Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/05597/И |
Дугаар | 4718 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 4718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан овоо 24 дүгээр гудамж, 42 тоотод оршин суух, Сод цорос овогт Цагаанцоожийн Оюунтунгалаг /РД: ОЙ89111507/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 9/1 тоотод байрлах, “Москвакомплекс” ХХК /РД: 2045184/-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Оюунтунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Батханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, Х.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс “Москва комплекс” ХХК-ны “Эм Си Лог Хаус” мод боловсруулах үйлдвэрт технологич инженерээр ажилд орж ажилласан. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дуудаад ямарч үндэслэлгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тамга тэмдэггүй “Эм Си лог хаус” ХХК-ийн ерөнхий захирал С.Батсүхийн /С.Энхбаатар төлөөлж гарын үсэг зурсан, тамгагүй/ тушаалыг үзүүлээд ажлаас халсан. Миний бие тухайн үед утсаар зургийн аваад тойрох хуудас зуруулсан. Ажлаас халагдсан тушаалаа аваад диплом, нийгмийн даатгалын дэвтэрээ авъяа гэхэд тушаалыг өгөхгүй, утсаар ярихад болоогүй байна гэх мэтчлэн хойшлуулаад 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Москва комплекс” ХХК-ийн дэд захирал Б.Золтуяагийн 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн тамгатай тушаалыг авсан. Миний бие нэг ч удаа ажлаа шалтгаангүй тасалж, хоцорч зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд торгох арга хэмжээнүүдийг авч байгаагүй гэтэл үндэслэл тодорхойгүй шалтгаанаар 5 сартай жирэмсэн намайг ажпаас халж миний хөдөлмөрлөх эрх, жирэмсэн гэдгээр ялгаварлан гадуурхаж байна. Ажилд анх ороход надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтыг зөрчиж 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр захирлын тушаал өгсөн. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Москвакомплекс” ХХК-ийн төлөөлөгч Б.Золтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Оюунтунгалаг нь 2014 оны 5 дугаар сард ТИС-ийг төгссөн ба тус компанид 2014 оны 10 сарын 05-ны өдөр технологич инженерээр ажилд орсон. Ажилд орсон өдрөөс хойш Ц.Оюунтунгийг зааж, сургаж, дадлагажуулж, хөгжүүлсээр ирсэн. Харин Ц.Оюунтунгалаг нь ажлын цаг ашиглалт муу, хариуцсан ажлаа хугацаанд нь гүйцэтгэдэггүй, ажлын хариуцлага алдан, чанарын гологдол гаргаж, захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлж, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, компанид тодорхой хэмжээний хохирол учруулж байсан. Үүнд, Ц.Оюунтунгалаг нь 2016 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт ажиллавал зохих цагийн 22 хувийг тасалж хоцорч, ажлын цаг ашиглалтын коффициент нь 78 хувь хангалтгүй түвшний үзүүлэлтэд хамаарч байгаа юм. Мөн ажилдаа хариуцлалагүй хандсан, захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биөлүүлээгүй тухай зөрчил дээр аман сануулга удаа дараа, тохиодол бүр дээр өгч байсан. Мөн чанарын удирдлага хэрэгжүүлэх болон бүтээгдэхүүний техникийн нөхцөл боловсруулах ажилд хугацаа алдаж, чанарын асуудлаар доголдол гаргаж, захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан тул Ерөнхий захиралын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бусдад таниулах, сурталчлах, борлуулах зорилгоор энэ оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01, 02-ны өдөр “Мишээл Экспо”-д зохион байгуулагдсан Барилгын үзэсгэлэнд оролцохоор манай хамт олон сар гаруй хугацаанд бэлтгэл ажлуудыг холбогдох ажилтнууддаа хуваарилан ихээхэн ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө зарцуулж оролцсон. Уг ажилд Ц.Оюунтунгалагийн оролцоо нилээд байсан бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хариуцсан ажлаа хаяж явж, бусад ажиллагсдад буруу үлгэр дууриалал үзүүлж, сахилгын зөрчлийг давтан гаргасан нь хөдөлмөрийн дотоод журмын заалт, мөн Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 зүйлд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Иймээс Ц.Оюунтунгалагийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунтунгалаг нь хариуцагч “Москвакомплекс” ХХК-д холбогдуулан анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 800 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэж тодорхойлсон бол шүүх хуралдаанд “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх тул шүүх уг шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч “Москвакомплекс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлэгчийг ажлын цаг ашиглалт муу, хариуцсан ажлаа хугацаанд нь гүйцэтгэдэггүй, ажлын хариуцлага алдан, чанарын гологдол гаргаж, захиргаанаас өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн, хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, компанид тодорхой хэмжээний хохирол учруулсан сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ажилтан Ц.Оюунтунгалаг нь ажил олгогч “Москвакомплекс” ХХК-ийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар тушаалаар “Москвакомплекс” ХХК-д технологч инженерийн албан тушаалд томилогдож, 2016 оны 5 дугаар сарын 10 өдөр хүртэл “Эм Си лог хаус” ХХК-ийн үйдвэрт технологч инженерээр ажиллаж байсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар нотлогдож байхаас гадна талууд дээрх үйл баримтын талаар мараагүй байна. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт хэдийн нэхэмжлэгчийг ажилд томилсон тухай тушаал нотлох баримтаар авагдаагүй, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн охин компани гэх “Эм Си лог хаус” ХХК-ийн модны үйлдвэрт ажиллаж байсан байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд томилж, ажлаас чөлөөлсөн, мөн хариуцагчаас нэхэмжлэгчид цалин хөлс төлж байсан үйл баримтын талаар маргаагүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч “Москвакомплекс” ХХК-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар, нотлох баримтын шаардлага хангаагүй “Эм Си лог хаус” ХХК-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр тушаал тус тус авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч “Москвакомплекс” ХХК-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тушаалыг өөрийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэн шүүхэд гомдол гаргасан байна. Иймд шүүх хариуцагч “Москвакомплекс” ХХК-ийн захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийн, “Эм Си лог хаус” ХХК-ийн захирлын тушаалыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйгээс гадна хэрэгт хамааралгүй баримт байна.
Хариуцагчийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэн сахилгын сануулах арга хэмжээ авсан байх бөгөөд уг тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, тушаал хүчинтэй хэвээр байна.
Үүний дараа, хариуцагч “Москвакомплекс” ХХК-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хэрэгжүүлдэггүй, ажлын хариуцлага алдаж, ажлын байраа удаа дараа дур мэдэн орхиж, зөвшөөрөлгүй явсан зөрчлийг давтан гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр түүнийг технологич инженерийн ажлаас чөлөөлсөн байна.
Ажил олгогчийн дээрх тушаалын агуулга болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл ажил олгогч нь тушаалын үндэслэлээ “...ажилтан Ц.Оюунтунгалагийг 2016 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт ажиллавал зохих цагийн 22 хувийг тасалж хоцорсон, ...ажилдаа хариуцлалагүй хандсан, захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ...үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бусдад таниулах, сурталчлах, борлуулах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01, 02-ны өдөр “Мишээл Экспо”-д зохион байгуулагдсан Барилгын үзэсгэлэнд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хариуцсан ажлаа хаяж явж, бусад ажиллагсдад буруу үлгэр дууриалал үзүүлж, сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаарддаг.
Хавтаст хэрэгт авагдсан цаг бүртгэлийн нэгдсэн тайлан гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхаас гадна гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт байх тул уг баримтуудаар нэхэмжлэгчийг ажил тасалсан, ажлын цаг хоцорсон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэх үүрэгтэй. Гэтэл дээрх баримтууд нь нэхэмжлэгчийг ажил тасалсан, ажлын цаг хоцорсон сахилгын зөрчил гаргасныг тогтоох баримт болж чадахгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь ажилдаа хариуцлалагүй хандсан, захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтан ямар ажилд, хэрхэн хариуцлаггүй хандсан, мөн ажил олгогчоос өгсөн ямар далгаврыг хэрхэн удаа дараа биелүүлээгүй болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01, 02-ны өдөр “Мишээл Экспо”-д зохион байгуулагдсан үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бусдад таниулах, сурталчлах, борлуулах барилгын үзэсгэлэнд удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хариуцсан ажлаа хаяж явсан болон бусад ажиллагсдад хэрхэн буруу үлгэр дууриалал үзүүлсэн зэрэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул ажил олгогчийн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 24.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа түүнийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээгээр тохиролцох ажил, үүрэг гүйцэтгэхийг биелүүлээгүй хэмээн үзэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.
Иймд ажил олгогч нь ажилтанг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажил олгогч ажилтанг ажлаас буруу халсан нь тогтоогдож, шүүх ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс шүүх хурал болсон өдөр хүртэл буюу ажлын нийт 48 хоног байх тул уг хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцон 765 504 төгрөг /2016 оны 02 дугаар сар 325 000 төгрөг + 01 дүгээр сар 360 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сар 343 636 төгрөг =1 028 636 төгрөг / 3 сар= 342 879 төгрөг / 21.5 хоног= 1 өдрийн 15 948 төгрөг х ажлын 48 хоног= 765 504 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговороос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгав.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 765 504 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Оюунтунгалагийг “Москвакомплекс” ХХК-ийн технологич инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Москвакомплекс” ХХК-иас 765 504 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунтунгалагт олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Оюунтунгалагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Москвакомплекс” ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 дугаар дансанд төлсөн 23 750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 22 922 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН