Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 4760

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамж, 282 тоотод оршин суух, Найман төрт уул овогт Турсбекийн Хөхөө /РД: ПБ61071018/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, ВИП центрийн 2 дугаар давхар, 3/5 тоотод байрлах, “Сум их бүрд” ХХК /РД: 5219272/-д холбогдох,

 

560 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Хөхөө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Хөхөө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Сум их бүрд” ХХК-д хөдөлмөрийн гэрээ хийж харуул хамгаалалтын албанд ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр намайг ажлаас халсан. Миний бие цалинг нэг гарааг 35 000 төгрөгөөр тохирсон бөгөөд “Сум их бүрд” ХХК нь миний ажилласан 2016 оны 3 дугаар сарын 15, 18, 19, 21, 24, 25, 26, 27, 30, 31-ний өдрийн 2016 оны 4 дүгээр сарын 02, 05, 07, 08, 09, 11-ний өдрийн нийт 16 удаагийн гарааны мөнгө нийт 560 000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагч “Сум их бүрд” ХХК-иас 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба ажлаас халсан гэж хэлсэн болохоос ажлаас халсан тушаал үзүүлээгүй гэжээ.

 

Хариуцагч “Сум их бүрд” ХХК-ийн төлөөлөгч О.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Хөхөө нь манай хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилд орж удаа дараа ажлын байранд архи уусан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажлын дотоод журмыг зөрчиж, ажлын байранд дахин архидан согтуурч улмаар хамтран ажилладаг байгууллагын удирдлагуудад агсам тавьж согтуурхсан учир байгууллагын дотоод журмаар цалингүй халагдсан. Манай байгууллага ажлын байранд архидан согтуурч байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд цалин олгохгүй гэсэн гэрээ хийсэн. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Монгол Хьюндай Автомотив” ХХК-ийн хамгаалалтанд гарч байгаад ажлын байранд архи ууснаас болж хамтрагч байгууллагын зүгээс манай компанид гэрээний төлбөрөөс 30 хувийн буюу 600 000 торгууль ногдуулсан. Иймд Т.Хөхөөд манай байгууллага ямар ч мөнгө олгохгүй. Манай байгууллага нэхэмжлэгчийг ажилд томилсон болон ажлаас халсан тушаал гаргаагүй. Түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Нэг гарааг 35 000 төгрөгөөр тохирсон. Тэрээр ажлын байранд архи уусан тул мөнгийг олгохгүй. Тэрээр одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа гэв.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Хөхөө нь хариуцагч “Сум их бүрд” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны хөлс 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...Т.Хөхөө нь удаа дараа ажлын байранд архи уусан, архидан согтуурч улмаар хамтран ажилладаг байгууллагын удирдлагуудад агсам тавьж согтуурхсан учир байгууллагын дотоод журмаар цалингүй халагдсан ...тэрээр ажлын байранд архи ууснаас болж хамтрагч байгууллагын зүгээс манай компанид гэрээний төлбөрөөс 30 хувийн буюу 600 000 торгууль ногдуулсан” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.Хөхөө нь хариуцагч “Сум их бүрд” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар 2016 оны 3 дугаар сарын 15, 18, 19, 21, 24, 25, 26, 27, 30, 31, 4 дүгээр сарын 02, 05, 07, 08, 09, 11-ний өдрийг хүртэл нийт 16 удаагийн гараанд гарч ажилласан, уг гараануудын ажлын хөлсөнд нийт 560 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөөгүй талаар зохигчид маргаагүй байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээт байгууллагад харуул хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тэднийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгчийг хариуцагч харуул хамгаалалтын ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд хариуцагчийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй байна.

 

Иймд талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Харин хөдөлмөрлөх гэрээгээр тодорхой ажлыг гүйцэтгэж буй этгээд нь ажил олгогч талын ажилтан болж захирах захирагдах харилцаа үүсдэг бол хөлсөөр ажиллах гэрээний оролцогч талууд бие даасан байр суурьтай байдаг ба гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш, харин ажиллах үйл ажиллагаа өөрөө байдаг байна. Нөгөөтэйгүүр, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг ба талуудын шүүхэд гаргасан тайлбараар талуудын хооронд дээрх харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбаар нэг гарааг буюу нэг өдрийн хөлсийг 35 000 төгрөгөөр тохиролцсон нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хөлсний хэмжээний үнийн дүн болон мөн хугацааны хөлсийг төлөөгүй гэх үйл баримтыг үгүйсгээгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгчийг архи уусан, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөний улмаас үйлчлүүлэгч байгууллагаас торгууль тавьсан гэж тайлбарлах боловч талуудын хооронд дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх талаар тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар үгүйсгээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу ажлын хөлс 560 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 560 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “Сум их бүрд” ХХК-иас 560 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Хөхөөд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН