| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0218/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Ц.Амгаланбаатар;
шүүгдэгч: Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. холбогдох эрүүгийн 1809036141072 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-4-За тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39Б байрны 113 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ............1 регистерийн дугаартай, Боржигон ............
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах нийтийн байрны 4 тоотод “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж худал хэлэн Ч.Эрдэнэбаатараас 2018 оны 07 сарын 03-ны өдөр 150.000 төгрөг, 2018 оны 07 сарын 04-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 236.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 60.000 төгрөг нийт 4 удаагийн үйлдлээр 546.000 төгрөг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Хийсэн хэрэг тодорхой тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөврөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Эрдэнэбаатар /хх-ийн 14-16/, гэрч О.Оюун-Эрдэнэ /хх-ийн 20-21/ нарын мэдүүлэг, Б.Бийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-19, 23-25/, Б.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-28/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Б нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах нийтийн байрны 4 тоотод “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан Ч.Эрдэнэбаатараас 4 удаагийн үйлдлээр 546.000 төгрөгийг залилан авсан болох нь:
хохирогч Ч.Эрдэнэбаатарын /хх-ийн 14-16/: “...Би тухайн үед жолооны үнэмлэхгүй байсан учир тэр хоёроос “жолооны үнэмлэх гаргаж өгөх хүн байна уу” гэж асуусан. Тэгтэл Бөхбилэг надад хандан “замын цагдаагийн газар нэг таньдаг хурандаа байдаг юм, тэр хүн найдвартай гаргаж өгнө” гэж хэлсэн. Би түүнд итгээд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гадна бэлнээр 150.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа ажлынхаа хүний дансаар 236.000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа дахин 60.000 төгрөг, 100.000 төгрөг шилжүүлсэн…” гэх мэдүүлгээр,
Б.Бийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 17-19, 23-25/: “...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах нийтийн байрны 4 тоот өрөөнд өөрийн танил ах Эрдэнэбаатар, ах Отгонбаяр нартай архи ууж байхад Эрдэнэбаатар бид нарт хандаж “жолооны үнэмлэхээ гаргуулж авмаар байна, эрхээ хасуулчихсан юм” гэж ярьж байсан. Надад мөнгөний хэрэг байсан тул Эрдэнэбаатарт “надад таньдаг хүн байгаа” гэж худлаа хэлж итгүүлээд 150.000 төгрөг бэлэн авсан. Хэд хоногийн дараа 200.000 төгрөгийг хүний данс ашиглан шилжүүлж авсан. Дахиад 2 удаа танихгүй хүний дансны дугаарыг Эрдэнэбаатарт хэлж мөнгө шилжүүлэн авсан. Би Эрдэнэбаатараас 4 удаа мөнгө авахдаа нийт 546.000 төгрөг авсан. Авсан мөнгөө үрээд дууссан...” гэх мэдүүлгээр болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.Бийн “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн гэсэн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчоос худал хэлж мөнгө авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь “жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийн мөнгийг өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна.
Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Б.Бийн хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож,бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нийт 546.000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан байна.
Ийм учраас шүүгдэгч Б.Бээс дээрх мөнгийг гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэстэй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Бийг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баясахын Бөхбилэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг нийт 300 (зурван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 546.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Эрдэнэбаатарт олгосугай.
6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ