Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 4770

 

 

 

 

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/04770

                          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 20 дугаар байр, 6 тоотод оршин суух, Рааш овогт Чулуунбатын Баярсумъяа /РД: ХЙ69082512/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Шинь Ши Шинэ Юань” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Шү Фүжүн, Шү Фүзэн нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Баярсумъяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ч.Баярсумъяа нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Шинь Ши Шинэ Юань” ХХК-ийн захирал Шү Фүжүнтэй түрээсийн гэрээ хийж, УБ 30-46 улсын дугаартай Хьюндай маркийн IC-500-А7 эксватор тус бүр 2ш, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мөн компанитай ажил гүйцэтгэх гэрээ хийж бульдозер SD-16 тус бүр 2-ыг түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэрээнд заасан үүргийн үнийн дүн болох 43 444 667 төгрөг, 2014-10-03-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ний 6-р зүйлийн 3-д зааснаар: “түрээслэгч тал гэрээнд зааса- хугацаанд төлөөгүй бол төлөөгүй үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги төлнө гэж заасны дагуу үндсэн төлбөр, алдангийн хамт нийт 50,167,045 төгрөгийг төлөхгүй гэрээний үүргээ зөрчиж байгаа тул “Шинь ши шинэ юань” ХХК-иас гаргуулахаар МХАҮТ-ын дэргэдэх Үндэсний ба Олон улсын арбитрт 2015-12-21-нд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч “Шинь ши шинэ юань” ХХК нь Баянзүрх дүүрэг 25-р хороо ЗЦГ-ын зүүн талд “Юнион бюльдинг төвийн 10 давхар С блокт байрлаж байгаа ч энэ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэд Шү Фүжүн, Шү Фүзэн нар өнөөг хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, цаашид Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Үндэсний ба Олон улсын арбитрт дээрх апбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад саад учруулж байгаа тул түүний захирал, Шү Фүжүн, Шү Фүзэн нарын оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Баярсумъяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  “Шинь Ши Шинэ Юань” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Шү Фүжүн, Шү Фүзэн нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Баярсумъяа нь “Шинь Ши Шинэ Юань” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнд зааснаар Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрийн шүүхэд хандсанаар арбитрын хэрэг үүсгэсэн нь Монголын үндэсний худалдаа аж үйлдэвийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 4/614 дүгээр тодорхойлолтоор нотлогдож байна.

 

“Шинь Ши Шинэ Юань” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хувьцаа эзэмшигч Шү Фүжүн, Шү Фүзэн нарын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байхаас гадна Монгол улсын хилээр гарсан нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03/5087 дугаар албан бичгээр нотлогдож байна.

 

Иймд Ч.Баярсумъяад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  “Шинь Ши Шинэ Юань” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Шү Фүжүн, Шү Фүзэн нарыг эрэн сурвалжлуулах бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Шинь Ши Шинэ Юань” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Шү Фүжүн, Шү Фүзэн нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Ч.Баярсумъяад мэдэгдэхийг Тахарын Ерөнхий газарт даалгав.

 

“Шинь Ши Шинэ Юань” ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Замын Цагдаагийн газрын зүүн тал, “Юнион бюлдинг” төвийн 10 дугаар давхар, С блокт байрлалтай болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Шинь Ши Шинэ Юань” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Шү Фүзэн /HU FUZHEN, ПД: Е33247084/, Шү Фүжүн /HU FUJUN, ПД: G34751857/ нарыг нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Шинь Ши Шинэ Юань” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Шү Фүжүн, Шү Фүзэн нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Ч.Баярсумъяа /утас: 9911-6412, 9903-1174/-д мэдэгдэхийг Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН