Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01875

 

Ц.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/03609 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Л-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан тогтоол, мэдэгдэл хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03345 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Ц.Л-оос 522,877,341 төгрөг гаргуулж, Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Н- шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг битүүмжилж, хураах тогтоол үйлдэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4 дэх хэсэгт заасныг зөрчиж миний өмчлөлийн хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр худалдан борлуулахаар нэг талыг барин төлбөр авагч банкны талд үйлчлэн, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай 13/43 тоот тогтоол, мөн оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/23906 тоот мэдэгдэл зэргийг мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч надад гардуулалгүй ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг удирдлага болгон тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүсгэх тогтоолын дагуу 164 дүгээр тойрогт үүссэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч Б.Уранбаяр хариуцан ажилласан. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлд зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавраар тойргийн харьяалалыг сольж болдог бөгөөд тэрхүү даалгавар уг хэрэгт огт байхгүй 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.З- шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/177 тоот тушаалаар батлагдсан шийдвэр гүйцэтгэлийн тойргийн харъяалал тогтоох тухай тушаалыг зөрчсан үйлдэл юм. Дээрх асуудлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль журмын дагуу явагдсан гэх хариу өгсөн. Иймд хууль зөрчин явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19/03 тоот эд хөрөнгө хураах тогтоол, Шийдвэр гүйцэггэгчийн тойргийн харьяалал зөрчсөн 162 дугаар тойрогт хийгдсэн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/43 тоот тогтоол, мөн оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/23906 тоот мэдэгдэл зэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03345 дугаар шийдвэрээр Ц.Л-оос 522,892,341 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 19261572 дугаар тогтоолоор үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч иргэний оршин суух, гүйцэтгэх баримт бичигт бичигдсэн хаягаар харьяалал тогтоож, Баянзүрх дүүргийн 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Мөнгөнцэцэг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ээлжийн амралт авч, үргэлжүүлэн мөн оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан. Иймд тус тойрогт шийдвэр гүйцэтгэгч томилогдох хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 4/05 тоот албан даалгавраар 228 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхийг, мөн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4/57 тоот албан даалгавраар 162 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхийг даалгасан. Төлбөр төлөгч Ц.Л- шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулаагүй, оршин суух хаяг өөрчилсөн талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдээгүй, тойргийн харьяалал зөрчсөн гэх түүний гомдол үндэслэлгүй, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар түүнд учруулсан гэм хор, хохиролгүй байхад төлбөр төлөх ямар ч арга хэмжээ хэрэгжүүлээгүй төдийгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан шүүхэд удаа дараа нэхэмжпэл гаргаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19/03 тоот эд хөрөнгө хураах тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тойргийн харъяалал зөрчсөн 162 дугаар тойрогт хийгдсэн хөрөнгийн үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/43 тоот тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/23906 тоот мэдэгдэл зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 54.3-т Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна. гэж, 54.4-т Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ. гэж тус тус заасантай нийцэж байна хэмээн дүгнэсэн. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хариуцагч талаас хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээ буюу 19/03 тоот эд хөрөнгө хураах тогтоол үйлдэх үед байлцсан хүмүүс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгчийн хөрөнгө хураах явцад хоёроос доошгүй хөндлөнгийн гэрч оролцуулна гэснийг зөрчсөн. Анхан шатны шүүхэд дээрх 2 хөндлөнгийн гэрчийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хангаагүй, мөн шүүх хуралдааны явцад ч энэ талаар тайлбарласан. Шүүх тухайн эд хөрөнгө хураах тогтоолд ямар нэгэн байдлаар хөндлөнгийн гэрч оролцоогүй, оролцсон эсэхийг тодруулж нягтлахгүйгээр эд хөрөнгө хураах тогтоолыг хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Дээрх хөрөнгийг хураах явцад байлцсан этгээд болох Ж.Өөдөсийн тайлбараар шүүхийн хувцастай 2 хүн л орж ирсэн гэдэг бөгөөд энэ талаар хөндлөнгийн гэрч хуурамч уу, эсвэл өөр мэддэг хүний нэр гарын үсгийг зурсан уу гэдэг агуулга бүхий зүйлийг анхан шатны шүүх нягтлаагүй хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсон.

4.а.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгч хийх ёстой бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23, 271 дүгээр зүйлд заасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгаваар шилжүүлдэг хуулийн зохицуулалттай гэдгийг шүүх хурлын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлан мөн баримтыг гаргаж өгсөн. Гэтэл төлбөр төлөгч Ц.Л- нь 2022 оны 03 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд амьдарч шилжилт хөдөлгөөн хийгдсэн хорооны тодорхойлолт байхад Н- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг зөрчин Баянзүрх дүүргийн 164-р тойрогт /БЗД-ийн 6, 13-р хороо/ ажиллагааг одоо хүртэл хийж байгаа нь ойлгомжгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Хан-Уул дүүрэгт буюу төлбөр төлөгчийн оршин суух хаягаар хийгдэх ёстой байхад хууль зөрчиж өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэгт хийгдсээр байна. Иймд тухайн иргэний хэрэг болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хянаж, хууль зөрчин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан эсэхийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ц.Л- нь хариуцагч Н-т холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/43 тоот тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/23906 тоот мэдэгдэл зэргийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2019/03345 дугаар захирамжаар төлбөр төлөгч Ц.Л- нь 522,877,341 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор Ариг банк ХХК-д төлөх, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулжээ. /хх-ийн 25-26-р тал/

 

3.а.Төлбөр төлөгч Ц.Л- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Ариг банк ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 909 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 23-р тал/

 

3.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Стадион Оргил, Их Монгол гудамж, 111-р байр, 01 тоот хаягт байрлах, Ү-2206011808 дугаарт бүртгэлтэй, 403.71 м.кв талбайтай орон сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр битүүмжлэх, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр хураах ажиллагаа тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хх-ийн 30-33-р тал/

 

Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд нэхэмжлэгч Ц.Л- өөрийн биеэр байлцан, тухайн ажиллагааны үйл явцтай танилцаж гарын үсгээ зурсан байна. Мөн хураан авах ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Л- нь Монгол Улсад байгаагүй, өөрийн зөвшөөрлөөр Ж.Өөдөсийг оролцуулсан талаар тайлбарласан ба тус ажиллагаанд хөндлөнгийн хоёр гэрч оролцсон болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

3.в.Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. гэж заасан ба нэхэмжлэгч Ц.Л-ийн хувьд дээрх хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

4.Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/43 тоот тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-164/23906 тоот мэдэгдэл зэргийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд дээрх огноо, дугаар бүхий тогтоол, мэдэгдэл нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдэл байна.

 

4.а.Анхан шатны шүүх дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллын талаар маргаж байх боловч гүйцэтгэх баримт бичигт заасан хаягаар ажиллагаа явуулсан нь буруу биш, мөн нэхэмжлэгч өөрийн хаяг өөрчлөгдсөн талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн болохоо баримтаар нотлоогүй ба харьяаллын талаар хариуцагч байгууллагад гомдол, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/03609 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ