| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0215/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Э.Халиун;
шүүгдэгч: Ө.Абдула (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ............ холбогдох эрүүгийн 1909001600050 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын технологийн мэргэжилтэй, “Чанар” хүнсний дэлгүүрт туслах ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр баг, Хөх толгойд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. регистерийн дугаартай, ...............
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ө.А нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Холливүүд” бааранд 2019 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө үйлчлүүлж байхдаа хохирогч С.Досжаныг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож улмаар түүний биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Досжан /хх-ийн 4-5/, гэрч Е.Бахытбек /хх-ийн 7/, Х.Мейржан /хх-ийн 8/, Е.Аманжан /хх-ийн 9-10/, А.Аялбек /хх-ийн 11/, Ж.Ханат /хх-ийн 12/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1174 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/, Ө.Агийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6, 19-20/, Ө.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23-30/, С.Досжаны хүсэлт /хх-ийн 31/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.А нь 2019 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Холливүүд” бааранд үйлчлүүлж байхдаа С.Досжаныг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч С.Досжаны /хх-ийн 4-5/: “... 2019 оны 01 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Холливууд” бааранд найз Бахытбек, Аманжан нарын хамт орж архи уусан. Би 00-ийн өрөөнд Аманжантай тааралдахад “танихгүй залууд цохиулчихлаа” гээд яриад байж байтал Аманжаныг цохисон Абдулла гэх залуу шууд ирээд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Би газар унаж миний хамарнаас цус гарсан ...” гэх мэдүүлгээр,
гэрч Е.Бахытбекийн /хх-ийн 7/: “... Би 2019 оны 01 дүгээр сарын 04-05-ны өдөрт шилжих шөнө 01 цагийн үед өөрийн найз Ё.Досжан /99415570/, түүний найз Е.Аманжан нартай хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Холивууд” гэх бааранд орсон. Бид бааранд ороод 0,5 литрийн савлагаатай “Титэм” нэртэй архи авч ууцгаасан. Би архи уудаггүй тул тус архинаас амсаагүй. Бид хоорондоо юм ярьж бүжиглэж байсан. Ё.Досжан, Е.Аманжан нар их согтсон байсан. Шөнийн 02 цагийн үед бүжгийн талбай дээр Е.Амажаныг үл таних эрэгтэй хүн цохисон. Би түүнийг хараад очиж тэднийг салгасан. Үл таних залуу намайг түлхээд өнгөрсөн. Тэр явдлын дараахан тус баарны ариун цэврийн өрөөнд миний найз Ё.Досжаныг тайзан дээр бидэнтэй маргасан залуу цохисон байсан. Ё.Досжаны хамраас цус гараад гэмтсэн мэт харагдаж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Х.Мейржаны /хх-ийн 8/: “... Аманжан гэх өндөр залуу Абдуллаг шүргээд тэр 2 хоорондоо маргалдаад байсан. Нэг харсан чинь Абдуллаг байхгүй болохоор нь 00-н өрөөнд ортол Досжан гэх залуугийн хамарнаас нь цус гарчихсан “Абдулла цохисон” гээд байж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Е.Аманжаны /хх-ийн 9-10/: “... 2019 оны 01 дүгээр 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Холливууд” бааранд найз Бахытбек, Досжан нарын хамт орж нэг шил архи уусан. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байхдаа Абдулла гэх залуутай мөрөөрөө шүргэлцэж маргалдахад Абдулла гэх залуу миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би шууд 00-н өрөө орж Досжан бид хоёр 00-н өрөөнд хүнд цохиулсан талаар яриад байж байтал Абдулла араас 00-н өрөөнд орж ирээд Досжаны хамар руу гараараа нэг удаа цохисон. Хамгаалагч нар ирж салгаад гадаа гартал цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлгээр,
Ө.Агийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 6, 19-20/: “... 2019 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн орчим “Холливууд” бааранд найз Мейржаны хамт ороод пиво уусан. Бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь Аманжан гэх үл таних залуу намайг мөрлөөд байхаар нь би хацар руу нь гараараа цохисон. Би 00-н өрөө рүү бие засах гээд ортол Аманжан, Досжан нартай тааралдаж муудалцаад Досжаны хамар руу нэг удаа гараараа цохичоод гараад явсан. Удалгүй цагдаа нар ирээд биднийг аваад явсан. ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлгээр,
“...С.Досжаны биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1174 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ө.Агийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ө.Агийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч С.Досжаны “... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Ө.Аг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Номин нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ..........г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ