| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0111/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: П.Эрдэнэбаатар;
шүүгдэгч: Э.Х, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...........д холбогдох эрүүгийн 1809012401260 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, зүүн наран 15 дугаар гудамж 128-б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, НЭ91123015 регистерийн дугаартай, Боржигон овогт ...................
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Э.Х нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Метро молл” худалдааны төвийн баруун талд хохирогч Г.Ханджавын эзэмшлийн “Ай фоне-6 эс роүс голд” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр түүний гадуур хүрмэний баруун талын халааснаас нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 440.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Метро молл” дэлгүүрийн төвийн баруун талд явж байсан хүний куртикны хажуу халааснаас “Ай фоне” загварын гар утсыг нь авсан. Тухайн үед мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Бага насны 2 хүүхэдтэй тул хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ханджа /хх-ийн 10-12/, гэрч Э.Ган-Отгон /хх-ийн 13/, Э.Гантулга /хх-ийн 14-15/ нарын мэдүүлэг, Э.Хын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 16, 46/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 18-19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22/, Э.Хын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23-40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Метро молл” худалдааны төвийн баруун талд явж байсан Г.Ханджавын халааснаас “Ай фоне-6 эс роүс голд” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
хохирогч Г.Ханджавын /хх-ийн 10-12/: “... Би 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метро молл” худалдааны төвийн баруун талд ганцаараа явж байгаад гадуур хүрэмнийхээ баруун талын халааснаасаа “Ай фонь-6 эс роүс голд” загварын гар утсаа хулгайд алдсан. Би утсаа 2018 оны 10 сард “Теди” төвөөс 580.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Шинэ гар утас байсан. Би алдсан утсаа буцаагаад авсан...” гэх мэдүүлгээр,
Э.Хын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 16, 46/: “... Би 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Метро молл” худалдааны төвийн баруун талаар гэр рүүгээ харьж явахдаа нэг эмэгтэйн хажуугаар зөрөхөд халааснаас нь утас нь цухуйгаад байхаар нь авчихсан юм. Тэгээд зам гараад явж байсан чинь энгийн хувцастай цагдаагийн алба хаагч ирээд утасны кодыг хий гэсэн чинь би мэдэхгүй ээ. Би наад утсыг чинь хулгайлсан юмаа гэсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн ...” гэх мэдүүлгээр болон эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 18-19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч гар утсаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн Э.Хыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Метро молл” худалдааны төвийн баруун талд явж байсан Г.Ханджавын халааснаас “Ай фоне-6 эс роүс голд” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Г.Ханджавт 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.
Ийнхүү бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад 440.000 төгрөгийн хохирол учруулж буй Э.Хын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Э.Хын бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч Г.Ханджав хулгайд алдсан гар утсаа биет байдлаар буцаан авч, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болсон нь хэргийн 19 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч Э.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Э.Хыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт ...............ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг нийт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ