Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 208/МА2023/00054

 

 

 

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 208/МА2023/00054

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 150/ШШ2023/00165 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******, ******* нар,

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ХХК, түүний захирал Д.*******ийн хууль бусаар газар эзэмшиж, хашаа барьж байгаа үйлдлийг таслан зогсоож, хууль бусаар барьсан хашаа, барилга байгууламж, 200, 300 үнээний хашаа саравч, өвсний хашаа зэргийг буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Газарбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ...Орхон аймгийн харьяат, ******* ******* ХХК, /захирал ******* овогтой *******/ бид хоёрын эзэмшлийн газрыг тойруулан 700 орчим га газрыг эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нэрийдлээр ямар нэгэн зөвшөөрөлгүй авч, хашаа барьж, нүх ухаж, барилга байгууламж барьж, эгэл жирийн малчин бид нарыг дарамтлан, та нар энэ өвөлжөөнөөс хурдан нүү, бид нар та нарыг өөр газарт нүүлгэж өгнө, хэрэв нүүхгүй бол ална шүү, шатаагаад нүхэнд булаад хаячихна шүү гэх мэтээр айлган сүрдүүлж, эрүүл согтуу янз бүрийн байдлаар ирж дарамталдаг болсон.

.... ******* миний хувьд өвөлжөөний газар, гэрчилгээ нь миний нөхөр байсан *******ийн нэр дээр байсан ба 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр надад газар эзэмшүүлэх гэрээний дагуу Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум Арцатын ам дахь 7800 м.кв өвөлжөөний доорх газрыг шилжүүлж өгсөн. Би уг гэрээний дагуу газраа өөрийн нэр дээр болгохоор тус сумын газрын даамал Солонгод материалаа өгч, Солонго материалыг хүлээж аваад бүрдүүлбэрийг хангаж гэрчилгээ гаргуулахаар Засаг даргад өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрчилгээ маань гарахгүй Засаг дарга ямар нэгэн хариу өгөхгүй таг болсон. Би асууж сураглаад очихоор Д.*******ийн асуудал шийдэгдэхээр гаргана та газрын төлбөр төлөөгүй гэх мэтчилэн арга саам зохион ярьж захирамжаа гаргахгүй байлгаад байна. Хуулиар бол газрын даамал материалыг бүрдүүлээд өгөхөд Засаг дарга 14 хоног захирамжаа гаргаж гэрчилгээ олгохыг даалгадаг, гэтэл албан тушаалын давуу байдлаа ашиглаад өнөөдрийг хүртэл миний асуудлыг шийдэхгүй байна.

...Бид нар зохих зөвшөөрөлтэй газартай, өвөлжөөний гэрчилгээтэй, хууль ёсны эзэмшигч нар байтал ******* ******* ХХК-ний захирал Д.******* нь хууль бусаар газар эзэмшиж, хашаа барьж, улмаар хашааныхаа дотор талаар суваг шуудуу ухаж, зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж, газар ухаж бид нарыг өвөлжөөнөөс гарах орох гарцгүй болгож, мал бэлчээрлэх боломжгүй болгож байна. Энэ талаар сумын Засаг дарга, Хурлын дарга нар ямар нэгэн арга хэмжээ аваагүй мөртлөө бид нарыг буруутгаж, хууль бус үйлдэлтэй эвлэрч байгаад гомдолтой байна. Иймд ******* ******* ХХК, түүний захирал Д.*******ийн хууль бусаар газар эзэмшиж, хашаа барьж байгаа үйлдлийг таслан зогсоож, жирийн малчин ард иргэд бидний амар тайван аж төрөх нөхцөл боломжийг хангаж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх зорилгоор судалгаа хэрэгжүүлж албан бичиг хүсэлтээ өгч 2020 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний зорилго нь тус компани сум орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, төсөл хэрэгжүүлж сум орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлж, цэвэр малын үүлдэр мах сүүгээр хангах зорилготой гэрээ байгуулсан. Нөгөө талаараа гэрээний зорилго нь тухайн газар нь Баруунбүрэн сумын 2-р багийн алслагдсан газар байгаа Арцатын даваа, Уртын гол гэх газар нь тус сумын мал бүхий иргэд оршин суудаггүй газар байна энэ асуудалд хамтарч ажиллах, энэ газар эзэмшүүлэх ашиглуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх гол зорилго нь эрүүл бус нутаг байж тэр дээр малыг өвөлжүүлж нутагшуулах гол зорилготой. Энэ бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.5 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоол байгаа. Сэлэнгэ аймаг хүсэлтээ гаргасан. Аймгийн тогтоол, засаг даргын захирамж гарсан.

... Газрын тухай хуулийн 52.5 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолын дагуу Баруунбүрэн сумтай гэрээ байгуулсан. Гэрээний үүргийг биелүүлж суманд хөрөнгө оруулалтын ажлын бүгдийг нь хийгээд өгсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ одоо хүртэл биелүүлээгүй байгаа асуудал, мал бүхий иргэдийн компани хоёрын хооронд үл ойлголцох асуудал үүсээд байна. Энэ бэлчээрийг хашсанаар мал бүхий иргэдэд зарим талаараа дэмжлэг туслалцаа үзүүлэх, эзэнгүй мал ахуйг асарч хамгаалахаас эхлээд гаднын мал орохгүй тодорхой хэмжээгээр бие биедээ дэм тустай байгаа. Сүрэнзаяа ярихдаа айдастай түгшүүртэй байгаа, газрыг худалдаж авсан асуудал гэж яриад байна. Газрыг худалдаж авах асуудал байхгүй эрх шилжүүлэх гэж ойлголт байна. Бэлчээр худалдаж авах асуудал байхгүй бэлчээрийг зүй зохистой ашиглах хамгаалах гэж асуудал байгаа. Энэ иргэн өөрөө бие муутай өвчтэй зовлонтой нааш цаашаа явдаг. Бие биеэ айлгаж сүрдүүлэх нь битгий хэл малаа эргүүлээд, өвс тэжээл дуусахаар өвс тэжээл өгч хамтарч байж байгаа.

Бэлчээрээс гадна иргэн манайх иргэн Баасанжаваас төмс хүнсний ногооны 3 га, 10 га, амралтын зориулалтын 2 га газрыг газар эзэмших гэрээний дагуу ашиглаж байсан. Яваандаа гарсан материал зардал төлбөр тооцоог хийж өнөөдрийн байдлаар тэр газар нь ******* ******* ХХК-ийн нэр дээр 2023 оны 5 сарын 11-ний өдрийн Баруунбүрэн сумын Засаг даргын захирамжаар газрын эрх шилжүүлэх гэрээ хийгдэж хууль ёсны дагуу гарсан. байр савыг барьж тэжээлийн ургамал тарьж үйл ажиллагаа явуулж байна. ******* ******* ХХК амралтын 2 га газарт үхрийн байр сав барьж мал ахуйгаа хөгжүүлээд 3га, 10 га газар тэжээлийн ургамал тарьж үйл ажиллагаагаа эрхлээд явж байгаа. Энэ дээр хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй. Компанийн зүгээс албан бичиг хүсэлтээ хуулийн дагуу гаргасан гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 150/ШШ2023/00165 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн Арцатын ам, Уртын гол гэх газарт ******* ******* ХХК-ийн барьсан 17.452 метр урттай 738.1 га газрыг хашсан хашааг буулгах, уг хашааг дагуулж ухсан нүхийг булах, уг хашаанд барьсан 200, 300 үхрийн фермер, хашаа, саравч, өвсний хашаа зэргийг буулгаж, газрыг чөлөөлөхийг ******* ******* ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Иргэн Бунчаагийн Торгууд, Гүнтэвсүрэнгийн Сүрэнзаяа нарын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК, түүний захирал *******ын *******т холбогдох Хууль бус үйлдлийг таслан зогсоож, хашаа, барилга байгууламж, 200, 300 үнээний хашаа саравч, өвсний хашаа зэргийг буулгаж, газрыг албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн /шүүгч Г.Дэлгэрсайхан/ 2023 оны 10 дугаар сарын 04-ний 150/ШШ2023/00165 тоот шийдвэрийг 10 дугаар сарын 23-нд хүлээн авч танилцаад эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх эрх зүйн харилцаа, шаардах эрхийг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх дараах үндэслэлүүд байна Үүнд:

Нэг. Маргаантай эрхийн харилцааг зөв тодорхойлж, маргааны үйл байдалд зөв дүгнэлт хийж чадаагүй. Үүнд:

1.1.Нэхэмжлэлийн нэгдэх агуулга хууль бусаар газар эзэмшиж, хашаа барьж байгаа үйлдлийг таслан зогсоож өгөхийг шаардсан.

Шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг ******* ******* ХХК, Д.******* тухайн газарт газар эзэмших ашиглах, эрх аваагүй гэж дүгнэн хангажээ. Энэ нь үндэслэлгүй болох нь:

а.Хариуцагч ******* ******* ХХК нь тухайн шаардсан газрыг эзэмших эрхтэй гэж маргаагүй, харин тус газрыг Баруунбүрэн сумын Засаг даргатай 2020 оны 06 сарын 02-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний үндсэн дээр Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан үндэслэлээр ашиглаж байгаа ба хуулийн энэ зохицуулалт нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ шаардаагүй харин гэрээний харилцаа шаардсан байна. Тэрхүү гэрээг Засаг даргатай байгуулсан.

б.Хамтран ажиллах гэрээний 2.1.1-д зааснаар хүлээсэн үүргээ сумын Засаг дарга биелүүлж Газрын тухай хуулийн 52.6-д заасан шаардлагыг хангуулах ёстой ба энэ талаар ямар нэгэн тайлбар баримт хэрэгт ирээгүй, энэ үүднээс Засаг даргыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хариуцагч талын гаргасан хүсэлтийг шүүх хүлээж аваагүй нь хэрэг шийдвэрлэлтэд нөлөөлсөн.

в.Дээр дурдсан одоо хүчин төгөлдөр байгаа Хамтран ажиллах гэрээ-/шүүх болон эрх бүхий этгээдээс хүчингүйд тооцоогүй, гэрээний талууд гэрээнээс татгалзах санал гаргаагүй/-ээр хүлээсэн үүргийн дагуу /Гэрээний 2.2.2, 2.2.7 дахь заалт/ 738.1 га газрыг ******* ******* ХХК хашаалсан ба шүүх энэхүү гэрээ болон гэрээний эрх зүйн харилцаанд дүгнэлт хийх ёстой боловч тэгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг харуулна.

г.Хариуцагч энэхүү тайлбар, үндэслэлдээ холбогдох Хамтран ажиллах гэрээ, гэрээний дагуу хийсэн ажил, хөрөнгө оруулалтын танилцуулга, сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд удаа дараа гаргаж байсан хүсэлтээ нотлох баримтаар өгсөн. Гэрээний нэг тал болох Засаг дарга ******* ******* ХХК-ийн удаа дараагийн хүсэлтэд ямар ч хариу өгөөгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн ба сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ******* ******* ХХК-ийн ирүүлсэн Засаг даргатай байгуулсан гэрээний асуудлыг Хэлэлцэх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурал Газрын тухай хуулийн 52.6 дахь заалтыг хэрэгжүүлэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт өгөх учиртай.

Гэтэл шүүх хэргийн нэхэмжлэгчтэй адил тэгш эрхтэй зохигч хариуцагчийн гаргасан үндэслэлд илтэд буруу дүгнэлт хийсэн, нотлох баримтыг үнэлж дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй болохыг харуулна.

1.2.Нэхэмжлэлийн дараах агуулга нь хууль бусаар барьсан хашаа, саравч, барилга байгууламжийг албадан буулгахыг шүүхээр хариуцагчид даалгуулах агуулгатай.

Шүүх иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч *******, ******* нар нь Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний мэдэлд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийг хангасан байна. Энэ нь үндэслэлгүй болох нь:

а.*******, ******* нар хашаалсан 738.1 га бэлчээрийн бүс дотор тус бүр 0.78 га буюу 7800 м.кв өвөлжөөний доорхи газрыг Баруунбүрэн сумаас олгосон гэрчилгээний дагуу гэрээгээр эзэмшдэг гэдэг дээр талууд маргадаггүй. Энэхүү өвөлжөөний 7800 м.кв газраа эзэмшихэд нь ******* ******* ХХК, Д.******* саад учруулж байгаа гэх нотлох баримт, үйл байдал энэ хэрэгт байхгүй.

б.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тодорхойлжээ. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт Газар гэж юу болохыг тодорхойлсны дээр Монгол улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт эзэмшүүлсэн өвөлжөөний дорхи 7800 м.кв газар бол зөвхөн тэдэнд гэрээ, гэрчилгээгээр эзэмшүүлсэн төрийн нийтийн өмч юм.

Иймд нэхэмжлэгч нарт гэрээгээр эзэмшүүлсэн төрийн нийтийн өмчийн газрыг тэдний эзэмшил хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй, харин тэдний эзэмших эрх юм. Иргэний хуулийн энэ талын зохицуулалт өөр агуулгатайг иргэний эрх зүйн судлаачдын онол, арга зүйн ном, бүтээлээс үзэж болно. Нэхэмжлэгч нарын эзэмшил хөрөнгө нь тухайн газарт байгаа *******, ******* нарын өөрийн малын хашаа саравч, гэр, байшин, А дансаар бүртгэгдсэн мал нь л юм. Малыг нь 0.78 га эзэмшил бүхий хашаандаа орж гарах, эздийг нь гэр байшиндаа орж гарахад хариуцагч саад болсон зүйл огтхон ч байхгүй, шүүх хурал дуустал ийм яриа мэтгэлцээн огт болоогүй.

в.Хашаалсан талбайн дотор Б.Азбаярын Хүрэлбаатараас шилжүүлэн авсан мөн 0.78 га буюу 7800 м.кв өвөлжөөний газарт шинээр өргөтгөн барьсан үхрийн хашаа байгаа ба энэ хашааны хэмжээ гэрчилгээнд заасан хэмжээнээс хэтрээгүй, гэрч Ц.Сэлэнгэ, Ц.Батсайхан нар уг газар хуульд заасан журмыг бүрэн хангаж шилжсэн болохыг баталсан, бичиг баримтууд шүүхэд ирсэн. ******* ******* ХХК Д.******* нь *******ын өвөлжөөний ойролцоо мөн 7800м.кв хэмжээнээс хэтрэхгүй үхрийн байр, хашаа барьсан ба энэ маргаан дууссаны дараа өвөлжөөний доорхи газар эзэмшүүлэх хүсэлтийг хуульд заасан журмаар Баруунбүрэн суманд гаргана. Арцатын ам орчим хашаалсан талбай дотор *******, *******, Д.Азбаяр, Д.******* хэн нь ч өвөлжөөний доорхи газар эзэмшихээр хүсэлт гаргах эрхтэй. Энэ бол Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан иргэд хуулийн өмнө тэгш байх зарчим. Арцатын ам нь Баруунбүрэн сумын ИТХ-ын 2015 оны 04 тоот тогтоолоор өвөлжөөний газар-аар ерөнхий газар зохион байгуулалт хийгдсэн баримт хэрэгт бий. Хууль тогтоомжоор болон сумын ИТХ, Засаг даргаас нэхэмжлэгч нарт давуу эрх олгосон зүйл байхгүй, тийм боломжгүй.

Хариуцагч тал Хамтран ажиллах гэрээ-ний зорилгын хүрээнд, гэрээнд дурдсан Монгол улсын төрийн бодлогын баримт бичгийг үндэслэн тухайн бүс нутагт эрчимжсэн аж ахуй хөгжүүлэхээр хашаа, үхрийн хашаа саравч барьсан.

Гэтэл түүнийг нэхэмжлэгч нарын хөрөнгө эзэмших эрхийг зөрчсөн хууль бус гэж дүгнэн албадан буулгахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

1.3.Нэхэмжлэлийн дараах шаардлага нь хашаалсан газрыг албадан чөлөөлүүлэх агуулгатай.

Шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа ******* ******* ХХК газрыг хашаалахдаа газар эзэмших эрх аваагүй, хашаалсан газар нь *******, ******* нарын эзэмшил газартай давхацсан, тэдний малыг бэлчээрлэх боломжгүй болгож, орц гарцыг хаасан гэж дүгнэн нэхэмжлэлийг хангажээ. Энэ нь үндэслэлгүй болох нь:

а.Хашаалсан 738.1 га газрын бус дотор нэхэмжлэгч нарын 0.78 га өвөлжөөний доорхи/ Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт /эзэмшил газар байгаа ба энэхүү газартаа орж гарах, түүнийгээ эзэмшиж ашиглахад ******* ******* ХХК Д.******* саад учруулсан гэх; баримт байхгүй, нэхэмжлэгч нарт Арцатын аманд үүнээс өөр эзэмшил, ашиглалтын эрхтэй газар байхгүй.

б.Харин хашаалсан талбайн бүс дотор нэхэмжлэгч нарын өвөлжөөний доорхи газар, өвөлжөө байгааг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж байна гэж дүгнэсэн нь хуулийн заалтын агуулгыг бодит байдал, нотлох баримтаас зөрүүтэй буруу тайлбарласан байна. *******, ******* нарын мал; хашаалсан талбайн бүс дотор бэлчих, ус уух, явах хөдлөхийг хязгаарласан зүйл байхгүй, тийм баримт хэрэгт авагдаагүй. Шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэгч нар малаа хашаалсан талбайгаас гаргах, буцаан оруулах явдал чөлөөтэй гэдгийг хариуцагч тайлбарласан ба түүнд нэхэмжлэгч нар хариулт, няцаалт өгөөгүй.

в.Хашаалсан талбайд бэлчээр эзэмших, ашиглах давуу эрхийг нэхэмжлэгч нарт; тусгайлан олгосон ямар нэг зүйл байхгүй. Хашаалсан талбай бүхий газрыг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар Баруунбүрэн сумаас өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн газар гэж тусгайлан тогтоосон зүйлгүй бөгөөд *******гийн хувьд үхэр маллаж жилийн 4 улиралд байдаг, *******ын хувьд намаржаад Орхон сумын нутагт өвөлждөг нөхцөл байдал /Шүүх хуралдааны тэмдэглэл үзнэ үү/ тогтоогдсон.

г.Манай улсад одоогийн байдлаар бэлчээрийг мал бүхий иргэдэд эзэмшүүлэх, ашиглуулах тусгайлсан хуулийн зохицуулалт байхгүй. Харин хашаалсан газар нь Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг бөгөөд сумын хувьд алслагдсан бүс гэж тооцогддог, Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 5 сарын 16-ны 131 дүгээр тогтоолын 1 дүгээр заалт, 1.1 дүгээр заалт, 2.1 болон 2.2 дугаар заалтаар газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй.бэлчээрийн мал аж ахуй эрхлэх талаар баримтлах бодлого, зохицуулалт нэгэнт бий болсон, энэ нь уг маргаанд хамааралтай байхад шүүх эс хайхарсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хоёр.Шүүх маргаантай харилцааны хууль зүйн үндэслэл, шаардах эрхийг тодорхойлж дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь хууль бус болсон. Үүнд:

а.Нэхэмжлэгч нарын гэрчилгээтэй эзэмшиж байгаа 0.78 га буюу 7800 м.кв өвөлжөөний доорхи газрын эрхийг зөрчөөгүй /эзэмшил газар давхцаагүй, уг газарт нь халдаагүй, саад учруулаагүй/ нөхцөлд хашаалсан 738.1 га газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрх иргэн *******, ******* нарт байхгүй. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т зааснаар ийм эрх тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад хадгалагдана. Баруунбүрэн сумын Засаг дарга энэ эрхээ хуульд заасан журмаар иргэн *******, Сүрэнзаяа нарт шилжүүлээгүй.

б.******* ******* ХХК-ийн газар хашаалсан, өвөлжөө, өвсний хашаа барьсан нь хуулийн 57.3-т заасан Зохих зөвшөөрөлгүйгээр...дур мэдэн эзэмшсэн гэдэгт хамаарах эсэх нь Хамтран ажиллах гэрээ-г дүгнэх, түүнд дүгнэлт өгөх, хэрвээ газар чөлөөлөх бол хамтран ажиллах гэрээний хүрээнд ******* ******* ХХК тухайн газарт оруулсан хөрөнгө оруулалт, бий болгосон хөрөнгийн хохирлыг хэн хариуцах, хэн буруутай тухай асуудал хамт шийдвэрлэгдэх ёстой.

в.Нэхэмжлэгч нарын шаардах эрх үгүйсгэгдэж байгаа нөхцөлд тэдний шүүхэд нэхэмжлэлийн шаардлага болгон тавьж байгаа асуудал нь хууль зүйн агуулгын хувьд Иргэний хуулийн 135 дугаар зүйлээр зохицуулсан хөршийн нөлөөллийг хориглон хязгаарлах агуулгатай гэж ойлгогдоно. Энэ тохиолдолд ******* ******* ХХК-ийн бэлчээр хашсан, үхрийн болон өвсний хашаа барьсан нь *******, ******* нарын өвөлжөөний доорхи газраа эзэмшихэд ... нөлөөлөл нь ердийн үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн эсхүл ...эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь ноцтой хохироож болох... нөхцөл байдал бий болсон нь тогтоогдсон байхыг шаардана. Энэ хэргийн хүрээнд ийм зүйл тогтоогдоогүй.

г.Шүүх Засаг даргыг хариуцагчаар татах хүсэлтийг хүлээж аваагүй атлаа түүнийг оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээж авсан, гэрчүүдийн хэргийн үйл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцуулан атлаа тэдний тайлбарыг үнэлэхээс татгалзсан, хашаалсан талбай дотор байгаа нь баримтаар тодорхой, зохигчид, гэрч мэдүүлсэн Б.Азбаярын өвөлжөө, ******* ******* ХХК-ийн эзэмшил газар, барилга байгууламжийн талаар дүгнэлт хийхээс татгалзсан нь шүүх нэг талыг барьсан болохыг харуулна.

д.Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэхийн оронд ганцхан Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2023.03.28-ны 01/99 тоот бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт/огноо, дугааргүй/-ийг гол үндэслэл болгосон, маргаанд хамааралтай эрх зүйн харилцаан дүгнэлт өгөөгүй нь мөн нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний 150/ШШ2023/00165 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Б. Торгууд, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гээд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцов.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч *******, ******* нарын өмгөөлөгч Б.Баасанжав би хариуцагчаас гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дугаар тус бүрээр нь хариулт өгч байна.

Нэг. 1.1 дэх хэсгийн

А.Газрын тухай хуулийн 52.5. Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх зорилгоор хашсан бэлчээрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад улирал харгалзахгүй тодорхой болзол, гэрээний дагуу ашиглуулж болно гэж заасан, Мөн хуулийн 52.6 Энэ хуулийн 52,1-д заасан ерөнхий хуваарь, 52.4, 52.5-д заасан газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж заасныг хариуцагч зөрчсөн. Тодруулбал 52 5-д заасан газрын хэмжээ ашиглуулах талаар сумын ИТХ-аас шийдвэрлэж олгохоос биш сумын Засаг дарга ямар нэгэн гэрээ байгуулаад газар эзэмшүүлж ашиглуулж болохгүй. Ер нь бол газрыг хамтран ажиллах юм уу хөрөнгө оруулалтын гэрээгээр эзэмшиж ашиглахыг хуулиар хориглосон. Мөн хуулийн 27.3.т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4.т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 31.2.т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна., 31.3. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэснийг хариуцагч зөрчиж хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй газар эзэмшиж ашиглаж байгаа өөрсдийнхөө хууль бус үйлдлийг анхан шатны шүүхийн буруу мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Б.Засаг даргатай хамтран ажиллах гэрээг байгуулснаар газар эзэмшиж болохгүй гэдгийг хун бүхэн мэднэ, хэрэв ингэж газар эзэмшдэг байсан бол Монгол улсад хүн бүхэн, компани болгон хууль бусаар газар эзэмших байсан байх. Засаг дарга Газрын тухай хуулийн 52.6-д заасныг хангуулах үүрэг байхгүй, газар эзэмших ашиглах иргэн, хуулийн этгээд өөрсдөө хүсэлтээ гаргаж хуулийн дагуу зохих журмын дагуу газраа эзэмшинэ. Хариуцагч хариуцагчаа тодорхойлдоггүй, нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлдог Иргэний эрх зүйн зохицуулалт байгаа, Засаг даргыг гэм буруутай гэж үзэж байгаа бол хариуцагч тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Хариуцагч хариуцагчийг оролцуулах хүсэлтийг хангаагүй нь анхан шатны хувьд үндэслэлтэй байна.

В.Хариуцагчаас хамтран ажиллах гэрээний талаар анхан шатны шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл, хүсэлт гаргаагүй, ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч татгалзал хариу тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагчаас гэрээний талаар ямар нэгэн дүгнэлт хийлгэх эрх зүйн хүчинтэй нэхэмжлэл, хүсэлт гаргасан тохиолдолд анхан шатны шүүх хянан хэлэлцэх үүрэгтэй болохоос биш өөрөө гэрээг дүгнэх үндэслэлгүй.

Г.Сумын Засаг дарга, ИТХ-ыг өөрсдийн үйл ажиллагаанд буруутай гэж үзэж байгаа тохиолдолд тусдаа нэхэмжлэлээ гаргах эрх нь хариуцагчид бүрэн нээлттэй, өөрсдийн буруутай үйлдэлд хэн нэгнийг хамруулан буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Ер нь бол албан тушаалтнууд хэн нэгний хууль бус үйлдлийн дагуу газар олгож хууль бус үйлдэл хийвэл өөрсдөө хариуцлага хүлээдэг учир хэн нэгнийг хууль бус үйлдэл хийхийг шаардах боломжгүй юм.

 

1.2-дах хэсэг

А.Өвөлжөөний газар эзэмших эрх гэдэг нь малчин хүний малаа бэлчээрлүүлэх, өөрсдөө сум орон нутаг явах, малаа эрж хайх, хадлан тэжээлээ авах, бэлтгэх зэрэг өргөн цар хүрээтэй ойлголт түүнээс биш зөвхөн 7800 м.кв газартаа оршин суухыг ойлгохгүй. *******, ******* нарын өвөлжөөг тойруулан хашаа барьчихсан ба уг хашаа нь орж гарах 2 хаалгатай тэр хаалга нь цоожтой байдаг, /сүүлд хэрүүл маргаан үүсгэсний улмаас цоожийг нь авч утсаар уядаг болсон/ төмөр торыг дагуулаад нүх шуудуу ухсан, тэр нүхэнд мал орж үхдэг, хүн бэртэх ч аюултай, *******ийн эхнэрийн дүү болох Б.Азбаяр ирж дарамталдаг, малчныг нь зодож байсан талаар нэхэмжлэгч нар шүүх хурал дээр тодорхой хэлсэн. /анхан шатны шүүх хурлын дараа Б.Азбаяр согтуугаар дахин ирж *******ыг зодохоор дайрч давшлан заавал цус гаргаж байж сална, анхан шатны шүүх юу ч биш, давах дээр та нар ялагдана мэдэв үү гэх мэтээр дарамталсан ба цагдаад албан ёсоор мэдэгдсэн/. *******гийн цагдаад өгсөн гомдлын материалыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргасан байхад Д.******* саад учруулаагүй дарамтлаагүй гэх үндэслэл байхгүй.

Б.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд шударга эзэмшигчийг тодорхойлсон бөгөөд хүн хуулийн этгээд газар болон бусад үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өөрийн эзэмшилд авсан байхыг хуулиар шаардсан бөгөөд энэ шаардлагыг нэхэмжлэгч нар бүрэн хангасан, харин хариуцагч хуль бусаар газрыг хашиж, бусдын амар тайван аж төрөх нөхцөлийг хааж, байгаа нь үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн Нэхэмжлэгч нар 700 га газрыг битүү хашсан төмөр торны дунд амьдарч байгаа бөгөөд орж гарахдаа заавал төмөр торны хашааны хаалгаар гардаг, уг гарц нь 2 байдаг бөгөөд орж гарахдаа заавал буцааж хаадаг, нээдэг ийм л үйлдэл болдог талаар нэхэмжлэгч нарын тайлбарт тодорхой дурдсан. Энэ талаар хариуцагч маргадаггүй.

В.Нэхэмжлэл гаргах үед болон одоо ч гэсэн ******* ******* ХХК, Д.******* нарын нэр дээр маргаан бүхий газарт ямар нэгэн газар болон үл хөдлөх хөрөнгө байхгүй талаар төрийн байгууллагын тодорхойлолт албан бичиг, шинжээчийн дүгнэлт, хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа,

1.3-дах, хэсэг

A.******* ******* ХХК, Д.******* нар нэхэмжлэгч нарын орж гарах эзэмшихэд хэрхэн саад учруулсан талаар дээр дэлгэрэнгүй тайлбарласан.

Б.Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэн тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтээр тодорхой дурдсан ба кадастрын зурагт хүртэл хашаалсан газрын хаана хаана нь нэхэмжлэгч нарын өвөлжөө, ногооны талбай байгаа тэмдэглэсэн байгаа,

B.Хашаалсан талбайд нэхэмжлэгч нарын өвөлжөө, ногооны талбайг олгосон байсан ба энэ талаарх баримт хэрэгт хангалттай авагдсан.

Г.Засгийн газрын тогтоол нь эрчимжсэн мал аж ахуйг төрөөс бодлогын хүрээнд дэмжихээр батлагдсан эрх зүйн акт болохоос биш ******* ******* ХХК, Д.******* нарыг гэрээ байгуулаад газар хашаад барилга байгууламж барихыг зөвшөөрсөн акт биш юм.

Хоёр:

A.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дахь талд нэхэмжлэгч нарын шаардах эрхийг тодорхой дурдаж үндэслэл бүхий тайлбарласан байдаг.

Б.******* ******* ХХК, Д.******* нар хамтран ажиллах гэрээний дагуу хохирол үүссэн, үүнд хэн нэгэн буруутай гэж үзэж байгаа бол нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй. Гэхдээ хариуцагчийг зөвшөөрөлгүй газар хашаалж, барилга байгууламж барихыг хэн ч зөвшөөрөөгүй гэдгийг дурдах нь зүйтэй байх. Гэрч сумын Засаг дарга Ц.Сэлэнгийн мэдүүлэгт энэ талаар тодорхой дурдсан байгаа.

B.Хөршийн нөлөөлөл нь адил эрхтэй буюу шударга эзэмшигч нарын хооронд үүссэн харилцааг тодорхойлдог болохоос биш энэ маргаан дээр хөршийн нөлөөлөл яригдахгүй.

Г.Анхан шатны шүүх хэргийн бодит байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа бөгөөд нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл байхгүй.

Д.Анхан шатны шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслээгүй бөгөөд шийдвэрийн 7, 8 дахь талд ямар ямар нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосныг дэлгэрэнгүй дурдсан нь шүүхийн шийдвэрийг нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тойруулаад хашсан хашаа байгаа. Би намар Сүрэнзаяагийн ногооны талбайн хашааг хадаж байхад ******* ******* ХХК-ийн малчин Азбаяр намайг ална гэж сүрдүүлсэн. Надад 9 минутын бичлэг байгаа. Хашаа орж, гарах 2 гарцтай, хаалгыг хаагаад буцаагаад хаахаар хашаа эвдсэн гэж дарамталдаг. Анхан шатны хурал танай талд шийдвэр гарсан. Давж заалдах шатны шүүх дээр манайх ялна гэж сүрдүүлсэн. Би их айдастай байгаа гэв.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх бидний талд шийдвэр гарсан. Одоо манайх ялна гэж хэлсэн. Үүнээс болоод хүн амины хэрэг гарах вий гэж айж байна. Намайг зооринд чинь булна шүү гэж айлгасан. Би энэ талаар гомдлыг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газарт өгсөн. Маш их дарамттай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******, ******* нарын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний болон Газрын тухай хуулиудын холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн Арцатын ам гэх газарт оршин суух *******, ******* нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт байрлах ******* Хошуу ХХК-д холбогдуулан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Арцатын ам гэх газарт хууль бусаар газар эзэмшиж, байшин хашаа барьсан үйлдлийг таслан зогсоон албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Газарбаатар, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Анхан шатны шүүх эрх зүйн харилцаа, шаардах эрхийг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан, Шүүх маргаантай харилцааны хууль зүйн үндэслэл, шаардах эрхийг тодорхойлж дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хангасан нь хууль бус болсон тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 4.Нэхэмжлэгч *******, ******* нар нь Орхон аймгийн харьяат иргэд боловч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар баг Арцатын ам гэх газарт ******* нь өөрийн нөхөр *******ийн нэр дээр эзэмшиж байсан 7.800 мкв өвөлжөөний газрыг, С.Торгууд нь мөн 7.800 мкв өвөлжөөний газрыг өөрсдийн нэр дээр гэрээ байгуулан 000613452 дугаар бүхий гэрчилгээний үндсэн дээр эзэмшдэг болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нараас гаргаж ирүүлсэн баримтуудаар нотлогдсон байна.

Хариуцагч ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын засаг дарга Г.Түмэн-Өлзийтэй 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан Түмэн төгөл нэртэй эрчимжсэн мал аж ахуйг 20 жилийн хугацаанд эрхлэх, Төсөл хэрэгжүүлэх газар нь: Бургалтай 2 дугаар баг Уртын гол Арцатын даваа гэж тодорхойлж, Хамтын ажиллагааны агуулга нь: Үхэр үржүүлгийн түшиц газарт сайн чанарын мах, сүүний чиглэлийн үйлдвэр байгуулах, тус сумын иргэдэд өндөр ашиг шимтэй үхрийн үүлдэр бий болгох, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх замаар сум орон нутгийн эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах ажиллах хүчийг тухайн сумаас авч ажиллуулах, сумын хэмжээнд ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг хамтран үе шаттайгаар шийдвэрлэх... зэрэг асуудлуудыг тусган ажилласан ба уг гэрээний 2.1.1-д ..Төслийн хүрээнд аж ахуйн байр барих, өвөлжөө хашаа барих, эрчим хүч татах, махны болон тэжээлийн ургамал газар болон бэлчээрийн газар нутгийг хашаажуулах газрын асуудлыг шийдвэрлэн гэрээгээр эзэмшүүлэх үүргийг сумын засаг дарга, түүний тамгын газар хүлээсэн гэж тайлбарласан.

Харин дээрх гэрээний заалтыг биелүүлж Түмэн төгөл төсөлд шаардагдах газрыг хууль ёсоор эзэмшүүлэх үүргээ гэрээний А тал буюу сумын засаг дарга хариуцах ёстой, тэдний үүргээ биелүүлээгүй нь бидний буруу биш гэж тайлбарлаж байх боловч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар баг Уртын гол, Арцатын ам гэх газарт ******* ******* ХХК нь эрх бүхий этгээдийн зохих зөвшөөрөлгүйгээр 17.452 метр урттай 738.1 га газрыг хашаалж, уг хашааг тойруулж нүх ухсан, уг хашаанд 200, 300 үхрийн фермер, хашаа, саравч, өвсний хашаа зэргийг барьж байгуулсан үйл баримт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон, дээрх үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад хариуцагч байгууллага нь Газрын тухай хуулийг зөрчиж хууль бусаар буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу албан ёсны зөвшөөрлөөр дээрх газрыг эзэмшиж ашиглаагүй болох нь нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Газрын тухай хуулийн 21.4-д Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. ,

21.4.1-д аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх,

21.4.2-д аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх,

21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж,

27 дугаар зүйл.Газар эзэмшүүлэх

27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ ,

27.2-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно ,

27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна,

27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан байна.

Харин ******* Хошуу ХХК нь Баруунбүрэн сумын 2 дугаар баг Уртын гол, Арцатын ам гэх газарт 17.452 метр урттай 738.1 га газрыг эзэмшиж малын хашаа, саравч, үхрийн фермерийн барилга байгууламж барихдаа сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлээгүй, тухайн компанид газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрээ хийгдээгүй, гэрчилгээ олгогдоогүй байхад төслийн ажлыг эхлүүлж, хашаа, малын байр, байшин барих ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 тоот тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас олгосон эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/75 дугаартай албан бичиг болон талуудын тайлбаруудаар нотлогдсон байна.

Иймд нэхэмжлэгч нарын хууль бусаар газар эзэмших эрхэд нь халдсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдснаар газрыг гэрээний үндсэн дээр эзэмшихгүйгээр ашиглах гэсэн бие даасан эрх зүйн ойлголт байхгүй бөгөөд газрыг Сумын засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулснаар шууд газрыг ашиглах боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын үндэслэлд дурьдагдсан Газрын тухай хуулийн 52 дугаар зүйл нь Бэлчээр, түүнийг зохистой ашиглах хамгаалах тухай ойлголт бөгөөд энэ зүйлийн 52 дугаар зүйлийн 52.6-д Энэ хуулийн 52.1-д заасан ерөнхий хуваарь, 52.4, 52.5-д заасан газрын хэмжээ болон уг газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж заасанчлан Эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар бэлчээрийг хашаалан ашиглаж болох талаар заасан болохоос бус үхрийн хашаа саравч, өвөлжөө барих асуудал бол бэлчээр ашиглах асуудал биш бөгөөд нэхэмжлэгч нарын өвөлжөө, ногооны газрыг оруулан хашаалан авсан нь мөн дээрх иргэдийн бэлчээрийн асуудлыг давхар хөндсөн ойлголт болно.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч *******, ******* нарын хууль ёсны дагуу эзэмшиж буй өвөлжөө, ногооны талбайгаа хэн нэгэн этгээдийн хязгаарлалтгүйгээр эзэмшиж ашиглахад саад учирч тэдний өвөлжөө, ногооны талбайн газар ******* ******* ХХК-ий хашаалсан талбайд орж давхцал үүссэн төдийгүй, *******ын мал хашаалсан талбайн гадна талын ухсан нүхэнд унаж үхсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарт Иргэний хуулийн 92 дугаар зүйлд заасан Эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхийн харилцаа үүсэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Харин ******* Хошуу ХХК нь Баруунбүрэн сумын засаг дарга Г.Түмэн-Өлзийтэй 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний хэрэгжилт, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудал нь нэхэмжлэгч нарт хамааралгүй бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа жич шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 150/ШШ2023/00165 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* Хошуу ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Газарбаатар, түүний өмгөөлөгч Б.Нямцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 150/ШШ2023/00165 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ