Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: Ц.Сүхбат;

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

            шүүгдэгч Л.Түвшинбар, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхамсүрэнгийн Түвшинбаярт холбогдох эрүүгийн 1809019670647 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 19 дүгээр гудамжны 6396 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 428 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ЕЗ97031814 регистерийн дугаартай, Боржигин овогт Лхамсүрэнгийн Түвшинбаяр.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Яллагдагч Л.Түвшинбаяр нь:

            Д.Маргадчулуун, Ж.Баярмөнх, Д.Энхтүвшин нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Хорихын 75 дугаар байрны орчим байрлах “Есөн-Эрдэнэ” дэлгүүрээс эд зүйлс хулгайлсны улмаас 1.169.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Д.Маргадчулуун, Ж.Баярмөнх, Д.Энхтүвшин нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах “Дэвжих” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайд алдагдсаны улмаас 2.459.800 төгрөгийн хохирол учруулсан,

            Д.Энхтүвшин, Д.Маргадчулуун, Ч.Насанбуян, Ж.Баярмөнх, Г.Содномдорж нартай бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 30-наас 2015 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Хүрэлсүхийн эзэмшлийн “Дэлгэрлэн” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 5.647.500 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Энхтүвшин, Ж.Баярмөнх, Д.Маргадчулуун нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 07-ны шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах иргэн Д.Оюунцэцэгийн эзэмшлийн “Дреам” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйлс хулгайлан авч 4.760.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ч.Насанбуян, Г.Содномдорж, Д.Энхтүвшин, Д.Маргадчулуун нартай бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 2-24 тоотод байрлах “60 айл” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж гар утасны нэгж, биет 60.000 төгрөг, тамхи, гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 337.500 төгрөгийн хохирол учруулсан,

Ж.Баярмөнх, Д.Энхтүвшин, Г.Содномдорж, Д.Маргадчулуун нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Золо” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж процессор, оймс, хиам, ундаа, живх, архи зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 5.875.320 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Энхтүвшин, Д.Маргадчулуун, Ч.Насанбуян, Г.Содномдорж нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 4-35 тоотод байрлах “Ширхэнцэг” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж ус ундаа, тамхи, биет 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлсны улмаас 299.600 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 20.548.720 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Түвшинбаяр мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Яллах дүгнэлтэд хийсэн хэргийн талаар үнэн зөв бичигдсэн учир зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Дэлгэрмаа /1хх-ийн 91-92/, С.Энхтуяа /1хх-ийн 87-89/, С.Хүрэлсүх /1хх-ийн 132-134/, Д.Оюунцэцэг /1хх-ийн 178-179/, Ц.Тунгалагсайхан /1хх-ийн 192-193/, Э.Хоролмаа /1хх-ийн 220-221/, Л.Сарандэлгэр /1хх-ийн 228-229/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 64-73/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 105-106/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 64-73/,эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 102-103/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 123-128/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 129-130/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 150-158/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 173-174, 186/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 191/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 207-213/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 214-218/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 227/, Д.Энхтүвшингийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 244, 234/, Д.Маргадчулууны яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 232/, Л.Түвшинбаярын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 38/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаар шийтгэх тогтоол /2хх-ийн 72-117/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоол /2хх-ийн 59-60/, Л.Түвшинбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 52-53/, шинээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1117 дугаар магадлал, хохирол төлсөн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.11.20-ны өдрийн 4/19072 дугаартай албан бичиг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Түвшинбаяр нь Д.Маргадчулуун, Ж.Баярмөнх, Д.Энхтүвшин нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Хорихын 75 дугаар байрны орчим байрлах “Есөн-Эрдэнэ” дэлгүүрээс эд зүйлс хулгайлж 1.169.000 төгрөгийн,

           

мөн 2015 оны 6 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Д.Маргадчулуун, Ж.Баярмөнх, Д.Энхтүвшин нартай бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах “Дэвжих” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 2.459.800 төгрөгийн,

           

2015 оны 06 дугаар сарын 30-наас 2015 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 02 цагийн үед Д.Энхтүвшин, Д.Маргадчулуун, Ч.Насанбуян, Ж.Баярмөнх, Г.Содномдорж нартай бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах иргэн С.Хүрэлсүхийн эзэмшлийн “Дэлгэрлэн” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйлс хулгайлж 5.647.500 төгрөгийн,  

 

2015 оны 07 дугаар сарын 07-ны шөнө Д.Энхтүвшин, Ж.Баярмөнх, Д.Маргадчулуун нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах иргэн Д.Оюунцэцэгийн эзэмшлийн “Дреам” хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйлс хулгайлж 4.760.000 төгрөгийн,

 

2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ч.Насанбуян, Г.Содномдорж, Д.Энхтүвшин, Д.Маргадчулуун нартай бүлэглэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 2-24 тоотод байрлах “60 айл” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж гар утасны нэгж, биет 60.000 төгрөг, тамхи, гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж 337.500 төгрөгийн,

 

2015 оны 7 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Ж.Баярмөнх, Д.Энхтүвшин, Г.Содномдорж, Д.Маргадчулуун нартай бүлэглэн  Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо “Золо” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж процессор, оймс, хиам, ундаа, живх, архи зэрэг эд зүйлсийг хулгайлж 5.875.320 төгрөгийн,

 

2015 оны 6 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Д.Энхтүвшин, Д.Маргадчулуун, Ч.Насанбуян, Г.Содномдорж нартай бүлэглэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 4-35 тоотод байрлах “Ширхэнцэг” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж ус, ундаа, тамхи, биет 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 299.600 төгрөгийн, бусдад нийт 20.548.720 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Дэлгэрмаагийн /1хх-ийн 92/: ”... 2007 оны намраас “Есөн Эрдэнэ” 6 нэрийн хүнсний дэлгүүрийг байшингийнхаа 1 давхарт ажиллуулж эхэлсэн... 2015 оны 06 сарын 05-ны өдөр манай хүү Хатанбаатар надад дэлгүүрт хулгай орсон талаар хэлсэн... Дэлгүүрээс голдуу тамхи хулгайд алдсан байсан... Самсунг маркийн 14 инчийн дэлгэцтэй нөүтбүүк алдсан. Парламент, Улаан шонхор, Эссэ, Ченж Эссэ, нарийн ЛД, саарал ЛД, Алтан навчис, нарийн Вест, Марллборо, Кент тамхи зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 64-73/,

 

эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 105-106/,

 

хохирогч С.Энхтуяагийн /1хх-ийн 87-89/: “... 2015 оны 06 сарын 05-ны өглөө ажилдаа явах гээд гэрээс гарахад манай “Дэвжих”... дэлгүүрт хулгай орсон байна... ДВД тоглуулагч, парламент, улаан шонхор, эссэ, ченж эссэ, нарийн ЛД, саарал бүдүүн ЛД, Алтан навчис, нарийн вест, Марллборо, Кент, Майлд севен, Улаан вест, Тисс, Цагаан өргөө зэрэг тамхи, биет 40.000 төгрөг, Жи-Мобайл, Юнител, Мобикомын 3 ширхэг гар утас зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 64-73/,

 

эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 102-103/,

 

хохирогч С.Хүрэлсүхийн /1хх-ийн 132-134/: “... 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр... дэлгүүрээ хаагаад гэртээ харьцгаасан... Маргааш өглөө нь... 07 цагийн үед дэлгүүр дээрээ ирээд хартал... бэлэн 1.200.000 төгрөг... болон жижиг сажиг зүйлүүд алдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 123-128/,

 

эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 129-130/,

 

хохирогч Д.Оюунцэцэгийн /1хх-ийн 178-179/: “...2015 оны 07 дугаар сарын 07-ны өглөө... дэлгүүр дээрээ очиход цагдаа нар ирчихсэн... байсан... Манай дэлгүүрээс бэлнээр 1.045.350 төгрөг, 14 төрлийн 108 шил архинууд, 1.517.500 төгрөгийн тамхи, хяналтын камерийн хар хайрцаг... зэрэг эд зүйлс алга болсон ...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 150-158/,

 

эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 173-174, 186/,

 

хохирогч Ц.Тунгалагсайханы /1хх-ийн 192-193/: “... 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 2-24 тоотод байрлах “60 айл” дэлгүүртээ ажиллаж байгаад шөнө 23 цагийн орчим дэлгүүрээ хаагаад гэртээ харьж амарчихаад маргааш өглөө нь очиход дэлгүүрийн хаалгыг эвдээд дэлгүүрээс бэлэн 60.000 төгрөг, 27.500 төгрөгийн нэгжийн картууд, ЛЖ зурагт, тамхи зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 191/,

 

хохирогч Э.Хоролмаагийн /1хх-ийн 220-221/: “... 2015 оны 07 дугаар сарын 15-нд... дэлгүүрт хулгайч орж эд зүйл алдагдсан... Би алдагдсан эд зүйлээс 502.900 төгрөгийн эд зүйлийг буцаан авсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 207-213/,

 

            эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 214-218/,

 

хохирогч Л.Сарандэлгэрийн /1хх-ийн 228-229/: “...Би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 4-35 тоотод “Ширхэнцэг” нэртэй хүнсний мухлаг ажиллуулдаг юм. 2015 оны 06 сарын 24-ний орой 22 цагийн өнгөрөөд дэлгүүрээ хаагаад өглөө ирэхэд хулгайч орж бэлэн 200.000 төгрөг, ундаа, цэвэр ус, чихэр боов алга байсан...” гэх мэдүүлгээр,

 

эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 227/,

 

Д.Энхтүвшингийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 244, 234/: “...Надад сонсгож байгаа ялуудыг хүлээн зөвшөөрч байна. ...Би дээрх хэргүүдийг үйлдсэн гэдгээ өөрөө ярьсан, хүлээн зөвшөөрч байгаа. ... Д.Маргадчулуун, Л.Түвшинбаяр, Ч.Насанбуян, Ж.Баянмөнх нартай найзалж нөхөрлөөд эдгээр хүмүүст уруу татагдаад энэ хэргүүдийг үйлдчихлээ ... Би Д.Маргадчулуунтай Л.Түвшинбаяраар дамжуулан танилцаж байсан. Ингэж танилцаад 1 сар орчмын дараанаас л хулгай хийж эхэлсэн ...Би уг тогтоолд дурьдагдсан хулгайн хэргүүд болон миний хамтран оролцсон үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

Д.Маргадчулууны яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 232/: “...Миний бүх үйлдлүүд 100 гаруй үйлдэл байгаа... Би прокурорын тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцсан, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

Л.Түвшинбаярын гэрчээр мэдүүлсэн /2хх-ийн 38/: “...Д.Энхтүвшингээр дамжуулан Д.Маргадчулуун, Ж.Баярмөнх, Г.Содномдорж нарыг таньдаг болсон. Би Д.Маргадчулуун, Ж.Баярмөнх, Д.Энхтүвшин, Г.Содномдорж, Ч.Насанбуян нартай хамтран... “Золо” хүнсний дэлгүүрээс 2015 оны 07 сард наадмын үеэр хүнсний эд зүйл, 2015 оны 06 сард Баянгол дүүрэгт Гандангийн тэнд “60 айл”-ын хүнсний дэлгүүр... мөн Ганданд “Ширхэнцэг” нэртэй хүнсний дэлгүүрээс, Сүхбаатар дүүрэгт “Дреам“ хүнсний дэлгүүрээс эд зүйл тус тус хулгай хийхэд хамт явалцаж хамт хийсэн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь бусадтай бүлэглэн бусдын хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авч хулгайлсныг бие биенээ гэрчилж мэдүүлсэн, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн өмчлөлд авч, иргэдэд үлэмж хэмжээний буюу 20.548.720 төгрөгийн хохирол учруулж буй Л.Түвшинбаярын санаатай үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “давтан бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд...нэвтэрч үйлдсэн…” гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “давтан бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хүндэрсэн байх тул прокуророос шүүгдэгч Л.Түвшинбаярын үйлдсэн гэмт хэргийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Л.Түвшинбаярын “давтан бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Үүнээс гадна шүүгдэгч Л.Түвшинбаярын “давтан бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1117 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон болохыг дурьдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Түвшинбаяр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт учруулсан хохирлоос өөрт ногдох хувийг (Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1117 дугаар магадлал) буюу хохирогч Д.Оюунцэцэгийн 1.190.000 төгрөг, хохирогч Ц.Тунгалагсайханы 67.500 төгрөг, хохирогч Э.Хоролмаагийн 794.614 төгрөг, хохирогч Л.Сарандэлгэрийн 59.920 төгрөг, бүгд 2.113.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сан 100900005406 дугаарын дансанд тушаасан тул түүнийг дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон үлдэх хохирол болох хохирогч Г.Дэлгэрмаагийн 292.250 төгрөгийн, хохирогч С.Энхтуяагийн  614.950 төгрөгийн, хохирогч С.Хүрэлсүхийн 941.250 төгрөгийн хохирлыг Л.Түвшинбаяраас гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа гэдэг нь үйлдэгдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний диспозицид заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн тухайн цаг хугацаа юм. Л.Түвшинбаяр нь “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бөгөөд сүүлчийн үйлдсэн гэмт хэрэг бүрэн төгссөнөөр гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоох тул түүний 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргүүдийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй, энэ талаархи  өмгөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлгүйг дурьдаж байна.

 

Шүүхээс Л.Түвшинбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж түүнийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хуульд нийцүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Л.Түвшинбаяр нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг огт эдлээгүй болно.

 

Л.Түвшинбаярын  “давтан бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан” үйлдлүүд нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч энэ хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэрэгтэй нэгтгэн шалгах шаардлагагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй тул шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                       

            1. Шүүгдэгч Боржигин овогт Лхамсүрэнгийн Түвшинбаярыг бусадтай бүлэглэж, давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Түвшинбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Түвшинбаярт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Түвшинбаярт энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Түвшинбаяр нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Л.Түвшинбаяраас нийт 1.848.450 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Г.Дэлгэрмаад 292.250 төгрөг, хохирогч С.Энхтуяад 614.950 төгрөг, хохирогч С.Хүрэлсүхэд 941.250 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч Д.Оюунцэцэг, Ц.Тунгалагсайхан, Э.Хоролмаа, Л.Сарандэлгэр нарт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Түвшинбаярын хохиролд нөхөн төлсөн  2.113.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сан 100900005406 дугаарын данснаас гаргуулж, үүнээс хохирогч Д.Оюунцэцэгт 1.190.000 төгрөг, хохирогч Ц.Тунгалагсайханд 67.500 төгрөг, хохирогч Э.Хоролмаад 794.614 төгрөг, хохирогч Л.Сарандэлгэрт 59.920 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Түвшинбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

 

          10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ