Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/00772

 

Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06876 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 595 дугаар магадлалтай,

Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарын нэхэмжлэлтэй,

Б.Манлайжав, Ч.Цагаансарнай нарт холбогдох,

Ч.Цагаансарнайгаас 2.000.000 төгрөг, Б.Манлайжаваас 13.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Манлайжавын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагч Б.Манлайжав, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам бид эхнэр нөхөр бөгөөд 2014 оноос автомашинаа тавих автозогсоол хайж эхэлсэн бөгөөд энэ талаараа хажуу байрныхаа орцны жижүүр Ч.Цагаансарнайд хэлэхэд хажуу талын 81 дүгээр байрны зоорийн давхар 3 тоотод байршилтай авто зогсоолыг иргэн Б.Манлайжав нь 18.000.000 төгрөгөөр худалдана гэж хэлсэн. Бид гараашийг нь худалдан авахаар тохиролцсоны дагуу Б.Манлайжавт бэлнээр 2.000.000, Хаан банкин дахь 5027652484 тоот дансанд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000, нийт 13.000.000 төгрөг шилжүүлсэн. 13.000.000 төгрөг авсан талаараа Б.Манлайжав нь 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эрүүгийн 201525011240 тоот хэрэгт гэрчээр байцаалт өгөхдөө хүртэл хэлсэн байдаг. Мөн Ч.Цагаансарнайд 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл бид хоёр гараашаа аваагүй, мөнгөө ч аваагүй хохирч байна.Энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан боловч Ч.Цагаансарнайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Мөнгөншагай нь Б.Манлайжавын ХААН банкны 5027652484 тоот данс руу гарааш худалдан авахаар хоёр удаа мөнгө шилжүүлэхдээ өөрийн ХААН банкны төгрөгийн 5017100386 тоот данснаас шилжүүлж байсан болно. Гэтэл Б.Манлайжав нь Б.Мөнгөншагай миний дансыг мэдсээр байж, надад хэлэлгүйгээр миний огт танихгүй Б.Анар гэдэг хүний данс руу 13.000.000 төгрөг шилжүүлснийг төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй.

Иймд Ч.Цагаансарнайгаас 2.000.000 төгрөг, Б.Манлайжаваас 13.000.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Манлайжав шүүхэд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэл гаргасан Б.Мөнгөншагайг би огт танихгүй. 2012 оноос эхлэн би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 дүгээр байрны доод зоорийн давхрын 3 тоот автозогсоолыг өмчилж авсан. 2014 онд нүүх болж орцны жижүүр Ч.Цагаансарнайд би зогсоолоо 20.000.000 төгрөгөөр зарж авах хүн мэдэж сурч байгаарай гэж хэлж байсан. Нэлээн хэд хоногийн дараа манай хамаатны дүү Б.Мөнгөншагай, эхнэр Анар нар авахаар болсон та дансаа өгөөч мөнгөө 3 хувааж өгье гэсэн. Би Ч.Цагаансарнайд дансаа, мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуулбарлан өгсөн. Ингээд надад Ч.Цагаансарнай ажил дээр бэлнээр 6.000.000 төгрөг авчирч баримт бичиж өгсөн. Мөн миний ХААН банкны 5027652484 тоот дансаар 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг шилжин орсон ба Б.Мөнгөншагайн эсвэл Анарын данснаас орж ирсэн эсэхийг би тухайн үед мэдээгүй. Үлдэгдэл мөнгөө шилжүүлэхгүй болохоор нь Ч.Цагаансарнайн гараашаа зарахаа болилоо гэхэд та манай дүү Анарт мөнгийг нь буцаагаад өгчих, танай ажил руу явуулчихъя гэсэн. Ингээд Анар гэдэг залуу ирсэн. Би гайхаад Б.Мөнгөншагай танай юу юм бэ гэхэд эхнэр маань гэж хэлсэн. Ингээд Анарын ХААН банкны 5058156171 тоот данс руу 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ч.Цагаансарнай нь залилангийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирлоо Б.Мөнгөншагайд төлж барагдуулахаа илэрхийлсэн.

Иймд гэмт хэрэг үйлдсэн хүнээс гэм хорын хохирол болох 13.000.000 төгрөгийг нэхэмжилнэ үү. Б.Манлайжав миний бие үүнд ямар ч хамааралгүй тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Цагаансарнай шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд иргэн Б.Мөнгөншагайгийн гарааш авахаар шилжүүлсэн мөнгийг нь цувуулан авч дүүгийнхээ дансаар авч өгсөн. Дүү маань түр хэрэглээд буцааж өгнө гэж авсан. Одоо хүртэл өгөөгүй хүний мөнгийг дур мэдэн авч хэрэглэсэн. Энэ мөнгийг би буцаан төлөх болно. Одоо ажилгүй нялх хүүхэдтэй болохоор хавар цалинтай ажилд орохоороо төлөх болно. энэ мөнгөний асуудалд гараашийн эзэн Б.Манлайжав нь хамаагүй болно. Б.Манлайжав нь мөнгийг 3 хувааж Анарын дансаар шилжүүлсэн болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06876 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Цагаансарнайгаас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Манлайжавт холбогдох 13.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ч.Цагаансарнайгаас 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 595 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06876 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Манлайжаваас 11.000.000 төгрөгийг, Ч.Цагаансарнайгаас 2.000.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Б.Манлайжаваас 190.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Манлайжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017-02-24-ний өдрийн 595 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хариуцагч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулсан.Хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн маргаантай асуудалд шууд хамааралгүй гэж дүгнэсэн нь хүуль зүйн үндэслэлгүй.Учир нь: нэхэмжлэгч Мөнгөншагайгийн шилжүүлсэн 11.000.000 төгрөгийг би өөрийн өмчлөлдөө бүр мөсөн шилжүүлэн аваагүй ба хариуцагч Цагаансарнай гэгчид залилуулан дээрх мөнгийг Анар гэгчийн данс руу буцаан шилжүүлсэн. Мөн Цагаансарнай нь гэмт хэрэг үйлдэн дээрх 11.000.000 төгрөгийг надаас залилж авсан болох нь эрүүгийн 201525011240 тоот хэрэгт шалгагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа. Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон ба Мөнгөншагайд учруулсан 15.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа Ч.Цагаансарнай хүлээн зөвшөөрч илэрхийлсэн байдаг. Иймд Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...гараж зарах хүн байгаа эсэх талаар жижүүр Ч.Цагаансарнайгаас асуухад Б.Манлайжав зогсоолоо 18.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн, ...дансаар 11.000.000 төгрөг, бэлнээр 2.000.000 төгрөг нийт 13.000.000 төгрөг, Ч.Цагаансарнайд 2.000.000 төгрөг өгсөн, ...гаражаа аваагүй тул өгсөн мөнгийг буцаан гаргуулж өгнө үү ” гэжээ.

Хариуцагч Б.Манлайжав өөрт холбогдох шаардлагыг эс зөвшөөрөхдөө “...зогсоолоо зарна авах хүн мэдэж байгаарай гэж Ч.Цагаансарнайд хэлсэн, хэд хоногийн дараа дүү Б.Мөнгөншагай, түүний эхнэр Анар нар авья гэсэн гээд данс авч, бэлнээр 6.000.000 төгрөг өгч, дансаар 5.000.000 төгрөг шилжүүлсэн, ...үлдэгдэл мөнгөө өгөхгүй болохоор зарахаа болилоо гэхэд Анарын дансанд шилжүүлчих гэсний дагуу  буцаан шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргаж,  маргажээ. Харин хариуцагч Ч.Цагаансарнай нэхэмжилсэн бүх мөнгийг төлөхийг зөвшөөрөхдөө “...Б.Манлайжав нь Б.Мөнгөншагайгийн шилжүүлсэн мөнгийг дүү Анарын дансаар буцаан шилжүүлсэн” гэсэн тайлбар гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нар нь Б.Манлайжавын ХААН банкны 5027652484 тоот дансанд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 6 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 11.000.000 төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг гаражийн төлбөр гэж бичсэн байх ба хариуцагч Б.Манлайжав нь 2014 оны 8, 9 дүгээр сард Н.Анарын 5058156171 тоот дансанд гаражийн мөнгөний буцаалт гэсэн утгатайгаар 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогджээ.

Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагч Б.Манлайжав нэхэмжилсэн 13.000.000 төгрөгийг хариуцах эсэх нь маргааны зүйл болжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан.

Худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахаар хуульд тусгайлан заагаагүй хэдий ч талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон байх шаардлагатай.

Зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч болон хариуцагч Б.Манлайжав нар бие биеэ танихгүй бөгөөд хэн аль нь гараж зарах, авах тухайгаа Ч.Цагаансарнайд хэлж, улмаар түүний өгсөн дансанд мөнгийг харилцан шилжүүлсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, талууд маргааны зүйл болох гаражийг хэдэн төгрөгөөр худалдах гэж байгаа, үнийг хэрхэн яаж төлөх талаар харилцан тохиролцоогүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх “...Б.Манлайжав болон нэхэмжлэгч нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу” гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх Б.Манлайжавыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, түүнээс 11.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Б.Манлайжавыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан нөхцлүүд бүрдсэн байх шаардлагатай. Тодруулбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүргийг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон нь тогтоогдсон байх учиртай.    

Нэхэмжлэгч болон Б.Манлайжав нарын хооронд гэрээ байгуулагдаагүйгээс гадна хариуцагч гаражийн үнэ 11.000.000 төгрөгийг Н.Анарын дансанд буцаан шилжүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагч Б.Манлайжаваас 13.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 40, 43, 243 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Ч.Цагаансарнай нь нэхэмжлэгчээс 2.000.000 төгрөг авснаа үгүйсгээгүй бөгөөд тэдгээрийн хооронд хууль болон гэрээнд заасан үүрэг үүсээгүй байна. Тэрээр Б.Манлайжавын эзэмшлийн авто зогсоолыг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад зарсан гэмт хэрэг үйлдсэн боловч Баянзүрх дүүргийн прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2708 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ /хэргийн 12 дугаар тал/.

Хариуцагч Ч.Цагаансарнай нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангахдаа гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг үндэслэл болгосныг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар хохирлоо гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 595 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 190.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ