Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: П.Бямбасүрэн;

шүүгдэгч: Ц.Ариунболд, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогоогийн Ариунболдод холбогдох эрүүгийн 1709015440413 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 14 дүгээр гудамжны 200 тоотод оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

              Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, гавъяа шагналгүй, УХ96083138 регистерийн дугаартай, Боржигон овогт Цогоогийн Ариунболд.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Ц.Ариунболд нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 29 дүгээр гудамжны 243 тоот оршин суух Ч.Номингийн эзэмшлийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор 2017 оны 10 дугаар сарын 05-ны оройн 21 цагийн үед хууль бусаар нэвтэрч “АСЕР” загварын 15 инчийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ариунболд мэдүүлэхдээ: Би энэ хэргийг Бүрэнбатын Хосбаяр гэгчтэй хамтарч үйлдсэн юм. 2017 оны 10 дугаар сарын 05-ны 16 цагийн үед Б.Хосбаяр гэгчтэй тааралдаж хохирогч Ч.Номингийн гэрт орж нөүтбүүк авсан. Авсан эд зйүлээ танихгүй хүнд 200.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед би байшингийн гадаа хүн харж байсан, ингэхдээ цонхны тавцан дээр гараа тавьсан байсан. Иймд энэ хэргийг хамтарч үйлдсэн Бүрэнбатын Хосбаяртай хамт хэргээ шийдвэрлүүлэх, мөн өөр дүүрэгт хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  хохирогч Ч.Номин /хх-ийн 14-17/,           гэрч Д.Нармандах /хх-ийн 19-20/ нарын мэдүүлэг, Ц.Ариунболдын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/409 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-27/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-69/, Ц.Ариунболдын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-34,52-56/,  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-40/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-46/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-91/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 99-109/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Ариунболд нь 2017 оны  10 дугаар сарын 05-ны орой иргэн Ч.Номингийн гэрээс буюу  Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 29 дүгээр гудамжны 243 тоотоос 15 инчийн “ACER” маркийн зөөврийн компьютер хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

            хохирогч Ч.Номингийн /хх-ийн 14-17/: “... 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ 09 цагийн үед гарсан. Орой 21 цагийн үед ирэхэд байшингийн хаалганы хажуу талын цонх онгорхой, гэрийн хаалга хаалттай байхаар нь түлхүүрээр онгойлгон дотогш ороход 2 дугаар давхарын өрөөнд байсан “Асер” маркийн 15 инчийн зөөврийн компьютер алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Д.Нармандахын /хх-ийн 19-20/: “…Би охин Номинтой цуг амьдардаг юм. Гэрт ирэхэд манай гэрт хулгай орчихсон байдалтай, цонх онгорхой байсан, эд зүйлсээ шалгахад манай охины нөүтбүүк нь алга болчихсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

 Ц.Ариунболдын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31-32/: “... 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16-17 цагийн үед 2 давхар улаан өнгийн тоосгон байшингийн үүдний хэсгийн цонхоор нь ороод нэг зөөврийн компьютер авсан. Би ганцаараа явсан, тэр айлыг эзэнгүй байхаар нь орсон, мөнгө хэрэг болсон болхоор хулгай хийсэн. Эд зүйлээ танихгүй хүнд зарсан, одоо нөгөө хүнээ хаана байгаа талаар мэдэхгүй, олохгүй...” гэсэн мэдүүлгээр,

    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/409 дугаартай дүгнэлтээр: “...шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын онгорхой цонхны гадна талаас бэхжүүлэн авсан 1 ширхэг гарын мөр нь санд М1М005210007321 гэсэн дугаараар Цогоо овогтой Ариунболдын нэрээр санд 3 удаа бүртгэгдсэн гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №03/409 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 22-24/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 /,  “Асер” маркийн 15 инчийн зөөврийн компьютерийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 750.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-56/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

 Дээрх нотлох баримтууд “хохирогч гэрээсээ эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг гэрээс нь нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийг буцаан өгсөн, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг  үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Ц.Ариунболдын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ариунболдын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Ц.Ариунболд дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэх боловч энэ талаар эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт мөрдөн байцаалтаар авагдаагүй, мөн энэ хэргээс өөр хэрэгт шалгагдаж  буйг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгчийн энэ санал нь хэргийн шийдвэрлэлтийг удаашруулах, шүүн таслах ажиллагаанд саад болох зорилготой гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг хангах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 750.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Ариунболдоос гаргуулж хохирогч Ч.Номинд  олгох нь зүйтэй. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Ц.Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Ц.Ариунболд нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 397 дугаар магадлалаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Ц.Ариунболдын 2017 оны  10 дугаар сарын 05-ны орой иргэн Ч.Номингийн гэрээс 15 инчийн “ACER” маркийн зөөврийн компьютер хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч энэ гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэргүүдтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгчид хэд хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цогоогийн Ариунболдыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ариунболдыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2,  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ариунболдод энэ тогтоолоор оногдуулсан  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 11 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Ариунболдын биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 6 жил 11 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ариунболдод оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ариунболд энэ хэрэгтээ 128 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Ариунболдоос нийт 750.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Номинд олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ариунболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Аиунболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ