Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 4707

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр байр, орцонд байрлах, “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны /цаашид “СӨХ” гэх/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 25 дугаар байр, 88 тоотод оршин суух, Бат овогт Лувсаншаравын Баясгалан /РД: ЦА66030762/-д холбогдох,

 

дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 1 350 775  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэл, хариуцагч Л.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Г.Гэрэл шүүхэл гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ-ны гишүүн 25 дугаар байр, 88 тоотод оршин суудаг Л.Баясгалан нь 2008 оны 02 дугаар сараас 2016 оны 6 сар хүртэлх дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 101 сарын төлбөрт 1 350 775 төгрөгийг төлөөгүй байх тул Л.Баясгалангаас 1 350 775 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 25 дугаар байр, 88 тоотод 2 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй, 2004 оны өвөл түр хугацаанд гэр бүлээрээ гадагшаа явахдаа СӨХ-ны дарга болон жижүүрт захиж хэлсэн. Гэтэл уг хугацаанд манай гэрт хулгай орж 2 000 000 гаран төгрөгийн эд зүйлс алдагдсан ба үүнийг СӨХ нь мэдээгүй байсан. Иймд СӨХ нь ажилдаа хариуцлаггүй хандсан тул СӨХ-ны төлбөрийг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Л.Баясгаланд холбогдуулан 2008 оны 02 дугаар сараас 2016 оны 6 сар дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 1 350 775 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “...манай байранд хулгай орсон үүнд СӨХ хариуцлаггүй хандсан тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй” гэж  үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагчийн оршин сууж буй Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 25 дугаар байр, 88 тоот орон сууц нь нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-д харьяалагддаг болох нь, мөн хариуцагч уг орон сууцанд оршин суудаг болох нь “Түшээ” СӨХ-ны 209 дугаартай гэрчилгээний хуулбар болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж заасны дагуу хариуцагч нь тухайн СӨХ-ны гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй юм.

 

Гэтэл хариуцагч нь 2008 оны 02 дугаар сараас 2016 оны 6 сар дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 1 350 775 төгрөг төлөөгүйг үгүйсгээгүй байх бөгөөд уг төлбөрийг төлөөгүй нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь СӨХ-ны доголдолтой үйл ажиллагааны улмаас түүний эд хөрөнгөнд хохирол учирсан гэж үзсэн тохиолдолд хуульд заасан журмын дагуу зохих этгээдэд гомдол гаргах эрхтэй ба хариуцагч нь энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй, мөн татгалзалаа нотлох баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 2008 оны 02 дугаар сараас 2013 оны 3 дугаар сарын СӨХ-ны төлбөр болох нийт 685 435 төгрөгийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцагч нь уг хэсгийг төлөхөөс татгалзах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох 2013 оны 7 дугаар сараас 2016 оны 6 дугаар сар дуусталх хугацааны СӨХ-ны төлбөр болох нийт 665 340 төгрөгийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 665 340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 685 435 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан хариуцагч Л.Баясгалангаас 665 340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 685 435 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 36 563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 20 518 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд,  тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс  зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           М.БАЯСГАЛАН