Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01951

 

С.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/02895 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Ч-ын хариуцагч Г.Л-д холбогдуулан гаргасан, гэрээний үүрэгт 160,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр С.Ч- болон М- ХХК-ийн захирал Г.Л- нар нь өр авлагын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр С.Ч- нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7-р хороолол, Их тойруу, 62 дугаар байр, 25 тоот хаягт байрлах 71,05 м.кв байрыг 100,000,000 төгрөгөөр Д.У-т шилжүүлэх, мөн 17-98 УН улсын дугаартай экскаваторыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 80,000,000 төгрөгөөр М- ХХК-д түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нийт үнийн дүн 180,000,000 төгрөг болно. Гэрээний төлбөрийг Г.Л- нь өөрийн эзэмшлийн 89-61 УН улсын дугаартай экскаваторыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бусдад түрээслүүлж барагдуулахаар тохиролцож гэрээний урьдчилгаа 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 160,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өр авлагын гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7-р хороолол, Их тойруу, 62 дугаар байр, 25 тоот хаягт байрлах 71,05 м.кв байрыг 100,000,000 төгрөгөөр Д.У-т шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд ийнхүү тохиролцсоны үндсэн дээр Д.У- нь уг орон сууцыг Хас банкны барьцаанд тавьж зээл авсан билээ. Мөн өр авлагын гэрээний 2.2-т гэрээгээр тохирсон авлагыг С.Ч- нь 89-61 УН улсын дугаартай экскаваторын түрээсийн төлбөрөөр суутгаж дуусаагүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийг М- ХХК-ийн захирал Г.Л-гээс нэхэмжлэх, 3.5-т Г.Л- нь иргэн С.Ч-т өглөгийг бүрэн барагдуулах үүргийг хүлээхээр тохиролцсон. Тус гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 160,000,000 төгрөгийг Г.Л-гийн эзэмшлийн 89-61 УН улсын дугаартай экскаваторын түрээсээр барагдуулаагүй бөгөөд хариуцагч Г.Л- нь тус экскаваторын түрээсийн төлбөрийг С.Ч-т шилжүүлж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс М- ХХК-ийн захирал Г.Л-г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болно. Тиймээс 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өр авлагын гэрээний үлдэгдэл төлбөр 160,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч С.Ч-той Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оролцоогүй учир тус гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийгдээгүй болно. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдсан тохиолдолд өмчлөх эрхийг шинэ өмчлөгчийн нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаарддаг. Нэхэмжлэгч нь энэхүү маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт байхгүй болно. 17-98 УН улсын дугаартай экскаваторыг түрээсэлсэн харилцаа үүсээгүй тухайд нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 80,000,000 төгрөгөөр 17-98УН улсын дугаартай экскаваторыг М- ХХК-д түрээслэхээр амаар ярилцаж байсан боловч нэхэмжлэгч нь уг экскаваторыг хариуцагчид шилжүүлж өгөөгүй тул түрээсийн харилцаа үүсээгүй. Түрээсийн төлбөр болох 80,000,000 төгрөгийг төлөхийг шаардах үндэслэлгүй болно. Өр авлагын гэрээгээр талуудын хооронд өмнө нь үүссэн тодорхой нэг гэрээний харилцааны үндсэн дээр шаардах эрх үүссэн байхыг шаардах бөгөөд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг аль ч харилцаа үүсээгүй бөгөөд хэрэгт хавсаргагдсан өр авлагын гэрээ нь хэрэгжих боломжгүй, хэн нэгэнд шаардах эрхийг үүсгээгүй, зөвхөн цаасан дээрх хэлцэл болно. Иймд нэхэмжлэгчийн 160,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримлан нэхэмжлэгч С.Ч- нь хариуцагч М- ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Л-гээс 160,000,000 төгрөг гаргуулах тухай С.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 958,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, маргааны гол үндэслэлийг зохих ёсоор тайлбарлаагүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хариуцагчийг гэрээний нэг тал биш гэж дүгнэж шийдвэрлэснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Өр авлагын гэрээний 1.5-т Заасан хугацаанд буюу 2021.04.01-2021.11.01-ний өдрийг хүртэлх хугацаанд авлага бүрэн төлөгдөж дуусаагүй тохиолдолд Г.Л-гийн зүгээс төлж барагдуулахаар тохиролцов гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл М- ХХК-ийн захирал Г.Л- нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 160,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй бол энэхүү үүргийг Г.Л- нь иргэнийхээ хувьд хүлээнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Анхан шатны шүүх иргэн Г.Л- хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Өр авлагын гэрээний хүчин төгөлдөр байдалтай хариуцагч маргаагүй бөгөөд харин Г.Л- нь иргэнийхээ хувьд энэхүү гэрээний нэг тал биш, гэрээний нэг тал байхын тулд иргэн Лхагвасүрэн гэж бичиж байж тусад нь гарын үсэг зурах ёстой гэж маргасан. Харин анхан шатны шүүхээс хэдийгээр үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй ч Г.Л- нь хариуцагч биш гэж үзсэн тул хариуцагчийн тайлбарыг зөвтгөсөн гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Г.Л- нь иргэний хувьд өр авлагын гэрээний нэг тал болж оролцоогүй гэж үзсэн бөгөөд үүнтэй санал нийлэхгүй байна. Г.Л- нь М- ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд мөн гүйцэтгэх захирал нь юм. Хэдийгээр өр авлагын гэрээнд М- ХХК-ийг төлөөлж Г.Л- гарын үсэг зурсан гэж байгаа боловч гэрээг бүхэлд нь авч үзвээс Г.Л- нь өөрөө иргэнийхээ хувьд ч тэр тус гэрээнд нэг тал болон оролцсон хэмээн нэхэмжлэгч үзэж байгаа болно. Талууд гэрээний нөхцөл тус бүр дээр харилцан тохиролцож тухайн гэрээний утга агуулгыг Г.Л- хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлсэн тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд тухайн гэрээнд гарын үсэг зурсан тул хүсэл зоригоо илэрхийлж гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн өр авлагын гэрээнд М- ХХК-ийн захирал Г.Л- гэж удаа дараа бичигдсэн байх бөгөөд өмнө хийгдсэн аман хэлцлүүд дээр ч тэр Г.Л- нь М- ХХК-ийг төлөөлж гэхээсээ илүү бодит байдал дээр иргэнийхээ хувьд л харьцаж байгаа талаар С.Ч-т ойлгуулж байсан болохыг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх Г.Л-г хариуцагч мөн эсэхэд дүгнэлт хийсэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийгээгүй. Учир нь талууд гэрээтэй холбоотой асуудлаар мэтгэлцээгүй, маргаагүй. Хүчин төгөлдөр гэж дүгнэсэн гэдэг үг, үсэг агуулга байдаггүй. Г.Л- нь хариуцагч биш бөгөөд Иргэний хуулийн 25 дугаар зүйлд хуулийн этгээд, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт иргэн гэж тус тусад эрх зүйн байдлыг тодорхойлсон байдаг. Өр авлага барагдуулах гэрээнд М- ХХК тэмдгээ дарж түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Л- гарын үсгээ зурсан байдаг. М- ХХК-г төлөөлж Г.Л- гарын үсэг зурсныг гэрээний харилцаанд оролцогч болж эрх, үүрэг эдэлж байгаа гэж тайлбарлах боломжгүй. М- ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хамтран хариуцагчаас татгалзсан байдаг. Өр авлагын гэрээний агуулга руу орох шаардлагагүй. Хэрвээ өрийг Г.Л-д шилжүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг хүлээж авсан тухай мэдэгдсэн, зөвшөөрсөн байх тухай харилцаа үүсэх бөгөөд 2 талын харилцаанд бусад гуравдагч этгээдийг үүрэг болгож заах боломжгүй. Иймд Г.Л- нь хариуцагч биш учир гэрээний дагуу үүргийг гүйцэтгэхгүй. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2.Нэхэмжлэгч С.Ч- нь хариуцагч Г.Л-д холбогдуулан гэрээний үүрэгт 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэргийн 6 дугаар талд М- ХХК-ийн захирал Г.Л-, С.Ч-, Д.У- нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Өр авлагын гэрээ авагдсан ба нэхэмжлэгч С.Ч- нь тус гэрээний 1.5-т заасныг үндэслэн хариуцагч Г.Л-гээс 160,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

 

3.а.Гэрээний нэг тал болох Д.У- нь тус гэрээгээр ямар эрх, үүрэг хүлээсэн улмаар түүний эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

 

3.б. Хэдийгээр талууд Д.У-ийг хэрэг хянан шийдвэрлэх оролцуулах хүсэлт гаргаагүй хэдий ч шүүх маргааны зүйлийг тодруулаагүй байна.

 

4.Түүнчлэн, нэхэмжлэгч С.Ч- нь хариуцагч Г.Л- миний өмчлөлийн орон сууцыг барьцаалан банкнаас зээл авч, улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан гэж тайлбарласан. Гэвч, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу тус шүүхийн шийдвэрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулбар үнэн тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй байгааг анхан шатны шүүх мөн анхаараагүй байна. /хх-ийн 50-57-р тал/

 

5.Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/02895 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Ч-оос төлсөн 957,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ