Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2016/0206/И |
Дугаар | 220 |
Огноо | 2016-08-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг, 18 дугаар гудамжны 1-5 тоотод оршин суух хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Мэргэд овогт Жадамбын Чимгээгийн /РД: ЕЭ89082461/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 4 дүгээр хэсэг, 46-1 тоотод оршин суух, Замын-Үүд Өртөөнд туслах жижүүр ажилтай, Оросууд овогт Дашнямын Бат-Өлзийд /РД: 72010908/ холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Ж.Чимгээ, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Чимгээ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг байсан юм. Тэгээд улсын ажилд ормоор байна гэж Бат-Өлзий эгчид ярьдаг байсан. Гэтэл төмөр замд ажилд оруулахад 2,000,000 төгрөг хэрэг болох юм байна гэхээр нь яг найдвартай юу гэж асуухад, найдвартай оруулж өгнө гэж хэлээд 2013 оны 12 сарын 27-нд 1,000,000 төгрөгт тооцож юань өгсөн, дараа нь ажилд оруулж өгөх хүнээ хоол, унданд оруулах гэнэ гээд яаруулж байгаад 1,000,000 төгрөг бэлнээр авсан. Мөнгө өгч авалцах үед хүн байгаагүй юм. 2,000,000 төгрөг өгсөний дараа бичиг баримт үйлдэж авч үйлдээгүй, ямар нэгэн нотлох баримт байхгүй болохоор Бат-Өлзий эгч мөнгө аваагүй гэж байх шиг байна. Би уг нь үлдсэн 1,000,000 төгрөгийг ажилд орсоныхоо дараа өгнө гэж бодож байсан юм. Ингээд би 2014 оны 1-4 сар хүртэл ажилгүй байсан болохоор Бат-Өлзий эгчтэй уулзаж яасан бэ гэж асуухад төмөр замын мэргэжилгүй бол ажилд оруулахад хэцүү байна, Оюутолгой төслөөр төмөр замын курсэд хүмүүсийг сургана гэнэ, тэр сургалтанд суучих юм бол болох байх гээд намайг өртөөний найруулагчийн сургалтанд 6 сар хамруулсан. Тэнд сурч байхад 160,000 төгрөгийн цалин авдаг, нийгмийн даатгалыг төслөөс төлдөг байсан бөгөөд энэ үед Бат-Өлзий эгчээс мөнгө төгрөг гараагүй юм. Сургалтанд суугаад ирэхэд ажилд оруулж өгч чадаагүй. Тэгээд яасан бэ гээд асуухад өргөдлөө өгчих гэхээр нь өгсөн боловч ажилд ороогүй, дараа нь дахиад Монголын төмөр замд өргөдөл өг гэхээр нь өгсөн. Ингээд ажилд орж чадаагүй учраас мөнгөө нэхэхэд уг ажлыг хөөцөлдөж байсан өртөөний даргын эхнэр Болормаад 1,500,000 төгрөгийг нь өгсөн, өөрөө 500,000 төгрөгийг авсан гэж ярьсан. Ингээд мөнгөө авч чадаагүй бөгөөд мөнгөө нэхэхээр би чамайг сургалтанд хамруулж өгсөн биздээ гэж хэлдэг юм. Би уг мөнгийг төмөр замд ажилд оруулж өгнө гэхээр нь өгсөн юм. Иймд 2,000,000 төгрөгийг Бат-Өлзий эгчээс буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Бат-Өлзий шүүхэд гаргасан татгалзал тайлбартаа: Би Чимгээтэй 2009 онд танилцсан. Манай байрны хажуу дахь хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг байсан. Чимгээ нь өөрийн амьдралаа ярьж, ах эгчийндээ амьдрах хэцүү байгаа тухайгаа хэлдэг байсан. Мэргэжилгүй болохоор ажилд орж чадахгүй юм. Танай төмөр замын сургуульд орж сурах юмсан гэж ярьдаг. Би Чимгээг өрөвдөж боломж гарвал туслах юмсан гэж бодож явсан. 2014 онд манай өртөөн дээр Оюутолгой төслөөр Улаанбаатар төмөр замын сургуульд явах тухай шалтгаан ирсэн. Энэ тухай би Чимгээд хэлэхэд би сурмаар байна, та тусалж өгөөч гэж гуйсан. Би Чимгээг өөрийн дүү шигээ санаж сургуульд бүртгүүлж өгсөн. Манай өртөөнөөс манай ажилчин залуугийн эхнэр, Чимгээ 2 л явсан. Чимгээгийн бүртгэлийн хураамж 5,000 төгрөг, нийгмийн даатгалын хураамжид 160,000 төгрөг надаар дамжуулж төлсөн. Би Чимгээг сургуульд сургаж, мэргэжилтэй болгож их тус болсон гэж бодож явдаг. Чимгээ өөрөө надад баярласанаа хэлсэн. Төмөр замын сургууль төгссөн хүний ажилд орох эрх нь нээлттэй байдаг. Чимгээтэй ямар нэгэн байдлаар мөнгө, төгрөгийн асуудал байхгүй. Шүүхэд өгч, мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Чимгээгийн нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Чимгээ нь хариуцагч Д.Бат-Өлзийд холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Бат-Өлзий нь нэхэмжлэгч Ж.Чимгээтэй ямар нэгэн байдлаар мөнгө, төгрөгийн асуудал байхгүй, нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Хариуцагч Д.Бат-Өлзий нь нэхэмжлэгч Ж.Чимгээг Төмөр замын байгууллагад ажилд оруулж өгнө гэж ярилцан, тохиролцож 2013 оны 12 сарын 27-ны үед 2,000,000 төгрөгийг авсан маргааны үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон гэж үзэв. Нэхэмжлэгч Ж.Чимгээ нь ажилд орох хүсэл, эрмэлзэлтэй байгаа талаараа хариуцагч Д.Бат-Өлзийд ярьж, хариуцагч нь нэхэмжлэгчийг төмөр замын байгууллагад ажилд оруулах талаар хөөцөлдөж, төмөр замын мэргэжил олгох 6 сарын сургалтанд хамруулж байсан талаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь тайлбар гаргаж байгаа бөгөөд зохигчдын энэ тайлбарыг дүгнэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “ хариуцагч Д.Бат-Өлзийд 2,000,000 төгрөгийг төмөр замд найдвартай оруулж өгнө гэхээр нь 2 хувааж өгсөн юм ” гэсэн тайлбар нотлогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нарыг мөнгө хүлээлцэх үед хөндлөнгийн хүн байгаагүй, мөнгө хүлээлцсэн талаар баримт бичиг байхгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдох боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн үед ямар үйл явдал болсон талаар тодорхой тайлбарладаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар “ хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ...” байхаар заасан байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх үнэлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар буюу хүчин төлөгдөр бус болсон тохиолодолд хөрөнгө шилжүүлсэн этгээд дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл зохигчдын хооронд үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүрэг үүссэн байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д.Бат-Өлзийгөөс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүссэн үүрэгт 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Чимгээд олгох нь зүйтэй байна
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Д.Бат-Өлзийгөөс /РД: 72010908/ 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Чимгээд /РД: ЕЭ89082461/ олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Чимгээд олгосугай.
3. Хариуцагч Д.Бат-Өлзий нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД