Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00254/И |
Дугаар | 254 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 254
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын хүсэлттэй
“Б.Бямбахоролыг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг Дарга Х.Дашдэлэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Тарагт сумын харъяат Баясгалангийн Бямбахорол нь F 06 тархины гэмтэл ба үйл ажиллагааны хямрал бие махбодийн эмгэг хөдөлмөрийн чадвараа хүүхэд насандаа алдаж оюуны маш гүнзий саатал оноштойгоор төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй эмнэлгийн хяналт, байнгын асаргаанд байдаг тул Баясгалангийн Бямбахоролыг эрх зүйн чадамжгүйд тооцож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тарагт сумын Засаг Дарга Х.Дашдэлэг “Б.Бямбахоролыг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 142 дугаар зүйлд заасныг баримтлан Б.Бямбахоролын сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийг шинжээчээр томилсон бөгөөд томилогдсон шинжээч нарын гаргасан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №33 тоот дүгнэлтэд “...Б.Бямбахорол нь уналт таталт өвчин оюуны хүнд хомсдол сэтгэцийн өвчтэй, Оюуны хүнд хомсдол өвчний улмаас өөрийгөө жолоодох чадваргүй, Б.Бямбахорол нь сэтгэцийн хүнд өвчний улмаас өөрийн өмнөөс шийдвэр гаргах чадваргүй” гэжээ.
Иймд дээрх шинжээчийн дүгнэлт болон Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 051891 тоот акт, Тарагт сумын эрүүл мэндийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/84 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Улаан сахиуст соо овгийн Баясгалангийн Бямбахоролыг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, эгч Баясгалангийн Тунгалагийг асран хамгаалагчаар нь тооцох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Дашдэлэг “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1, 143 дугаар зүйлийн 143.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар Улаан сахиуст соо овгийн Баясгалангийн Бямбахоролыг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар нь эгч Баясгалангийн Тунгалагийг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА