Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 94

 

С.Мягмардэмбэрэлд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч С.Мягмардэмбэрэл,

хохирогчийн өмгөөлөгч Д.Нямдорж,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн С.Мягмардэмбэрэлд холбогдох 201625020606 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Баян овгийн Сүхбаатарын Мягмардэмбэрэл, 1990 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, охин, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: УХ90100236/,

С.Мягмардэмбэрэл нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны 21 цаг 44 минутанд, мөн 2016 оны 2 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар их дэлгүүр” ХХК-ийн инженерийн компьютерт суулгасан “Teamviewer” программ ашиглан зөвшөөрөлгүйгээр хандаж компанийн барилгын автоматжуулалтын систем болох BMS сервер санхүүгийн “Mysoft” программыг устган радио узел болон удирдлагын өрөөний компьютеруудад нэвтэрч тохиргоог өөрчилж “Улаанбаатар их дэлгүүр” ХХК, “Зөгийн зах” ХХК, “Түшиг престиж” ХХКомпаниудад 13.548.946 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: С.Мягмардэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч С.Мягмардэмбэрэлд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн зөрчилтэй гэж үзэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ. Үүнд:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу “гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасны дагуу тухайн гэмт хэргийн улмаас Улаанбаатар их дэлгүүр ХХК, Зөгийн зах ХХК, Түшиг престиж ХХК-иуд хохирчээ. Мөрдөн байцаалтын явцад хохирогчоор тогтоогдсон Б.Ариунбилэг нь шүүх хуралдаанд Улаанбаатар их дэлгүүр ХХК, Зөгийн зах ХХК, Түшиг престиж ХХК-иудыг төлөөлж хэрхэн хохиросон талаар мэдүүлэх боловч тэрээр тухайн компаниудыг төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг хэрэгт авагдсан “Түшиг групп”-ын ерөнхийлөгч Г.Сүхээгийн албан бичгийн дагуу тогтоосон нь учир дутагдалтай байна. Тодруулбал тухайн компаниуд нь ямар эрх зүйн байдалтай болох, үйл ажиллагаа явуулах чиглэл, Улаанбаатар их дэлгүүр ХХК, Зөгийн зах ХХК, Түшиг престиж ХХК-иуд хоорондоо хуульд зааснаар хэрхэн яаж холбоотой болох, тэдгээр хуулийн этгээдүүдийг Б.Ариунбилэг төлөөлж хохирогчоор тогтоогдон оролцож байгаа нь зөвхөн “Түшиг групп”-ын ерөнхийлөгч Г.Сүхээгийн албан бичигт үндэслэж тогтоосон нь ойлгомжгүй, “Түшиг групп”-ын ерөнхийлөгч Г.Сүхээ гэгч хууль ёсны дагуу тэдгээр компаниудыг хариуцах этгээд мөн эсэхийг тодруулаагүй,

2. Шүүгдэгч С.Мягмардэмбэрэлийн Улаанбаатар их дэлгүүр ХХК, Зөгийн зах ХХК, Түшиг престиж ХХК-иудын компьютерийн программд зөвшөөрөлгүйгээр санаатай нэвтэрч программыг устгаж, тохиргоог өөрчилж, гэмтээсэн гэх үйлдлийн улмаас тухайн компаниудын ямар мэдээллүүд устаж, гэмтсэн болох, тэдгээр мэдээллүүдийн үнэ цэнийг тогтоогоогүй,

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан шинжээчийн 1618, 1619 дугаартай дүгнэлтүүдэд компьютер хоорондын хандалтуудыг хэрхэн яаж явагдсаныг, Итгэл-Эстимэйт ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлтээр компаниудын устсан, гэмтсэн программ, мэдээллүүдийг сэргээхэд гарах зардлыг тусгасан боловч чухам ямар мэдээлэл устаж гэмтэн, компанийн үйл ажиллагаа хэрхэн яаж доголдож, ямар хор уршиг учирсныг нарийвчлан тогтоох шаардлагатай.

Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур “Итгэл-Эстимэйт” ХХК-иар хохирлын үнэлгээний тайланг хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулжээ. Мөрдөн байцаагч дээрх байгууллагыг шинжээчээр томилохдоо шинжилгээ хийх эрх бүхий мэдлэг чадвартай этгээд гэдгийг юунд үндэслэж тогтоосон нь ойлгомжгүй, шинжилгээ хийх, шинжээч томилох тогтоолд шинжилгээний байгууллагын нэрийг дурдахдаа “Итгэл Эсдимэйнт ХХК” гэж нэрийг бичсэн зэрэг зөрчилтэйгээс гадна тухайн шинжээчийн дүгнэлтээр 3 компанид 13.548.946 төгрөгийн хохирол учирсан гэх боловч “Улаанбаатар их дэлгүүр” ХХК-д 13.292.000 төгрөгийн, “Түшиг престиж” ХХК-д 23.492.000 төгрөгийн, “Зөгийн зах” ХХК-д 879.120.000 төгрөгийн хохирол учирсан талаар хохирогч нар мэдүүлжээ. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээчийг томилж, хохирсон гэх хуулийн этгээдүүдэд учирсан хохирол, төлбөрийг бодитой тогтоох зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн гүйцэт тогтоогоогүй гэх үндэслэлээр С.Мягмардэмбэрэлд холбогдох 201625020606 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор П.Даваасүрэн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1. Хохирогч Б.Ариунбилэг шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд “Би Улаанбаатар их дэлгүүрийн инженер техникийн албаны даргаар ажилладаг. ...Зөгийн зах ХХК, Түшиг престиж ХХК-иуд нь Улаанбаатар их дэлгүүрийн салбар бөгөөд охин компани бөгөөд ерөнхий захирал нь Б.Сүхээ гэдэг нэг эзэнтэй дээрхи 3 компани нэг л автоматжуулалтын системээр үйл ажиллагаа явуулдаг 1 инженерийн баг хариуцан ажилладаг юм.” гэсэн мэдүүлгийг өгсөн. Түүний мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн нотлох баримт болно. Түшиг ХХК ерөнхийлөгч Г.Сүхээгийн албан бичигт Улаанбаатар Их дэлгүүр ХХК болон Зөгийн зах ХХК-иуд нь Түшиг ХХК-ний охин компани болох талаар дурджээ. Компанийн тухай хуулийн 6.3-т Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-иас дээш хувийг өөр компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ. 6.4-т Охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах ба толгой компани нь компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргана” гэсэн заалтаас үзэхэд Түшиг ХХК нь толгой компани болох нь тодорхой харагдана. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т “...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж тамга, тэмдэг дарсан байх” шаардлага тавигддаг ба энэхүү хуулийн шаардлагын дагуу олгогдсон итгэмжлэлээр Б.Ариунбилэгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөн байцаагчийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй юм. Мөн мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд Улаанбаатар их дэлгүүр ХХК, Зөгийн зах ХХК-с тусдаа хохирол нэхэмжилж байгаа талаарх баримтыг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Шинжээчийн дүгнэлтүүдэд программ, мэдээллүүдийг эргээн сэргээхэд гарах зардлыг тодорхой дурдсан бөгөөд энэ талаар шүүгч өөрийн захирамжиндаа дурдсан болно. Хэрэв шүүх, шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийн талаар нарийвчилсан тооцоог гаргах боломжгүй гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Учир дээрх гэмт хэрэг нь хохирлын хэмжээгээр зүйлчлэл өөрчлөгддөг гэмт хэрэг биш юм.

3. Итгэл-Эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд энэ талаарх баримтыг шинжээчийн дүгнэлтийн удиртгал хэсгээс харах бүрэн боломжтой. Итгэл-Эстимейт ХХК-ны нэрийг ташаа бичсэн техникийн алдаа нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд мөрдөн байцаалтаар хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Ариунбилэгийн өмгөөлөгч Д.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Мэдээллийн сүлжээг гэмтээсэн, тоног төхөөрөмжийг эвдсэн гэмт хэргийн тухайд мэдээллийн үнэ цэнийг тогтоох ёстой гэж үзсэн. Уг гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагуудын харилцагч, үйлчлүүлэгч нартай холбоотой 2000 гаруй баримт бичиг утсгагдсан. Энэ мөрдөн байцаалтын ажиллагаагаар огт тогтоогдоогүй. Мөн хохирогч байгууллагуудад хэрэглэгдэж байсан санхүүгийн программууд ашиглагдах боломжгүй болсон нөхцөл байдлыг мөн шалгаж тогтоогоогүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу Сангийн яамнаас “Итгэл эстимэйт” ХХК-нд зөвхөн аливаа эд зүйлийн зах зээл дэх бодит үнэлгээг тогтоох эрх олгогдсон. Сангийн яамнаас “Итгэл эстимэйт” ХХК-д аливаа зүйлийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоох эрх олгогдсон. Иймд “Итгэл эстимэйт” ХХК нь мэдээллийн бодит үнэ цэнийг тогтоох боломжгүй. Сангийн яамнаас “Итгэл эстимэйт” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл хавтаст хэрэгт байхгүй. Хавтаст хэрэгт Улаанбаатар их дэлгүүрийн гүцэтгэх захирал Даваажарал, Түшиг престиж ХХК-ын захирал Алтансувд, Зөгийн зах ХХК-ийн захирал Оюунчимэг нар төлөөлөхөөр заасан. Гэтэл Сүхээ гэх хүн эдгээр компаниудыг төлөөлнө гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Мягмардэмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

ХЯНАВАЛ:

С.Мягмардэмбэрэлд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Учир нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Мягмардэмбэрэлийн холбогдсон гэмт хэргийн улмаас хохирсон хуулийн этгээд, тэдгээрийг төлөөлөх эрхтэй хууль ёсны төлөөлөгч нарыг зөв тогтоож байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулан, улмаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг заавал нотолж тогтоосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байна.

Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол С.Мягмардэмбэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧИД                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ  

                                                           Ц.ОЧ