Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00893

 

Э.Батзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00374 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 819 дүгээр магадлалтай,

Э.Батзулын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Батзулын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.Батзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1351 дугаар шийдвэрээр Ц.Цэцэгбаяраас 43.837.992 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураан авсан төлбөр төлөгч Ц.Цэцэгбаярын хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017211 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Алтайн 23-09 тоотод байрлах 700 м.кв талбайтай газар, 152 м.кв талбайтай хувийн сууцыг 2016 оны 3 сарын 07-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Архангай аймаг руу явсан хойгуур дуудлага худалдаа болсон.

Би дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Э.Батзул хамтран өмчилдөг. Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг өмчлөгч надад мэдэгдээгүй хууль зөрчиж явуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 сарын 16-ны өдрийн 1351 дугаар шийдвэрээр Ц.Цэцэгбаяраас 43.837.992 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Тус алба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ц.Цэцэгбаярын хамтран өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017211 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Алтайн 23-09 тоотод байрлах 700 м.кв талбайтай газар, 152 м.кв талбайтай хувийн сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 5 сарын 13-ны өдрийн 15/29 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 5 сарын 20-ны өдрийн 15/20 тоот хураах тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч, төлбөр авагч, хамтран өмчлөгч нарт мэдэгдэж анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 9 сарын 04-ний өдрийн 10 цагт оруулсан боловч үнийн санал ирээгүй тул үнэлгээний 50 хувь буюу 39700000 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн хамт амьдардаг насанд хүрсэн иргэн Ц.Цэцэгбаярт хүлээлгэн өгч хамтран өмчлөгч нарт мэдэгдэх талаар 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлээр танилцуулж 2016 оны 3 сарын 18-ны өдрийн 10 цагт болсон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00374 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан, Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Э.Батзулын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 819 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00374 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Батзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 819 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Ц.Цэцэгбаярын хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017211 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Алтайн 23-09 тоотод байрлах 700 м.кв талбайтай газар, 152 м.кв талбайтай хувийн сууцыг 2016 оны 3 сарын 07-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа надад мэдэгдээгүй явуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд 2 шатны шүүхийн эрх зүйн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Э.Батзул нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг дуудлага худалдаа болохыг мэдэгдээгүй гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1351 дугаар шийдвэрээр Ц.Цэцэгбаяраас 43.837.992 төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.  

Төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй бөгөөд хариуцагч нь төлбөр төлөгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Алтайн 23-09 тоотод байрлах 700 м.кв газар, 152 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, үнэлгээг гаргуулжээ.

Төлбөр төлөгч Ц.Цэцэгбаяр үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7336 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

Анхны албадан дуудлага худалдаа 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр болсон боловч үнийн санал ирээгүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 3/77 тоот тогтоол гаргаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хоёр дах дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч Ц.Цэцэгбаярт мэдэгдсэн, тэрээр хамтран өмчлөгч Э.Батзулд дамжуулан хэлэхийг хүлээн зөвшөөрсөн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна /хэргийн 72 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.                       

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00374 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 819 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Батзулын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ