Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0822/З |
Дугаар | 221/МА2019/0286 |
Огноо | 2019-05-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2019/0286
2019 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2019/0286 | Улаанбаатар хот |
Ц.Б ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Б даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээд “Денвер-11” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.С, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Е.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0042 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн заалдах гомдлоор, Ц.Б ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0042 дугаар шийдвэрээр:Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, Хот суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх хэсэг” 22 дахь талд: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/811 дугаартай захирамжийг гаргахдаа “нэхэмжлэгчид захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны талаар мэдэгдэж, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээр тодорхойлж, сонсгол хийсэн протокол үйлдсэн” гэжээ.
Гэвч тус протоколд зааснаар захиргааны байгууллагын явуулсан сонсох ажиллагаанд захиргааны байгууллага болон гуравдагч этгээдийн төлөөлөл л оролцсон.
Ц.Б миний бие тухайн сонсох ажиллагаанд оролцоогүй, захиргааны байгууллага надад сонсох ажиллагааны талаар албан ёсоор мэдэгдээгүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийг тухайн сонсох ажиллагаанд оролцох боломжоор бүрэн хангах ёстойгоос гадна тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасанчлан тайлбар гаргах боломжийг олгох ёстой.
Гэтэл дээрх ажиллагаа зохих ёсоор хийгдээгүй Ц.Б ын миний эрх, ашиг сонирхол ноцтойгоор хөндөгдсөн байхад анхан шатны шүүх ”сонсох ажиллагаа” хийгдсэн /зохих ёсоор/ гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 22 дахь талд “хотын нийт оршин суугчдын бохир усны гол шугам, цахилгаан дамжуулах өндөр хүчин чадал бүхий кабелийн шугамаас хуулиар тогтоосон зай хэмжээнд нийцэхээргүй газрыг эзэмшиж, дээр нь барилга барьж буй нь гуравдагч этгээд болох хөрш зэргэлдээ орон сууцны иргэдийн төдийгүй нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болохоор байна.
Иймд хариуцагч нь захиргааны актдаа Захиргааны Ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д заасныг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
Гэвч захиргааны байгууллага нь шаардлагатай арга хэмжээг авахдаа ч өөрийн сонгох боломжийг зохист хэмжээнд нь ашиглах ёстой байсан.
Тодруулбал тухайн маргаан бүхий газрын асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 172 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 221/МА2016/0310 магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дугаар 128/ШШ2018/0360 шийдвэрийг тус тус гаргаж, “тухайн газар эзэмших эрх нэхэмжлэгчид олгогдсон нь Ц.Б миний бус захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон” гэдгийг тогтоосон.
Иймд хариуцагчийн зүгээс захиргааны актыг хүчингүй болгохдоо гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх нөхцөлд ч /ЗЕХ-ийн 48.2.2/ тухайн шийдвэр нь захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээний шийдвэр гэдгийг анхаарах шаардлагатай байсан.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байлаа ч тухайн маргаантай газрын эзэмших эрх Ц.Б надад олгогдсон нь анхнаасаа захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг харгалзаж үзэх ёстой байсан.
Цаашилбал намайг барилгын болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн бол шууд “газар эзэмших эрхэд” минь халдахаас илүүтэй барилга байгууламж барих, ашиглахтай холбогдуулан арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс талуудын эрх, ашиг сонирхлыг бүрэн харгалзаж үзээгүй, хуулийн хүрээнд сонгох боломжоо зохих ёсоор хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хянав.
Маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/811 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/56 дугаар захирамжийн нэхэмжлэгчид хамаарах хэсгийг хүчингүй болгож, 3 дахь заалтаараа иргэн Ц.Б т өөр газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг судлан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Б “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/811 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Тухайн газрыг цаашид нэхэмжлэгчид эзэмшүүлэх боломжгүй болох нь тогтоогдсон байна. Тодруулбал Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх хэсэгт “Ус хангамжийн эс үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно”, 17 дугаар зүйлийн 17.14 “бохир ус татан зайлуулах шугамын дэх хэсэгт тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно”, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь хэсэгт “төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх” гэж заасныг тус тус зөрчиж байжээ.
Энэ байдал нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-118/451 дугаар акт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-102/1069 дугаар акт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Барилгын хоорондын зай хэмжээний тухай 02-03/3042 дугаар дүгнэлт, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 03-ны 03/3026 албан бичиг, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ ын 2018 оны 03 дугаар сарын 26-ны 3/565 дугаар албан бичиг зэргээр бүрэн тогтоогджээ.
Төр захиргааны байгууллагаас газрын харилцаанд оролцохдоо Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, зарчмыг баримталж, 20 зүйлийн 20.2.2-д “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж зааснаар тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.
Дээрх нөхцөлд хариуцагчийн зүгээс тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гарсан зөрчлийг арилгах ажиллагааны хүрээнд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон бөгөөд үүнд хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээгүүр “Хотын төвийн бохир усны Ф300 мм-ийн 38 дугаар гол цуглуулах шугам”,” хотын Зүүн түгээх төвийн ашиглалтын ХТП-825-аас ХТП-150 хоорондох 10кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам” тус тус дайран өнгөрч, тэр дундаа нэхэмжлэгч газрыг эзэмшихдээ газраас үл салгаж болох барилга барьж байгаа нь Хот суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 “бохир ус татан зайлуулах шугамын дэх хэсэгт тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно.”, Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дугаар зүйлийн 33.1 “шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна.” Хамгаалалтын зурвасын дотор гэр , орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулах хориглоно” гэснийг тус тус зөрчсөн нь улсын байцаагчийн актаар тогтоогдсон байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-д “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс улсын байцаагч нарын акт, дүгнэлтийг үл тоомсорлодог, оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хэрэгсдэг, барилгаа зөвшөөрөлгүйгээр барьдаг, хэмжээг нь дур мэдэн нэмэгдүүлдэг зэргээр хууль журмаас давж гарах, үл хэрэгсэх байдал удаа дараа гаргаж байжээ. Энэхүү маргаан бүхий захирамж гарахад нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа зохих хэмжээнд нөлөөлжээ гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсанаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөл сонсох ажиллагаанд оролцсон, нэхэмжлэгчийн төлөөллийг оролцуулаагүй гэсэн нь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Сонсох ажиллагаа хийснээр нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх байсан нь тухайд нэхэмжлэгчээс ямар нэгэн тайлбар нотолгоо гаргаагүй мэтгэлцээгүй байна.
Анхнаасаа хариуцагчийн зүгээс хууль захиргааны акт гаргаж газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгосон байна. Энэ байдлыг ч гэсэн нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх бөгөөд давж заалдах гомдолдоо “...тухайн маргаантай газрын эзэмших эрх Ц.Б надад олгогдсон нь анхнаасаа захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг харгалзан үзэх ёстой байсан” гэж дурдсан байна. Иймд нэгэнт буруу гарсан захиргааны актыг хүчингүй болгож байгааг хууль бус гэж дүгнэх боломжгүй. Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийн 3 дахь заалтын дагуу шинэ байршилд газар эзэмших эрх нь нээлттэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР