Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/0054

 

 

В.Цэцэнбилэгийн нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Нийгмийн даатгалын

 хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Ц.Цогт

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                    М.Батсуурь

                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:  А.Гантогтох

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2022/0004 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 299 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлчимэг нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. В.Цэцэнбилэгээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Х.Наранбаатарын оршуулгын тэтгэмжийг олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэргийн нөхцөл байдал:

2. В.Цэцэнбилэгийн нөхөр Х.Наранбаатар нь Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гарган, тэтгэвэр тогтоолгон авчээ. Тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан байна.

2.1. Нэхэмжлэгчээс оршуулгын тэтгэмж олгох тухай хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаснаар мөн өдөр оршуулгын тэтгэмж гэх 1,000,000 (нэг сая төгрөг)-ийг түүнд олгожээ. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “... нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжгүй, 36-аас доошгүй сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэх үндэслэлээр тэтгэмжийн буцаан төсөвт төвлөрүүлэх талаар В.Цэцэнбилэгт утсаар мэдэгдсэний дагуу оршуулгын тэтгэмж гэж олгосон 1,000,000 (нэг сая төгрөг)-ийг буцаан шилжүүлсэн байна.

3. Нэхэмжлэгчээс “... иргэний хувьд, нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, төрийн алба хааж байсан иргэнд оршуулгын тэтгэмж өгөхөөс татгалзаж байгаа нь хууль бус, оршуулгын тэтгэмж олгохгүй гэж амаар мэдэгдсэн, бичгээр ямар нэг шийдвэр өгөөгүй, хуульд заасан болзол шаардлагыг хангасны үндсэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгож авч байсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж авах эрхтэй, мөн Үндсэн хуулийн гол зарчим болох иргэн нь хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан байдаг гэтэл нийгмийн даатгалын шимтгэл огт төлөгдөөгүй хүн ч гэсэн нийгмийн халамжаас тэтгэмж авч байхад бүх амь насаа төр, ард түмний амар тайван аюулгүй байдлын төлөө зориулсан хүн бусад хүмүүсээс ялгаварлан гадуурхагдаж байгаад гомдолтой байна, Х.Наранбаатар нь төрийн үйлчилгээний машинаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа авахад төлсөн талаар баримт гарч байсан ба төр хариуцаж төлдөг гэж ойлгож байгаа” гэж тайлбарлан маргасан.

3.1. Хариуцагчаас “... Цэргийн албан хаагчийн хувьд албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, харин тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэл төлдөггүй тул нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжгүй, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тэтгэвэрт шаардагдах төсвийг улсын төсөвт тусган нийгмийн даатгалын санд шилжүүлдэг. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн Нийгмийн даатгалын байгууллага нь зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулж, цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу ахмадын насанд хүрсэн цэргийн алба хаасны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсэхгүй. Харин иргэний  байгууллагад ажиллаж 36-аас доошгүй сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн зарим цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний хувьд нас харгалзахгүй нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах боломжтой юм. Гэтэл тус иргэний хувьд иргэний байгууллагад ажиллаж 36-аас доошгүй сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөөгүй байх тул оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй байна гэж шүүхэд тайлбар гаргажээ.

4. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч В.Цэцэнбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Наранбаатарын оршуулгын тэтгэмжийг олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,  Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Цэцэнбилэгээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Х.Наранбаатарын оршуулгын тэтгэмжийг олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргасан.

7.1. Талийгаач Х.Наранбаатар нь Монгол Улсын Цагдаагийн байгууллагад 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр анх цагдаагийн туслах ажилтнаар ороод тасралтгүй 21 ажил ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албанаас хошууч цолтойгоор чөлөөлөгджээ. Түүний ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тус тус тооцож улсад нийт 27 жил 1 сар 1 өдөр ажилласнаар тооцон 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоож тэтгэврийг олгож эхэлсэн байна. Түүний нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч буюу төрөөс дааж төлж байсан нь хавтаст хэргийн 76 дахь хуудсанд авагдсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-оор нотлогддог.

7.2. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Цэргийн  тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлэх эх үүсвэрийг “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно” гэж заажээ. Энэ хуулиар бол Х.Наранбаатарын тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилтийг төр дааж, төр нь нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх үүрэгтэй байна. Төр үүргээ биелүүлээгүйн улмаас иргэн хүн, тэр тусмаа өдөр шөнө ялгалгүй үргэлжийн бэлэн байдалд ажилладаг цагдаагийн албан хаагч төрийн энэ үүргээ биелүүлээгүйн золиос болж хуулийн гадна, ажил, албан тушаалаараа ялгаварлан гадуурхаж үлдмээргүй байна.

7.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд гэж заажээ.

7.4. Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацааны талаар заахдаа Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэжээ. Энэ хуульд заасан үндэслэлээр ч Х.Наранбаатарын өндөр насны тэтгэврийг тогтоож, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тэтгэвэр олгож эхэлсэн байх.

7.5. Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу төрөөс шимтгэл төлж байгаа даатгуулагч төрийн тусгай алба хаагчийн хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал, түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно” гэсний дагуу талийгаач Х.Наранбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тэтгэвэр авч байсан иргэн учир түүнийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсантай холбогдуулан түүний оршуулгад зориулан хуулиар оршуулгын тэтгэмж олгох үүрэгтэй байна.

7.6. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5-д “өндөр наслах ... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж заажээ.

7.7. Иймд хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШШ2022/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9. Дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

10. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно” гэж заасан бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 2дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан даатгуулагч биш, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлж байгаагүй иргэн нас барвал оршуулгын тэтгэмжийг авах эрх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар үүсэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... 36 сарын шимтгэл төлөөгүй гэж тайлбарлан тэтгэмж олгохгүй байгааг зөвшөөрөхгүй” гэх хяналтын гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

11. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “нас барагчийн ар гэрт олгох цэргийн тэтгэмж”-ийн талаар заасан, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний оршуулгад зориулан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж олгоно”, 21 дүгээр зүйлийн 2-т “Цэргийн алба хаагчийн ... нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно.” гэж тус тус заажээ.

12. Дээрх зохицуулалтаас үзэхэд, тухайн албаа хашиж байгаа, эсхүл дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барах тохиолдолд нас барагчийн ар гэрт тухайн анги, байгууллагаас нь тэтгэмж олгохоор хууль тогтоогч тусгайлан заасан, харин цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгогч иргэн нас барахад тэтгэмж олгох талаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заагаагүй байна.

13. Энэ талаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “... цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний оршуулгад зориулан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг заасан байх ба цэргийн алба хаасны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд нас барагчийн ар гэрт тэтгэмж олгох талаар заагаагүй байна. Нэгэнт энэ төрлийн тэтгэмж олгох талаар хуульд заагаагүй учир түүнтэй холбоотой санхүүжилтийг улсын төсвөөс олгохгүй ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд тухайн маргаанд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

14. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ ...” гэж заасан бөгөөд уг заалтад мөн хуульд тухайлан заасан тэтгэвэр, тэтгэмжийн төрлүүд хамаарахаас бус Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан бүх тэтгэвэр, тэтгэмж хамаарахгүй болно. 

15. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 285 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч В.Цэцэнбилэгийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

  

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ЦОГТ    

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Д.МӨНХТУЯА

          ШҮҮГЧИД                                                                 М.БАТСУУРЬ

                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                           Х.БАТСҮРЭН