Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 4677

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилтын 2-160 тоотод оршин суух, Боржигон овогт Доржсүрэнгийн Мөнгөнтуяа /РД: ЖЮ70072000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Хишиг арвин индустриал Бюлдинг, өөрийн байранд байрлах, “Хишиг Арвин Индустриал” ХХК /РД: 2762412/-д холбогдох,

 

Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Г.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

Нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Хишиг арвин индустриал” ХХК-д барилгын няраваар ажилд орж, мөн өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би энэ байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Би 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 6 хоногийн хугацаатай эмнэлэгт хэвтсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа очиход нябо Сайханчимэг утсаар “тооллого орно, таныг ажлаас халахаар болсон” гэж хэлсэн. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би агуулахын бүх бараа, материалаа тоолж хүлээлгэж өгсөн, харин 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Г-16/066 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 05 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Гэтэл би өмнө нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаснаа ойлгохгүй байна. Мөн тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 8.3.6-д заасныг баримталсан байх боловч надад хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулаагүй, мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдал”-д ямар зөрчил ордогийг нь ч мэдэхгүй. Харин захирал н.Бямбажамц нөхрийнхөө төрсөн дүү нярав н.Туулаар “...хоол хийдэггүй, зан харилцаа муу” гэсэн утга бүхий өргөдөл бичүүлж, ажилчдаар албадан гарын үсэг зуруулсан талаар хамт ажиллаж байсан хүмүүс дурдсан бөгөөд тэдгээр ажилчид ажлаас халах хүртэл ийм арга хэмжээ авна гэж бодоогүй гэж тайлбарлаж байна. Ийнхүү хүмүүсээр албан хүчээр гарын үсэг зуруулсан өргөдөл намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж би үзэхгүй байна. Иймд “Хишиг арвин индустриал” ХХК-ийн барилгын няравын ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Хишиг Арвин Индустриал” ХХК 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Д.Мөнгөнтуяаг барилгын няравын орон тоон дээр ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа “манайх барилгын хэлтэс цөөн ажилтантай, одоогоор ажил жигдрээгүй байгаа тул ажил багатай учир няравын ажлынхаа хажуугаар хоол хийх, цаг буртгэх зэрэг ажлуудыг хийнэ, бид ч барилгын салбар уналттай байгаа энэ үед нэг ажилтнаа ч гэсэн амраахгүйгээр өөр ажил ч гэсэн хийлгээд аль болох байнгын ажилтай байлгана” гэдэг талаар амаар хэлж тухайн ажилтантай тохиролцсон. Өөрөө ч бидэнд би хоол хийж чадахгүй гэдэг талаар гомдол гаргаж байгаагүй. Гэтэл тухайн ажилтан ажлын байран дээр гараад эхний хэдэн сар сайн ажиллаж байсан боловч суүлрүүгээ барилгын туслах ажилчдаас: Мөнгөнтуяа нярав бид нарыг дээрэлхэж, “хоолоо өрөөнд оруулж ирж өгч бай” гэх зэргээр загнаж, зан ааш нь олдохгүй хэцүү хүн байна, ийм хүнтэй цуг ажиллачад хэцүү байна, бид уг нь ннженерийн удирдлагад ажиллах ёстой хүмүүс гэтэл энэ хүн бид нарыг байнга загнаж хүн биш мэт үзэж байна” гэх гомдол удаа дараа амаар хэлж байсан. Хамгийн сүүлд барилгын туслах Баянжаргал, Ганбаатар, Буянбаатар, Батцэрэн, Батбилэг, цахилгаанчин Болд зэрэг хүмүүсийн гарын үсэгтэй өргөдөл хоёр ч удаа ирсэн. Үүний дагуу миний дээрхи ажилчдын төлөөллийг дуудаж уулзахад өргөдөл дээр бичсэн зүйлээ үнэн болохыг батлаж, Мөнгөнтуяа няравт бид нарыг өргөдөл өгсөн гэж битий хэлээрэй, хэл ам нь дийлддэггүй хэцүү хүн байгаа юм аа, бид нарт арга хэмжээ авхуулна, ажлаас халуулна гэх зэргээр байнга сүрдүүлээд байдаг гэж байсан. Барилгын нягтлангаас тухайн ажилтны зан харьцааны талаар асуухад няравын ажилдаа гайгүй, харин барилгын туслахуудтай хэл амаа олдоггүй хүн гэж байсан. Энэ нь тухайн ажилтныг ажлаас халах үндэслэл болсон бөгөөд энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан ажлаас шууд халах ноцтой зөрчил болох талаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орж байгаа ажилчдад нэг бүрчлэн танилцуулдаг. Нярав Мөнгөнтуяад ч энэ талаар тайлбарласан. Манай компани байгуулагдаад 20-иод жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, ажлын байрны дарамт, зүй бус харьцааг хориглосон заалтыг дотоод дүрэм журамдаа тусгаж ирсэн. Иймд тухайн ажилтанд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлд заасан “ажил үүргийн болон мэргэжлийн болон ёс зүйн алдаа дутагдал гаргах” болон “хамт олонтойгоо зүй бусаар харьцсан, тэднийг хэл үгээр бусдын дэргэд гутаан доромжилсон, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц байдлыг бий болгосон” зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан үндэслэлээр ажлаас халсан болно. Иймд Д.Мөнгөнтуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяа нь барилгын няравын ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Хишиг Арвин Индустриал” ХХК нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 300 000 төгрөийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны 459022279 тоот дансанд шилжүүлж, 2016 оны 5, 6 дугаар сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяа нь хариуцагч “Хишиг Арвин Индустриал” ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нь барилгын няравын ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Хишиг Арвин Индустриал” ХХК нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 300 000 төгрөийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны 459022279 тоот дансанд шилжүүлж, 2016 оны 5, 6 дугаар сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр зохигч эвлэрсэн нь талуудын эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй, “Хишиг Арвин Индустриал” ХХК-д холбогдох, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Мөнгөнтуяа нь барилгын няравын ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Хишиг Арвин Индустриал” ХХК нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 300 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны 459022279 тоот дансанд шилжүүлж, 2016 оны 5, 6 дугаар сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 51 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН