Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01874

 

И.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02468 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.М-ын хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 19,660,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: И.М- нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр М- ХХК-тай тээврийн хэрэгсэлийн даатгалын гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 77-41 УАЕ улсын дугаартай, автомашины эрсдэлээ даатгуулсан. Гэрээний хүчин төгөлдөр хугацаанд уг тээврийн хэрэгсэлээр 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож ачаа буулгаж байгаад машин баруун талруугаа унаж тээврийн хэрэгсэлд хохирол учирсан, А- ХХК-ийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 19,660,000 төгрөгийн эвдрэл, хохирол тогтоогдож даатгагч компаниас нөхөн төлбөр хүсэхэд М- ХХК нь гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл үүссэн тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж даатгагчид мэдэгдсэн. Дээрх тохиолдол нь гэрээний үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсгийн зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэсэн эрсдэлд хамаарч байгаа бөгөөд даатгуулагч тээврийн хэрэгслийг жолоодон явж хөдөлгөөнд оролцож байхдаа эрсдэл, даатгалын тохиолдол үүссэн үйл баримт хангалттай тогтоогдож байна. Иймд харицагчаас даатгалын гэрээний үүрэг, нөхөн төлбөрт 19,660,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч И.М- нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр 77-41 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3 жилийн хугацаатай даатгуулсан. И.М- нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян суманд төмөр замын далангийн шорооны ажил хийж байхдаа шороо өргөн буцаан буулгах явцад тээврийн хэрэгсэл нь баруун гар тал руугаа унасан тохиолдол гарч тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байсан. Тээврийн хэрэгсэлд А- ХХК-аар үнэлгээ хийлгэсэн бөгөөд хохирлын дүнг 19,560,000 төгрөгөөр тогтоосон. Дээрх тохиолдолд даатгалтай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаан нь замын далангийн шорооны ажил хийж байхдаа шороог өргөх, буулгах явцад тээврийн хэрэгсэл замын хажууруу унаж осол гарсан байх бөгөөд ачаа ачих, буулгах үеийн эрсдэл нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл биш, мөн даатгалын тохиолдлын үед ослын газарт ажилласан манай компанийн менежерийн даатгалын тохиолдлын ослын тэмдэглэлд уг машин ачаа буулгах үедээ хальтиргаа гулгаа үүссэнээс болж хажуу талруугаа унасан гэж дурдсан үйл баримтаас үзэхэд даатгалын гэрээний 4.1.24-т заасан үүргээ биелүүлэлгүй даатгалын зүйлд эрсдэлтэй, аюултай нөхцөл байдал бий болохоос урьдчилан сэргийлээгүйгээс дээрх хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд даатгалын гэрээний 3.1.3 Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бий болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т тус тус заасныг баримтлан М- ХХК-аас 19,660,000 төгрөг гаргуулж, И.М-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,250 төгрөгийг улсын орлого болгож, М- ХХК-аас 256,250 төгрөг гаргуулж, И.М-ад олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тээврийн хэрэгсэлд хохирол учирсан шалтгаан нь замын далангийн шорооны ажил хийж байхдаа шороог өргөх, буулгах явцад тээврийн хэрэгсэл замын хажууруу унаж осол гарсан байх бөгөөд ачаа ачих, буулгах эрсдэл нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэл биш бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-д замын хөдөлгөөн гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг, мөн хуулийн 3.1.6-д ... зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг гэж тус тус заасны дагуу хохирол учирсан тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осол гаргасан гэх тохиолдол үүсээгүй, зам тээврийн осол гарсан эсэх, зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэх нөхцөл байдлыг тогтоосон эрх бүхий байгууллагын аливаа дүгнэлт гараагүй байдаг. Гэтэл ачаа өргөх, буулгах үедээ замын хажууруу унасан гэх тус тохиолдлыг зам тээврийн хөдөлгөөний улмаас даатгалын тохиолдол бий болсон гэж дүгнэсэн шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.а.Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д ... хэргийн зохигч талуудын хэн аль нь уг зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагад хандаагүй, эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байна ... гэж дурджээ. Даатгуулагч нь даатгалын гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу тохиолдол үүссэн бол даатгалын тохиолдлыг нотолсон холбогдох баримтуудаа даатгалын гэрээний 4.1.5-д хохирол гарсан тухай дэлгэрэнгүй албан тоот, өргөдөл, нотлох баримт, материалуудын хамт даатгагчид хүргүүлэх үүрэгтэй ..., мөн гэрээний 2.1-т Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлэн даатгагчид өгнө. Үүнд гэсний 2.1.5-д Хохирлын шалтгаан, хэмжээг тодорхойлсон акт, материал ... гэж тус тус заасны дагуу бүрдүүлэн даатгалтай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шалтгааныг тогтоосон баримт, материалуудыг бүрэн бүрдүүлэн даатгагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, хохирлын шалтгааныг тогтоосон /зам тээврийн ослын улмаас хохирол гарсан гэх/ аливаа баримтыг даатгагчид ирүүлээгүй байдаг, дээрх байдлаар хохирлын шалтгааныг тогтоосон баримтаа бүрдүүлэн өгөх үүрэг нь даатгуулагчийн үүрэг байтал тус ослын талаар эрх бүхий байгууллага буюу цагдаагийн байгууллагад хандаагүй гэх асуудлыг даатгагч буюу хариуцагчид хамаатуулан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.б.Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний заалтуудтай нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар харьцуулан үнэлээд даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ гэжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулагдсан. Даатгуулагч буюу нэхэмжлэгч нь даатгалын гэрээнд заасан тохиролцсон, нөхцөл болзол бүрдсэний дагуу даатгалын тохиолдол бий болсон тул нөхөн төлбөр олгохыг шаарддаг, харин даатгагч буюу хариуцагч нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй, гэрээнд заасан даатгалын эрсдэл үүсээгүй, гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэж маргаж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох буюу даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн гэдгийг нотлох үүрэгтэй гэтэл гэрээнд заасан даатгалын эрсдэлүүдээс зам тээврийн осол гэж заасан эрсдэл үүссэн гэж үзэж маргаж байгаа боловч түүнийг тогтоосон эрх бүхий байгууллагын аливаа акт, дүгнэлт болон хохирлын шалтгааныг тогтоосон аливаа баримтыг шүүхэд гарган өгөөгүй. Хариуцагчийн хувьд даатгалын гэрээнд заасан аль ч эрсдэл үүсээгүй гэж маргаж байгаа бөгөөд энэ нь шүүхэд цугларсан баримтуудаар хангалттай тодорхой нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийг даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн гэж нэхэмжилж буй шаардлагаа нотлохыг шаардаагүй хэрнээ хариуцагчийг даатгалын гэрээний эрсдэл үүсээгүй гэдгийг нотлоогүй гэж үзэж дүгнэлт хийж байгаа нь анхан шатны шүүх Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зэрэг материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох үүргийн зарчмыг буруу хуваарилан дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд авагдсан баримтуудаар нотлогдохгүй байхад хариуцагчаас нөхөн төлбөрийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэсгүй үзэж байна. Иймд анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл ачааны машин бөгөөд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан. Хариуцагч талаас даатгалын мэргэжилтэн ослын газар очиж ажилласан. Үүнтэй холбоотойгоор шүүх хуралдааны үеэр хариуцагч талаас асуухад, тус үйл баримттай маргаагүй. Баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу цахимаар байгаа гэж тайлбарласан. Хариуцагч талаас даатгалын тохиолдол үүсээгүй гэж маргадаг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбаруудаас үзэхэд талууд осол болсон талаар маргаагүй. Осол болох үед даатгалын мэргэжилтэн очиж ажилласан тул цагдаагийн мэргэжилтэнд хандах шаардлагагүй. Баримтыг даатгагч өөрөө бүрдүүлсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч И.М- нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 19,660,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Талууд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч И.М- нь тээврийн хэрэгслээ даатгуулан, даатгалын хураамж төлж, даатгалын тохиолдол болсон үед гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах, даатгагч М- ХХК нь даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр зохих хугацаанд олгохоор харилцан тохиролцож, даатгуулагч нь 77-41 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан болох нь талуудын тайлбар, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 14-15-р тал/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

4.Нэхэмжлэгч И.М- нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр даатгалын зүйл болох 77-41 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, Төв аймгийн Баян сумын нутагт ачаа буулгах явцад уг тээврийн хэрэгсэл баруун талруугаа унаж, даатгалын зүйлд хохирол учирсан үйл баримт зохигчдын тайлбар, А- ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 18-20, 33-34-р тал/

Дээрх тохиолдол даатгалын эрсдэлд хамаарах эсэх талаар талууд маргажээ.

5.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.

5.а.Талуудын байгуулсан гэрээний хэвшсэн хэлбэр, хэрэглэгчид санал болгож буй арга зам, гэрээ байгуулах санал гаргагчийн үйл ажиллагааны онцлог зэргээс үзэхэд уг гэрээ бүхэлдээ Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар зохицуулсан.

5.б.Хариуцагч татгалзалдаа ачиж буулгах үеийн эрсдэлийг гэрээгээр тохиролцоогүй гэх боловч талууд гэрээндээ үндсэн эрсдэлийн хамгаалалтад хамаарах нөхцөлүүдийг тодорхой тусгасан, үүнд зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол хамаарна гэж заасан байна. /хх-ийн 14-р тал/

5.в.Даатгуулагч И.М-ын даатгуулсан автомашин нь ачаа ачих, буулгах зориулалттай байх ба тэрээр ачаа буулгах явцад тус тээврийн хэрэгсэл баруун талруугаа унаж хохирол учирсан нөхцөл байдлыг даатгалын гэрээний эрсдэлд хамаарна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

5.г.Мөн Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэх бөгөөд тус хорооны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 9/208 дугаар албан бичигт ... жолооч И.М- нь үндсэн зориулалтын дагуу ачаа ачиж, буулгах үйлдэл хийх үед даатгалын зүйл унаж осол гаргасан байх ба энэ тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрсдэл болох зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол үүссэн гэж үзэхээр байна. гэжээ. /хх-ийн 22-р тал/

Нэхэмжлэгч И.М-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг А- ХХК 19,660,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд талууд хохирлын хэмжээнд маргаагүй байна. /хх-ийн 18-20-р тал/

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг харьцуулан үзээд даатгалын тохиолдол бий болсон гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ тухайн маргаантай холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Иймд хариуцагч М- ХХК-аас 19,660,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.М-ад олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ