Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 142

 

 

 

 

­

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Г.Ганбагана;

шүүгдэгч: С.Ө (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................д холбогдох эрүүгийн 1809054740010 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 4 дүгээр байрны 2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ........... регистерийн дугаартай, Өрлүүд овогт .....................

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч С.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн автобусны буудлын орчим автобусанд явж байхдаа иргэн Ү.Номин-Эрдэнийн цүнхнээс иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, биет 50.000 төгрөг, 100 юань, 12.000 вон, банкны картууд, монетон гинж, кулон бүхий ногоон өнгийн түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 858.911 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Өмнө хэрэгт бүгдийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ү.Номин-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 7-8/, С.Өы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-11/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-18/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22/, хохирол барагдуулсан тухай баримт /хх-ийн 23/, С.Өы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-35/, Ү.Номин-Эрдэнийн хүсэлт /хх-ийн 37/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн автобусны буудлын орчим автобусанд явж байхдаа Ү.Номин-Эрдэний цүнхнээс ногоон өнгийн түрийвчтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

 

     хохирогч Ү.Номин-Эрдэнийн /хх-ийн 7-8/: “... 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлаас “Улсын их дэлгүүр” орох троллейбусанд сууж яваад цүнхнээсээ ногоон өнгийн түрүүвчтэй эд зүйлсээ алдсан. Автобусанд сууж байхад араас нэг эрэгтэй түлхэж орж ирээд автобус дотор хажууд зэрэгцэж зогсож байсан. Тэр эрэгтэйг сэжиглэж байна. Тэр хүн амандаа хар маск зүүсэн байсан учраас царайг нь танихгүй, хар куртик, саарал өмдтэй байсан...” гэх мэдүүлгээр,

 

            С.Өы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 9-11/: “... 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14-15 цагийн хооронд би Баянзүрх дүүргийн 13 хорооллын Багшийн дээд явах чиглэлийн автобусны буудал дээр ганцаараа зогсож байтал намхан нуруутай цэнхэр куртиктай эмэгтэй троллейбусанд урд хаалгаар суусан. Би араас нь дагаж ороод троллейбусны дотор хажууд нь зогсож байгаад цүнхнийх нь цахилгааныг онгойлгоод түрийвчийг нь суйлж авсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн автобусны буудал дээр буусан. Би замын урд талд гараад 1 дүгээр эмнэлгийн хажуугийн ТҮЦ-ны хажууд очиж түрүүвчийг нээж үзээд 50.000 төгрөг, 100 юань, 12.000 вон байсныг нь авсан. Түрийвчинд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза картууд байсан. Мөн гинж, кулон /монетон/ байх нь байсан. Би авч яваад алдчихсан...” гэх мэдүүлгээр, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-18/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хохирогч түрийвчтэй эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн С.Өыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн автобусны буудлын орчим автобусанд явж байхдаа Ү.Номин-Эрдэний цүнхнээс ногоон өнгийн түрийвчтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан Ү.Номин-Эрдэнэд 858.911 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад нийт 858.911 төгрөгийн хохирол учруулж буй С.Өы санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч С.Өы бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Хохирогч Ү.Номин-Эрдэнэ хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авч, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болсон нь хэргийн 37 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч С.Өлзийсайныг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Өыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Өрлүүд овогт ...................г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.                  

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ