Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: Р.Батнасан;

нарийн бичгийн дарга: Б.Батням;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Намжилсүрэн, түүний өмгөөлөгч Б.Ариунболд;

шүүгдэгч: Э.А, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. холбогдох 1809029630966 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 23 настай, боловсролгүй, мэргэжилгүй, “Гэгээ карвош” ХХК-д машин угаагч ажилтай, ам бүл 4, ах, бэр эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 15 дугаар байрны 1 дүгээр орцны 00 тоотод оршин суух, Дархан-Уул аймаг, Шарын гол 1 дүгээр баг, Хайрхан 2 давхар 14 дүгээр байрны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ..................7 регистерийн дугаартай, Боржигон овогт ..........

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Э.А нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө А.Нармандахын толгойн тус газарт тоосгоор 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар ярьсан тул одоо нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирогчид цаашид гарах зардлыг төлөх болно гэв.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Намжилсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед манай хүүгийн ангийн уулзалт болсон гэсэн. Шөнө 3 цагийн үед хүүгээ хүнд зодуулсан гэж мэдсэн. Одоо биеийн байдал нь тааруу, зүүн чих сонсголгүй, баруун нүд юм харахгүй байгаа. Би одоо болтол хүүгээ асарч байна. Э.А нь бодит зардал мөнгийг төлсөн. Харин цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Би эх хүний нинжин сэтгэлийг гаргаж “Э.Ат хөнгөн ял оногдуулахыг хүсч байна” гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Намжилсүрэн /хх-ийн 24-28/, гэрч Б.Батбилэг /хх-ийн 37-38/, Ц.Гэсэрбаатар /хх-ийн 34-35/, Э.Балтмаа /хх-ийн 41-42/, Э.Баасанцэрэн /хх-ийн 43-44/, Э.Мөнх-Оргил /хх-ийн 45-46/, Л.Амаржаргал /хх-ийн 47-48/, Э.Бүрэнбадрах /хх-ийн 54-55/, Ш.Баяртогтох /хх-ийн 64/, А.Анхцэцэг /хх-ийн 51-53/, О.Отгонцоож /хх-ийн 56-57/, Н.Нямсүрэн /хх-ийн 58-59/, П.Бямбарагчаа /хх-ийн 60-61/, Т.Пүрэвдалай /хх-ийн 62-63/, Д.Алтангэрэл /хх-ийн 65/, Н.Отгонцэцэг /хх-ийн 66/, Г.Рэнцэнханд /хх-ийн 67/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8183 дугаартай дүгнэлт /хх-ийн 71/, мөн хүрээлэнгийн шинжээчийн 1243 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-83/, дээрх дүгнэлтүүдийг гаргасан шинжээч С.Чулуунсүхийн мэдүүлэг /хх-ийн 68-69/, Э.Аын   гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33, 91-92/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлээлтүүд /хх-ийн 5-7/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/, цагдаагийн алба хаагч нарын илтгэх хуудас /хх-ийн 20-21/, А.Нармандахын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 108-158/, Э.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 94-95, 97-100/, хохирлын баримтууд /хх-ийн 159-176, 205-217/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-ийн 202/, С.Намжилсүрэнгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 203-204/, шинээр С.Намжилсүрэн, Э.А нарын хүсэлт зэрэг болно..

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

Шүүгдэгч Э.А 2018 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Hollywood” баарны гадна  хэрүүл маргааны улмаас А.Нармандахыг тоосгоор зодож хүнд гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Намжилсүрэнгийн /хх-ийн 24-28/: ”...2018 оны 06 дугаар сарын 29-ний үүрийн 4 цагийн орчим Нармандахын эхнэр Бямбарагчаа над руу утсаар залгаж “Нармандах гэмтэл дээр ирсэн байна,...хурхираад унтаад байгаа юм шиг байна...” гэж хэлсэн... Хэн яаж манай хүүхдийг зодсон талаар  мэдэхгүй байна...Маш их гомдолтой байна. Уг зодоонд оролцсон хүмүүсийг бүгдийг нь шалгуулмаар байна...Хүү Нармандах маань мэдүүлэг өгөх чадваргүй байгаа...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Батбилэгийн /хх-ийн 37-38/: “...Би 2018 оны 06 дугаар сарын 29-ний 00:25 цагийн үед найз Гэсэрбаатар, Нармандах, Баттулга нарын хамт “Холливүд” бааранд орж үйлчлүүлэн, 0,75л архи авч уусан...Бид нар бүгдээрээ бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Тэр үед Баттулга санамсаргүй нэг эмэгтэйг шүргэсэн. Гэтэл тэр эмэгтэй хэрүүл хийгээд, найз эрчүүд нь бас ирж хэрүүл хийгээд эхэлсэн...Тэгээд бид нар бүгдээрээ гарсан...Тэр эмэгтэйгийн найз залуу (Амгаланбаатар) хүрч  ирээд Гэсэрбаатартай муудалцаад эхэлсэн. Гэсэрбаатар эхлээд Амгаланбаатарыг цохисон...Би Нармандах, Баттулга нарын хамт салгасан. Гэтэл Нармандах харагдахгүй болсон...Миний ард эрэгтэй хүн “болиочээ” гэж орилсон. Би эргээд харсан чинь Нармандах газар уначихсан, хажууд нь Амгаланбаатар зогсож байсан. Нармандахын дэргэд бутарсан тоосго харагдаж байсан. Би Амгаланбаатарт “чи яаж байгаа юм бэ? хүн алчихлаа ш дээ” гэсэн чинь тэр залуу газраас дахиж тоосго аваад над руу дайрахаар нь би холдож зугтаасан. ...Цагдаа ирсэний дараа Амгаланбаатар “би цохисон, тэгээд яах юм бэ пизда минь” гэж над руу орилоод байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Гэсэрбаатарын /хх-ийн 34-35/: “...Би 2018 оны 06 дугаар сарын 29-ний шөнө айз Батбилэг, Нармандах, Баттулга нарын хамт “Холливүд” бааранд орсон. Тэнд 0,75 л, бас дахиж 0,5 л архи уусан. Шөнийн 1 цаг өнгөрч байхад бид нар бүгдээрээ гарч тамхилсан. Гэтэл манай найз нар үл таних хүмүүстэй маргалдаад хэрүүл шуугиан болоод эхэлсэн...Энэ хэрүүл шуугианы дундуур Амгаланбаатар гэдэг залуугийн эхнэр над руу ирээд “чи Ууганцэцэгийн нөхөр мөн үү?” гэхээр нь би “хүн андуураад байна” гэж хэлсэн. Тэр эмэгтэй над руу байн байн ирээд “чи Ууганцэцэгийн нөхөр мөн байна” гээд байсан. Энэ үед Амгаланбаатар бид 2-ын дундуур орохоор нь нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Амгаланбаатартай хамт явж байсан залуучууд над руу дайрсан...Энэ үед манай найз Нармандах хэн нэгэнд цохиулаад ухаан алдаад газар унасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Балтмаагийн /хх-ийн 41-42/: “...Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ах Бүрэнжаргал, Баасанцэрэн, Бүрэнбадрах, хүргэн ах Отгонцоож, үеэл эгч Анхцэцэг, дүү Амаржаргал, хүргэн дүү Мөнх-Оргил, бэр эгч Нандинцэцэг, хамтран амьдрагч Амгаланбаатар нарын хамт уулзаж...шөнө “Холливүд” бааранд орсон...Би нилээн согтуу байсан...Бүжгийн талбай дээр манайхан үл таних хүмүүстэй маргасан...Баарны хамгаалагч “та нар хэрүүл хийлээ, та нарт үйлчлэхгүй, гарцгаа” гэсэн...Тэгээд бид нар гарцгаасан. Гараад юу болсныг сайна мэдэхгүй, нэг мэдсэн зодоон болсон...Гэтэл хэн нэг нь “Амгаланбаатар тоосгоор хүн цохиод унагачихлаа” гэсэн...Нэг мэдсэн эмнэлгийн машин, цагдаагийн машин ирчихсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Баасанцэрэнгийн /хх-ийн 43-44/: “...Амгаланбаатарыг “тоосгоор хүн цохичихлоо” гэж эмэгтэйчүүд орилолдсон. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Мөнх-Оргилын /хх-ийн 45-46/: “...Би Амгаланбаатарыг тоосгоор хүн цохихыг хараагүй. Намайг эргээд харах үед хүн газар уначихсан, Амгаланбаатар дэргэд нь зогсож байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Амаржаргалын /хх-ийн 47-48/: “...Би очоод “яасан бэ? юу болсон бэ?” гээд асуугаад байж байхад “Амгаланбаатар хүн тоосгоор цохичихлоо” гэж орилсон. Хэн орилсныг нь мэдэхгүй. Нэг хүн доошоо хараад газар хэвтчихсэн, дэргэд нь Амгаланбаатар хоёр гартаа тал тал тоосго барьчихсан зогсож байсан...Би очоод тоосгуудыг нь гараас нь салгаж аваад замын төмөр хашлагын дэргэд хаясан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Бүрэнбадрахын /хх-ийн 54-55/: “...Анхцэцэг орилоод гүйгээд ирсэн. Анхцэцэг нь “Анужин хүн цохичихлоо” гэж хэлсэн. Анужин гэдэг нь Амгаланбаатарыг тэгж дууддаг юм...Би Амгаланбаатарт дөхөж очоод зайнаас харсан. Амгаланбаатарын хажууд нэг залуу хэвтэж байсан. Би тухайн үед маш их айсан, “хүн алчихлаа” гэж бодсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Отгонцоожийн /хх-ийн 56-57/: “...Миний ар талд “Амгаланбаатар хүн цохичихлоо” гэхээр нь эргээд харсан чинь Амгаланбаатарын дэргэд хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Ш.Баяртогтохын /хх-ийн 64/: “...Би тухайн шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо хариуцсан машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнийн 03 цагийн үед хэлтсийн жижүүрээс “автоплазагийн зүүн талд зодоон болоод байна” гэсэн дуудлагын дагуу очсон Тэнд очиход зодоон болоод дууссан, олон хүн байсан. Нэг залуу автоплазагийн уулзвар дээр хэвтэж байсан. Тухайн үед тэр залуугаас хэнд зодуулсан талаар асуухад “ёо” гэхээс өөр үг хэлэхгүй байсан. Гэтэл тэнд байсан залуучуудаас нэг залуу “би энийг цохичихсон юмаа” гээд хүрээд ирэхээр нь би машины хаалга онгойлгож өгсөн чинь тэр залуу өөрөө ороод суучихсан. ...Өөрийгөө тухайн хэвтэж байсан залууг цохисон гэх Амгаланбаатар гэгчийг эрүүлжүүлэх байранд саатуулсан…” гэх мэдүүлгээр,

 

А.Нармандахын биед “баруун чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз ясны шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай, дагз, зулайг хамарсан, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, 2 тал бөмбөлгийн тархмал зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун чамархай ясанд цооног гаргаж цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлсөн мэс ажилбар, баруун хацар, хамарт зулгаралт” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.06.29-ний шөнө үүсгэгдсэн байх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8183 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 71/,

 

мөн хүрээлэнгийн “ Шинжилгээнд ирүүлсэн хохирогч А.Нармандахын толгойн рентген зураг бүхий диск нь шинжилгээнд тэнцэнэ...Рентген зурагт гавлын суурь хэсэг, тархины эдийн өөрчлөлт харагдах боломжгүй байдаг тул А.Нармандын биед учирсан гэмтэл нь оношлогдоогүй байх боломжтой” гэсэн шинжээчийн 1243 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 82-83/,

 

дээрх дүгнэлтүүдийг гаргасан шинжээч С.Чулуунсүхийн /хх-ийн 68-69/: “...А.Нармандахын чамархайгаас доош суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дагз ясны шугаман хугарал нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой...Нэг удаагийн цохилтоос унах үед баруун хацар, хамрын зулгаралт үүсэх боломжтой...” гэх мэдүүлгээр,

 

 Э.Аын   гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 32-33, 91-92/: “...”Холливүд” бааранд орж үйлчлүүлсэн. Баарны бүжгийн талбай орчим надтай хамт явж байсан ах, эгч нар үл таних хүмүүстэй маргалдсан...Үл таних залуу Гэсэрбаатар гэгч /нэрийг нь маргааш өглөө нь мэдсэн/ миний хамар руу цохисон. Гэтэл Балтмаагийн ах нар намайг өмөөрч Гэсэрбаатар руу дайрсан. ...хохирогч Нармандах ирээд намайг нүүр рүү нэг удаа цохисон. Би түүнийг гараараа цохих гэсэн боловч оноогүй. Тэгээд би газраас чулуу аваад Нармандахын толгой руу цохисон...” гэх мэдүүлгээр болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлээлтүүд /хх-ийн 5-7/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/, цагдаагийн алба хаагч нарын илтгэх хуудас /хх-ийн 20-21/, А.Нармандахын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 108-158/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.            

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийг  Э.А тоосгоор цохисон болохыг гэрч нар зааж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг тоосгоор цохисон болохоо өөрөө хүлээн мэдүүлж, гэрч нарын мэдүүлгийг баталж болсон үйл явдлыг тэдэнтэй адил мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийг тоосгоор зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүнд гэмтээсэн Э.Аын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

              Шүүгдэгч Э.Аын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Намжилсүрэнгээс “...Э.Ааас эмчилгээний бодит зардалд нийт 13.000.000 төгрөгийг авлаа...Одоогоор гарсан бодит зардалд гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгчээс нэмж гаргуулах зардалгүй гэж дүгнэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид эмчилгээ, асарч сувилах зэрэгт зайлшгүй гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “Одоогоор гарсан бодит зардалд гомдол саналгүй, цаашид А.Нармандахын эмчилгээний болон бусад зардалд дэмжлэг үзүүлэх боломж олгож Э.Ат хөнгөн ял оноож өгөхийг (хорихоос өөр төрлийн ял)” тусгайлан анхаарахыг шүүхээс хүссэн байна.

Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг хэсэг нь хохирлыг нөхөн төлүүлэхэд орших тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дээрх хүсэлтийг шүүх  шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзан үзсэн болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.Амагаланбаатарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүх Э.Аын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт .................. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А 2 хоног баривчлагдсан бөгөөд түүний баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 30.000 төгрөгийг эдлэх ялаас хассугай.

 

6. Шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг дурдсугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Намжилсүрэн нь цаашид эмчилгээ, асарч сувилах зэрэгт зайлшгүй гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ