Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02052

 

 

 

 

 

 

 

   2023         11            24                                         210/МА2023/02052

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 104/ШШ2023/00421 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Б-ийн хариуцагч Б.Г-од холбогдуулан гаргасан дутаасан үхрийн үнэ болон бусад зардалд нийт  9,312,667 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Б.Г-той тохиролцон, нэг сарын 500,000 төгрөгийн хөлс өгч үхэр маллуулахаар болсон. Хариуцагч нь маллуулахаар өгсөн үхрээс 5 үхэр дутаасан тул 5,000,000 төгрөг гаргуулна. Мөн хариуцагч нь надад идэш өгнө гээд 1,000,000 төгрөг авсан боловч өгөөгүй, мөн надаас 850,000 төгрөгт тооцож идэшний үхэр авсан боловч үнийг төлөөгүй. Иймд дутаасан болон идэшний үхрийн үнэ, тухайн үнийн хүү болон цалинд нийт 9,312,667 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга: Нэхэмжлэлээс идэшний үхрийн үнэ 1,850,000 төгрөгийг зөвшөөрч байх боловч уг үнийн дүнгээс уналга морины үнэ 1,500,000 төгрөгийг хасуулна. Харин хорогдсон гэх үхэр нь өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбоотой буюу энэ нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд хамаарч байх тул зөвшөөрөхгүй. Мөн цалинд өгсөн 3,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-оос 1,850,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ш.Б-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,462,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 44,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Ш.Б- би Б.Г-той 06 сарын 30-нд 31 тооны том, жижиг нийлсэн үхрийг 500,000 төгрөгийн цалинтайгаар маллахаар тохиролцсон баримт үйлдэж маллуулсан. 31 тооны үхрээс 5 үхэр дутсан, үүнээс би хүнлэг чанар гаргаж хоёр ширхэг үхрийг хавар төлж өгөхөөр баримт үйлдэхэд манай эхнэр болон Б.Г-ын эхнэр хоёр хамт байсан. Хоорондоо тохирч үйлдсэн баримтыг минийх биш гэж хоёр үхрийн үнийг зөвшөөрөхгүй байгаад гомдолтой байна. 2 үхэр 2,000,000 төгрөг болно гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Б.Г- нь Ш.Б-ийн өвөлжөөнд 06 сараас 01 сар хүртэл 30 гаруй тооны мал малласан гэдэг. Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор үхэр хорогдсон, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байгаа. Манай үйлчилүүлэгч хоёр, гуравдугаар ангийн боловсролтой. Зөвхөн гарын үсгээ зурж чаддаг. Тухайн үед Б.Г- ганцхан морьтой байсан учраас олон мал маллаж чадахгүй. Та надад уналгын морь өгөөч гэхэд нь 1,500,000 төгрөгөөр уналгын морь авч өгнө гэж хэлсэн боловч авч өгөөгүй. Давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Ш.Б- нь хариуцагч Б.Г-од холбогдуулан үхрийн үнэ болон бусад зардалд нийт 9,312,667 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч Б.Г- нь 2022 оны 06 сард нэхэмжлэгч Ш.Б-ийн 31 тооны үхрийг нэг сарын 500,000 төгрөгийн хөлстэйгөөр маллахаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон.

3.а.Анхан шатны шүүх дээрх харилцааг байнгын ажлын байранд хамаарах хөдөлмөрийн гэрээний харилцаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь хөлс төлөх үүргийг хүлээсэн байгаагаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

3.б.Мөн хариуцагч Б.Г- нь нэхэмжлэгч Ш.Б-эд тугалтай үнээ өгнө гэж хэлээд 1,000,000 төгрөг авсан боловч тугалтай үнээг өгч чадаагүй, мөн хариуцагч Б.Г- нь нэхэмжлэгч Ш.Б-ээс 850,000 төгрөгт тооцож идэшний үхэр авсан талаар талуудын хэн аль нь тайлбарласан ба энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.в.Хариуцагч Б.Г- нь нэхэмжлэлээс 1,850,000 төгрөгийг зөвшөөрсөн тайлбар гаргасан ба анхан шатны шүүх энэхүү тайлбарыг үндэслэн хариуцагч Б.Г-оос 1,850,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б-эд олгуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

 

3.г.Анхан шатны шүүх нэхэмжлэлээс дутаасан үхрийн үнэ, цалин болон хохирол нийт 7,462,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Ш.Б- нь шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч “хариуцагч Б.Г- нь дутаасан хоёр үхрийн үнийг төлөхөө илэрхийлсэн баримт хэрэгт авагдсаныг шүүх анхаараагүй, иймд 2,000,000 төгрөгийг нэмж гаргуулна” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаж, энэ хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлжээ.

 

3.д.Хэргийн 7 дугаар талд “... хорогдсон үхрээс 2 ширхэг үхрийг хавар төлж өгнө.” гэсэн агуулгатай бичгийн баримт авагдсан ба тус баримтад нэхэмжлэгч Ш.Б-, хариуцагч Б.Г- нар гарын үсгээ зурсан байна. Хоёр талын үйлдсэн дээрх баримт нотолгооны ач холбогдолтой бөгөөд хариуцагч тал тус баримтыг үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй.

 

3.е.Нэхэмжлэгч Ш.Б- нь дээрх баримтыг үндэслэн, хариуцагчаас 2,000,000 төгрөг нэхэмжилж байх боловч нэг үхэр 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул “идэшний үхрийг 850,000 төгрөгт тооцож авсан” гэх хариуцагч талын тайлбарт үндэслэн, хоёр үхрийн үнийг тодорхойлох боломжтой гэж үзлээ.

 

4.Иймд хариуцагч Б.Г-оос дутаасан хоёр үхрийн үнэд нийт 1,700,000 төгрөгийг нэмж гаргуулан, нэхэмжлэгч Ш.Б-эд олгох нь зүйтэй.

 

5.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Г-оос нийт 3,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-эд олгож, нэхэмжлэлээс 5,762,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 104/ШШ2023/00421 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-оос нийт 3,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-эд олгож, нэхэмжлэлээс 5,762,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “... 56.1 ...” гэснийг “56.2” гэж, “... 44,550 ...” гэснийг “71,750” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ш.Б-ээс төлсөн 46,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ

                       ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ