| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0049/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 52
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч Ц.Э, Д.М, Г.Со, М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Ц.Э, Х овогт Д.М, Х овогт Г.С, Б овогт М.М нарт холбогдох эрүүгийн 1818005740524 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Х овогт Ц.Э /РД: /, Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, Х овогт Д.М /РД: /, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ачигч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
3. Монгол Улсын иргэн, Б овогт М.М /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү бүртгэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
4. Монгол Улсын иргэн, Х овогт Г.С /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч Ц.Э, Д.М, М.М, Г.Со нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.М нь “....” ХХК-ийн Дархан-Нефть хангамжийн салбарт насосчин-ачигчаар ажилладаг байдлаа ашиглан шатахуун олгох зөвшөөрөлд заасан хэмжээнээс илүү түлш ачуулж борлуулан ашиг олох санаа гаргасныг түлш ачих ажилд хяналт тавих үүрэг бүхий агуулахын эрхлэгч М.М, түлш ачих зориулалт бүхий автомашины жолооч Ц.Э нар дэмжиж, 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд Ц.Эийн 55-63 ДАР улсын дугаартай Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгсэлд 1000 литр түлш ачих зөвшөөрөл олгосон байхад 2000 литр түлш ачиж гаргах байдлаар 3 удаагийн үйлдлээр 4.200.000 төгрөгийн үнэ бүхий 3000 литр түлш авч Ц.Э нь уг түлшийг бусдад худалдан мөнгийг нь хувааж авсан,
Мөн түлш ачих ажилд хяналт тавих үүрэг бүхий “....” ХХК-ийн Дархан-Нефть хангамжийн салбарт нярав ажилтай Г.Сотой хамтран дээрх байдлаар 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн үйлдлээр 11.310.000 төгрөгийн үнэлгээ бүхий 6000 литр түлш авч бусдад зарж борлуулан мөнгийг нь хувааж аван “....” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарт нийт 9000 литр түлш буюу 15.510.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Эийн өгсөн: Би 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 9 тонн түлш хууль бусаар гаргасандаа харамсаж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Илүү ачсан түлшийг зах зээлийн үнээс доогуур 1 литрийг нь 1000-1200 төгрөгөөр холын тээвэрт явж байгаа том машины жолооч нарт худалддаг байсан. 1 удаагийн ачилтаас хүн нэг бүрт 300.000 төгрөг оногддог байсан. Би хохиролд 3.741.250 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Мгийн өгсөн: Түлш ачдаг машины сав нь 2 тонн болон 1 тонны торхтой байдаг юм. Би 2 тонны саванд нь шатахуун нэмж ачаад, гаргаад байж болохоор санаа гаргасан. 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 9 тонн шатахууныг хууль бусаар гаргасан нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, дахиж ийм үйлдэл гаргахгүй. Би хохиролд 3.741.250 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч М.Мгийн өгсөн: 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл НИК ХХК-ийн агуулахаас 9 тонн шатахуун гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би ийм алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа, дахиж ийм зүйл хийхгүй. Би хохиролд 3.741.250 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Сын өгсөн: Би 2018 оны 05 дугаар сараас 2018 оны 07 сар хүртэл нийт 6 тонн түлш хууль бусаар гаргах ажиллагаанд оролцсон нь үнэн. Буруутай үйл ажиллагаанд холбогдсондоо гэмшиж байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй. Би хохиролд 2.341.250 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч П.Ж-ийн өгсөн: ...Би 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ ирэхэд манай дарга И нь “Ц.Э 1000 литр түлшний зөвшөөрөл авчхаад түлшээ ачих үедээ ачигч Д.Мтэй хуйвалдаж байгаад машиныхаа 2000 литрийн багтаамжтай торхонд ачдаг байсан нь нотлогдсон гэж хэлсэн. Нярав Г.Со нь ачаа ачигдсаны дараа машины торхонд ачаа зөвшөөрөгдсөн хэмжээнд орсон байна уу? үгүй юу? гэж шалгаад хувийн жинг үзээд баримт бичиж өгч явуулдаг, агуулахын эрхлэгч М.М нь дээрх хүмүүсийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой байдаг. Гэвч Г.Со, Д.М, М.М нар мэдсээр байж Ц.Этэй хамтарч байгууллагаас илүү түлш гаргадаг байсан нь камерын бичлэгээр тогтоогдсон байсан. Одоогийн хяналтын камерын бичлэгээр 6000 литр түлш илүү ачсан гэж тогтоогдож байгаа. Хяналтын камерын өмнөх бичлэг нь байхгүй тул өмнө нь хэдэн литр түлш илүү ачсаныг мэдэхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104/,
Гэрч Т.О-ийн өгсөн: ...Би Дархан салбарт ирээд дарга И-ийн яриа болон 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд агуулахын эрхлэгч М.М болон нярав Г.Со, шатахуун ачигч Д.М нар удаа дараагийн үйлдлээр 3000 литрийн багтаамжтай дотроо 2000 литр болон 1000 литрийн торхны тасалгаатай машинд 1000 литр шатахуун авах зөвшөөрөлтэй агуулах уруу ороод 2000 литрийг ачиж байгаа нь агуулахын хяналтын камерт бичигдэж үлдсэн байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106/,
Гэрч Н.Д-ийн өгсөн: ...”....” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын төв агуулахад захиалгатай машин орж ирээд шатахуун аваад гарахад нярав болон агуулахын эрхлэгч нар нь хааяа харагддаг. Мөн ачигч Д.М нь шатахууны ачилтыг хийдэг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128/,
“....” ХХК-ийн Дархан-Нефть хангамжийн салбарын дизель түлшний 2017, 2018 оны бөөний үнийн тушаалын нэгтгэл /1-р хх-ийн 22/,
“....” ХХК-аас баталсан нефть агуулахаас 2017, 2018 онуудад бөөнөөр борлуулах шатахууны доод үнийн жагсаалт /1-р хх-ийн 24-41/,
Ц.Ээд шатахуун олгохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн 22048, 22212, 22363, 22484, 22541, 22605, 22701, 22729, 22810, 22856, 22946 дугаартай баримтууд /1-р хх-ийн 70-80/,
“Пийк ом аудит” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 195 дугаартай “Дархан нефть хангамжийн газраас ирүүлсэн анхан шатны баримтууд нь шинжилгээнд тэнцэж байна. Тус нефть хангамжийн газарт Г.Со нь нярваар, М.М нь агуулахын эрхлэгчээр, Д.М нь ачигчаар, Ц.Э нь жолоочоор ажиллаж байхдаа 6 удаагийн үйлдлээр 6000 литр түлш буюу 11.310.000 төгрөгийн дутагдал гарсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 136-156/,
“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “....” ХХК-ийн эзэмшлийн 3000 литр түлш нь 4.200.000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн нэмэлт дүгнэлт /1-р хх-ийн 163-164/,
“....” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарт шүүгдэгч Д.М нь насосчин-ачигчаар, шүүгдэгч М.М нь агуулахын эрхлэгчээр, шүүгдэгч Г.Со нь нярваар тус тус томилсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй холбогдох баримтууд /2-р хх-ийн 83-115/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах “....” ХХК-ийн Дархан-Нефть хангамжийн салбарын агуулахын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
“....” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбараас шүүгдэгч Д.М, М.М, Ц.Э нар бүлэглэн 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд 3 удаагийн үйлдлээр 3000 литр түлш, шүүгдэгч Д.М, М.М, Ц.Э, Г.Со нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн үйлдлээр 6000 литр түлш хууль бусаар авч бусдад худалдсан үйлдэл нь “....” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжид учирсан 15.510.000 төгрөгийн хохиролтой шууд шалтгаантай холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заажээ.
“....” ХХК-ийн Дархан-Нефть хангамжийн салбарт хадгалагдаж байгаа түлшний бүрэн байдалд хяналт тавих, өмчлөгчийн зөвшөөрлөөр бусдад өгөх, зөвшөөрөлд заасан тоо хэмжээгээр ачигдаж байгаа эсэхэд хяналт тавих үүргийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн этгээдүүд болох Д.М, Г.Со, М.М нар нь өөрсдийн албан тушаалын байдлаа ашиглаж байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох түлшийг ашиг хонжоо олох зорилгоор өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан, Ц.Э нь уг түлшийг тээвэрлэн бусдад худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ц.Э нь “....” ХХК-ийн Дархан-Нефть хангамжийн салбарт ажилладаггүй тул албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх боломжгүй. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Ц.Э нь “....” ХХК-ийн Дархан-Нефть хангамжийн салбарт ямар нэгэн ажил, албан тушаал эрхэлдэггүй боловч түлш олгох зөвшөөрөлд заасан хэмжээнээс илүү ачсан түлшийг тээвэрлэх, бусдад худалдан борлуулах байдлаар шүүгдэгч Д.М, Г.Со, М.М нарыг гэмт хэрэг үйлдэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн тул түүнийг уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг өөрөө эсхүл бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч, хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэж гүйцэтгэх, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэж ойлгоно.
Иймд шүүгдэгч Д.М, М.М, Г.Со нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас “....” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарт 15.510.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан “....” ХХК-ийн ХААН банк дахь ........... тоот дансанд 3.300.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, “....” ХХК-ийн Голомт банк дахь ............ тоот дансанд 900.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /2-р хх-ийн 64/, “....” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь Нефть хангамжийн салбарын бэлэн мөнгөний касст 758.931 болон 171.359 төгрөг төлсөн тухай кассын орлогын ордер, “....”-ийн ХААН банкны дансанд 2.341.250 төгрөг шилжүүлсэн тухай баримт /2-р хх-ийн 65/, мөн дансанд 1.582.320 төгрөг шилжүүлсэн гэх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 78/, хохирогч П.Ж-ийн бичсэн “...Д.М, Г.Со, М.М, Ц.Э нар нь 15.510.000 төгрөгийг төлж барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Э, Д.М, М.М, Г.Со нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Ц.Э, Д.М, М.М, Г.Со нар нь анх удаа гэмт хэрэгт үйлдсэн болох нь тэдний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч Ц.Э нь эхнэр болон 6 настай хүү Э.Ө, 1 настай охин Э.Т нарын хамт амьдардаг, “..............” ХХК-нд гагнуурчнаар ажилладаг бөгөөд сарын 800.000 төгрөгийн цалинтай болох нь багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /1-р хх-ийн 243/, Э.Ө, Э.Т нарын төрсний гэрчилгээ /1-р хх-ийн 246-247/, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “............” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 019/03 дугаартай албан бичиг зэргээр, шүүгдэгч Д.М нь эхнэр болон 16 настай хүү С.О, 8 настай охин М.Г нарын хамт амьдардаг, эхнэр Б.С-ийн хамт “...........” ХХК-ийн “Мөрөн” зоогийн газрыг түрээсэлж ажиллуулдаг болох нь багийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1759 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 208/, С.О, М.Г нарын төрсний гэрчилгээ /1-р хх-ийн 210-211/, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “............” ХХК-ийн түрээсийн гэрээ зэргээр, шүүгдэгч М.М нь нөхөр болон 15 настай охин Б.М, 12 настай охин Б.У, 4 настай охин Б.Н нарын хамт амьдардаг, “..............” ХХК-нд тооцооны нягтлан бодогчоор ажилтай, сарын 590.000 төгрөгийн цалинтай болох нь багийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2733 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 187/, Б.М, Б.У, Б.Н нарын төрсний гэрчилгээ /1-р хх-ийн 191-192/, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “............” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/301 дугаартай албан бичиг зэргээр, шүүгдэгч Г.Со нь нөхөр болон 17 настай охин Б.Х, 10 настай охин Б.М, 4 настай Б.Н нарын хамт амьдардаг, “...............”-ийн “...........” зоогийн газарт бэлтгэгч, тогоочоор ажилладаг, сарын 550.000 төгрөгийн цалинтай болох нь багийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2126 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 226/, Б.Х, Б.М, Б.Н нарын төрсний гэрчилгээ /1-р хх-ийн 224-225/, “............”-ийн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт /2-р хх-ийн 69/ зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдалд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нар нь 9000 литр түлш авсан гэдгийг өөрсдөө илчилж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, торгуулийн шийтгэлийг төлж барагдуулах боломжтой болохыг нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул торгох ялаар шийтгэж өгнө үү гэв.
Иймд шүүгдэгч Ц.Э, Д.М, М.М, Г.Со нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.М, М.М нарыг тус бүр 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Сыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарын ам бүлийн байдал, цалин орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэх төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Э, Д.М, М.М, Г.Со нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.М, Х овогт Г.С, Б овогт М.М, Х овогт Ц.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.М, М.М нарыг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, Д.М, М.М, Г.Со нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР