Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 75

 

 

 

 

­

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Р.Батнасан;

шүүгдэгч: Н.М (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...........д холбогдох эрүүгийн 1809012401260 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөтийн уурхайд тогооч ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 1 дүгээр байр 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ........... регистерийн дугаартай, Монгол овогт ..........

           

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.М нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар байрны 15 тоотод оршин суух
иргэн Д.Сүхболдын гэрээс “Скай ворт” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр,
нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул өөр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Сүхболд /хх-ийн 19-21/, гэрч Л.Наранбаатар /хх-ийн 22/, Ж.Эрдэнэжаргал /хх-ийн 28-29/ нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 15-16/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32/, Н.Мын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-25, 42-45/, Н.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 52-27/, Д.Сүхболдын хүсэлт /хх-ийн 59/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар байрны 15 тоотод оршин суух Д.Сүхболдын гэрээс “Скай ворт” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

 

     хохирогч Д.Сүхболдын /хх-ийн 19-21/: “... 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би Мөнхжаргалыг гэртээ үлдээгээд өглөө 07 цагийн үед ажилдаа явсан. Ажлаа тараад гэртээ 17 цагийн үед ирэхэд хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Хаалгаа онгойлготол гэрт байсан 40 инчийн “Скай ворт” маркийн хар өнгийн зурагт алга болсон байсан. Мөнхжаргал миний зурагтыг аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

Н.Мын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24-25, 42-45/: “... 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ах Сүхболдын гэрт унтаж байтал Сүхболд ах 07 цагийн үед ажилдаа явж би гэрт нь үлдсэн. ... архи уумаар санагдаад байхаар нь Сүхболд  ахын гэрт нь байсан 40 инчийн “Скай ворт” зурагтыг нь авч гэрээс гараад зам дээр зогсож байтал хажууд үл таних 30 гаран насны залуу зогсож байхаар нь уг залууд хандан “надад такси зогсоогоод өгөөч” гэж хэлэхэд залуу надад зөвшөөрөөд гар өргөөд такси зогсоож байтал цагдаа хүрч ирээд намайг саатуулсан. Уг зурагтыг барьцаанд тавьж архи уух зорилготой байсан...” гэх мэдүүлгээр болон эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 15-16/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хохирогч зурагтаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн Н.Мыг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар байрны 15 тоот Д.Сүхболдын гэрээс “Скай ворт” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Д.Сүхболдод 509.400 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад 509.400 төгрөгийн хохирол учруулж буй Н.Мын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Н.Мын бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Хохирогч Д.Сүхболд хулгайд алдсан зурагтаа биет байдлаар буцаан авч, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болсон нь хэргийн 59 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Н.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.Мыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Монгол овогт ............ бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг нийт 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.                  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нийт 44 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт 352 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ