| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0218/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: П.Бямбасүрэн;
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
шүүгдэгч: А.Батдорж, О.Наранбат, С.Бибигүл, тэдгээрийн өмгөөлөгч Э.Туул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас А.Батдорж, О.Наранбат нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, С.Бибигүлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709008100440 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байр 1 давхарын 1 тоотод оршин суух, (Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 15 дугаар байр, 0 тоотод оршин суух бүртгэлтэй), Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн 11 сар 20 хоногийн хорих ялаас заримыг буюу 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жил 11 сарын хорих ялыг өршөөн хасаж үлдэгдэл 1 сар 11 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж суллагдсан, УМ88102158 регистерийн дугаартай, Боржигон овогт Оюунцэцэгийн Наранбат.
2. Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30 дугаар гудамжны 408 тоотод оршин суух, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаартай Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 15 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ИЦ82111476 регистерийн дугаартай, Шуудай овогт Амаржаргалын Батдорж.
3. Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, авга эгч, хоёр дүүгийн хамтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж 26 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, УР84030166 регистерийн дугаартай, Шыбарайгыр овогт Салиуханы Бибигүл.
Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:
Яллагдагч А.Батдорж нь О.Наранбат, С.Бибигүл нартай бүлэглэн
урьдчилан үгсэн тохиролцон 2017 оны 08 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кибер” зочид
буудлын 3 давхарын өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан
хохирогч Д.Дашдонойгийн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн довтолж
Самсунг галакси Жи 7 загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар
авсан,
яллагдагч О.Наранбат нь С.Бибигүл, АБатдорж нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцон 2017 оны 08 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кибер” зочид буудлын 3 давхарын өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Д.Дашдонойгийн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн довтолж Самсунг галакси Жи 7 загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар авсан,
яллагдагч С.Бибигүл нь А.Батдорж, О.Наранбат нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кибер” зочид буудлын 3 давхарын өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Д.Дашдонойгийн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн довтолж Самсунг галакси Жи 7 загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Наранбат мэдүүлэхдээ: Хэрэг гардаг орой А.Батдоржийн гэрт архитай очсон. Архиа ууж байхад С.Бибигүль утсаар ярьж А.Батдоржтой хамт “Кибер” зочид буудалд хүрээд ир гэсэн. А.Батдорж бид 2 очиход С.Бибигүль өмнөөс дан цамцтай гараад ирсэн. “Би архинд явж байна, миний куртикийг аваад ир” гэсэн. Тэгээд 3 давхарт гарч куртикийг нь авах гэтэл нэг залуу өгөхгүй гэсэн. Би тэр залуутай маргалдсан. Би куртикийг булааж аваад гарсан. А.Батдорж ширээн дээрээс нь утас авсан гэж хэлсэн. Би “хамаагүй шүү” гээд салаад явсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Батдорж мэдүүлэхдээ: Тухайн өдөр эхнэр С.Бибигүль утсаар ярьж дуудсан. С.Бибигүль “би ус ундаанд явсан, миний куртикийг аваад ирээч” гэсэн. О.Наранбат түрүүлж ороод куртик авах гэж байсан. Энэ үед нь би ширээн дээр байсан утсыг нь аваад гарсан. Араас О.Наранбат гарч ирсэн. Ингээд 3-лаа хүний утсыг аваад явсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бибигүль мэдүүлэхдээ: Би тухайн хүнтэй танилцаад буудалд орсон. Хоёулаа ууж, идье гээд надад 17.000 төгрөг өгөөд “ус, архи аваад ир” гэсэн. Би гарахдаа нүцгэн гарсан. Гэтэл А.Батдорж ирсэн байсан. Би “куртикээ үлдээчихлээ, ороод аваад ир” гэхэд А.Батдорж, О.Наранбат нар орсон. Сүүлд нь гарч ирэхдээ хүний утас аваад гараад ирсэн байсан. Тэрийг нь “Монтель” дээр зарсан гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дашдоной /хх-ийн 14-15, 116-117/, гэрч Б.Сэржмядаг/хх-ийн 21/, Х.Цэнджав /хх-ийн 27/, Н.Амаржаргал /хх-ийн 77/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16/, С.Бибигүлийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 119-123/, О.Наранбатын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/, А.Батдоржийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн46-48/, О.Наранбатын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49-54, 85-86, 89-97/, А.Батдоржийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 87-88, 98-103, 127, 137/, С.Бибигүлийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 128/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 104, 139/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Батдорж, О.Наранбат нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах, “Кибер” зочид буудлын 3 давхарын өрөөнд хохирогч Д.Дашдонойд хүч хэрэглэн довтолж "Самсунг Галакси Жи-7” маркийн гар утсыг нь авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Дашдонойгийн /хх-ийн 14-15/: ”...Найзуудтайгаа уулзчихаад “Багшийн дээд”-ийн тэнд явж байх үед нэг үл таних эмэгтэй тааралдсан. Надад “миний таньдаг нэг зочид буудал байгаа, тэнд ороод хамт жаахан юм яриад сууя” гэж хэлсэн. Нэг өрөөнд хамт ороод байж байхад тэр үл таних эмэгтэй нь “гарчихаад ирье” гэж хэлсэн бөгөөд буцаж орж ирээгүй. Гэтэл хоёр залуу орж ирээд хар савхин куртиктэй жижигэвтэр биетэй нь хумсны хутга гаргаж ирээд хоолойнд тулгаад миний өмдний арын халаасанд байсан дотроо 200.000 төгрөгтэй түрийвчийг авсан, нөгөө цагаан өнгийн малгайтай цамцтай залуу нь миний утас орон дээр байхад утсыг шүүрээд аваад гараад явсан. Хар савхин куртиктэй залуу миний нүд руу цохиод би дараа нь Итгэлт хамба руу явахдаа хөх алаг нүдтэй явсан. Тэр хоёр залуу “пизда минь эд зүйлээ гаргаад ир ална шүү” гэж байсан. Тухайн үед зүүн нүд хөхөрч хавдсан, одоо гэмтэл шарх байхгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Сэржмядагийн /хх-ийн 21/: “... Энэ өдөр болсон явдлыг Б.Мөнгөнсувдаас асуухад “санаа зовох юм байхгүй ээ, гаднаас Д.Дашдоной нь согтуу нэг хүүхэнтэй орж ирж өрөө авсан. Хэсэг хугацааны дараа 30 минутын орчим болоод өрөөндөө маргалдаад байсан. Тэгж байтал гаднаас нэг залуу орж ирээд шууд мэдэж байгаа юм шиг Дашдонойгийн өрөө руу шууд орсон. Оруулахгүй гэтэл “найз маань дуудсан энэ өрөөнд ороод ир гэсэн” гээд орсон. Оронгуутаа эрэгтэйтэй нь маргалдаад зодолдохоор нь манайх цагдаа дуудсан” гэсэн. Хэрэг болсноос хойш 21 хоногийн дараа Дашдоной өөрөө “надад камерийн бичлэг хуулж өг танайд дээрэмдүүлсэн хүн байна” гэж ирсэн. Тэгэхээр нь зочид буудлын эзэн байхгүй, код мэдэхгүй гэж бичиг хийж өгөөд явуулсан...Манай бичлэг 14 хоног л хадгалагдаад устдаг...” гэх мэдүүлгээр,
С.Бибигүлийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 119-123/: “...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Тусгаар тогтнолын ордны урд талын сааданд байж байтал нэг үл таних эрэгтэй “биеэ үнэлэгч авъя” гээд бид 2 1 цагийн 30.000 төгрөгөөр тохироод ...Кибер зочид буудлын нэг өрөө аваад орсон...30.000 төгрөгөө өгчих гэж хэлсэн чинь “гараад картнаас аваад өгнө” гээд мөнгөө өгөхгүй байснаа “байгаа нь 17.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гараад бэлгэвч аваад ирье” гээд худлаа яриад гарч ирээд Батдорж, Наранбат нарт “байгаа нь 17.000 төгрөг гэж байна шдээ” гэж хэлсэн. Би тухайн үед өрөөнд куртикээ үлдээсэн байсан ба Батдорж, Наранбат хоёр дотогш намайг гадаа үлдээгээд миний байж байсан өрөө рүү орчихоод гарч ирсэн. Батдорж тэр залуугийн Самсунг Жи-7 маркийн гар утас байсныг аваад гараад ирсэн байсан. Тэгээд Наранбат салаад багшийн дээд рүү очоод байж байя гээд явсан. Батдорж бид хоёр Монтел руу очоод Батдорж дотогш ороод гар утсыг нь “120.000 төгрөгөөр зарчихлаа” гээд гарч ирсэн бөгөөд бид хоёр тэр мөнгөөр архи уугаад буудалд хоносон, надад 20000 төгрөгөөр пүүз авч өгсөн...Тэр 2 миний куртикийг авна гээд л орсон юм, гарч ирэхдээ гар утсыг нь авсан байсан. Хэн авсныг нь мэдэхгүй. Тэр залууд 200.000 төгрөг байгаагүй, байгаа нь 17.000 төгрөг байсан...” гэх мэдүүлгээр,
О.Наранбатын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 43-44/: “... А.Батдоржтой яриад гэрт нь очоод 0,5 литрийн хэмжээтэй архи уугаад хоол хийж идэж байсан. Тэгсэн хамтран амьдрагч Бибигүль гэдэг эмэгтэй нь түүн рүү залгаад “Кибер” зочид буудал дээр хүрээд ир гэсэн. Бид хоёр хамт такси бариад очсон. Бибигүль үүдэн дээр дан цамцтай зогсож байсан. Таксины мөнгө өгчихөөд тэр хоёр уулзчихаад бид хоёр “Кибер” зочид буудал руу 3 давхар луу гараад 2 номерын өрөөнд нь ороод цувыг нь аваад гарахад тэр залуу орилсон...” гэх мэдүүлгээр,
А.Батдоржийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн46-48/: “... О.Наранбаттай архи уугаад хоол хийж идээд байж байтал Бибигүль залгаад “Кибер” зочид буудал дээр хүрээд ир гэсэн... Бибигүль нэртэй манай эхнэр байсан эмэгтэй тухайн үед гар утас аваагүй, би О.Наранбаттай орохдоо тэр гар утсыг нь авсан. Тэр эрэгтэй бид хоёрыг ороход ганцаараа байсан, Бибигүлийн курткийг авсан чинь “наадах чинь хүний куртка” гэхээр нь “чамд хамаагүй” гэж нүүр рүү нь мангасдаж унагачихаад куртикийг нь гар утастай хамт н аваад гарсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний комиссын шийдвэр /хх-ийн 16/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч А.Батдорж, О.Наранбат нар бусдын хөрөнгийг хүч хэрэглэн илээр авсныг бие биенээ гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү бүлэглэж бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, хүч хэрэглэн довтолж өөрсдийн өмчлөлд авч буй О.Наранбат, А.Батдорж нарын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолждээрэмдэх” гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин прокуророос С.Бибигүлийг энэ гэмт хэргийг А.Батдорж, О.Наранбат нартай бүлэглэж үйлдсэн, бусдыг гэмт хэрэгт санаатай татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдсэн боловч энэ талаар нотлогдсон зүйл таамгийн түвшинд байна.
Аль нэг шүүгдэгчийн гэмт хэргийн үйлдэл, холбогдлын талаар бусад шүүгдэгч нараас хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн мэдүүлгүүд нотлох баримтын шаардлага хангасан баримт сэлт, мэдээлэлд тооцогдох бөгөөд шүүгдэгч өгч байгаа нь тэдгээрийн нотолгооны ач холбогдлыг бууруулахгүй. Шүүгдэгч нараас бусад шүүгдэгчийн талаар өгсөн мэдүүлгийн агуулга нь мэдүүлэг өгөгчийн өөрийн ашиг сонирхлын эсрэг байх албагүй бөгөөд хэргийн талаар бодитой мэдээлэл агуулж байгаа бол хэрэгт ач холбогдолтой хэвээр байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно.
Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэгт дүгнэлт хийхэд С.Бибигүл нь хохирогч Д.Дашдонойгоос эд зүйл нэхсэн, айлгаж сүрдүүлсэн, хүч хэрэглэн зодож цохьсон, зориудаар А.Батдорж, О.Наранбат нарыг дуудаж шунахай сэдэлтээр эд хөрөнгийн ямар нэгэн ашиг хонжоо агуулж энэ хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтуудаас харагдахгүй байна.
С.Бибигүл нь хохирогч Д.Дашдонойгийн 17.000 төгрөгийг авч гарсан, гараад “...мөнгөгүй юм байна, байгаа нь 17.000 төгрөг байна...” хэмээн А.Батдорж, О.Наранбат нарт хэлсэн үйлдлийг “Д.Дашдонойтой мөнгөн дээрээ тохироогүй (биеэ үнэлэх), зочид буудалд үлдээсэн куртикээ авах зорилготой гэж үзэхээр байна.
Шүүгдэгч А.Батдорж, О.Наранбат нар “Кибер” зочид буудалд хохирогчид хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг нь авсан үйл ажиллагаа илт тодорхой байхад үйл явдал дууссан хойно хохирогчийн гар утсыг А.Батдорж, О.Наранбат нар авсныг С.Бибигүл мэдсэн нь шүүгдэгч нарыг бүгдийг дээрэмдэх гэмт хэрэг хамтран орлцсон болгож хувиргах учиргүй юм.
Мөн хохирогчоос А.Батдорж, О.Наранбат нар бэлэн 200.000 төгрөг авсан гэсэн нь хангалттай тогтоогдохгүй байна.
Тухайн үед хохирогчид дээрх хэмжээний бэлэн мөнгө байгаагүйг шүүгдэгч А.Батдорж, О.Наранбат, С.Бибигүл нар удаа дараагийн мэдүүлэгтээ тайлбарласан бөгөөд хохирогчийн “200.000 төгрөгтэй байсан” гэх мэдүүлгийн эх сурвалж бусад баримтаар тогтоогдоогүй болно.
Иймээс шүүгдэгч С.Бибигүл нь энэ гэмт хэрэгт оролцоогүй нь тогтоогдож байх тул холбогдох хэрийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, мөн шүүгдэгч А.Батдорж, О.Наранбат нарын үйлдлээс “хохирогчийн бэлэн 200.000 төгрөгийг дээрэмдсэн” гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Дашдонойгийн “200.000 төгрөгийг дээрэмдсэн” гэх үйлдийг шүүх хэрэгсэхгүй болгосон тул энэ талаархи нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон гар утасны 280.000 төгрөгийг шүүгдэгч А.Батдорж, О.Наранбат нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Дашдонойд олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч О.Наранбат, А.Батдорж нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа шүүгдэгч А.Батдоржоос хохиролд 90.000 төгрөгийг бэлэн мөнгөөр нөхөн төлсөн тул түүний хохирогчид төлөх хохирлоос уг мөнгийг хасч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц уг мөнгийг хохирогч Д.Дашдонойд бэлэн мөнгөөр олгохоор тогтов. Энэ болтол дээрх мөнгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч А.Батдорж, О.Наранбаатар нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан А.Батдорж, О.Наранбат нарт тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч С.Бибигүльд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Прокуророос шүүгдэгч О.Наранбат, А.Батдорж нарыг бүлэглэн “...хохирогч Д.Дашдонойгийн нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн довтолж Самсунг галакси Жи 7 загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар авсан” гэх хэргээс “бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар авсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Шуудай овогт Амаржаргалын Батдорж, Боржигон овогт Оюунцэцэгийн Наранбат нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Наранбатыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батдоржийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Наранбат, А.Батдорж нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тус бүрийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Наранбат 27 хоног, шүүгдэгч А.Батдорж 35 хоног тус тус цагдан хоригдсон хугацааг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч С.Бибигүл энэ хэрэгт 16 хоног цагдан хоригдсон бөгөөд түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, сулласугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батдоржоос 50.000 төгрөгийг, шүүгдэгч О.Наранбатаас 140.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.Дашдонойд олгож, хохирогч Д.Дашдонойн 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Батдоржийн хохиролд нөхөн төлсөн 90.000 төгрөгийг хохирогч Д.Дашдонойд бэлэн мөнгөөр олгосугай.
10. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Наранбат, А.Батдорж нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Наранбат, А.Батдорж нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Бибигүльд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ