Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн;

хохирогч: Д.Шижиртуяа;

            шүүгдэгч: Н.А, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямдаваагийн ...........т холбогдох эрүүгийн 1809050481130 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 36 дугаар гудамж 587 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 166 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 136 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,

- Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 159 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 136 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялыг 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн, эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

- Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 146 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 25.000 төгрөгөөр торгох ял, 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаатай хорих ял тус тус оногдуулж, 6 сарын хугацаатай хорих ялд 25.000 төгрөгөөр торгох ялыг багтааж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 159 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаатай хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сарын хорих ялд 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 501 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар урьдны таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 13 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх хорих ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоосон,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2010 оны 03 дугаар сарын 30-нд хугацаа дуусч суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар шүүгчийн захирамжаар ялаас чөлөөлж суллагдсан, .......... регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт .................

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

 

Яллагдагч Н.А нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Салхитын автобусны буудал дээр хамтран амьдрагч Т.Хонгорзултай маргалдах явцдаа түүний сууж байсан таксины жолооч, хохирогч Д.Шижиртуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудалд автобуснаас буухдаа иргэн М.Бямбажаргалыг “шаардлага тавилаа” гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үй ажиллагаа явуулдаг “Жоби” худалдааны төвийн 27 дугаар павилонд нэвтэрч хохирогч Б.Баялагмаагийн “Ай фоне 7 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 930.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” зочид буудлын орчим хохирогч А.Батхишигийн хар саарал өнгийн “Галакси мега” маркийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэн авч, түүнд 108.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Шижиртуяа мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг, Салхитын автобусны буудал дээр нэг эмэгтэй хүн гар өргөхөөр нь аваад машиндаа суулгасан. Суулгаад дөнгөж хөдөлтөл миний машины цонхны шилийг хагалсан. Бууж ирээд “яаж байгаа юм” гэхэд шүүгдэгч “миний хайртай хүнийг авч явдаг хэн бэ чи” гээд намайг шууд цохиж унагаасан. Унасан хойно өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс салгаж, барьсан. Ингээд энэ хүнийг цагдаад өгсөн. Миний хамрын яс хугарсан, хөл гар хөхөрсөн. Маш их гомдолтой байна. Одоо сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг, автомашины цонхны төлбөр 75.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. Сая хурал дээр 253.000 төгрөгийг төлсөн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Шижиртуяа /хх-ийн 158-159/, гэрч П.Хонгорзул /хх-ийн 212/, хохирогч М.Бямбажаргал /хх-ийн 41-43/, хохирогч Б.Баялагмаа /хх-ийн 179/, хохирогч А.Батхишиг /хх-ийн 6-8/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9077 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8427 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92/, Н.Аын гэрч, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12, 88-89, 231-234/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / хх-ийн 22/, ”Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/, “Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн198/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 182/, хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 194/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Салхитын автобусны буудал дээр иргэн Д.Шижиртуяаг “хайртай хүнийг маань авч явах гэлээ” гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож түүнийг хөнгөн гэмтээсэн,

мөн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг, “Хүнсний 4” дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр автобуснаас буухдаа иргэн М.Бямбажаргалыг “шаардлага тавилаа” гэж дургүйцэн зодож түүнийг хөнгөн гэмтээсэн,

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Жоби” худалдааны төвийн 27 дугаар павилонд нэвтэрч иргэн Б.Баялагмаагийн “I phone 7 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 930.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар” зочид буудлын орчим иргэн А.Батхишигт хүч хэрэглэн довтолж “Галакси мега” маркийн гар утсыг нь авч 108.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч Д.Шижиртуяагийн /хх-ийн 158-159/: “...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед зуслангийн зам дээр нэг хүүхэн гар өргөхөөр нь суулгаад хөдөлтөл нэг залуу миний машины цонхыг хагалсан. Тэгээд зогсоод машинаасаа буугаад “яагаад миний машины цонхыг хагалж байгаа юм бэ” гэхэд “банзал гичий чинь яагаад миний хайртай хүнийг авч явах гээд байгаа юм бэ” гээд 2-3 удаа цохисон. Тэгээд унагачихаад босох гэтэл өшиглөөд байсан. Миний толгой руу гараараа цохисон, мөр лүү цохиж унагаасан. Намайг унасны дараа хөл рүү өшиглөөд байсан. ...Миний хувьд уг Амгаланбаатар гэх залууд гомдолтой байна. Мөн эмчилгээний болон сэтгэл санааны зардалдаа уг залуугаас 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Эмчилгээний баримтаа би хэрэгт хавсаргасан байгаа болно...” гэх мэдүүлгээр,

 

гэрч П.Хонгорзулын /хх-ийн 212/: “...Амгаланбаатар намайг явуулахгүй хориод байсан. Тэгэхээр нь би зугтаах гээд хажууд байсан таксинд суусан юм. Гэтэл Амгаланбаатар хүрч ирээд таксины арын цонхыг хагалсан. Тэгтэл тэр эмэгтэй бууж ирээд “яаж байгаа юм бэ” гээд Амгаланбаатар луу уурласан. Амгаланбаатар цохих гэж тэр эмэгтэй рүү дайраад болиод цээжин хэсэг рүү нь архи барьсан гараа хүчтэй түлхсэн тэгтэл тэр эмэгтэй газар унах шиг болсон. Тухайн үед миний бие өвдөөд байсан учраас сайн харж чадаагүй ба Амгаланбаатар тэр таксины жолооч эмэгтэйтэй муудалцаад байж байхад хажуугаар нь явж байсан машинтай залуучууд зогсоод Амгаланбаатар луу иртэл цаашаа зугтаад явсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Шижиртуяагийн биед “хамар ясны хугарал, таславчийн хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8427 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 92/,

 

хохирогч М.Бямбажаргалын /хх-ийн 41-43/: “...Намайг автобусанд явж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн автобусанд явж байсан хүмүүстэй маргалдаад тэд нарыг “янхан, ал” гэх мэтээр хараагаад байхаар нь би тэр 2-т хандан “та 2 болиочээ, олон нийтийн газарт явж байж биеэ зөв авч яваач” гэж хэлсэн чинь намайг бас “янхан, ал, гичий” гэх мэтээр хараагаад доромжлоод байсан...Тэгээд 16 цаг 20 минутын үед байх, автобус маань “Хүнсний 4” дүгээр дэлгүүрийн буудал дээр ирж зогссон. Тэр үед нөгөө үл таних эрэгтэй, эмэгтэй нар тэр буудал дээр буух гээд хаалгаар гарч байсан. Тэр үед нь би хаалганы ойролцоо зогсож байсан юм. Гэтэл нөгөө 2-ын эрэгтэй  нь хаалгаар бууж байхдаа миний нүүр хэсэг рүү нэг удаа цохьчихоод зугтаад гүйчихсэн. ...Би тэр үед цагдаад дуудлага өгч түүнийг бариулсан юм...” гэх мэдүүлгээр,

 

М.Бямбажаргалын биед “баруун нүдний хажуу гадаргуун язарсан шарх, зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний дээд зовхи, духны баруун дээд хэсэг, нүдний гадна булангийн зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, өвдөгний зулгаралт, зүүн шилбэний цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9077 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 48/,

 

хохирогч Б.Баялагмаагийн /хх-ийн 179/: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг
“Жоби” худалдааны төвийн 27 дугаар складанд цэнэглээд тавьсан байсан “Ай фоне
7 плас” маркийн гар утас байхгүй болсон. Тэгээд би хяналтын камераа шалгаад
үзэхэд 40 орчим насны 1 эрэгтэй хүн орж ирээд миний утсыг авч байгаа бичлэг нь
байсан. Арай өндөр эрэгтэй нь авсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч А.Батхишигийн /хх-ийн 6-8/: “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 22 цаг өнгөрөөд тараад, ажлынхаа газрын Энх-Амгаланг таксинд суулгаж өгчихөөд өөрөө хойшоо Хайлааст руу явах санаатай Багшийн дээдийн баруун талын буудал руу ганцаараа алхаж байсан юм. Би алхаад Тусгаар тогтнолын ордны урд талын дугуй тойрогтой усан оргилууртай хэсгийг зүүн тийшээ өнгөрөөд алхаж байхад урдаас ирж байсан залуу ганцаараа ирэнгүүтээ шууд мөрлөхөөр нь “яаж байна” гэсэн чинь шууд хүзүүнд байсан цэнхэр ороолтоор хоолой боогоод, явган замаас саад руу унагаад дээрээс дарж байгаад энгэрээс хар саарал өнгийн “Галакси мега” маркийн гар утас байсныг аваад урагшаа зам гараад UВН центрийн баруун талаар ороод зугтаасан. Би гомдолтой, гар утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

Н.Аын гэрч, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 12, 88-89, 231-234/: “...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Салхитын автобусны буудал дээр Хонгорзултай таарсан...Хонгорзул таксинд суугаад явах гэхээр нь тээврийн хэрэгслийн баруун ард талын цонхыг санаандгүй гараараа цохиж хагалсан...Согтуу байсан болохоор сайн санахгүй байна...2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ...”Хүнсний 4”-ийн буудал дээр хүрч ирээд үл таних хүнтэй маргасан...Тэр хүний нүүрэн тус газар цохисон...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн орчим “Жоби” төв рүү орсон...Лангуун дээр гар утас байхаар нь лангуу орж гар утсыг аваад гарсан...2018 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө ...Улаанбаатар зочид буудлын сааданд явж байгаад үл таних хүн урд алхаж байхаар нь араас нь хоолойг нь боож байгаад гар утсыг нь халааснаас нь аваад Багшийн дээд рүү зугтсан...” гэх мэдүүлгээр болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / хх-ийн 22/, ”Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/, “Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн198/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 182/, хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 194/  зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь бусдын хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар авч хулгайлсныг, бусдын хөрөнгийг хүч хэрэглэн илээр авсныг, хохирогч нар бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон, хохирогч нарын хулгайд алдсан, дээрэмдүүлсэн эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг  үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү Н.Аын хоёр хохирогчийг зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогч нарыг хөнгөн гэмтээж буй гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн”гэмт хэргийн, мөн бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, хүч хэрэглэн довтолж өөрийн өмчлөлд авч буй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийн,  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”  гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Аын дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.А нь хохирогч М.Бямбажаргалд 340.000 төгрөгийг, хохирогч Д.Баялагмаад “I phone 7 plus” маркийн гар утсыг буцан өгсөн, хохирогч А.Батхишигт 108.000 төгрөгийг, хохирогч Д.Шижиртуяад 253.000 төгрөгийг тус тус нөхөн төлжээ. Хохирогч М.Бямбажаргал, Д.Баялагмаа, А.Батхишиг нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс нэмж гаргуулах зардалгүй.

 

Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь бүрэн тогтоогдсон автомашины цонх шиллүүлхэд гарсан зардал 75.000 төгрөгийг Н.Ааас гаргуулж хохирогч Д.Шижиртуяад олгох нь зүйтэй.

           

Мөн сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд уг гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлдэг учиртай. Хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд сэтгэл санааны гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжгүй. Хуульд тусгайлан заасан заалт нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйл бөгөөд энд “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-эд учирсан гэм хорыг арилгахаар зохицуулжээ. Иймээс бусад эрхийг зөрчсөнөөс учирсан гэм хорыг арилгах боломжгүй байх тул хохирогч Д.Шижиртуяагийн “сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Н.Аын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл, хэмжээний дотор 2  жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 3  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэхээр шийдвэрлэв.

 

Ингэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Ат оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 20 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Н.Аын нийт эдлэх ялын хэмжээг 5 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов. Мөн дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид  оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ................ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн,

үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Аыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Ат оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 20 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Н.Аын нийт эдлэх ялын хэмжээг 5 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А урьд 92 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шүүгдэгч Н.А нь хохирогч М.Бямбажаргал, Д.Баялагмаа, А.Батхишиг нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Н.Ааас нийт 75.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Шижиртуяад олгож, Д.Шижиртуяагийн “сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ