Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2023/00049

 

 

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2023/00049

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 554 дугаартай шийдвэр

 Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаа хөрөнгө болох хувийн орон сууц, хашааны газрын хамтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

 Хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ..Иргэн *******, ******* нар нь мөнгөний хэрэгцээ гараад байна, та мөнгө зээлүүлээч гэсэн тул Б. ******* би 2021 оны 10-р сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад 20,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 2022 оны 4-р сарын 15-ны өдөр эргэж төлөгдөхөөр зээлүүлсэн юм. Иргэн *******. *******, *******. *******нар мөнгө зээлэхдээ Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар суманд байдаг 624 мкв хэмжээтэй гэр орон сууцны хашааны газрыг барьцаалсан юм. Зээлдэгч *******. *******, *******. *******нар 20,000,000 төгрөгийг зээлснийхээ дараа нэмж 2021 оны 10-р сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021 оны 10-р сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг зээлсэн бөгөөд нийт 30,000,000 төгрөгийг надаас 10 хувийн хүүтэй зээлсэн юм. Энэ зээлсэн 30,000,000 төгрөгийн 1 сард төлөх хүү 3,000,000 төгрөг бөгөөд нийт 6 сард төлөх хүү 18,000,000 төгрөг надад төлөх ёстой боловч 2021 оны 10-р сарын 15-аас 2022 оны 04-р сарын 15-н хүртэл 6-н сарын хугацаанд огт мөнгө өгөөгүй юм. Үүний дараа 2022 оны 4-р сарын 18-ны өдөр бид харилцан тохиролцож дахин зээлийн гэрээ хийж надаас зээлж авсан 30,000,000 төгрөгийн хүүг 5 хувь болгож 6 сарын хугацаагаар сунгаж гэрээ байгуулж, 1 сард төлөх хүү 1,500,000 төгрөг бөгөөд нийт 6 сард төлөх хүү 9,000,000 төгрөг надад төлөх ёстой боловч 2022 оны 04-р сарын 18-аас 2022 оны 10-р сарын 18н хүртэл 6-н сарын хугацаанд мөн л огт мөнгө өгөөгүй юм. Энэ зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгч нар Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум ******* баг ******* гудамж тоот 57,5 мкв талбайтай хувийн орон сууцыг барьцаалсан юм. Барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн юм. Зээлдэгч *******, ******* нар нь Б. ******* надаас зээлсэн 30,000,000 төгрөг, мөн 2021 оны 10-р сарын 15-ны ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ-ний нөхцөлд заагдсан 2021 оны 10-р сарын 15-аас 2022 оны 04-р сарын 15н хүртэлх 6 сарын хүү 18,000,000 төгрөг, 2022 оны 04-р сарын 18-ны өдрийн сунгасан ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ-ний 2022 оны 04-р сарын 18-аас 2022 оны 10-р сарын 18 хүртэлх 6 сарын хүү 9,000,000 төгрөг, мөн ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ-ний 3.7д зааснаар хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх ёстой. 2022 оны 04-р сарын 18-аас 2022 оны 10-р сарын 18н хүртэл 6-н сар буюу 180 хоногийн алданги /30,000,000 төгрөгийн 1 хоногийн 0,3 хувийн алданги 90,000 төгрөг/ 16,200,000 төгрөг. Нийт 73,200,000 төгрөгийг надад төлөхгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй намайг хохироож байгаа тул мөнгө зээлэхдээ хувийн орон сууц болон гэр орон сууцны хашааны газар барьцаалсан тул энэ барьцааны зүйлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

 1. ..*******эцгээ овогтой ******* хамт мөнгө зээлсэн, *******бид хоёр 2021 оны 10 сарын 15-ны өдөр *******ээс 20 сая төгрөг 10% хүүтэй зээлсэн нь үнэн болно. 2021 оны 10 сарын 25-нд 6 сая төгрөг, 2021 оны 10 сарын 28-нд 4 сая төгрөг нийт 30 сая төгрөг ******* гэдэг хүнээс 10% хүүтэй зээлсэн нь үнэн хүлээн зөвшөөрч байгаа. Энэ мөнгийг хувийнхаа хэрэгцээнд аль эсвэл аялал зугаалга байр орон сууц, машин тэрэг худалдаа наймаа, хийх зэрэгт зарцуулаагүй юм. Тэр үед 3-р цэцэрлэгийн засварыг хийж байсан. Дуусган хүлээлгэн өгөхөд бага зэргийн мөнгө хэрэгтэй болсон. Ингээд зээл авсан. Үлдэгдэл материалаа авах гээд хот ортол урд хил гэнэт хаагаад барилгын материалын үнэ 3-4 дахин нэмэгдсэн. Жишээ нь: 150,000 төгрөгөөр авдаг байсан хаалгыг 480,000 төгрөгөөр 40,000-45,000 төгрөгөөр авдаг байсан эмульсийг 190,000 төгрөгөөр худалдан авч, дотор заслын ажлаа дуусгаад цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Баримт нь байгаа. Ингээд тооцож үзээгүй байсан гэнэтийн үнийн өсөлтөөс болоод алдагдалд орсноор зээлсэн мөнгөө төлж чадаагүй байгаа юм. Гэхдээ тухай бүр зээлдүүлэгчтэй уулзаж, учир байдлаа сүүлийн хугацааг 2023 оны 06 сарын 30-ныг дуустал гэж тохирсон. Гэвч зээлдүүлэгчийн гаргасан гомдолд дурдсан шиг 73 сая гэдэг яриа нэг ч болоогүй, нэг ч удаа яриагүй ээ. Одоогоор нэхэмжилж байгаа 73 сая төгрөгийг бол өгч үнэ чадахгүй, тодорхой хэмжээний хүү өгнө гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 554 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153,1, 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт тус тус зааснаар *******.Гантулгын өмчлөлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 дугаар баг, ******* найрамдал гудамж тоотод байрлах 57,5 м.кв талбайтай, дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууцны байшин, мөн хаягт байрлах *******.Гантулгын эзэмшлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, гэр, орон сууц хашааны газрын хамтаар *******ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26- ны өдрийн 554 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан эрхийнхээ дагуу хариуцагчийн хамтаар доорхи гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан, барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэ нэхэмжлэл гаргасан бололтой юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь; Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа *******ийн ямар ямар зээлийн гэрээний хэдэн төгрөгийн үүрэгт аль барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулж байгаа талаараа огт дүгнэлт хийсэнгүй.

Шүүхийн шийдвэрээс энгийн иргэн битгий хэл хуульч ч ойлгох ямар ч эрх зүйн дүгнэлт байхгүй, шүүхээс эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.

Гэтэл хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэг буюу мөнгө төлбөр хүү алданги дээр маргаж байгаа тайлбарыг шүүхэд хүргүүлсэн. Шүүх хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хуульд нийцсэн эсэх, хэрэгт авагдсан барьцаа болон зээлийн гэрээнүүд нь хуульд нийцэж байгаа эсэх тал дээр мөн огт дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд *******, ******* гэх хоёр хүнийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан барьцааны гэрээг байгуулахад ******* нь гэрээний нэг тал болж оролцсон байдаг, гэтэл шүүх барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэр гаргасан атлаа гэрээний нэг тал болох *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байгаа нь талуудын тэгш эрхийг хангах, шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авч мэтгэлцэх эрхийг тус тус зөрчсөн гэж үзэ байна. Иймд дээрх хоёр агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг Анхан шатны шүүх хуулийн дагуу шударгаар шийдвэрлэсэн юм. Хариуцагч нь шүүхэд өгсөн тайлбартаа хэлэхдээ *******ээс 2021 онд 30 сая төгрөг зээлсэн нь үнэн, энэ 7 хоногт 30 сая төгрөгийг бэлнээр өгнө гэж хэлсэн юм. Ийм болохоор Анхан шатны шүүх шийдвэртээ Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр маргаангүй байна гэж заасан нь нотлох баримтан дээр үндэслэн шийдвэрлэсэн зөв шийдвэр юм. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо бичсэн зүйлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэн нэгэн хүний эрхийг зөрчсөн зүйл байхгүй, хууль журмын дагуу шийдвэр гаргасан юм. Нэхэмжлэгч ******* надаас зээлсэн мөнгөө хариуцагч нь одоог хүртэл буцааж төлөхгүй хохироож байгаа байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталж өгнө үү гэж хүсэж байна.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэ буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр барагдуулж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ******* ..зээлийн гэрээ байгуулагдсан эсэхэд маргаангүй харин хүү алдангийг ийм хэмжээгээр төлөхгүй... гэж маргажээ.

 3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153,1, 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт тус тус зааснаар *******.Гантулгын өмчлөлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 дугаар баг, ******* найрамдал гудамж тоотод байрлах 57,5 м.кв талбайтай, дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн орон сууцны байшин, мөн хаягт байрлах *******.Гантулгын эзэмшлийн гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, гэр, орон сууц хашааны газрын хамтаар *******ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шийдвэрлэснийг хариуцагч *******, түүний өмгөөлөгч зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ....Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа *******ийн ямар ямар зээлийн гэрээний хэдэн төгрөгийн үүрэгт аль барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулж байгаа талаараа огт дүгнэлт хийсэнгүй. Шүүхийн шийдвэрээс энгийн иргэн битгий хэл хуульч ч ойлгох ямар ч эрх зүйн дүгнэлт байхгүй, шүүхээс эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй байна. Гэтэл хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэг буюу мөнгө төлбөр хүү алданги дээр маргаж байгаа тайлбарыг шүүхэд хүргүүлсэн. Шүүх хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хуульд нийцсэн эсэх, хэрэгт авагдсан барьцаа болон зээлийн гэрээнүүд нь хуульд нийцэж байгаа эсэх тал дээр мөн огт дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн... гэж тайлбарласан.

 4.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэ буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд үүссэн маргаан Иргэний эрх зүйн ямар харилцаанд хамаарах, нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн болох, түүний шаардах эрхийн хууль эрх зүйн үндэслэлийг тодруулаагүйн дээр хариуцагчийн ...зээлийн гэрээний үүрэг буюу мөнгөн төлбөр хүү алданги дээр маргаж байгаа... гэх татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх тодорхойлж байгаа бол зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, талуудын гэрээгээр хүлээх үүрэг, гэрээний үүргийн зөрчил, гэрээний үүрэг биелэгдсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, улмаар хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн тохиолдолд түүнийг барьцаа хөрөнгөөр хангуулах эсэх талаар тус бүрд нь эрх зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 153 дугаар зүйл, 165 дугаар зүйл, 174, 175 дугаар зүйл заалтуудыг тайлбарлан хэрэглэх үндэслэл үүснэ.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүрэг гүйцэтгүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан байна.

 5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэ буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 554 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэ буцаасугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН

Bottom of Form