Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 4688

 

 

 

 

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/04688

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан 90/А дугаар байр 4-5 тоотод оршин суух, Мянган овогт Лхагвын Батмөнх /РД: ДЮ59043011/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-24, Рокмон Бюлдинг-309 тоотод байрлах, “Монгол дайван” ХХК /РД: 2791617/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 662 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

Нэхэмжлэгч Л.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол дайван ХХК-тай гэрээ байгуулж, тус компанийн Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд барьж буй орон сууцны байранд 1 давхарын 36.68 м2 талбай бүхий нэг байрыг 1 м2-ыг 1 150 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, мөн оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 12 650 000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн. Гэвч одоо хүртэл гэрээний үүрэг биелэгдээгүй тул хариуцагчаас үндсэн төлбөр 12 650 000 төгрөг, хүү 3 795 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 217 350 төгрөг, нийт 12 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Монгол дайван” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол дайван” ХХК нь “Атмор-24 төсөл”-ийн хүрээнд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 24 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтанд хүлээлгэн өгсөн билээ. Барилга баригдаж байх явцад захиалагчтай зөвшилцсөний үндсэн дээр захиалагчийн захиалсан байрыг өөрчилж, цэцэрлэг оруулсан. Гэтэл нэхэмжлэгч Л.Батмөнхийн хүү осолд орж яаралтай эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн тухай бидэнд мэдэгдэж орон сууц захиалгын гэрээг цуцлах саналыг ирүүлсэн. Бид нэхэмжлэгч талд тухайн барилгын борлуулалтын орлогоос гэрээний дагуу суутгал хийж урьдчилгаа мөнгийг олгох боломжтой тухаpй мэдэгдсэн. Гэвч улсын хэмжээнд үүсээд байгаатай холбоотойгоор дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 10 120 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 6 542 350 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажав нь нэхэмжлэлийн шаардлага 16 662 350 төгрөгийн 4 012 350 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Монгол дайван” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 650 000 төгрөгийн 7 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор, үлдэх 5 650 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус тус төлөхөөр зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Батмөнх нь хариуцагч “Монгол дайван” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 662 350 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 16 662 350 төгрөгийн 4 012 350 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Монгол дайван” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 650 000 төгрөгийн 7 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 5 650 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус тус төлөхөөр зөвшөөрч зохигч эвлэрсэн нь талуудын эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Талууд өөрийгөө байлцуулахгүйгээр эвлэрлийг батлуулах талаар хүсэлт гаргасан тул талуудыг байлцуулахгүйгээр эвлэрлийг батлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Л.Батмөнхийн нэхэмжлэлтэй, “Монгол дайван” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16 662 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн игэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 16 662 350 төгрөгийн 4 012 350 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Монгол дайван” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 650 000 төгрөгийн 7 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 5 650 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус тус төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 217 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  М.БАЯСГАЛАН