| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0168/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: С.Эрдэнэтуа;
шүүгдэгч: Ж.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...............д холбогдох эрүүгийн 1809052161267 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засалчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 16 дугаар гудамжны 234А тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .................. регистерийн дугаартай, Чойвсорон овогт .............н.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ж.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг угаалгын машин засварын газрын гадна хохирогч Н.Ууганцэцэгтэй харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Н.Ууганцэцэгт гэмтэл учруулсан нь үнэн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:
хохирогч Н.Ууганцэцэгийн /хх-ийн 14-15, 21-22/: “... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны 13 цаг өнгөрч байхад, ажлын байрандаа ажлаа хийж байхад үл таних эмэгтэй орж ирээд “танайхаар засуулсан угаалгын машин засагдаагүй дуугараад байна” гэж хэлэхээр нь би “хэзээ, юуг нь засуулсан юм бэ? би сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн...Тэр эмэгтэй гэртээ дуудлагын засварчин дуудаад үзүүлсэн чинь нэг юмыг нь сольсон байна гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэрийгээ нэхээд байхаар нь би “эвдэрчихсэн юмыг чинь хадгалаад байхгүй учраас хаячихсан” гэж хэлсэн...Манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс рүү “эднийх муу засдаг, засаж чаддаггүй, битгий янзлуул” гэж хэлээд намайг бас хэл амаар доромжилсон. Би тэр эмэгтэйг түлхээд гаргасан юм. Бид 2 гадаа хоёр биенийгээ заамдалцаад хэсэг зууралцсан...Бид 2 харилцан биенийгээ заамдаад түлхэлцсэн...Зууралдаж байх үед би нүүрийг нь ганц нэг удаа санамсаргүй маажсан байж магадгүй...Миний нүүр хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохисон...Бямбасүрэн миний хөлийн чигчий хуруун дээр гуталны гаднаас ноцолдож наашаа цаашаа түлхэлцэж байгаад хөлөөрөө гишгэж гэмтэл учруулсан...”,
гэрч Э.Энхбаатарын /хх-ийн 24-25/: “...Манай эхнэр угаалгын машин засварт ажилладаг Ууганцэцэг гэдэг эмэгтэйтэй хэрэлдээд зогсож байсан...гадаа гудамжинд Ууганцэцэг манай эхнэрийг заамдчихсан угаалгын машин руу шахчихсан байсан. Би тэр хоёрыг салгаад холдуултал Ууганцэцэг манай эхнэрийн ташаа руу нь нэг удаа өшиглөөд дахиад хоорондоо барилцаад авсан...Сүүлд салгахад Ууганцэцэг манай эхнэр Бямбасүрэнг өшиглөхөд Бямбасүрэн зөрүүлээд Ууганцэцэгийн нүүр хавьд гараараа цохих шиг харагдсан...”,
гэрч Д.Ганзоригийн /хх-ийн 26-28/: “...Бямбасүрэн манай эхнэрийн толгой руу (зулай хэсэг рүү нь) гараараа нэг удаа цохисон. Өөр цохиж байгааг нь хараагүй...”,
Ж.Бгийн хохирогчоор болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 19/: “...Эхлээд намайг заамдаад гарсан юм...хөлөөрөө өшиглөөд жийгээд байсан юм. Би жирэмсэн болохоор гэдсээ л хамгаалсан...Намайг заамдаад чирж гаргаад унагах гээд ноцолдсон, тэгээд намайг өшиглөөд цохисон...” гэжээ. /хэргийн хуудас 5-6, 19/;
Н.Ууганцэцэгийн биед баруун хөлийн чигчий хуруу болон тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13886 тоот дүгнэлт /хх-ийн 31/,
Ж.Бгийн биед хоёр хацар, баруун сарвуунд зулгаралт бүхий мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаархгүй гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13810 тоот дүгнэлт /хх-ийн 32/,
шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 35-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, шийтгэлийн хуудас /хх-ийн 47/, Н.Ууганцэцэгийн хүсэлт /хх-ийн 48/, Ж.Бгийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 11/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Ж.Бг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг угаалгын машин засварын газрын гадна хохирогч Н.Ууганцэцэгтэй харилцан зодолдож, түүний биед баруун хөлийн чигчий хуруу болон тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган яллажээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Б нь Н.Ууганцэцэгтэй харилцан зодолдох явцдаа хохирогчийг маажих, хөл дээр нь гишгэх зэргээр хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон гэх боловч шүүх дараах байдлаар үүнийг үгүйсгэв.
Хэдийгээр хохирогчид худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулсан байх боловч гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хохирол хүлээж эрхээ сэргээлгэх шаардлага тавьж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн нэг тал болон оролцож буй этгээдийн мэдүүлгийг нөгөө талын гэм бурууг нотлох гол баримт гэж үзэх нь учир дутагдалтай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгдэгчид сонсгосон ялын талаар тайлбар гаргах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрх олгосон, хэрэг бүртгэгч, мөрдөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгахыг үүрэг болгосон.
Хохирогч Н.Ууганцэцэгийн биед баруун хөлийн чигчий хуруу болон тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт бүхий гэмтэл учирсан байх боловч дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах баруун хөлийн чигчий хуруу болон тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтлийг шүүгдэгч Ж.Б учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Н.Ууганцэцэгийн биед учирсан “баруун зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт бүхий гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, баруун хөлийн чигчий хуруу болон тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, гишгэгдэх үед үүсэх боломжтой...” хэмээн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” 13886 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Даваасүрэн мэдүүлжээ. /хх-ийн 35-36 /;
Тухайн үед Ж.Бтэй хамт явж байсан гэрч Э.Энхбаатар “...гадаа гудамжинд Ууганцэцэг манай эхнэрийг заамдчихсан угаалгын машин руу шахчихсан байсан. Би тэр хоёрыг салгаад холдуултал Ууганцэцэг манай эхнэрийн ташаа руу нь нэг удаа өшиглөөд дахиад хоорондоо барилцаад авсан...Сүүлд салгахад Ууганцэцэг манай эхнэр Бямбасүрэнг өшиглөхөд Бямбасүрэн зөрүүлээд Ууганцэцэгийн нүүр хавьд гараараа цохих шиг харагдсан...” гэж мэдүүлжээ. /хх-ийн 24-25/;
Ж.Б хохирогчоор болон яллагдагчаар мэдүүлэхдээ “...Эхлээд намайг заамдаад гарсан юм...хөлөөрөө өшиглөөд жийгээд байсан юм. Би жирэмсэн болохоор гэдсээ л хамгаалсан...Намайг заамдаад чирж гаргаад унагах гээд ноцолдсон, тэгээд намайг өшиглөөд цохисон...” гэжээ. /хх-ийн 5-6, 19/;
Эдгээр мэдүүлгүүдээр шүүгдэгч Ж.Б нь Н.Ууганцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас өөр хоорондоо маргалдан, зодолдсон үйл баримт тогтоогдож байх боловч хохирогчийн (Н.Ууганцэцэгийн) хөл дээр нь гишгэж баруун хөлийн чигчий хуруу болон тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь эргэлзээтэй, Ж.Б, Э.Энхбаатар нарын “Н.Ууганцэцэг Ж.Бг өшиглөсөн” гэх агуулгатай мэдүүлгийг үгүйсгэх баримт байхгүй, дээрх гэмтэл нь хохирогч өөрөө Ж.Бг өшиглөхдөө, шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалахгүйгээр учирсан байж ч болзошгүй байна. Энэ нь эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цогцоор нь дүгнэхэд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна.
Иймээс Ж.Бд холбогдох Н.Ууганцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэдийгээр Ж.Б өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй боловч шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдож байх тул хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж буйг дурьдах нь зүйтэй.
Хохирогч Н.Ууганцэцэг хохирол нэхэмжлээгүй болохыг тэмдэглэж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чойвсорон овогт ...............нд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.Бг цагаатгасугай.
2. Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Ж.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Хохирогч Н.Ууганцэцэг нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ