Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 196

 

                                                 С.Т-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн ардын шүүх таслах газрын 1953 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолтой С.Т-т холбогдох Ц-8268 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ховд аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух, эрэгтэй, ард торгууд, 37 настай, ам бүл 3, адуу-5, тэмээ-3, үхэр-5, хонь, ямаа 45, гэр-1-ийн хөрөнгөтэй, нам, эвлэлийн гишүүн бус, гадаад Шинжаанд төрсөн, С овогтой Т нь

Нийгмийн шашны төөрөгдмөл арга, мэхийг хэрэглэн 1943-1949 онд тус аймгийн Булган сумын 2 дугаар багийн Мундаа, Чайрт нарын хүмүүст, 1952 оны 1 сард Д нарын 4 айлд ном уншиж тэд нарт үхсэн хүний сүнс байсныг арилгаж байна гэж мухар сүсгийг төрүүлэн ашгийг хичээсэн мэхт явдлуудыг зохиож, 1 тогоо тариа ба гутлын эсгий оймс 1-ийг авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн ардын шүүх таслах газрын 1953 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор С.Т-ийг 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасныг баримтлан 1 жил хорьж, ялыг 1953 оны 09 дүгээр сарын 29-нөөс эхлэн тоолж, өргөл барьц болгон өгсөн зүйлийг хурааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: С.Т-ийг шашны төөрөгдмөл арга мэхийг хэрэглэн 1943-1952 онд Ховд аймгийн Булган сумын 2 дугаар багийн 4 айлд ном уншиж, тэд нарт үхсэн хүний сүнс байсныг арилгаж байна гэж мухар сүсгийг төрүүлэн ашгийг хичээсэн мэхт явдлуудыг зохиож, 1 тогоо тариа ба гутлын эсгий оймс 1-ийг авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйл /Ямар нэгэн ашгийг хичээж, олон нийтийн дотор мухар сүжгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргавал 5 жилээс доошгүй хугацаагаар хорьж, хөрөнгийн заримыг буюу бүгдийг хураана. Мөн түүнчлэн зальт мэхт зүйлийг үйлдэхэд хэрэглэсэн зүйлүүд ба ашигт авсан эд хөрөнгөний зүйлүүдийг хураавал зохино/-д заасан гэмт хэрэгт Ховд аймгийн Ардын Шүүх таслах газрын 1953 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ялыг хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 1. С.Т-г шийтгэсэн тогтоолоос үзэхэд С.Т нь айлд ном уншиж , өргөл барьц авч, ашгийг хичээсэн гэдгийг шалгаж тогтоосон баримтгүй, энэ талаар гэрчүүдийг байцаагаагүй, хэнээс өргөл барьц авсныг тогтоогоогүй байна. 2. Шийтгэх тогтоолын: “Энэ нь түүний мэдүүлэг, тус хурлын шинэчилсэн байцаалтаар батлагджээ” гэснээс үзвэл түүнийг зөвхөн өөрийнх нь мэдүүлэгт үндэслэн түүнд хорих ял шийтгэсэн байна. 3. С.Т-ийн үйлдсэн хэргийн санаа зорилго, тухайн үед нийгэм, хувь хүнд ямар, хор, хохирол учруулсныг хөндлөнгийн баримтуудаар шалгаж тогтоогоогүй байна. Мөн түүний үйлдэл нь өнөөгийн нийгэмд аюултай шинж чанараа алдсан ба өрийг тухайн үед нам засгаас шашны талаар баримталж байсан бодлогын золиос болгож зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг / ... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна. Хэргийн баримтуудаас дүгнэвэл, С.Т-т Ховд аймгийн Ардын Шүүх таслах газрын 1953 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ял оногдуулж, өргөл барьц болгон авсан зүйлийг нь хурааж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ц-8268 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Ховд аймгийн Булган сумын харьяат, С-ийн Т-ийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

С.Т-ийг нийгмийн шашны төөрөгдмөл арга, мэхийг хэрэглэн 1943-1949 онд тус аймгийн Булган сумын 2 дугаар багийн Мундаа, Чайрт нарын хүмүүст, 1952 оны 1 сард Д нарын 4 айлд ном уншиж тэд нарт үхсэн хүний сүнс байсныг арилгаж байна гэж мухар сүсгийг төрүүлэн ашгийг хичээсэн мэхт явдлуудыг зохиож, 1 тогоо тариа ба гутлын эсгий оймс 1-ийг авч ашигласан гэм буруутай гэж Ховд аймгийн ардын шүүх таслах газрын 1953 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд заасныг баримтлан 1 жил хорьж, ялыг 1953 оны 09 дүгээр сарын 29-нөөс эхлэн тоолж, өргөл барьц болгон өгсөн зүйлийг хураан шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд С.Т нь ард олны сүсэг бишрэлийг далимдуулан үхсэн хүний сүнс байсныг арилгаж байна гэж мухар сүсгийг төрүүлэн ашгийг хичээсэн мэхт явдлуудыг зохиож, эд зүйлийг авч ашигласан гэж ял төлөвлөн, шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэсэн боловч дээрх үйлдлийг нь нотолж тогтоосон баримт хэрэгт байхгүй, зөвхөн өөрийнх нь хэргээ хүлээсэн мэдүүлэгт үндэслэн хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн С.Т-ийг хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн Г-д тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.  Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Ховд аймгийн ардын шүүх таслах газрын 1953 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Т-ийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн ардын шүүх таслах газрын 1953 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Т 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлээр ял төлөвлөсөн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН