИС-ийн магистарт сурч байхдаа 4 жил эмээгийндээ амьдарсан. Тэндээс гараад бид байр хөлсөлж амьдарсан. 2011 оны 6 сард Гадаадын харъяатын албанд ажилд ороод Сэлэнгэ аймагт ажиллах болсон. Манай гэр бүлийнхэн Дархан-Уул аймагт манай ээжийн өмчлөлийн 3 өрөө орон сууцанд амьдарч, бүх зүйлийг манай аав, ээж хангаж байсан. Улаанбаатарт байртай больё гээд Баянзүрх дүүргийн 57-48 тоотыг худалдаж авсан. Бид тэр байранд амьдарч байгаагүй. Манай эхнэр Дархан, Сэлэнгэд амьдарч чадахгүй гэдэг. Намайг Сэлэнгэд байхдаа хүнтэй холбогдсон гэж байна, тэр хүмүүс 2-лаа манай ажлын албан хаагч нар. Эхнэр ажлын хамт олон гэсэн ойлголтыг мэддэггүй. Манай байгууллага 70 гаруй албан хаагчтай. Би Сэлэнгэ аймагт хамаатныдаа амьдарч байна. Миний нэр дээр байсан байр нь манай ээж, аавын байр тул буцаагаад авсан. Машины хувьд аав авч өгсөн. Мөнгийг нь төлөөд нэр дээрээ шилжүүлэх гэсэн боловч худалдсан хүн нь гадаад гараад явсан тул нэрийг нь шилжүүлж чадаагүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй, эхнэр ажил төрөл хийдэггүй, орлогогүй тул хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр:    

           Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ш овогт Т.Х, Т.Н овогт Ч.У нарын гэрлэлтийг цуцалж,

           Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 1 дүгээр сарын 13-нд төрсөн Х.Ч-, 2013 оны 9 дүгээр сарын 16-нд төрсөн Х.У- нарыг эх Ч.У-ийн асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.Х-эр тэжээн тэтгүүлж,

          Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Т.Х, эх Ч.У нарт даалгаж,

          Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.У-ийн Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 25-р хороо 13-р хороолол ХД 57 дугаар байрны 4 давхарын №11 тоот орон сууцнаас ногдох хэсэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь Тоёота кроун маркийн 76-68 дугаартай суудлын автомашины үнээс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ч.У-ээс эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 429637 төгрөг, хариуцагч Т.Х-эс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 46495 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулж,

          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Шүрэнчимэгт даалгаж шийдвэрлэжээ. 

           Нэхэмжлэгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Намсрай нар давж заалдсан гомдолдоо:

Би Т.Х-тэй 2008.11.04-нд гэр бүл болон албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ үед бидэнд зориулж Улаанбаатар хотод хоёр өрөө байр авч өгсөн. Бид хоёр 8 жил хамт амьдрах хугацаандаа хоёр охинтой болж, охидууд маань миний асрамжинд эсэн мэнд бойжиж байна. Бид хоёр таарч тохирохгүй болж гэрлэлт цуцлуулж дундын өмч болох байрны оногдох хэсгээ авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар бүлгийн 11 дүгээр зүйлд  гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх ашгийг төр хамгаална гэж ямарч хоёрдмол утгагүй заасан байгаа. Үндсэн хуулийн энэ заалтыг төрийн шүүх үг дуугүй ягштал баримталж бидний эрх ашгийг хамгаална гэж бодож байсан нь талаар боллоо.          

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт “Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан  нь тогтоогдсон нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно” гэж заасан.

            Шүүх холбогдох хуулиа баримтлах үүрэгтэй боловч хэргийн  оролцогчийн хувийн байдал байгалийн хууль, хүн чанар, ёс суртахууны үүднээс хэрэгт хандаж хуулийн заалтаас өөрөөр хэргийг шийдвэрлэж болно гэж үзэж байна.Гэрлэлтээ батлуулсанаас хойш бий болсон хөрөнгө нь хэний нэр дээр байгаагаас үл хамаараад дундын өмч байна гэж хууль тогтоомжинд заасан байдаг.

            Бид хоёр 2008 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Уг байрыг 2011 онд авсан. Уг байр Т.Х-гийн нэр дээр байсан ба би нэхэмжлэл өгөхдөө 2016 оны 01 дүгээр сард уг байрны гэрчилгээний хуулбарыг өгсөн нь одоо хавтаст хэрэгт байгаа. Үүнээс үзэхэд надад байраа алдаж магадгүй гэсэндээ амьдардаг байрнаасаа гадна хэд хэдэн байртай ээждээ 2016.03.02-нд бэлэглэлийн гэрээгээр өгч хууль бус үйлдэл хийснийг шүүх хууль бусаар дэмжиж шийдвэр гаргаж баталгаажуулсанд гомдолтой байна.   Иймд байрны оногдох хэсгийг хоёр охин бид гуравт гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

            Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 555 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.У- нь Т.Х-тэй гэр бүл болж 8 жил амьдарсан. Хариуцагчийн зүгээс гэрлэлтээ цуцлуулахгүй хүүхдээ асарч харна гэж шүүхэд тайлбар гаргасан боловч Ч.У- гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин Улаанбаатар Баянзүрх дүүргийн 87-48 тоот 2 өрөө орон сууцанд Т.Х- Ч.У- нар огт амьдарч байгаагүйгээс гадна  уг орон сууцыг Т.Х-гийн аав ээж худалдан авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Үүнийг ч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа нь шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна. Дархан хотод амьдарч байхдаа Т.Х-гийн аав ээжийнд амьдарч байсан. Харин автомашиныг Т.Х-гийн аав худалдан авч өгсөн учраас гэр бүлийн гишүүдэд хамаарахгүй. Ийм учраас давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.У Т.Х-д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн асрамжийг тогтоож, хуулинд заасан тэтгэлэг гаргуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Ч.У- шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзээд анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Зохигчид шүүхэд гэр бүлийн маргаан үүсгэхээс өмнө Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна./ х/х-ийн 4 хуудас/.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сараар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахыг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид даалгасан боловч гэрлэгчид эвлэрээгүй, шүүхээс олгосон хугацаа дууссан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэлд хавсаргасан бичгийн баримтаас үзвэл зохигчид нь 2008 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон байна./ х/х-ийн 11 хуудас/ Гэрлэгчдийн дундаас 2009 оны 01 дүгээр сарын 13-нд охин Х.Ч-, 2013 оны 09 дүгээр сарын 16-нд охин Х.У- нар төрсөн байна.

Зохигчдын гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд  Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо,13 дугаар хороолол ХД-57 дугаар байр,11 тоот 63 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцтай болсон нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас Т.Хаш-Эрдэнийн нэр дээр 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000139377 тоот гэрчилгээгээр нотлогдоно.

Энэхүү орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн байна. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр /х/х-ийн 50 хуудас/ 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 72.450.000 төгрөгөөр үнэлэгдсэн, энэ талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч Т.Х- маргаж буй орон сууцыг хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өөрийн төрсөн ээж Б.Саранцэцэгийн нэр дээр  нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 “Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэж, Иргэний хуулий 129.3-т “Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлын байдлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно” гэж тус тус зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 72.450.000 төгрөгийн 4/3 хувь болох нэхэмжлэгч Ч.У-, охин Х.Ч-, Х. Нарт оногдох хөрөнгийн дүн  54.337.500 төгрөгийг хариуцагч Т.Х-эс гаргуулж нэхэмжлэгч Ч.У-т олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 555 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг

          “Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.У-ийн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД-57 дугаар байрны 11 тоот орон сууцнаас ногдох хэсэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2,129.3-т зааснаар хариуцагч Т.Х-эс Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД-57 дугаар байрны 11 тоот орон сууцнаас нэхэмжлэгч Ч.У-, Х.Ч-, Х.У- нарт ногдох хэсэг 54.337.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.У-т олгосугай” гэж,

7 дахь заалтыг “хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” гэснийг  “499.837 төгрөг гаргуулж” гэж тус тус  өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч  Ч.У-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429.637 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.У-т олгосугай.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ОЮУНЦЭЦЭГ 

                           ШҮҮГЧИД                                                С.ЭНХЖАРГАЛ

                                                                                            Л.АМАРСАНАА