| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0048/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: С.Мөнхгэрэл;
шүүгдэгч: М.Даш-Оргодол, түүний өмгөөлөгч Д.Мядагсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнх-Эрдэний Даш-Оргодолд холбогдох эрүүгийн 1709021980002 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21 дүгээр гудамжны 306 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шалгалгүй, ял шийтгэлгүй, ЧБ85031474 регистерийн дугаартай, Боржигон овогт Мөнх-Эрдэний Даш-Оргодол.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч М.Даш-Оргодол нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн урд талын автобусны буудал орчим Б.Бүжнээгийн халааснаас 336.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Ж-7” маркийн гар утсыг,
2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скайтел” төвийн орчим автобусны буудал дээр Б.Бүжинлхамын халааснаас 1.450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1.786.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Даш-Оргодол мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бүжнээ /хх-ийн 6-8/, Б.Бүжинлхам /хх-ийн 80-81/ нарын мэлүүлэг, М.Даш-Оргодолын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9, 14, 82/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 25-26/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 107/, М.Даш-Оргодолын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 15-23, 96-103/, Бүжнээгийн хүсэлт /хх-ийн 26/, Б.Бүжинлхамын хүсэлт /хх-ийн 120/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Даш-Оргодол нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Багшийн дээд сургуулийн урд талын автобусны буудал орчим Б.Бүжнээгийн халааснаас “Самсунг Галакси Ж-7” маркийн гар утсыг,
2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Скайтел” төвийн орчим автобусны буудал дээр Б.Бүжинлхамын халааснаас 1.450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
хохирогч Б.Бүжнээгийн /хх-ийн 6-8/: “... 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Багшийн дээд сургуулийн замын урд талын автобусны буудал дээр автобуснаас буугаад найзтайгаа утсаар ярьж байгаад нөгөө утсаа халааснаасаа алдсан юм...”, “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. 2017 оны 11 сарын 22-ны өдөр гар утсаа хүлээн авсан...” гэх мэдүүлгээр,
хохирогч Б.Бүжинлхамын /хх-ийн 80-81/: “...2017 оны 12 дугаар сарын 15-ны орой ажлаа тараад 18 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Төв номын сангийн ертөнцийн зүгээр баруун талын автобусны буудлаас “Нисэх-Зунжин” чиглэлийн 14008 дугаартай, ногоон өнгийн автобусанд урд хаалгаар нь суусан. Автобусанд суугаад картаа уншуулаад гараа халаасандаа хийсэн чинь миний гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлгээр,
М.Даш-Оргодолын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 9, 14, 82/: “... 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр нэг үл таних эмэгтэй явган явж байхад нь буруу талын халааснаас нь “Самсунг Ж-7” маркийн гар утсыг нь авсан...”, ... Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Скайтель” ХХК-ийн автобусны буудал дээр нэг эмэгтэй хүн явж байсан. Тэр хүнийг автобусанд суух гэж байхад нь мэдэгдэхгүйгээр гар утсыг нь халааснаас нь аваад автобусанд суулгүй үлдсэн...” гэх мэдүүлгээр болон эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 25-26/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-35/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 107/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч нар гар утсаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэдийн хөрөнгийг нууцаар авч явсныг, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн М.Даш-Оргодолыг 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Багшийн дээд сургуулийн урд талын автобусны буудал орчим Б.Бүжнээгийн халааснаас “Самсунг Галакси Ж-7” маркийн гар утсыг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Скайтел” төвийн орчимын автобусны буудал дээр Б.Бүжинлхамын халааснаас гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Ийнхүү бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулж буй М.Даш-Оргодолын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Даш-Оргодолын бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч Б.Бүжнээ хулгайд алдсан зурагтаа биет байдлаар буцаан авч, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болсон нь хэргийн 27 дугаар талд, хохирогч Б.Бүжинлхамын “хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй” гэсэн баримт хэргийн 120 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч М.Даш-Оргодлыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Даш-Оргодолыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнх-Эрдэний Даш-Оргодолыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даш-Оргодолыг нийт 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даш-Оргодол нийт 97 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасч, М.Даш-Оргодолыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Даш-Оргодолд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Даш-Оргодолд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ