Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 218

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О , хариуцагч “У д с” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А , хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У , гуравдагч этгээд “Ш т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш , М.Ц-О нарыг оролцуулан “А т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “У д с” ТӨХК, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: “А т” ХХК 

Хариуцагч: У д с ТӨХК, Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Ш т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “У д с ТӨХК-иас зарласан Ш-2016/01-01 тоот “Автомашины дизель түлш, АИ-80, АИ-92 стандартын шатахуун нийлүүлэх” тендерийг үндэслэн Үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан У д с ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/21 тоот “Ш т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн гэрээ байгуулсан шийдвэр, гэрээг тус тус хүчингүй болгож, дахин тендер зарлахыг У д с ТӨХК-д даалгах”. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У д с ТӨХК-иас зарласан Ш-2016/01-01 тоот “Автомашины дизель түлш, АИ-80, АИ-92 стандартын шатахуун нийлүүлэх” нээлттэй тендерт “А т” ХХК хамгийн бага үнийн санал өгч шалгарсан билээ.

Гэтэл У д с ТӨХК-өөс ирүүлсэн 1/21 тоот албан бичгээр манай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг ирүүлснийг эс хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17/56 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргахад 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/950 тоот албан бичгээр Захиалагчаас тендер шалгаруулалтын “хамгийн сайн” оролцогчтой гэрээ байгуулагдсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдлыг хүлээн авч хянан үзэх боломжгүй тул уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу тендер шалгаруулалттай холбогдох асуудлыг шүүхэд хандахыг зөвлөсний дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна.

Энэхүү У д с ТӨХК-иас зарласан Ш-2016/01-01 тоот “Автомашины дизель түлш, АИ-80, АИ-92 стандартын шатахуун нийлүүлэх” нээлттэй тендерт “А т” ХХК, “П” ХХК, “Ш т” ХХК, “М т” ХХК гэсэн дөрвөн компани оролцсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж “хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг" хэлнэ, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасан. Үнийн хувьд 1 дүгээрт “А т” ХХК 123.446.573 үнээр, 2-рт “П” ХХК 125.010.734 үнээр, 3-рт “Ш т" ХХК 126.450.335 үнээр, 4-рт “М т” ХХК 127.059.844 үнээр тус тус оролцсон. Энэ тендерт шалгарсан гэх “Ш т" ХХК үнийн саналаар гуравт орж байсан юм. Гэтэл захиалагчаас үндэслэлгүйгээр хамгийн сайн үнэлэгдсэн манай компанийг шалгаруулаагүй тухай шийдвэрийг мэдэгдсэнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Апиваа “тендер” нь захиалагчаас хэрэглээний шаардлага хангах, чанартай барааг хямд, үр ашигтай авах хүсэлт шаардлага, түүнд ирүүлсэн бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн санал байдаг бөгөөд ТБОНӨХБАҮХАтХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ... үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг баримталж шалгаруулах ёстой.

“А т” ХХК нь тендерийн баримт бичгийн ТББ-ын ТШӨХ-ын 18.2, ТОӨЗ-ны 6, 18.3 дахь заалтуудыг 15 жилийн турш хангаж ирсэн чадварлаг, нэр хүндтэй олон арван тендерт ялалт байгуулж байсан, тоног төхөөрөмжийн хувьд шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжүүдтэй ажилладаг Монгол Улсын олон үйлдвэр, аж ахуйн нэгж газартай харилцдаг, шатахуунаар найдвартай хангаж ажилладаг компани. 

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу тендерт оролцогчдоос тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулга авах шаардлагатай байсан.

Гэтэл У д с ТӨХК ямар ч тайлбар тодруулга авалгүйгээр манайхаас даруй 3.003.762 /гурван сая гурван мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийн үнэ өртөг бүхий шатахуун нийлүүлэх компанитай гэрээ байгуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Энэ нь ТБОНӨХБАҮХАтХ-ийг бүхэлд нь зөрчиж үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг алдагдуулж, төсвийн хөрөнгийг хэмнэлгүй захиран зарцуулж буй хууль бус үйл ажиллагаа болж байгаа тул У д с ТӨХК-иас зарласан Ш-2016/01-01 тоот “Автомашины дизель түлш, АИ-80, АИ-92 стандартын шатахуун нийлүүлэх” тендерийг үнэлсэн Үнэлгээний хороо болон Сонгон шалгаруулах зөвлөлийн шийдвэрийг, түүнийг үндэслэн гарсан гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/21 тоот “Ш т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ байгуулсан тухай шийдвэр, гэрээг тус тус хүчингүй болгож, уг тендерийн үнэлгээг дахин явуулахыг У д с ТӨХК-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“УБДС”-ТӨХК-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 35 тоот “УБДС”-ТӨХК-ны зорилтот түвшин, бизнөс төлөвлөгөө төслийн тухай тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/88 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо хуралдан ““УБДС”-ТӨХК-ны АВТОМАШИН МЕХАНИЗМЫН ДИЗЕЛЬ ТҮЛШ, АИ-80, АИ-92 СТАНДАРТЫН ШАТАХУУН КАРТААР НИЙЛҮҮЛЭХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР”-ийн тендерийн баримт бичгийг боловсруулан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нийтэд зарлан мэдээлж, тендерийн нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 12 дүгээр сарын 22-ны өдөр 10 цаг 20 минутад зохион байгуулсан.

Тендерийн баримт бичигт заасан хугацаанд дараах компаниуд тендер ирүүлсэн. Үүнд:

1. “П” ХХК - 125,010,734 /нэг зуун хорин таван сая арван мянга долоон зуун гучин дөрөв/ төг , Үнийн хөнгөлөлт- байхгүй, Тендерийн баталгаа -Г банк - 2,650,000.

2. “А т” ХХК -130,355,410 /Нэг зуун гучин сая гурван зуун тавин таван мянга дөрвөн зуун арван/ төгрөг, Үнийн хөнгөлөлт - 5.3 хувь, Тендерийн баталгаа -Чингис хаан банк 3,000,000.

3. “Ш т” ХХК 126,450,335 /нэг зуун хорин зургаан сая дөрвөн зуун тавин мянга гурван зуун гучин тав/ төгрөг, Үнийн хөнгөлөлт- байхгүй, Тендерийн баталгаа -Чингис хаан банк -2,530,000.

4. “М т” ХХК130,989,530 /нэг зуун гучин сая есөн зуун наян есөн мянга таван зуун гуч/ төгрөг , Үнийн хөнгөлөлт- 3 хувь, Тендерийн баталгаа -Г банк - 2,620,000. Үнийн хөнгөлөлт тооцсон үнэ: 127,059,844 / Нэг зуун хорин долоон сая тавин есөн мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөг.

Тендерийн үнэлгээний хороо хуралдан дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд

1. “П” ХХК нь ААНОАТ-т 163,449 төгрөгийн үлдэгдэлтэй тул ТБОНӨХБАҮХАТХуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дэх /Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй/ заалтын дагуу эрх бүхий бус гэж үзэн ТБОНӨХБАҮХАТХуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх / Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ/ заалтыг үндэслэн уг тендерээс татгалзсан.

2. “А т” ХХК-ийн ирүүлсэн тендер нь

А. ТББ-ын ТШӨХ-ын 18.2 (В) /Тендерт оролцогч нь өөрийн эзэмшлийн шатахуун түгээх станцуудтай байна/ заалтыг хангаагүй.

Б. “А т” ХХК нь “С м” ХХК-тай түншлэлийн гэрээ хийгээгүй байгаа нь ТББ-ын ТОӨЗ-ны А. Ерөнхий нөхцөлийн 6-р зүйл Түншлэл (д) /түншлэлийн гэрээний хувийг тендерийн хамт ирүүлэх/ заалтыг хангаагүй тул эрх бүхий бус гэж үзэн ТБОНӨХБАҮХАТХуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалтын дагуу уг тендерээс татгалзсан.

3. “Ш т” ХХК болон “М т” ХХК-иудын ирүүлсэн тендер нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14-16 дугаар нөхцөлийг хангаж байгаа тул мөн хуулийн 28.7.4. /хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ/ заалтын дагуу “Ш т" ХХК-тай “Автомашин механизмын дизель түлш, АИ-80, АИ-92 шатахуун картаар нийлүүлэх” 126,450,335 /нэг зуун хорин зургаан сая дөрвөн зуун тавин мянга гурван зуун гучин тав/ төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулах үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагчид хүргүүлэн захиалагч ТБОНӨХБАҮХАТХуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дэх /үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах/ заалтыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан болно.

Хариуцагч У д с ТӨХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компани нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон барилга объект болон орон сууцны оршин суугч ард иргэдийг дулааны эрчим хүчээр ( халаалт, хэрэглээний халуун усаар) тасралтгүй, найдвартай хангах үүрэг хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч 100 хувь төрийн өмчит хувьцаат компани юм.

Манай компани дээр зарлагдсан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ш-2016/01-01 дугаартай тендерийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нээсэн билээ. 

Тендерт оролцогчид дараах үнийн саналыг ирүүлсэн юм. Үүнд:

1. П ХХК - 125,010,734 төгрөг

2. Ш т ХХК - 126,450,335 төгрөг

3. М т ХХК -130,989,530 төгрөг /3%-ийн хөнгөлөлт тооцно/

4. А т ХХК -130,355,410 төгрөг / 5,3%-ийн хөнгөлөлт тооцно/ 

Ийм үнийн саналуудыг тус тус өгсөн байдаг.

Гэтэл нэхэмжлэгч “А т” ХХК-ийн тендерт шалгараагүй гол шалтгаан нь Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг” хангаагүй байсан юм.

Нэхэмжлэгч “А т” ХХК-ийн бичиг баримтанд “С м групп” ХХК-тай байгуулсан “Түншлэлийн гэрээ” нэхэмжлэгчийн өгсөн материалд дутуу байсан болно. Манай тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.2, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6,18-ын 3 дах заалтыг тус тус хангаагүй байсан тул тендерийн комиссын гишүүд шаардлагад нийцээгүй гэж үзсэн байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Ш т” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У д с ТӨХК-иас зарласан Ш-2016/01-01 тоот “Автомашин дизель түлш, АИ-80, АИ-92 стандартын шатахуун нийлүүлэх” нээлттэй тендерт оролцсон бөгөөд уг тендерт хамгийн сайн тендер гэж үнэлэгдэн шалгарсан юм. Уг тендерт оролцогчийн нэг болох “А т” ХХК нь шүүхэд гомдол гаргасанд дараах тайлбарыг хүргүүлж байна.

У д с ТӨХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/21 тоот албан бичгийн дагуу тендерт 4-н компани оролцож уг тендерт шалгараагүй шалтгааныг нь тус бүр дурдаж албан бичиг хүргүүлсэн байна. Гэтэл “А т” ХХК нь ТОӨЗ-ны 18,2,18,3-д заасан заалтыг тус тус зөрчсөн тул захиалагч тал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн/ТБОНӨХБАҮХАТХ/ 27 дугаар зүйлд заасны дагуу Тендерийг хянаж үзээд шаардлагад нийцээгүй тендер гэж үзээд захиалагч уг тендерээс татгалзсан байна.

“А т” ХХК нь өөрийн хариуцлагагүй байдлаас болж захиалагч талын ТОӨЗ-ны шаардлага хангахгүй материал өгсөн атлаа “...Улаанбаатар хотын хэмжээнд байгаа өөрийн шатахуун түгээх станцуудын хүчин чадал, байршлын танилцуулга зураглалыг гаргаж өгөөгүй, мөн “С м” ХХК-ийн Шатахуун түгээх станцуудын байршлыг танилцуулсан ч гэсэн уг хоёр компанийн хооронд хамтран ажиллах болон түншлэлийн гэрээ байгаагүй...” тендерт оролцогч болон захиалагч талд хүндрэл учруулан маргаан үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд “А т” ХХК-ийн У д с ТӨХК-иас зарласан Ш-2016/01-01 тоот “Автомашин дизель түлш, АИ-80, АИ-92 стандартын шатахуун нийлүүлэх” нээлттэй тендерийг үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан У д с ТӨХК-ийн 2017/01/05-ны өдрийн 1/21 тоот “Ш т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон албан бичиг, 2017 оны 02 сарын 01-ний өдрийн гэрээ байгуулсан шийдвэр, гэрээг тус тус хүчингүй болгож, энэ тендерт “А т” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулахыг У д с ТӨХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“У д с” ТӨХК-иас зарласан Ш-2016/01/01 тоот “Автомашины дизель түлш, АИ-80, АИ-92 стандартын шатахуун картаар нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендерийн оролцогч “А т” ХХК уг тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч “... Үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан “У д с” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/21 тоот “Ш т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн гэрээ байгуулсан шийдвэр, гэрээг тус тус хүчингүй болгож, энэ тендерт “А т” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг “У д с” ТӨХК-д даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “....Үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан “У д с” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/21 тоот “Ш т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн гэрээ байгуулсан шийдвэр, гэрээг тус тус хүчингүй болгож, дахин тендер явуулахыг “У д с” ТӨХК-д даалгах” гэж өөрчилсөн бөгөөд хэргийн оролцогчид шүүхэд гаргасан өмнөх тайлбараа дэмжиж, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотой нэмэлт тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргах боломжтой гэсний дагуу хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.     

Ш-2016/01/01 тоот нээлттэй тендерт нийт П ХХК- 125,010,734 төгрөг, Ш т ХХК - 126,450,335 төгрөг, М т ХХК -130,989,530 төгрөг /3%-ийн хөнгөлөлт тооцно/, А т ХХК-130,355,410 төгрөг /5,3%-ийн хөнгөлөлт тооцно/ гэсэн үнийн санал ирүүлсэн байх бөгөөд “А т” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичгийн /ТББ/-ын Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 18.2 (в)  /Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт: Тендерт оролцогч нь Улаанбаатар хотын хэмжээнд байгаа өөрийн шатахуун түгээх станцуудын хүчин чадал, байршлын танилцуулга зураглалыг гаргаж өгнө/ заалтыг хангаагүй, мөн “А т” ХХК нь “С м” ХХК-тай түншлэлийн гэрээ хийгээгүй нь ТББ-ын Тендерт оролцогчдод өгөх  зааварчилгаа /ТОӨЗ/-ийн А. Ерөнхий нөхцөлийн 6-р зүйл Түншлэл (д)  /түншлэлийн гэрээний хувийг тендерийн хамт ирүүлэх/ заалтыг хангаагүй гэх үндэслэлээр  хариуцагч нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Учир нь нэхэмжлэгч “А т” ХХК-ийн тендерийн баримт бичигт “С м Групп” ХХК-ний шатахуун түгээх станцын байршлын танилцуулга  зураглалыг ирүүлснээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнийгээ “С м Групп” ХХК-ний охин компани учир тухайн шатахуун түгээх станцыг ашиглах боломжтой гэж тайлбарлах боловч тендерийн баримт бичигт энэ талаар тусгаагүй, охин компани гэдгээ нотлоогүй, мөн эдгээр компаниудын хооронд хамтран ажиллах түншлэлийн гэрээг ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, захиалагч байгууллага болон тендерийн Үнэлгээний хороо нь “А т” ХХК-ийг “С м Групп” ХХК-ний охин компани гэдгийг мэдэх боломжгүй бөгөөд тендерт оролцогч 4 компаниас гадна “С м Групп” ХХК нь 2016.12.5-ний өдөр Ш-2016/01/01 тоот нээлттэй тендерийн материалыг тусдаа  худалдаж авсан нь нотлох баримтаар  нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна. “А т” ХХК бие даасан хуулийн этгээдийн хувьд тус тендерт шалгарч, захиалагчтай гэрээ байгуулсан тохиолдолд гэрээнд заасан үүрэг хариуцлагыг хүлээж, гэрээний нөхцөлийг зөрчсөнөөс үүсэх эрсдэл, хохирлыг өөрөө хүлээх бөгөөд тендерийн баримт бичигт шаардсанаар “С м Групп” ХХК-тай хэрхэн хамтран ажиллах тухай, тухайлбал тэдний эзэмшлийн шатахуун түгээх станцыг ямар хэлбэрээр ашиглахаа баталсан түншлэлийн гэрээг ирүүлэх ёстой байжээ. 

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  26 дугаар зүйлд тендер нээх үйл ажиллагааг зохицуулсан ба  26.9-т “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан нь “А т” ХХК нь “С м Групп” ХХК-ний охин компани болох мөн тэдгээрийн хооронд хамтран ажиллах түншлэлийн гэрээг заавал шаардаж авах үүргийг захиалагч болон Үнэлгээний хороо хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй бөгөөд тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт шаардсан бүтэн бүрдэл бүхий тендерийн материалыг ирүүлэх үүрэгтэй. Тиймээс  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг” хангаагүй гэх үндэслэлээр “А т” ХХК-ний тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлага нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4 “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасан байх тул хариуцагч захиалагч байгууллага, тендерийн Үнэлгээний  хорооны шийдвэрийг буруутгах боломжгүй байна.  

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 “үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.2 “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх ...” гэж зааснаар тухайн ТББ, ТОӨЗ, ТШӨХ зэрэгт заасны дагуу Үнэлгээний хорооны нь хуулиар өөрт олгогдсон чиг үүргийнхээ дагуу үнэлгээг хийжээ  гэж шүүх дүгнэв. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна”, 46.1.2 “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.1.3 ”үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу тендерийн захиалагч нь тус тендерт шалгарсан “Ш т” ХХК-тай гэрээ байгуулах эсэх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй тул захиалагч  “Автомашины дизель түлш, АИ-80, АИ-92 стандартын шатахуун картаар нийлүүлэх гэрээ”-г 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. 

Хариуцагч “У д с” ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...манайх Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон барилга объект болон орон сууцны оршин суугч ард иргэдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах чиг үүрэгтэй,  100 хувь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд галын болон аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглээний дизель түлш, шатахууныг нөөцлөх боломжгүй учраас тухайн шаардлагатай үедээ түлш, шатахуунаа саадгүй авах зорилгоор байршлын хувьд манайтай хамгийн ойр ойролцоогоор 600 метрийн зайд өөрийн шатахуун түгээх станцтай “Ш т” ХХК-тай гэрээ хийсэн...“ гэх тайлбарыг тэмдэглэх нь зүйтэй юм.    

ТББ-ийн 2-р хэсгийн 5-р бүлгийн 3-т “Түлш шатахуун нийлүүлэх ажлын техникийн шаардлагууд” хэсэгт  Санамж: “Дараах үзүүлэлт тус бүрээр техникийн шаардлага хангаж байгаа эсэхэд үнэлгээ өгөх бөгөөд аль нэг заалт хангалтгүй гэж үзвэл техникийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж үзэн цаашид үнэлгээг хийх шаардлагагүй болно” гэж заасан бөгөөд энэ нь  нийт 16 шаардлагатай байна. Үүнд: 3-т “У д с” ТӨХК-ийн конторын барилгаас 3 км-ийн зайд нэг шатахуун түгээх станц байрладаг байх шаардлагатай, 4-т “шатахуун түгээх станцуудын тоо, байршил, баталгаажилт зэргийн талаар тодорхой тусгаж схем зургийг хавсаргасан байх, 12-т “шатахуун түгээх станцуудын түгээгүүрийн талбай том оврын машин ”маневр хийх” нөхцөл хангасан зай талбайтай байх”, 13-т “шатахуун түгээх станцын байршлын схем, хүчин чадал, ажиллах цагийн хуваарийг ирүүлэх” гэж тодорхой заасан байх боловч нэхэмжлэгч “А т” ХХК нь “С м Групп” ХХК-ний шатахуун түгээх станцын тоо, байршлын схем зэрэг  мэдээллийг ирүүлсэн тул дээр дурдсан техникийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хийсэн тайлбартаа: “ТББ-ийн ТОӨХ-ийн 18.2 (в) /Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт: Тендерт оролцогч нь Улаанбаатар хотын хэмжээнд байгаа өөрийн шатахуун түгээх станцуудын хүчин чадал, байршлын танилцуулга зураглалыг гаргаж өгөх” гэж заасан боловч  тендер шалгаруулах үнэлгээний үзүүлэлтүүдэд “өөрийн шатахуун түгээх станц” гэж заагаагүй учраас “С м Групп” ХХК-ний шатахуун түгээх станцуудын мэдээллийг өгсөн гэх боловч хамтран ажиллах тухай түншлэлийн гэрээг ирүүлээгүй нь нэхэмжлэгч талын буруу юм.                

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... ТОӨЗ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт  Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ, .... “Ш т” ХХК нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлолт авчраагүй тул эрх бүхий бус тендерт оролцогч юм..., мөн ТШӨХ-ийн 18.2 /г/-т  заасан түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ тендерт санал болгож буй үнийн дүнтэй дүйцэхүйц байх гэсэн шаардлагыг хангаагүй, өөрсдөө албан бичиг явуулсан ...” гэх гомдлын тухайд. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1-ийн 3-т ”нийгмийн даатгалын сан” гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг; 4-т ”нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг” ойлгоно гэж заасан байна. ТББ-ийн ТОӨЗ-ийн 4.2.2-т “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй” гэсэн бөгөөд нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээний үзүүлэлтийн “Ерөнхий нөхцөлийн магадлах” хэсэгт  “ТОӨЗ 4.2.2-д заасан Татварын өр төлбөргүй тодорхойлолт”, ТОӨЗ 4.2.4-д заасан Шүүхийн маргаангүй талаарх тодорхойлолт” гэж тусгайлан заасан шаардлагыг “Ш т” ХХК хангасан байна. 

ТББ-ийн ТШӨХ-ийн 18.2/г/-т “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгох үнийн дүнтэй дүйцэхүйц байх“ гэж заажээ. 

 Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 343 дугаар тушаалаар  батлагдсан “Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачилал”-ын 3.2.2(е)-т зааснаар түргэн хөрвөх хөрөнгө нь мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, санхүүгийн хөрөнгө, дансны авлагын нийлбэр байх бөгөөд үүнийг богино хугацаат өр төлбөрт хуваасныг түргэн хөрвөх хөрөнгийн харьцаа гэж үздэг байна.

Иймд хариуцагч Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хийсэн “... түргэн хөрвөх хөрөнгө гэдгийг санхүүгийн тайланд тусгагдсан мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө гэж авч үздэг бөгөөд хэрэв түргэн хөрвөх хөрөнгө хүрэхгүй бол авах боломжтой зээлийн хэмжээг заасан тодорхойлолтыг банкнаас авч ирэх зохицуулалттай. .... “Ш т” ХХК-ний 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баланс нь 1 тэрбум 24 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь дээрх шаардлагыг хангасан гэж Үнэлгээний хороо дүгнэсэн...” гэх тайлбар үндэслэлтэй байна. Учир нь гуравдагч этгээд “Ш т” ХХК-ний санхүү байдлын тайлангийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн эцсийн үлдэгдэл нь 1,224,409,163.46 төгрөг байсан нь хэрэгт авагдсан баримтаар  нотлогдож байна.      

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан “У д с” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/21 тоот “Ш т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн гэрээ байгуулсан шийдвэр, гэрээг тус тус хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон  байх ёстой тул Ш-2016/01/01 тоот “Автомашины дизель түлш, АИ-80, АИ-92 стандартын шатахуун картаар нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерт “Ш т” ХХК-нийг сонгон шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны 2016 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн тэмдэглэл  хэлбэрээр гаргасан “...“хамгийн сайн тендерээр үнэлэгдсэн “Ш т” ХХК-ний тендерийн нөхцөлийг захиалагчид танилцуулж гэрээ байгуулах эрх олгохоор хэлэлцэн шийдвэрлэв” гэсэн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул  “...дахин тендер явуулахыг У д с” ХХК-нд даалгах...” боломжгүй юм. 

Ш-2016/01-01 тоот тендерийг үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан “У д с” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/21 тоот албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн гэрээ байгуулсан шийдвэр болон гэрээ байгуулах үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул захиалагч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч “А т” ХХК-ийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.  

Иймд дээрх үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэгч ”А т” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “А т” ХХК-ийн “ ”У д с” ТӨХК-иас зарласан Ш-2016/01-01 тоот “Автомашины дизель түлш, АИ-80, АИ-92 стандартын шатахуун нийлүүлэх тендерийг үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэн гарсан “У д с” ТӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/21 тоот “Ш т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон албан бичиг, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн гэрээ байгуулсан шийдвэр, гэрээг тус тус хүчингүй болгож, дахин тендер явуулахыг “У д с” ТӨХК-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар  зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ДОЛГОРСҮРЭН